| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000810290 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
Ч.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор Ц.Батзаяа, яллагдагч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/353 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Ч.Б-д холбогдох, 2435000810290 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Ч-ийн Б.
1. Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ч.Б Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Улаангом сумын Газрын даамлаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар газар эзэмших тухай захирамжийн төслийг боловсруулахдаа тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас Улаангом сумын 2 дугаар багийн нутагт иргэн У.Б-д 800 м.кв газрыг “Өвөлжөө”-ний зориулалтаар эзэмшүүлэх боломжийг бий болгож, “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас яллагдагч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/353 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т ургийн овогт Ч-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2435000810290 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,
- яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,
- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/353 дугаартай захирамжийг 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Хяналтын шатны шүүх нь шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянана” гэж хуульчилсан, Хуулийн энэхүү агуулгаас үзэхэд Улсын дээд шүүхийн жишиг тогтоосон хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шүүх дагаж мөрдөхөөр байна.
Улсын дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ХШТ/139 дүгээр тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч “хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэж шууд тодорхойлон заасан.
Албан тушаалтан хайнга хандах гэдэгт өөрт нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдлүүд, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа явуулсан боловч зүй ёсны шаардлагыг хангаагүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг хамруулдаг байна.
Энэ гэмт хэргийн заавал байх объектив шинж нь хууль тогтоомжоор өөрт нь олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны хүрээн дэх үйлдэл, эс үйлдлийг хийж, үүний улмаас тодорхой хохирол бий болсонтой холбогддог.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн, эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, “хийх ёсгүй үйлдлийг хийх” эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцжээ. Субьектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенциудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэх талаар заажээ.
Тиймээс хэрэгт яллагдагчаар татагдсан Увс аймгийн Улаангом сумын засаг дарга ажилтай иргэн Б.Г нь субьектив шинжийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олж авах, бусдад давуу байдал бий болгох гэсэн зорилготойгоор засаг даргын захирамж гаргаж бусдад газар эзэмшүүлээгүй, харин Улаангом сумын 2 дугаар баг хариуцсан газрын даамлын газар эзэмшүүлэхээр судалж оруулж ирсэн материал болон захирамжийн төсөлтэй танилцаж, түүний албан үүргийнхээ дагуу хийж гүйцэтгэж байгаа ажилтай танилцаж захирамж гаргаж У.Бөд газар эзэмшүүлсэн байна.
Тиймээс Б.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч "хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй" гэж үзэхээр байна.
Улаангом сумын засаг дарга Б.Г нь албан тушаалдаа хайнга хандаж, Ч.Б-ийн хууль зөрчиж бусдад газар эзэмшүүлэх тухай баримтад үндэслэн захирамж гаргасан байна.
Албан тушаалтан хайнга хандах гэдэгт өөрт нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдлүүд, чиг үүрэг хамаарах үйл ажиллагаа явуулсан боловч зүй ёсны шаардлагыг хангаагүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг хамруулдаг байна.
Гэвч дээрх гэмт хэргийн улмаас хэн нэгэн этгээдэд их хэмжээний хохирол учраагүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенциудад албаны чиг үүргийн хувьд хуулиар зөвшөөрөгдөөгүй, эсхүл хориглосон үйлдлийг гүйцэтгэсэн өөртөө, бусдад хууль бус давуу байдал олгосон санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан тул Б.Г-ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжгүй байна гэж прокуророос дүгнэж түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагч Ч.Б-ийн хувьд Улаангом сумын Газрын даамлаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар томилогдон ажиллаж байхдаа,
- Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар газар эзэмших тухай захирамжийн төслийг боловсруулахдаа тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас Улаангом сумын 2-р багийн нутагт иргэн У.Б-д 800 м.кв газрыг “Өвөлжөө”-ний зориулалтаар эзэмшүүлэх боломжийг бий болгож “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.
Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектын шинжийг бүрэн хангаж байна.
Тиймээс шүүгчийн захирамжид Ц.Г-т холбогдох үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн 2435000810290 дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/353 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
5. Прокурор Ц.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Ч.Б нь Улаангом сумын газрын даамлаар ажиллаж байхдаа Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 338 дугаартай газрын эзэмших захирамжийн төслийг боловсруулахдаа, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, мөн Газрын тухай хуульд зааснаар тухайн Улаангом сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн саналыг авалгүйгээр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б-д 800м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх боломжийг бий болгосон.
Тэрээр, тухайн үед буюу 2021 онд ковидтой холбоотойгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэж батлаагүй байсан. Мөн 2 дугаар багийн иргэд нийтийн хурлаас иргэн У.Б-д өвөлжөөний газар талаар шийдвэр гараагүй байсан талаар гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг. Гэвч Б “өмнө нь энэ газрыг би эзэмшиж байсан юм” гэж надад тайлбарласан учраас нөхөн эзэмшүүлсэн гэдэг. Дээр үеийн ногоон картаар эзэмшиж байсан гэдэг нөхцөл байдалд тулгуурлаж газрыг шинээр олгох биш нөхөн захирамжийн хүрээнд оруулж батлуулсан гэдэг нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг.
У.Б нь тухайн газрын эзэмшигч мөн эсэх талаарх лавлагаа тодорхойлолтыг аваагүй, түүхчилсэн лавлагаа, тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон прокурорын шатад гаргаж ирж чадаагүй. Энэ үйлдлээ ч хүлээн зөвшөөрдөг. Харин тухайн газар эзэмшүүлэх захирамж гаргуулахдаа сумын Засаг даргад тухайн иргэний хүсэлт, кадастрын зураглал 2-ыг л өгөөд, энэ хүн өмнө нь картаар эзэмшиж байсан, гэрчилгээгээ алга болгосон байна. Тийм учраас энэ хүнд тухайн газрыг нөхөн олгох гэж байгаа юм гэдэг нөхцөл байдлыг танилцуулж газар эзэмшүүлэх захирамжид гарын үсэг зурсан гэдгийг тухайн үед засаг даргаар ажиллаж байсан Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн.
Улсын дээд шүүхийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 139 дугаартай тогтоолоор тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэрэг мөн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийг маш тодорхой байдлаар тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинж нь хууль тогтоож хууль захиргааны хэм хэмжээний актаа тодорхойлсон, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шууд тодорхойлон заасан. Албан тушаалд хайнга хандах гэдэгт өөрт хууль, захиргааны хэм хэмжээний актаар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, хэрэгжүүлэхдээ биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй байсан, заавал биелүүлэх зохих үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдлүүд, чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа явуулсан, явуулсан боловч зүй ёсны шаардлагыг хангаагүйгээс бусдад их хэмжээний хохирол учруулсан байхыг шаардсан. Засаг даргын зүгээс тухайн захирамжийн төслийг танилцах, хянах, захирамжийн төсөлтэй холбоотой материалуудыг хянах үүрэгтэй. Гэвч хянах үүргээ хэрэгжүүлээгүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог. Харин Ч.Б-ийн хувьд Засаг даргын захирамж гарах хүртэлх өмнөх бүх материалыг бүрдүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл Засаг даргын захирамжийн төсөл боловсруулаад материалыг танилцуулахдаа өмнөх газрын гэрчилгээгээ гээчихсэн учраас энэ хүнд нөхөн олгож байгаа юм гэдэг нөхцөл байдал танилцуулж, төөрөгдөлд оруулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдал урвуулан ашиглах гэмт хэрэг нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолд гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, хийхгүй байх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө болон эсвэл бусдад давуу байдал бий болгосон шинжтэй. Б-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад газар эзэмшүүлэх хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийг нь хүлээж аваад Ч.Б хяналтын картыг бүрдүүлэх, тухайн газар нь 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон эсэх, олгох ёстой газар эсэх, сум, багийн иргэдийн нийтийн хурлын санал асуулга явагдсан эсэх асуудлыг бүгдийг хянах субъект бол энэ хүн. Ч.Б-ийн хувьд Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн субъект. Засаг даргын зүгээс хянах ёстой үүргээ хэрэгжүүлэлгүйгээр тухайн доод шатны албан тушаалтандаа итгэж, захирамжийг гаргасан гэдэг нөхцөл байдлаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг.
Прокурорын зүгээс тухайн мөрдөн шалгах ажиллагааны үед т сумын Засаг дарга болон газрын даамал 2-ыг хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны прокурорын хяналтын явцад энэ нөхцөл байдал буюу Улсын дээд шүүхийн тогтоол, бусад хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэ нь хайнга хандах гэмт хэрэг байна гэж үзсэн. Засаг дарга Г-ийн үйлдэл нь тухайн доод шатны албан тушаалтандаа итгэж газар эзэмших шийдвэрт гарын үсэг зурсан асуудал байгаа. Засаг даргыг тухайн шийдвэр гаргах, үйлдэл хийх нөхцөл боломжийг газрын даамал зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Газрын даамал нь нормчлох баримтыг бүрдүүлэх, дэс дараалал, мэдээллээр хангах чиг үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр захирамжийг гаргуулж бусдад газар эзэмшүүлэх нөхцөл байдлыг бий болгосон. Энэ үйлдэл нь дангаараа эрүүлийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн.
Анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийн асуудлыг нөхцөл байдлуудаар өмнө нь ижил төрлийн хэргүүд манайд шийдэгдэж байсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ хэргийн үйл баримт бүр харилцан адилгүй, газрын даамал Засаг даргадаа хэрхэн, ямар байдлаар танилцуулж гарын үсэг зуруулсан гэдгээс шалтгаалж байгаа. Ц.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5.1-т заасан хайнга хандах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа.
Гэвч энэ гэмт хэргийн үндсэн шинж нь их хэмжээний хохирол учруулсан байхыг шаардаж байгаа, энэ хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдоогүй. Тухайн газар эзэмшүүлсэн захирамжийг дээд шатны Засаг дарга буюу аймгийн Засаг даргын зүгээс хүчингүй болгочихсон байдаг. Албан тушаалын байдлаа ашиглаж хэн нэгэн хүнээс хээл хахууль авсан нөхцөл байдал байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулсан боловч ямар нэгэн байдлаар хахууль, шан харамж авсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймээс шүүгчийн захирамж үндэслэлгүй гэж үзэж байна.
Ч.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 353 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна” гэв.
6. Яллагдагч Ч.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 онд Улаангом сумын газрын даамал ажилтай байхдаа тухайн захирамжийг боловсруулж гаргасан. Захирамжийн төсөл боловсруулахдаа, тухайн иргэнээс ирсэн өргөдлийн дагуу шийдвэрлэсэн ба 2022 онд сумын хурлаар хэлэлцээд, 2 дугаар багт 10 өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлж болно гэсэн тогтоол гаргасан. Прокуророос, уг сумын ИТХ-ын шийдвэрийг зохион байгуулалтын төлөвлөгөө биш гэж үзээд байгаа. Тухайн иргэнд газар эзэмшүүлэх тухай захирамжийн төслийг Засаг даргад танилцуулахдаа, Засаг даргатай ямарваа нэгэн байдлаар прокурорын хэлсэн шиг асуудал яригдаагүй. Прокурор яагаад ийм байдлаар хариулт хэлж байгааг би гайхаж байна, надаас тайлбар ч асуугаагүй засаг дарга. Миний зүгээс Засаг даргад нөхөн олгож байгаа, гэрчилгээ алга болсон гэх мэтчилэн зүйлс яригдаагүй. 10 өвөлжөөний газар эзэмшүүлэх хурлын шийдвэр гарсан, түүний дагуу л уг төслийг оруулсан гэдгээ л тайлбарласан” гэв.
7. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Ч-ийн Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Миний бие урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж хэлэлцүүлснээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарсан байгаа..
Прокурорын гаргаж байгаа эсэргүүцэлтэй санал нэгдэхгүй байгаа. Миний үйлчлүүлэгч Ч.Б-ийг яллахдаа, 2022 оны Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 388 дугаартай газар эзэмших тухай захирамжийн төслийг боловсруулахдаа тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас Улаангом сумын 2 дугаар багийн нутагт иргэн Б-д 800м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх боломжийг бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ялласан. Ч.Б-ийн хувьд газар зохион байгуулалтын даамлаар ажиллаж байсан. Даамал гэдэг нь тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан газрын талаар кадастрт тусгасан, олгох ёстой бүх баримтуудыг баримтлан, төсөл боловсруулдаг чиг үүргийнхээ хүрээнд, газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулаад Улаангом сумын Засаг дарга Г-т танилцуулсан. Г дарга тухайн төслийг албажуулж газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Засаг даргын үйлдэл нь тогтоогдчихсон, Ч.Б-ийн хувьд газар эзэмшүүлэх төслийг боловсруулж байгаа болохоос захирамжийг гаргадаг эрх бүхий субъект биш. Засаг даргын бүрэн эрхэд хамаарах үйлдлийг Ч.Б хийх боломжгүй. Засаг дарга нь Улаангом сумын иргэн Б-д газар олгох шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх нь зөвхөн Засаг даргын бүрэн эрхэд хамаардаг. Газрын даамал Засаг даргын өмнөөс шийдвэр гаргахгүй.
Улсын яллагчийн зүгээс дүгнэлтдээ дурдсан, Ч.Б 2 дугаар багийн иргэн Б-д өвөлжөөний газрыг олгохдоо нөхөн олгож байгаа, гэрчилгээгээ гээсэн гэж Засаг даргад хэлсэн гэх асуудал нь энэ эрүүгийн хэрэгт огт авагдаагүй асуудал байх тул энэ тухай дүгнэлт нь учир дутагдалтай байна. Ч.Б Засаг дарга 2-ын хувьд Б-н өвөлжөөний талаар ямар нэгэн зүйл ярилцаагүй. Захирамж гарахдаа ганцхан Б-д гараагүй, хэд хэдэн хүнд захирамж гарсан байдаг. Ч.Б тухайн баримт бүрдүүлж, төслөө боловсруулж ирээд Ц.Г даргад өгсөн.
Прокурорын зүгээс хэт нэг талыг барьж байна гэж манай зүгээс үзэж байна. Гэмт хэргийг Ч.Б ганцаараа үйлдсэн, Г даргын оролцоо байхгүй мэтээр ярьдаг. Засаг дарга тухайн боловсруулсан төлөвлөгөөг нягтлах, шалгах үүрэгтэй. Хэрвээ эргэлзээ бүхий төөрөгдөлд орсон бол газар эзэмшүүлэх захирамж гаргахаас татгалзаж, буцаах боломж нь засаг даргад өөрт нь байсан.
Хэрэгт Улаангом сумын Засаг дарга Г-т Б өөрөө гомдол гаргасан байдаг. Төөрөгдөлд орсон бол яагаад Б-ийг шүүхээр шийдвэрлүүл гэж хэлээгүй юм. Ч.Б-ийн хувьд өөрийгөө зөвтгөсөн, би энэ хэргийг хийгээгүй гэдэг зүйл ярихгүй байгаа. 2022 оны төлөвлөгөөнд 10 өвөлжөөний газар олгох эрх олгогдсон байсан, тухайн квотынхоо дагуу би олгочихсон гэж бодсон. Гэтэл тухайн жилийнхээ төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг асуудал гарч ирж байгаа нь миний буруу гээд хэргээ хүлээсэн. Гэтэл прокурорын зүгээс өмгөөлөгч хууль зүйн зөвлөгөө өгөхдөө үйлчлүүлэгчдээ эрх зүйн байдлыг нь дордуулж, хүнээ яллуулж байна гэдэг асуудал ярьж байгаа. Засаг дарга үнэхээр албан үүрэгтээ хайнга хандсан юм бол Ч.Б ч хайнга хандсан байх ёстой. Заавал ганцхан Ч.Б-ийг яллах ямар шаардлага байгаа юм. Хоёулаа хайнга хандсан бол асуудлыг адил л шийдэх ёстой байсан.
Хэрэг болгон өөр өнгө төрхтэй. Гэхдээ засаг захиргааны хууль, засаг даргын захирамж, бүрэн эрхийг тусгайлан хуульчлаад заачихсан. Албажуулж байгаа хүн нь Засаг дарга, тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газар Б-д олгогдоод явчихсан нь л буруутай үйлдэл байгаа. Үр дагавар нь хаана байна вэ гэдгийг харах ёстой. Монгол Улсын Засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хуульд 59 дүгээр зүйлийн 59.1.6 Газрын тухай хуулийн 21-д 21.4 дүгээр зүйлийн 21.4.2 мөн хуулийн 29.1-д зааснаас үзэхэд Улаангом сумын Засаг дарга Г нь харьяалах нутаг дэвсгэртээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн газрын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх тухайн багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэр гарсны дараа Газар зохион байгуулалтын тухай жилийн төлөвлөгөөнд тусгагдаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан газраас бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах үүрэгтэй болох нь тогтоогдож байгаа. Тэгэхээр Г хууль тогтоомжоор өөрт тухайлан олгосон дээрх албаны бүрэн эрх, үүргээ санаатайгаар зөрчиж бусдад давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа.
Анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 353 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгож, тухайн захирамжийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/353 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, яллагдагч Ч.Б-д холбогдох, 2435000810290 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх Ч.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт яллагдагч Ч.Б-ийн өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан: “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй тул хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ эрх бүхий этгээдүүд биелүүлж, хэрэгжүүлээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.
3. Прокуророос, яллагдагч Ч.Б-ийг Увс аймгийн Улаангом сумын газрын даамлаар томилогдон ажиллаж байхдаа Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/388 дугаар, “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн төслийг боловсруулахдаа, тухайн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас Улаангом сумын 2 дугаар багийн нутагт иргэн У.Бөд 800 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх боломжийг бий болгож, нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
4. Шүүхээс, Ч.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг болон тус хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох шаардлагатай ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар гүйцэтгэх боломжгүй талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4.1. Ч.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Тухайлбал, хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэн зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна.
Прокуророос, яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэхдээ, иргэн У.Бөд 800 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх боломжийг бий болгож, нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэжээ.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан хуульчилсан тайлбарт, энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан ба энэ гэмт хэргийн субъектив шинжийн хувьд, хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олж авах, эсхүл бусдад давуу байдал олгох гэсэн зорилгоор, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаарддаг.
4.2. Хэргийн баримтаар, Ч.Б нь Улаангом сумын газрын даамлаар ажиллахдаа, тус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрх олгохыг хүссэн иргэн У.Б-ийн өргөдлийн дагуу 800мкв газрыг эзэмшүүлэхээр засаг даргын захирамжийн төсөл боловсруулахдаа Газрын тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байх боловч прокурор яллагдагчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тооцож, яллах дүгнэлт үйлдэхдээ, энэ гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Тодруулбал, яллагдагч нь хуулиар хүлээсэн албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал олгож, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа, зорилготой байсан эсэхийг тогтоогоогүй. Түүнчлэн, газар эзэмшихийг хүссэн иргэний газар эзэмших ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн хууль бус нөлөө, эсхүл газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хууль бус шаардлага, нөлөө, ашиг сонирхол байсан уу, эсхүл албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсан уу гэдгийг тогтоох, өөрөөр хэлбэл, хууль бусаар газар эзэмших, эзэмшүүлэх гэсэн санаа сэдэлт, зорилгын нэгдэл байсан эсэхийг тогтоосны эцэст, яллагдагчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж буй эсэхэд дүгнэлт өгөх, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Гэтэл энэ хэрэгт дээрх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй гэж дүгнэв.
5. Түүнчлэн, шүүх аливаа гэмт хэргийг хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5 дахь хэсэгт заасан асуудлын талаар нэг бүрчлэн дүгнэж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн зүйлчлэл болон түүний объектив, субъектив шинжид хамаарах элемент нэг бүрт бүрэн нийцэж байгаа эсэхэд, түүнчлэн өөр өрсөлдөх хэм хэмжээ буюу өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар дүгнэлт хийх, мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж, хэр хэмжээ, үйлдэл, үр дагавар, хоорондын шалтгаант холбоо зэргийн талаар заавал дүгнэлт хийсэн байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох журам, аргачлалаар шүүхэд үүрэг болгосон бөгөөд ийнхүү шүүх хуульд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлэхийн урьдач нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байх, хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт цугларсан байх явдал юм. Яллагдагч Ч.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нөхцөл бүрдээгүй буюу нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр шалгаж тогтоох нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “...хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/353 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2025 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН