| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10031/И |
| Дугаар | 192/ШШ2025/10957 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/10957
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,
Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин байрлах, Э ХХК /рд: *********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********* тоотод оршин байрлах, Х ХХК /рд: ************/-д холбогдох,
100,194,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “Х” ХХК-тай манай компани 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Авто сэрээт ачигч худалдах, худалдан авах гэрээ” байгуулан төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээ байгуулах үед сэрээт ачигчийг БНХАУ-руу захиалсан тул 2025 оны 09-р сарын 20-ны өдрийн дотор бүрэн нийлүүлж, хүлээлгэн өгөхөөр Нийлүүлэгч талын хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл бараагаа нийлүүлээгүй байна. Нийлүүлэгч талаас 2025 оны 09-р сарын 29-ны өдөр "... гэрээний дагуу нийлүүлэхээр төлөвлөсөн сэрээт ачигч нь өмнөх удаад гарсан нөхцөл байдалтай ижил шалтгаанаар буюу БНХАУ-ын гаалийн экспортын бүрдүүлэлтийн үе шатанд гацаад, хилээр нэвтрэх боломжгүй байгааг мэдэгдэж байна. Иймд бид гэрээний үүргээ ухамсарлан, гэрээний дүнг төлөхөөр болж байгаа бөгөөд төлбөрийг 7-14 хоногийн дотор бүрэн барагдуулах болно...." гэсэн имэйл ирүүлсэн. Хариуцагч компанитай бид 2024 оны 09-р сард бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан бөгөөд тухайн гэрээний үүргээ мөн биелүүлээгүй бүтэн жил биднийг хохироож байсан. Иймд энэ удаагийн тайлбар шалтгааны хүлээн авах боломжгүй бөгөөд шүүхэд хандаж гэрээний төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд 25/18 тоот гэрээний 2.2.2-т заасан 94,522,920 төгрөгийг гэрээний 3.1.3-т заасан нийт үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцох нөхцөлийн дагуу өнөөдрийг хүртэл нийт 100,194,295 төгрөгийг хариуцагчаас гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нийт нэхэмжлэлийн шаардлага болох 100,194,295 төгрөгөөс 32,950,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 32,950,000 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн үлдэж буй шаардлага болох 67,244,295 төгрөгийг хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцов. 2026 оны 01 сарын 05-ны өдөр 29,585,002 төгрөг, 2026 оны 01 сарын 31-ний өдрөөс 2026 оны 7 сарын 31-ний өдрийн хооронд сар бүр 5,379,899 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э ” ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 100,194,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлага болох 100,194,295 төгрөгийн 32,950,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч нь үлдэх 67,244,295 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 сарын 05-ны өдөр 29,585,002 төгрөг, 2026 оны 01 сарын 31-ний өдрөөс 2026 оны 7 сарын 31-ний өдрийн хооронд сар бүр 5,379,899 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч “Э ” ХХК зөвшөөрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 658,921.47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 329,460.73 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 329,460.73 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага болох 100,194,295 төгрөгийн 32,950,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч үлдэх 67,244,295 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 сарын 05-ны өдөр 29,585,002 төгрөг, 2026 оны 01 сарын 31-ний өдрөөс 2026 оны 7 сарын 31-ний өдрийн хооронд сар бүр 5,379,899 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч “Э ” ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,921.47 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 329,460.73 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 329,460.73 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/52381 дүгээр захирамжийн үйлчлэл дуусгавар болсон болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН