| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435001810002 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
Б.Т, Б.Ч нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Баярмагнай /томилолтоор/, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Б.Т, Б.Ч нарт холбогдох, 2435001810002 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн, Х овогт Б-ийн Т.
- Монгол Улсын иргэн, П овогт Б-ийн Ч.
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т, Б.Ч нар бүлэглэн 2024 оны 6 дугаар сард Увс аймгийн х сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-ийн өмчлөлийн 5 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу, нийт 6 тооны адууг мотоцикль ашиглан хулгайлж, 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаар цагаатгах тогтоолоор:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Б-ийн Т, П бүргэд овогт Б-ийн Ч нарыг цагаатгаж,
- шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
- шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч нарын мотоцикль битүүмжилсэн тогтоолыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.
3. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “... Шүүхийн цагаатгах тогтоолыг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Дээрх гэмт хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т, Б.Ч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Цагаатгах тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан ...гэмт хэрэг гарсан байдлыг нотлох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэм буруутай гэж үзэхэд хүрэлцэхүйц хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байна.
... Б.Т Увс аймгийн х сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалттайгаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа тул уг ялыг эдэлж байгаа төхөөрөмжийн тусламжтайгаар түүний явсан газрыг тогтоох боломжтой байхад энэ талаар ажиллагаа хийгээгүй. Шүүгдэгч Б.Т-ийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.Ч-ыг яллаж байгаа бөгөөд түүний мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоно. Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 6 дугаар сард дээрх 6 тооны адуу х сумын Ж багийн Хө, Хо гэх газруудаар байгаа талаар Ж багийн Засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга нарт мэдэгдсэн гэж мэдүүлж байгаа нь үндэслэлтэй эсэхийг тогтоох зорилгоор шүүгчийн захирамжид заасан боловч энэ үйл явдалд хамааралгүй х сумын Б багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгийг нотлох баримтаар хэрэгт ирүүлжээ. Иймд Б.Т-ийн мэдүүлгийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм гэж үзсэн байна.
... Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон. Хохирогч гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, мөн шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн байцаах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтууд болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь үндэслэлгүй, мөн шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т, Б.Ч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд тэднийг гэм буруутайд тооцох нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж дүгнэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Шүүхээс хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэх, харьцуулан шинжлэн судлах, харилцан зөрүүтэй нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах гэмт хэргийн обьектив талын шинж нь “...бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл хийсэн байхыг шаарддаг. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.
Шүүгдэгч Б.Т, Б.Ч нар нь бүлэглэн бусдын 6 тооны адууг хулгайлан авч, Увс аймгийн х сумын 1-р багийн нутаг дэвсгэр Х гэх газарт хашиж байгаад 1 тооны гүүг нядалж, зарж борлуулан ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан болно.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээр нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүй, хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талыг нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох хуулийн үндсэн зорилготой нийцээгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үндэслэлгүйгээр ял завшуулж, хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
4. Прокурор Б.Баярмагнай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Томилолтоор оролцож буй прокурорын хувьд улсын яллагчийн эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт холбогдох хэргийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх нотлох баримтын хангалттай байдал бүрдсэн үед хэргийг хэргийг хэлэлцсэн. Шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурор, шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм буруугийн үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадах баримтыг цуглуулах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлууд байгаа. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг бүрэн бодитойгоор, харьцуулан үзэлгүйгээр орхигдуулсан. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байсан гэдэг байдлаар дүгнэлт хийсэн нь дутагдалтай байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.П-ийн 1 тооны гүү нь хохирогч Б.Б-н 5 тооны адуутай нийлсэн. Хохирогч нарын нийт 6 тооны адуу Увс аймгийн х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Б гэх газар 2024 оны 6 дугаар сард бэлчээрлэж байгаад, бэлчээрийн нутгаа солиод х сумын Ж багийн нутаг Х, Хо гэх газруудад бэлчээрлэж байсан. Тухайн цаг хугацаа нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилсэн.
Дээрх цаг хугацаанд хохирогч Б.П, Б.Б нар нийт 6 тооны адуунаас 1 тооны адууг нь чоно идсэн, 5 тооны адуу бэлчээрлэж байсан гэдэг. Үүнийг Б.Б маш сайн мэдэж байдаг. Я гэдэг хүний 1 тооны гүү тухайн хохирогч Б.Б-н 5 тооны адуутай нийлчихсэн байхад тэндээс гүүгээ очиж аваарай гэдгийг Б.Б-д шүүгдэгч Б.Т утасдаж хэлж байсан.
2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.Т тухайн адууг байрлаж байсан газраас нь туугаад х сумын Ч гэх газар руу байрлалыг нь өөрчилж авч ирсэн. Маргааш нь очиж үзэхэд тэр адуу байгаагүй. Тухайн цаг хугацаанд Б.Ч-тай таараад уулзаж ярилцаж байхдаа, “энэ адуу эзэнгүй. үүнээс би 1 адуу авах гэж байгаа юм” гэж яриад, хэрэв таарах юм бол надад авчирж өгөөрэй, хайлцаад ололцож өгөөрэй гэж хэлсэн байдаг. Б.Ч нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уг 5 тооны адууг х сумын Б уулын ард талд тууж авч ирээд Б.Т рүү утсаар ярихад, Б.Т мотоцикльтой очоод 5 тооны адуунаас Б.П-ийн 1 гүүг тусад нь салгаж туугаад, өөрийнхөө гэрт авч очоод нядалж махыг нь худалдан борлуулсан үйл явдлууд мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогдсон. Үлдсэн 4 тооны адуу яасан бэ гэдэг асуудал яригддаг. Хохирогч Б.Б адуугаа хайж явахдаа, Б.Т нэг адуу нядалж худалдан борлуулсан байна гэдгийг сонсож мэдээд Б.Т-тэй очиж уулзахад, үлдсэн адууг олж өгнө гэж хэлсэн . Б.Ч-тай ярьж, адууг нь олж өгөх талаар тохирсон. Адууг нь хайж байх явцад Б.Т-ийн гэрийн ойролцоо 5 км газар 2 тооны адуу, байдсан гүү нь олддог. Азарга, 1 гүү, 2 нь хаачсан нь мэдэгдэхгүй байсан.
Мөрдөн шалгах ажил байгаа дутуу хийгдсэн болохоор ийм асуудал гарч байгаа. Гэтэл хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шууд хэргийг эцэслэн шийдвэрлэж, цагаатгасан нь үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй.
Хохирогчийн эрх зөрчигдсөн асуудал яригдаж байгаа. Б.Б-н хувьд 2 тооны адуу нь олдоогүй. 2 тооны адууг хэнээс нэхэмжлэх нь вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Хамгийн сүүлд 4 тооны адуу бэлчээрт байсан, 2 нь олдоод, 2 нь олдоогүй асуудал. Энэ 2 тооны адууг Б.Ч авсан уу, аль эсхүл Б.Т завшсан уу гэдэг асуудлыг мөрдөн шалгахын тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин шалгаж тогтоох зайлшгүй шаардлага байна
Шүүх илтэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалд дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокурорын зүгээс дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Хэрэв анхан шатны шүүх мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд хүрэлцэхүйц нотлох баримт байхгүй гэж үзэж байгаа бол алдуул мал завших гэмт хэргийн шинж хангасан эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан, гэтэл энэ талаар дүгнэхгүй орхисон. Энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5. Хохирогч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би маш их гомдолтой байна. Тэр адууг хэн яаж авсан талаар мэдэхгүй. Азаргаа л үнэлүүлж хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэв.
6. Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гарандаа цахим гавтай байсан тул хулгай хийгээгүй. 2024 оны 5 дугаар сарын 10-20-ны үед манай тэнд тухайн адуу ирсэн. 1 адуу шаварт уначихсан байхаар нь татаж гаргаад булагт орхисон байсан. Намар нь тэр хавийн хүмүүс бүгд л тэр адууг харсан, би багийнхаа даргад хэлсэн, ийм адуу байна гэж өөрөө үзсэн байсан.
Би адууг шавар шавхайнаас гаргасан юм чинь харж байгаад эзэн нь ирэхээр нэг адуу авъя гээд ярьж байсан. Сүүлд энэ адуу олон эзэнтэй боллоо гэхээр нь би Ядамбаатар гэдэг хүнийг “чиний нэг байдас байна, одоо нэг хүн хөөгөөд явчих вий дээ, миний дүү тэр байдсаа аваарай” гэж хэлэхэд тэр байдсаа аваад явсан байсан. Тэгээд би тэр адууг тууж байгаад гавтай болохоор цэнэг нь дуусах гээд, орхичхоод маргааш нь хайж яваад Б.Ч-тай таараад “би нэг ийм адуу хайж явна” гэхэд “тийм адуу байдаг шүү дээ” гэж хэлсэн. 3, 4 хоносны дараа би төв орох гээд явж байхад нөгөө адууг туугаад ирлээ гээд Ч над руу залгаж, та нөгөө адуугаа авах уу гэхээр нь би “ хүнсний зориулалтаар ганц гүү авч хэрэглэе, ах нь тэтгэвэр тэтгэмж байхгүй” гэж хэлээд нэг гүүг нь барьж авч хэрэглэсэн. Дараа нь адууны эзэн Б.Б-г ирэхээр нь үнэнээ хэлсэн. Б.П гэдэг хүнд 5,000,000 төгрөг өг гэхээр нь би 2,500,000 мянган төгрөг өгсөн. Үнэлгээ нь гарахаар би таныг ямар ч байсан хохиролгүй болгоно гэж хэлсэн. Би мод ачиж Завхан аймгаас Ханд сум руу хүнд өгөөд манай нэг найз надад уядаг, хурдан үрээгээ өгсөн. Б.Б ирээд миний тэр үрээг аваад явсан. Би Б.Ч-д “хоёулаа энэ адуунд нэр холбогдсон болохоор чи төлөөд өгчих, ах нь нэг адуу өгсөн гэж хэлсэн” гэв.
. Хохирогчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаар цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.
Миний үйлчлүүлэгч Б.Б 2024 оны 6 дугаар сард өөрийн 5 тооны, Б.П-ийн 1 тооны, нийт 6 тооны адууг хулгайд алдсан.
2025 оны 4 дүгээр сард хэрэг анх шүүхэд шилжиж ирээд шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаасан. Тэр үед Б.Б өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцож байсан. Хэрэг мөрдөн байцаалтад буцсаны дараа, 6 сард намайг өмгөөлөгчөөр авсан. 2025 оны 7 дугаар сарын 02-нд анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэхэд би өмгөөлөгчөөр оролцсон. Анх хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжилмээр байна гэдэг саналаа гаргаж байсан. Мөн хохирогчийн хохирол 6,300,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлыг буруу тооцсон байна. 5 адуунаас нэг азаргыг нь 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Хохирогч энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд 3 удаагийн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Б-н хохирлын тооцоо буруу тогтоогдсон. Энэ үндэслэлээр хэргийг буцааж дахин шалгуулах шаардлагатай байна гэдэг саналыг гаргаж байсан. Шүүх хүсэлтийг хүлээж аваагүй.
Б.Т, Б.Ч нар тухайн 6 тооны адуу хулгайлсан болох нь хэрэгт авагдсан гэрч Г, Б, Б, Э-ын мэдүүлэг, хохирогчийн 3 удаагийн мэдүүлгээр нотлогдсон. Мөн Б.Т нь Б.Ч-ыг гэрчилж байгаа учраас энэ хэрэгт оролцсон гэж үзэж байгаа.
Прокурорын яриад байгаа нь үнэн. 2 тооны адуу буюу нэг азарга, нэг гүү нь хаачсан нь тодорхойгүй. Ийм учраас цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлтэд Б.Т-ийг цахим бугуйвчтай байхад 6 сард Ө-с Ц-д очсон эсэхийг тогтоож чадаагүй байна гэсэн. Үүнийг тогтоохын тулд 60 хоног хойшлуулсан. Энэ хооронд тухайн ажиллагааг хийгээгүй авч ирсэн. Энэ тухай хийсэн шүүхийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, няцааж байгаа үндэслэлээ прокурор эсэргүүцэлдээ огт бичээгүй.
Б.Т-ийн мэдүүлгийг үндэслээд шүүгдэгч Б.Ч-ыг яллаж байна, ингэж яллах боломжгүй гэдэг дүгнэлтийг хэлсэн. 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай захирамжид тодорхой заасан. Б.Т нь багийн даргадаа хэлсэн эсэх, хэсгийн төлөөлөгчтэй нь уулзаад адуу малын бүртгэлд үзлэг хийгээд ир гээд явуулахад шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ, хэрэг гарсан газрын буюу Ж багийн Засаг даргаас биш хаа холын багийн Засаг дарга Б-н ганцхан тодорхойлолт авч хийсэн. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зөрчсөн. Прокуророос үндэслэлгүйгээр цагаатгасан байна гэж байгаа мөртлөө томилолтоор орж байгаа прокурор зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой байтал шүүх хэргийг шийдлээ гэж яриад байна.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх хэмжээнд хязгаар гэж бий. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийднэ. Прокуророос бүлэглэсэн гэж яллаж байна. Нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлох ёстой байсан ч энэ хэрэгт нотолж чадаагүй, Б.Т-ийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг буруутгаад байдаг.
Б.Т анх 2 адууг Б.Ч туугаад аваад явсан гэж хэлж байсан, сая тэр 2 адууны нэгийг нь төлөөд өгсөн гэж байна.
Анхнаасаа хэргийг дутуу дулимаг оруулж ирээд, шүүх л шийднэ гэх хандлагатай байдаг. Нотолбол зохих байдлыг бүгдийг нь нотолчихсон бол шүүх шийдвэр гаргахад амархан байна. Алдуулыг малын хулгайгаас ялган зүйлчлэх талаар ажиллагаа хийгээгүй учраас шүүх шийдвэр гаргахад маш төвөгтэй байдал бий болсон.
Тийм учраас шүүх энэ хэргийг цагаатгасан, цагаатгасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Прокурор шүүхийн шийдвэрийн хууль зүйн агуулгыг няцааж байгаа талаар тодорхой зүйл юу ч дурдаагүй учир эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангасан шийдвэр гэж үзэж байна.
Миний үйлчлүүлэгчийг тухайн 6 тооны малыг хулгайлсан гэж үзээгүй, цаг хугацааны хувьд ч гэсэн тухайн 6 тооны мал 2024 оны 6 дугаар сард алга болсон байдаг. Миний үйлчлэгчийн гарт орох, эзэмших, ашиглах хугацаа нь 2024 оны 9 дүгээр сард байдаг. Энэ асуудлыг цаг хугацааны хувьд шалгасан.
Прокурорын эсэргүүцэл нь хууль ёсны, үндэслэл бүхий шаардлагыг тавьж чадаагүй, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ зааж чадаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Хохирогчийн эрх ашиг зөрчигдөж байна гэдэг зүйлийг яриад байна. Хохирогчийн эрх ашгийг зөрчсөн асуудал байхгүй. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа тухайн үлдэж байгаа мал буюу тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг тусгайлан хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар шалгуулахаар шийдсэн. Гэтэл прокурор энэ хэрэг замхарлаа, ял завшиж байна, цаана нь 2 адуу хохирол нь төлөгдөхгүй, хохирогчийн эрх ашиг зөрчиж байна гэдэг зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 6 тооны адуу байсныг тухайн багийн дарга, Ж багт амьдарч байсан бүх иргэд мэдэж байдаг.
Өөрийнх нь гараар орсон гэдэг үүднээс миний үйлчлүүлэгч тухайн хохирлыг төлсөн. Тэгэхээр хохирогчийн эрх ашиг зөрчиж байна гэдэг асуудал байхгүй. Энэ хэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 60 хоногийн хугацаа өгөөд шалгуулсан. Энэ хугацаанд прокурор тухайн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан нөхцөл байдлуудыг тогтоож чадахгүйгээр ирсэн учраас шүүх хавтаст хэргийн хүрээнд хулгайн гэмт хэргийг үйлдээгүй, бүлэглээгүй, олон тооны мал хулгайлаагүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд, эцсийн дүгнэлтээр цагаатгаж шийдсэн.
Д.Дамдинсүрэн өмгөөлөгчийн ярьж байгаатай миний ярих зүйл давхацсан учраас дэмжиж байна. Багийн даргын тодорхойлолтыг авахдаа өөр багийн даргын тодорхойлолтыг аваад ирсэн. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байгаа. Тийм учраас шүүх хэрэгт авагдсан, цугларсан баримтын хүрээнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцоход эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна.
Прокурорын гаргаж байгаа эсэргүүцэл нь цаашид ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй, зүгээр л хэргийг өнөөдрийн нөхцөл байдлаар цагаатгасныг хүчингүй болгуулах л зорилготой гэж харж байна. Тийм учраас 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт холбогдох, 2435001810002 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцүлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс шүүгдэгч Б.Т, Б.Ч нарыг бүлэглэн 2024 оны 6 дугаар сард Увс аймгийн х сумын 2-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Б-ийн өмчлөлийн 5 тооны адуу, хохирогч Б.П-ийн өмчлөлийн 1 тооны адуу, нийт 6 тооны адууг машин механизм /мотоцикль/ ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт холбогдох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Б-ийн Т, П овогт Б-ийн Ч нарыг цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.
4. Шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.
4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, эргэлзээгүй байдлаар тогтоох үүрэгтэй.
Гэтэл шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй буюу хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц хангалттай нотлох баримт цуглараагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж дүгнэв.
Шүүхийн цагаатгах тогтоолд: - шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа тул уг ялыг эдлүүлэхэд ашиглаж байгаа төхөөрөмжийн тусламжтайгаар түүний явсан газрыг тогтоох боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй,
- хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай шүүгчийн захирамжаар, х сумын Ж багийн нутаг дэвсгэрт 6 тооны эзэнгүй адуу байгаа талаар шүүгдэгч Б.Т нь тус багийн засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга нарт мэдэгдсэн эсэхийг тодруулах ажиллагаа хийлгүүлэхээр заасан боловч эдгээр хүмүүсээс тодруулаагүй,
- мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотлох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тус тус зааж, цагаатгах үндэслэл болгожээ.
Шүүх дээрх байдлаар, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй талаар тодорхой дүгнэсэн атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
4.2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан ба энэ нь хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хийгдсэн боловч хэрэгт цугларсан баримт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход хангалттай бус тохиолдолд гэм буруугүйд тооцох зохицуулалт юм.
Шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлийг баримталсан боловч шүүгдэгч тус бүрийн ямар үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй талаар, түүнчлэн яллах талын нотлох баримт болон улсын яллагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн хууль зүйн үндэслэл, мөн өөр өрсөлдөх хэм хэмжээ буюу өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар тус тус дүгнэлт хийгээгүй нь цагаатгах тогтоолд тавигдах хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.
5. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
6. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/158 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Т, Б.Ч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН