| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05288/И |
| Дугаар | 192/ШШ2025/10606 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/10606
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********* тоотод оршин суух, * С- /рд: ***********/,
Хариуцагч: ************** тоотод оршин суух, * Г- /рд: **********/,
Хариуцагч: ******** тоотод оршин суух, * Х- /рд: ********/,
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Гэрч Б.Н,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч Ч.Г-, Г.Х- нарт холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ч.Г-тай 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ***** УЕВ улсын дугаартай машиныг урьдчилгаа 30,000,000 төгрөг өгч /Ч.Г-ын эхнэр болох Г.Х-ын 2023.03.17-нд ***********тоот данстай дансанд 20,000,000 төгрөг, Ч.Г-ын ********тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлж/, ***** УЕВ улсын дугаартай машиныг түрээсийн шугамаар худалдан авах тохиролцоо хийсэн боловч том тэрэгний эвдрэл гэмтэл их байсны улмаас Ч.Г-д ***** УЕВ улсын дугаартай машиныг буцаан бүрэн бүтэн хүлээлгэн өгч, урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөө бүрэн буцаан авахаар хэлэлцсэн. Иймд 30,000,000 төгрөгийг одоо болтол буцаан өгөөгүй, холбоо барихаар мөнгөгүй байна гэж өдийг хүртэл хойшлуулж байгаа тул Ч.Г-, Г.Х- нараас 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ч.Г-ас хариу тайлбартаа: Миний танил болох Г.С- нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр таны машин надад таалагдаад байна, машинаа зараач, би 120 сая төгрөгөөр худалдаж аваад танд урьдчилгаанд нь 30 сая төгрөг шилжүүлье, бусад төлбөрийг хуваагаад жилийн хугацаанд төлж барагдуулъя гэсний дагуу Nord Benz маркийн ****УЕВ том ачааны машиныг 120,000,000 төгрөгөөр зээлээр худалдахаар тохирсон. Гэтэл 2024 оны 6 дугаар сард машиныг буцаан авчирч өгөөд зөөх ажил муудлаа, тийм учир би мөнгөө төлж дийлэхгүй учир буцаалаа гэсэн. Миний машиныг бүтэн жил ашиглаад, элэгдэл хорогдол гаргаж, /тухайлбал дугуй элэгдсэн, механик эвдрэл, явах эд ангиуд бүгд эвдэрсэн байсан/ авсан мөртлөө одоо миний машиныг ганц ч ашиглаагүй юм шиг бичиж 30 сая төгрөг нэхэмжилж, эвдрэл гэмтэл гараагүй мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ том тэрэгний эвдрэл гэмтэл их байсны улмаас машиныг буцаан өгсөн мэтээр тайлбар гаргасан нь бодит байдал нийцээгүй гэж үзэж байна. Анх С-д хүлээлгэж өгөхөд машины шаардлагатай бүх үйлчилгээ хийсэн, мөн 22 ширхэг 90 хувьтай шинэ дугуй нь хамт хүлээлгэж өгсөн бөгөөд С- нь өөрөө шалгаж үзээд хүлээж авсан. Тухайн үед машины үнэ 130 сая төгрөгөөр зарах ханштай байсан, мөн ачаа зөөх ажил ч их байсан. Хэрэв би өөрөө машинаа ашиглаж ажил хийсэн бол 120-130 сая төгрөгийн ашиг орлого олох боломжтой байсан. Гэтэл Г.С- нь өөрт ашигтай үед миний машинаар ажил хийж орлого олж байсан, мөн өөрийн буруутай үйлдлийн улмаас худалдан авсан машины үнийг тохирсон хугацаандаа төлөөгүй атлаа урьдчилгаа мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч Г.Х-аас хариу тайлбартаа: Ч.Г- нь надтай хамт амьдарч байх хугацаандаа өөрийн эзэмшлийн V-3 маркийн ***** УЕВ улсын дугаартай ачааны шаланзыг 130,000,000 төгрөгөөр худалдаж урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг авахаар тохиролцсон тухайгаа ярьж байсан. Ингээд Ч.Г- нь урьдчилгаа төлбөрийн 20,000,000 төгрөгийг миний Хаан банкны дансаар дамжуулж авсан боловч миний хувьд нэхэмжлэгч Г.С- гэх хүнтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, машин худалдахаар үүрэг хүлээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 4/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5-55/,
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Г.Х-ын Хариу тайлбар гаргах нь /хх 68/, Ч.Г-ын Хариу тайлбар гаргах нь /хх 79/, итгэмжлэл /хх 100/, Ч.Г-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 104-113/, Г.Х-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 119/, Галба транс ХХК-ийн 25/2/189 тоот Тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичиг /хх 120/, Б.Нямбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 121/, Б.Нямбаярын хаягийн бүртгэлийн тодорхойлолт /хх 126/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлээс 10,290,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 19,710,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Автомашин худалдан авахаар урьчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
3.1. Хариуцагч Ч.Г- нь автомашиныг бүтэн жил ашиглаж элэгдэл хорогдол гаргасан, мөн автомашины урьдчилгаа төлбөрийн 20,410,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж тайлбарласан.
3.2. Хариуцагч Г.Х- нь автомашины урьдчилгаа төлбөрийн 20,000,000 төгрөгийг миний Хаан банкны дансаар дамжуулж авсан боловч миний хувьд нэхэмжлэгч Г.С- гэх хүнтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, машин худалдахаар үүрэг хүлээгүй гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч нь ***** УЕВ улсын дугаартай, Nord Benz /Норд Бенз/ маркийн автомашиныг нэхэмжлэгчид худалдах, нэхэмжлэгч нь уг автомашиныг хүлээн авч, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон нь тэдний шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Г.С-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна.
4.2. Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Түүнчлэн хариуцагч Ч.Г- нь урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг хүлээн авсан, мөн худалдах худалдан авах гэрээний зүйл болох автомашин хариуцагч Ч.Г-ын эзэмшилд шилжсэн болох нь талуудын тайлбараар, нэхэмжлэгч Г.С-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байхаас гадна энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч Ч.Г- нь гэрээний урьдчилгаа төлбөрийн 20,410,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж маргаж байна.
4.4. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг нэхэмжлэгч талын эзэмшилд шилжүүлсэн боловч худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан болох нь түүний “...том тэрэгний эвдрэл гэмтэл их байсны улмаас Ч.Г-д ***** УЕВ улсын дугаартай машиныг буцаан бүрэн бүтэн хүлээлгэн өгч” гэх тайлбараар нотлогдож байна.
4.5. Гэрээнээс татгалзснаас үүсэх эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй буюу хариуцагч нар нь уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй. Хавтаст хэргийн 104-113 дугаар талд авагдсан хариуцагч Ч.Г-ын Хаан банкны йдугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар хариуцагч Ч.Г-ас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 19,710,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Х-ыг хамтран хариуцагчаар татсан үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Х-ын дансанд шилжүүлэн өгсөн гэж тодорхойлсон боловч энэ нь хариуцагч Г.Х- болон нэхэмжлэгч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Үүнээс гадна хариуцагч Г.Х- нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашиныг хүлээн авсан баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч Г.Х-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Х-аас дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч Ч.Г-ас 10,290,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,710,000 төгрөг, хариуцагч Г.Х-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
7. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-ас 10,290,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 179,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ч.Г-ас 10,290,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,710,000 төгрөг, хариуцагч Г.Х-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-ас 179,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН