Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/246

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Э.Т,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О холбогдох эрүүгийн 1838004850245  дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчим иргэн Э.Тнүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О нь 2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчим иргэн Э.Тнүүрэн тус газар нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 06 сарын 24-ны өглөө эрт саахалт айл Алтаншагай гэдэг айлд очиж хониноос нь өөрийн хонь ишгээ шүүх гэж очсон. Тэгэхэд тэнд манай нэг ишиг байсан. Тэр ишгээ харчаад дахиад хоттой хонин дунд нь шүүгээд байж байтал Алтаншагай гэдэг хүн намайг муу пиздаа чинь хонь нийлүүллээ гэхээр нь би чи юу яриад байгаан гэхэд эхнэр нь чи муу балай авгай гээд эхнэр Э.Т нь бариад авсан. Эхнэртэй нь барилцаад ноцолдож байтал нөхөр нь ирээд муу биздааг алаад хаячий гээд нэг тохой гаран урттай хадаастай модоор 4-5 удаа цохисон. Намайг Э.Т нь хоолой боохоор нь би муухай орилтол намайг тавьсан. Тэгээд байж байтал манай нөхөр Намгар ирээд та нар юу болж байгаан гэж хашгирхад ганц ч үг дугараагүй. Тэгээд бид хоёр тийшээ салаад тэр айлын хонинд байсан ишгээ аваад харьсан...би газар унасан байхдаа үснээс нь зулгаагаад доороос нь хөлөөрөө тийчилсэн, энэ үед ам руу нь өшиглөсөн байж магадгүй...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Э.Тмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Намгар гэдэг хүний эхнэр Н.О гэх эмэгтэй манайд хонио шүүх гэж ирэхэд нь би манай хоньтой танай хонь нийлээгүй. Харин танай нэг ишиг манай хоньтой нийлээд 2 хонож байнаа түүнийгээ аваа гэж хэлэхэд танай хонинд манай хонь байна уу гэж асуухад нь би танд сая хэллээ гэхэд өөрөө шүүнээ гэхээр нь би тэг, тэг гэж хэлсэн. Тэгээд хонины хашаан дотор малаа шүүж байхдаа нус цэрээ хаяад байхаар нь та яах гэж хүний малын хашаа руу нус цэрээ хаяад байдаг юм бэ гэхэд намайг элдэв үгээр дайрч доромжилж битгий солиор жингэр минь чи гээд намайг барьж аваад баруун гараа атгаад 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд үсдэж аваад доош нь дарах гэхэд гар хазах гээд байхаар нь үснээс нь гараа автал намайг хашаа руу духаар мөргүүлсэн. Шүд амаар биш дух хэсгээр хашаа мөргүүлсэн. Тэгэхэд дух овоож хавдаад зүүн талын нүдэнд цус хурсан байсан... Бид хоёр үс үснээсээ зулгаалцаж байхад хоёулаа газар унаад намайг босох гэхэд доороос хөлөөрөө тийрсэн. Тэр үед л шүд рүү хөлөөрөө цохиж таарсан байх. Бид хоёр тийшээ салаад байж байтал Н.О гэх эмэгтэйн нөхөр Намгар гэдэг хүн ирсэн. Би тэгэхээр нь танай эхнэр миний шүдрүү цохиод шүднээс цус гараад уруул ам яз цохичихлоо гэж хэлээд нөхөрт нь үзүүлэхэд нөхөр нь юм хэлээгүй цааш яваад өгсөн...Би гомдолтой байна 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-13, 59-61 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...Э.Т нь хоттой хонин дотроо зогсож байсан. Э.Тын шүднээс жоохон цус шүүрсэн харагдаж байсан. Эхнэр нь надад хэлэхдээ танай эхнэр шүд булга цохичихлоо шүүхэд өгнө гэхээр би хажууд чинь байсан биш хэн нь хэнийгээ зодсон юм бүү мэд өөрсдөө мэдэх асуудал байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө манайд саахалт айл Намгар гэдэг хүний эхнэр Н.О гэх эмэгтэй хонь шүүх гэж ирээд шууд хот руу орсон. Тэгээд манай хашаатай байсан хонин дунд ороод нус цэрээ хаяж байсан. Тэгэхэд манай эхнэр болиоч та гэж хэлж байсан. Удалгүй манай эхнэртэй тэр 2 барилцаад авсан байхаар нь би дөхөж очтол манай эхнэрийг үсдээд дарчихсан толгойгоор нь хашаа мөргүүлээд нүүр амыг нь цустай нь хутгасан байхаар би салгах гэж татсан чинь надад дийлдэхгүй байхаар Н.О гэх эмэгтэйг тохой гаран нарийхан модоор зүүн гарын булчин, дал мөр орчимд нэг удаа цохиход манай эхнэрийн үснээс гараа тавихаар нь би тэр хоёрыг хоёр тийш нь салгаад байж байтал нөхөр Намгар ирээд эхнэрээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн  2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дугаартай:

1. Э.Тбиед зүүн шанаан дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, доод уруулын зүүн хэсгийн салстад шарх, дээд үүдэн баруун зүүн 1-р шүднүүд хөдөлгөөнтэй, буланд, баруун шууны гадан доод хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.  

3. Э.Тбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай...Н.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /ХХ-ийн 57 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004850245 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Н.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний болон замын зардал 500.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч Э.Т нь шүүгдэгч Н.Оээс дээрх зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838004850245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1.  Шүүгдэгч Н.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838004850245 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Э.Т нь 500.000 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Оээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР