Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 302/ШШ2025/00392

 

 

 

    2025            05            07     

                             302/ШШ2025/00392

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, шүүгчид Х.М, А.Ж нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байранд үйл ажиллагаа явуулах, Төрийн албаны зөвлөл /дарга Л.Цэдэвсүрэн/

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Т овогт Хны Н

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг гаргуулан Төрийн Албаны Зөвлөлийн Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч Х.З

Иргэдийн төлөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Хариуцагч Х.Нд шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл /дарга Л.Ц/ нь хариуцагч Х.Нд холбогдуулан Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг гаргуулан Төрийн Албаны Зөвлөлийн Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлэх тухай Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг гаргуулан Төрийн Албаны Зөвлөлийн Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Төрийн албаны зөвлөл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан хуулийг үндэслэл болгон дараах чиглэлийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байна.

1.2. Х.Н нь Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.Сийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Иргэн С.С нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэр, Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалаар Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Сийг урьд эрхэлж байсан Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

1.3. Түүнчлэн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захйрамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 14,707,806 төгрөгийг хуульд заасан журмын дагуу нөхөн олгохыг Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Сийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,707,806 төгрөгийг нөхөн төлсөн байна. Төрийн албаны зөвлөлөөс иргэн Х.Нд хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/294 дүгээр албан бичгийг хүргүүлсэн.

1.4. Иймд Х.Ны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг /Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд/ буруутай албан тушаалтан Х.Наас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х.Н хариу тайлбартаа:

2.1. Хариуцагч Х.Н би Б аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлын албан тушаалд ажиллаж байхад ажил олгогч болон төсвийн шууд захирагчийн хувиар тус сургуулийн барилгын өргөн мэргэжлийн багш С.Сийг захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/143 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм. Гэтэл С.С нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасны дагуу Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар “шийдвэр”, Б аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар “Магадлал” зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан Барилгын өргөн мэргэжлийн багшийн албан тушаалд эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн юм. Хариуцагч Х.Н намайг хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 130/ШШ2024/00808 дугаар “Шүүгчийн захирамж”-аар нэхэмжлэгч С.Сийн ажилгүй байсан хугацааны олговорт Б аймаг дахь Мэргэжлийн Боловсролын Сургуулийн санхүүгээс 14,707,806 төгрөг олгож шийдвэрлэсэн байна. Эдгээр үйл баримт нотлох баримтаар авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хүрээнд тогтоогдсон байх юм. Хариуцагч Х.Н би Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхад тус сургуулийн багш С.Сийг захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/143 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80 1 1 дэх хэсэгт зааснаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээ ажлаас чөлөөлсөн тул түүний ажлын байранд өөр хүнийг томилон ажиллуулаагүй, бусад этгээдэд давхар цалин олгогдоогүй учир төрд болон сургуулийн төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй болно.

2.2. Харин С.Сийг ажлаас чөлөөлж, орон тоо цөөрүүлсэн, ажлын байрыг тухайн үед хасаж шийдвэрлэсэн зорилго, зорилт маань багш нарын ажлын ачааллыг жигдрүүлэх, төсвийн мөнгийг хэмнэх, үр ашиггүй зардал гаргахгүй байх, анги дүүргэлт тус сургуульд элсэгчдийн тоо хүрэхгүй байгаатай шууд холбоотой байсан бөгөөд төсөвт хэмнэлт гаргах явдал байсан юм. С.Сийг нэгэнт шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар түүний ажилгүй байх хугацааны нөхөн олговор болох 14,707, 806 төгрөгийг ажил олгогч нөхөн олгож байгаа нь хууль ёсны асуудал бөгөөд энэ нь тус сургуулийн төсөвт хэмнэгдэж байсан цалингаа С.Ст нөхөн олгосон үйлдэл юм. Сургуулийн төсвөөс илүү зардал, давхар цалин гараагүй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498 5 дахь хэсэгт заасан гэм хорын хохирол учраагүй болно. Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хуулийн 489 дугаар зүйлийн 489.5-д заасан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй боловч, мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103 3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэх эрх нь дотоод аудитын нэгж болон төрийн аудитын бүрэн эрхэд хамаарах юм. Төрийн албаны Зөвлөл нэхэмжлэх өөрсдийн дансанд оруулж, ашиг хүртэх эрх хэмжээ байхгүй.

2.3. Төрийн албаны Зөвлөлийн 100900021501 тоот дугаартай дансанд оруулах нь ашиг сонирхлын зөрчил болно. Төрийн албаны Зөвлөл бол ашгийн төлөө байгууллага биш юм. Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт заасан “....төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэх заалт нь төрийн байгууллагад хохирол учирсан хохирол байхыг тогтоосон байвал зохино. Харин С.Сийн хувьд ажилгүй байсан хугацаанд төсвөөс олгогдоогүй, зарлага гараагүй байж хэмнэгдэж байгаа цалинг нөхөн олгосон үйлдэл тул төрд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/82 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар тушаалууд, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэр,  Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлал, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамж, Б           аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Сийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,707,806 төгрөгийг нөхөн төлсөн талаарх санхүүгийн баримт, Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлөөс иргэн Х.Нд хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/294 дүгээр албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсны хуулбар хувь, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 15 дугаар тогтоолыг нотариатаар баталгаажуулсны хуулбар, Э.Д, А.Х нарт олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас өмгөөлөгч Х.Зтай байгуулсан өмгөөллийн гэрээг гаргаж өгсөн. 

5. Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн талын хүсэлтээр Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамж, Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалыг бүрдүүлсэн.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Н нь Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багш С.Сийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан ба тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр С.Сийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 14,707,806 төгрөгийг хуульд заасан журмын дагуу нөхөн олгохыг Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэсний дагуу 14,707,806 төгрөгийг нөхөн төлсөн байна. Төрийн албаны зөвлөлөөс иргэн Х.Нд хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” 04/294 дүгээр албан бичгийг хүргүүлсэн. Иймд Х.Ны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 төгрөгийг /Төрийн албаны зөвлөлийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд/ буруутай албан тушаалтан Х.Наас гаргуулж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Х.Н нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Х.Н би Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхад тус сургуулийн багш С.Сийг захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/143 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80 1 1 дэх хэсэгт зааснаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээ ажлаас чөлөөлсөн тул түүний ажлын байранд өөр хүнийг томилон ажиллуулаагүй, бусад этгээдэд давхар цалин олгогдоогүй учир төрд болон сургуулийн төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй болно. С.Сийн хувьд ажилгүй байсан хугацаанд төсвөөс олгогдоогүй, зарлага гараагүй байж хэмнэгдэж байгаа цалинг нөхөн олгосон үйлдэл тул төрд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Х.Нд холбогдуулан түүний гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохиролд 14,707,806 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, ... миний бие төрийн байгууллагад хохирол учруулаагүй, С.Сийн хувьд ажилгүй байсан хугацаанд төсвөөс олгогдоогүй, зарлага гараагүй байж хэмнэгдэж байгаа цалинг нөхөн олгосон үйлдэл тул төрд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй … гэх үндэслэлээр маргасан.

9.2. Хэргийн материалаас үзэхэд, хариуцагч Х.Н нь Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай “С.Сийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Барилгын өргөн мэргэжлийн багш Сйн Сийг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг С.С эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/143 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Сийг урьд эрхэлж байсан тус сургуулийн Барилгын өргөн мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

9.3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2024/00048 дугаар магадлалаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2024/00175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Х.Ний давж заалдах гомдлыг хангахгүй /орхисугай/ шийдвэрлэсэн байна.

9.4. Түүнчлэн нэхэмжлэгч С.С нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14,707,506 төгрөг гаргуулах тухай гомдол гаргаснаар хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Х.Раушан нь ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14,707,506 төгрөгийг нэхэмжлэгч С.Ст төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2024/00808 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.

9.5. Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль нь нэхэмжлэгч С.Сийг  2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/82 дугаар  тушаалаар Барилгын өргөн мэргэжлийн багшаар томилсон нь, мөн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар тушаалаар С.Сийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 14,707,806 төгрөг олгохыг зөвшөөрсөн нь, 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудаар С.Сийн ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт нийт 14,707,806  төгрөгийг олгосон үйл баримтууд тогтоогдсон байх ба энэ талаар зохигч талууд маргаагүй.

9.6. Төрийн албаны Зөвлөл нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04/294 дугаар “Төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хариуцагч Х.Нд хүргүүлсэн байх ба уг мэдэгдэлд “... хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 14,707,806 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх хугацааг танд олгож байх тул тогтоосон хугацаанд уг хохирлыг барагдуулж, хариу ирүүлнэ үү” гэсэн байна.   

10. Иймээс хариуцагч Х.Н нь хуулиар олгогдсон захиргааны байгууллагын удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ С.Сийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тус тус тогтоогдсон, уг шийдвэрүүдийн дагуу үндсэн ажлаа хийж гүйцэтгээгүй С.Ст ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон байх тул түүнийг төрд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

10.1. Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг гэм буруугүй гэж үзэхгүй бөгөөд тухайн гэм буруутай үйлдлийн улмаас С.Сийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, түүнд хохирол учирсан /цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилт тасалдсан/, уг хохирлыг захиргааны байгууллага төсвөөс нөхөн төлж арилгаснаар хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой гэж үзнэ.

11. Хариуцагчийн өмгөөлөгч Төрийн албаны зөвлөл шаардаж байгаа нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, 103.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэх эрх нь дотоод аудитын нэгж болон төрийн аудитын бүрэн эрхэд хамаарах юм,Төрийн албаны Зөвлөл нэхэмжлэх өөрсдийн дансанд оруулж, ашиг хүртэх эрх хэмжээ байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхийг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 69.2.1-д Зөвлөлийн дарга нь зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хуульчилсан, иймээс Төрийн албаны зөвлөлийг төлөөлж дарга нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй.

11.1. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр шаардах эрхтэй.

12. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөө заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана., 498.5-д Энэ хуулийн ... 498.2 ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заажээ.

12.1. Иргэний хуулийн дээрх заалтууд нь төрийн албан хаагчийн хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг эхний ээлжид төр хариуцан арилгаж, үүний дараа буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шаардах эрхийг тусгайлан зохицуулсан байх тул хариуцагчийн гаргасан ... миний бие төрийн байгууллагад хохирол учруулаагүй, хохирлыг хариуцахгүй... гэх гомдол үндэслэлгүй байна.

13. Иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэл нь үндэслэлгүй” гэж дүгнэлт гаргасан боловч хариуцагч Х.Ний төрийн албан хаагч байх үед гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас тухайн хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14. Талуудын хооронд үүссэн маргааны талаар буюу төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн талаар зохицуулсан Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

14.1. Иймд хариуцагч Х.Ний төрийн албан хаагч байх үед гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,707,806 /арван дөрвөн сая долоон зуун долоон мянга найман зуун зургаан/ төгрөгийг гаргуулан Төрийн албаны зөвлөлд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны Зөвлөл нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар хариуцагч Х.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 231,489 /хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 117, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Хны Нээс төрийн албан хаагч байх үед гаргасан хууль бус шийдвэрийн улмаас  төрд учирсан хохирол болох 14,707,806 /арван дөрвөн сая долоон зуун долоон мянга найман зуун зургаан/ төгрөгийг гаргуулан Төрийн Албаны Зөвлөлийн Төрийн сангийн 100900021501 тоот дансанд  оруулсугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны Зөвлөл нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 231,489 /хоёр зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   К.БҮЛДИРГЕН

                                     ШҮҮГЧИД                                   Х.МЕЙРАМБЕК

                                                                                         А.ЖАРХЫНГҮЛ