| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00413/И |
| Дугаар | 302/ШШ2025/00821 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 302/ШШ2025/00821
| 20250925 | 302/ШШ2025/00821 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын дугаар багт оршин суух, Б овогт Ж.А .
Хариуцагч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Х овогт А.Ж .
Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач Б.А т зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 161,200,000 /нэг зуун жаран нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг 2025 оны 09 дүгээр сарын 11-нийөдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.А нь А.Ж д холбогдуулан талийгаач Б.А т зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 161,200,000 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ... Миний бие Х аймгийн төв Ж сумд амьдардаг, хувиараа төрөл бүрийн бизнес эрхэлдэг. 2019 онд анх талийгаач Б.А той нөхөр бид хоёр танилцсан. Талийгаач Б.А бол Х аймгаас дандаа мал худалдаж авдаг байсан. Тухайн үед манайд ноолуур байсан тул би ноолуур авах уу хэмээн хэлсэн. Манай гэрт тухайн үед 600 кг ноолуур байсан юм. Уг ноолуурыг талийгаач Айдос 1 сарын хугацаанд танд мөнгийг чинь өгөх болно хэмээн тохиролцож, уг 600 кг ноолуурыг надаас аваад явсан. Талийгаач сарын дараа тохирсон хугацаандаа ноолуурын мөнгийг надад өгсөн. Мөн түүний дараа 2019 оны намар надад 7,000,000 төгрөг зээлээч, би 10,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7,000,000 төгрөгийг өгөөд тохирсон ёсоор мөнгөө хугацаандаа авсан. Бид ийм байдлаар дотно харьцаж эхэлсэн. Улмаар 2021 оны намар Х аймгаас ирээд мал худалдаж авсан. Тэр үед би 400 толгой мал өгсөн. Гэхдээ тухайн үед уг авсан 400 толгой малын мөнгийг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа манайд ирээд надад мөнгө зээлээч гэхээр нь би хадам эрэгтэй дүүгээсээ 100,000,000 төгрөг, хадам эмэгтэй дүүгээсээ 150,000,000 төгрөг тус тус зээлж аваад талийгаач Б.А т зээлсэн. Би урьд нь 50,000,000 төгрөгийг бэлнээр нь зээлдсэн байсан. Тэгээд 50,000,000 төгрөгийг Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад 100,000,000 төгрөг өгөх бол 10,000,000 төгрөгийн хүү өгөх болно хэмээн хэлсэн. Харин 200,000,000 төгрөг өгөх бол 20,000,000 төгрөг хүү өгөхөөр болж тохиролцоод уг мөнгийг аваад явсан. Түүний дараа ч гэсэн манайд ирж хонож явдаг байсан. Улмаар бид нараас зээл авсаар байгаад талийгаач Б.А ын авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрсэн.
1.2.Тэгээд У хотод 3000 ширхэг арьс ачиж очих үед би нөгөө зээлсэн мөнгөө асуусан. Тухайн үед өнөөдрийн хариуцагч буюу А.Ж талийгаач аавын хамт явж байсан. Би зээлсэн мөнгөө асуух үед миний данс руу 190,000,000 төгрөг хийсэн. Уг мөнгө нь арьс, ширийн мөнгө байсан. Дараа нь дахин 10,000,000 төгрөг шилжүүлж байсан. Би зээлсэн мөнгөнөөсөө нийтдээ 338,800,000 төгрөг авсан байна. Одоо үлдэгдэл 161,200,000 төгрөг төлөгдөөгүй байна.
1.3. Иймд хариуцагч А.Ж оос талийгаач Б.А ын надад төлөх ёстой мөнгөнөөс үлдсэн нийт 161,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.НэхэмжлэгчЖ.А шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Ж.А би 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд А.Ж аас 161,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар урьд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч А.Ж д холбогдуулан талийгаач Б.А т зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 161,200,000 төгрөг гаргуулах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.А нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ж.А ийн гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гаржээ.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаарзүйлийн 70.2-т шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж заасан байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б овогт Ж.А хариуцагч Х овогт А.Ж д холбогдуулан гаргасан Талийгаач Б.А т зээлдүүлсэн мөнгөнөөс үлдсэн 161,200,000 /нэг зуун жаран нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан энэхүү шийдвэрийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Х /-т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950/есөн зуун жаран гурван мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б