Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

   

Р.Т, Р.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:

    Прокурор А.Анхбаяр, Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Р.Т, Р.Х нарт холбогдох, 2235001210230 дугаартай, 5 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Р-ийн Т, 

       - Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Р-ийн Х,

1. Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Р.Т, Р.Хнар нь Увс аймгийн х сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Х гэх газраас 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Ө-ийн 2 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж хохирогчид 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

      2. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолоор:

      - шүүгдэгч Б ургийн овогт Р-ийн Т, Б ургийн овогт Р-ийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож;

      - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Т-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Х-г 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж;

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Х-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 10 /арав/ сар 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоож;

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 251 хоногийг, шүүгдэгч Р.Х-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 429 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;

     - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж;

      - шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж;

    - хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 1,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж;

      - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан: шүүгдэгч Р.Х-ээс 1,101,644 төгрөгийг гаргуулан Увс аймгийн Цагдаагийн газарт;

      - шүүгдэгч Р.Т, Р.Х тус бүрээс 300,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ө-д тус тус олгож;

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бор өнгийн модон бариултай, 25 см урттай, 1 ширхэг хутга, бор өнгийн модон бариултай,  23 см урттай, 1 ширхэг хутга, 28 см радиустай, 1 ширхэг төмөр таваг, 1 ширхэг шаазан аяга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж;

     - хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн гурван ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

      3. Шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... шүүгдэгч Р.Т-ыг Р.Х-тэй бүлэглэн 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын 3-р багийн нутаг дэвсгэр Х гэх газраас хохирогч Б.Ө-ийн 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

   ... Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож олон тооны мал хулгайлах гэм буруутайд тооцсон атлаа бүлэглэн гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулсан.

      Анхан шатны шүүх Р.Т-ыг хохирогч Б.Ө-н хоёр тооны үхрийг Увс аймгийн х сумын 3-р багийн нутаг Х гэх газраас буюу хотноос нь хулгайлж, өөрийн гэрийн ойролцоо авч ирж Р.Х-р нядлуулсан гэх таамаг, магадлалд үндэслэж шийдвэр гаргахдаа хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна.

     Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууц далд аргаар авч захиран зарцуулах боломжтой болсноор төгсдөг.

     ... Р.Х энэ гэмт хэргийн гүйцэтгэгч биш. Тиймээс бүлэглэн гүйцэтгэх гэх асуудал яригдахгүй. Харин мал хулгайлах гэмт хэргийн гүйцэтгэгчид тусалж дэмжлэг үзүүлсэн этгээд юм. Харин түүнийг урьдчилан амлаж, үгсэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй.

        Иймд Р.Х-г мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

       ... Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасныг зөрчсөн төдийгүй шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон өдрөөс хойш 49 хоногийн дараа шийтгэх тогтоол бичгээр гарсан гэж гардуулсан нь гэм буруутай эсэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн тогтоогдоогүй шүүгдэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж харж байна.

       Улсын дээд шүүхээс энэ хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн ба түүнээс хойш энэ хэрэгт Улсын дээд шүүхийн тогтоолд дурдагдсан нэмэлт ажиллагаа огт хийгдээгүй, хэргийн нотолбол зохих байдал, гэмт этгээдийн үйлдэл, оролцоо ямар байсан нь тогтоож чадаагүй байхад шүүх зөвхөн таамаг, магадлалд үндэслэж, 3 жилийн өмнөх зүйлийг сэргээн дүрслэх, ажиллагаа хийх боломжгүй, мөрдөгч прокурор чадах хэмжээндээ ажиллагаа хийсэн байна хэмээн дүгнэж энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль бус гэж дүгнэж байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Р.Т-ын үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

   4. Шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Г.Алтанлхам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Энэ хэрэгт мөрдөгч, прокурорын хувьд яллах болон цагаатгах талын нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байхад шүүх өөрийн эрх хэмжээнд байхгүй асуудлаар тогтоосон гэж миний хувьд үзэж байгаа.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан. Яллах болон цагаатгах, өмгөөлөх тал хэргийн бодит байдалтай холбоотойгоор мэтгэлцээний үндсэн дээр шүүх хэргийн бодит байдлыг тогтоох ёстой атал шүүхийн хувьд нэмэлт ажиллагаа хийгдээгүй, зөвхөн хохирогчоос авсан мэдүүлэг, хохирогчийн ааваас гэрчээр авсан мэдүүлгийг үндэслээд мөн түүнчлэн Р.Т болон Р.Хнарыг Ховд аймагт ял эдэлж байсан, урьдчилан тохиролцсон байна гэдэг нэмэлт дүгнэлтийг хийж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

    Р.Т гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хэрэв эргэлзээгүй тогтоосон гэж үзвэл Р.Т хохирогч Б.Ө-ийн 2 тооны үхрийг хотноос нь авч ирснийг харсан хүн байхгүй.

    Хоёрдугаарт, Эхнэр нь 21-22-нд шилжих шөнө гэртээ байсан, 23-нд Зүүнговь сум руу явсан гэж мэдүүлдэг. Хулгайд 1 эсхүл 2 үхэр алдсан эсэхийг ч мөрдөн шалгах ажиллагааны явцад нарийвчлан тодорхойлоогүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр л яваад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 15.2 дугаар зүйлд зааснаар миний хувьд эргэлзээ үүссэн. Эргэлзээ гэж аливаа хэргийг хянан шийдвэрлэхэд, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, яллах талын нотлох баримт мөн түүнийг цагаатгах талын нотлох баримт нь ижил тэнцүү үнэлэгдэж байгаа бол үүнийг эргэлзээ гэж үзнэ.

       Энэ хэрэгт Улсын дээд шүүхээс дүгнэхдээ Р.Т, Р.Х нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн мөртлөө анхан шатны шүүх Эрүүгийн хэргийг шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасан нь хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон тодорхойлоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр хөдөлбөргүйгээр нотолж чадаагүй гэж дүгнэж буцаасан байтал прокурорын шатанд нэмэлт ажиллагаагаар тогтоогоогүй байхад анхан шатны шүүх энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

   Анхан шатны шүүхээс дүгнэхдээ чадах хэмжээндээ нэмэлт ажиллагаа хийсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдэг агуулгаар хүн гэмт хэрэг үйлдээгүй, өөрийгөө гүтгэгдэж байгаа, хилс хэргээр ял авчихлаа гэж үзэж байгаа асуудалтай хэргийг эцэслэн шийдвэрлэж, 2 жил 2 сарын хорих ял оногдуулсан. Р.Т-ын хувьд 3 жилийн хорих ял авсан. Шүүхийн шийдвэр өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээс ялын хувьд зөрүүтэй, ялгамжтай оногдуулах нь зохистой асуудал мөн үү гэх зүйлийг хэлмээр байна.

     Р.Т урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж, хулгайн гэмт хэрэгт холбогдоy ял шийтгүүлж байсан, түүний гэрээс холгүй тухайн үхэр нядалсан зэрэг нөхцөл байдал нь Р.Т-ыг энэ гэмт хэрэгт шууд буруутгах үндэслэл болохгүй. Р.Т-ын хувьд үнэхээр энэ гэмт хэрэг үйлдэж, х сумын нутаг Х гэх газраас 2 тооны үхрийг тууж авч ирсэн этгээд гэж үзэж байгаа бол ямар аргаар, яаж тууж авч ирсэн, хэнтэй явсан, ямар уналга хэрэглэсэн гэдгийг нарийвчлан тогтоож байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэх ёстой гэж миний хувьд үзэж байгаа.

     Түүний энэ хувийн байдал, түүний аавын өгсөн мэдүүлгийг л үндэслээд гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна.

     Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д-ыг гэж алдаатай бичсэн байна. Агуулгын хувьд шүүгдэгч бол өөрт холбогдох хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох ёстой. Гэтэл Р.Т-ыг оролцуулаагүй мэтээр шүүхийн шийтгэх тогтоолын эхний нүүрэнд бичигдсэн байгааг бас нэмж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна” гэв.

     5. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шийтгэх тогтоолыг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэгдсэн, яллах, цагаатгах талын нотлох баримтууд, хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа.

     Дээд шүүхийн хэргийг прокурорт буцаасан тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч маш их давтаж ярьж байна. Дээд шүүхийн тогтоол туйлын үнэн гэсэн ойлголт байхгүй. Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг харин мөрдөн шалгах ажиллагааны явцад явуулсан, хийсэн. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлуудын хувьд шүүгдэгч Р.Т, Р.Х нар нь бүлэглэн Увс аймгийн х сумын 3 дугаар багийн нутаг Х гэх газраас 2022 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Ө-ийн 2 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа. Р.Т-ыг оролцоогүй гэдэгт эргэлзээтэй зүйл байхгүй, үйлдэл оролцооны хувьд хоёулаа бүлэглэж үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Р.Х нь тухайн үед зорчих эрхийг хязгаарлах ялтай буюу Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тавигдсан байсан. 2025 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Р.Х нь Р.Т-ын гэрээс 20км-ийн зайтай Увс аймгийн х сумын 3 дугаар багт байдаг Б.Ө-ийн гэрийн ойролцоо явсныг зорчих эрх хязгаарлах ялын хяналтын төхөөрөмжийн дохио байдаггүй. Ийм учраас Р.Т нь хөөж авч ирээд Р.Х-тэй бүлэглэж нядлаад зарж борлуулсан буюу үйлдэл, оролцоогоо хуваарилаад оролцсон нөхцөл байдал хэрэгт тогтоогддог учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

    6. Шүүгдэгч Р.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Урьд нь цахим бугуйвчтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цахим бугуйвчийг маань тус тусад нь эдлүүлж өгнө үү” гэв.

     7. Шүүгдэгч Р.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийгээгүй хэргийнхээ өмнөөс 2 шатны шүүхээр ял сонсоод явж байгаад туйлын их гомдолтой байна. Тухайн үед би гэртээ байсан нь үнэн. Р.Х манай аавын гэрт ганцаараа байсан. Р.Х энэ гэмт хэрэг үйлдсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрдөг, гэмт хэрэг үйлдсэн гэх өдрийнх нь урд өдөр нь би Увс аймгийн Зүүнговь сумын төвд очсон байсан. Миний ард эхнэр, 5 хүүхэд болон ар гэрийн амьдрал маш хүнд, хэцүү байна. Намайг тэр үхрийг алаад махыг нь машинаараа ачаад явсан байх гэж хохирогч хэлдэг. Би 4 хүүхдээ суулгачихсан машиндаа хулгайн үхрийн мах, гэгээн цагаан өдөр ачаад эхнэр хүүхэдтэйгээ хамт хэрэгтэн болж, шоронд орох гээд явна гэж байх уу” гэв.

    8. Шүүгдэгч Р.Х-ийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж манай талаас үзэж байгаа учраас давж заалдах гомдол гаргаагүй.

     Р.Х-д энэ хэрэгт 2 жил 8 сарын хорих ял оноосон. Өмнө нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 тоот тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ялтай байснаас үлдсэн 2 жил 2 сар 13 хоногийг нэмж нэгтгэн хорих ял болгож, нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 13 хоногоор тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан.

     Миний үйлчлүүлэгчийн хувьд хувийн байдал тааруухан гэдэг талаас нь хараад нэмж нэгтгэсэн бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа. Тийм учраас 2 жил 2 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг, хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Р.Т-ын өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдсан гомдлыг үндэслэн, Р.Т, Р.Х нарт холбогдох, 2235001210230 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

      2. Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Т, Р.Х нарыг   бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн х сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас тус багийн иргэн Б.Ө-ийн 2 тооны үхэр хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

       3. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Т, Р.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Р.Т, Р.Х нарт тус бүр хоёр жил, хоёр сар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг шүүгдэгч Р.Т эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

      4. Шүүгдэгч Р.Т, Р.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

       Р. Т, Р.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, яллагдагч нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоо зэргийг бүрэн гүйцэт бодит байдлаар шалгаж тогтоогоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэв.

      5. Энэ хэрэгт урьд нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан Улсын Дээд Шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 117 дугаар тогтоолд: “...шүүгдэгч нар нь хамтран оролцохын ямар хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, үүнд хэн, хэрхэн оролцсон буюу тэдгээрийн гүйцэтгэсэн үүргийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй,

     - мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан: “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хөнгөрүүлэх, хүндоүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотолно” гэх хуулийн заалтыг биелүүлээгүй байна гэж үзэж, эдгээр ажиллагааг хийх нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой” гэж дүгнэсэн байна.

     Хэрэгт, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирогч Б.Ө, гэрч Т.Б, Д.Ц, Ж.Б, Б.З нараас дахин мэдүүлэг авсан байх боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буюу хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, тодруулбал, Улсын Дээд Шүүхийн тогтоолд заасан, дээрх нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна.

    Мөн түүнчлэн Улсын Дээд Шүүхийн дээрх тогтоолд “...хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалд  нэр бүхий шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн мөртлөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасан: “хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг тогтоон тодорхойлоогүй байна гэж заасан  бөгөөд хэргийг дахин хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь мөн дээрх шаардлагыг хангаагүй. Тодруулбал, шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж  үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнээгүй байна.

        6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

    7. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул энэ удаа шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын: “Р.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах зүйтэй.

      8. Хэргийн баримтаар, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлүүдээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдож, уг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.Т, Р.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

     2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Р.Т, Р.Х нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                                   ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ

                                                   ШҮҮГЧ                               Н.МӨНХЖАРГАЛ