Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/00166

 

 

 

 

 

 

2018 01 12

210/МА2018/00166

 

 

М.Наранцацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 103/ШШ2017/00460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Наранцацралын нэхэмжлэлтэй, хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Наранцацралын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Багануур Ус ОНӨААТҮГ-т 1983 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2009 оны 08 сарын 01-ний өдрөөс Ус хангамжийн хэсгийн ус шахах станцын операторчоор ажилласан. Ажил олгогчийн зүгээс М.Наранцацрал намайг ажил тасалсан хэмээн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн Б/72 дугаартай захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Цэвэр усны хэсгийн ажилчид удирдлагын зөвшөөрөлтэйгээр 2017 оны 08 сарын 18-ны орой Өвөрхангай аймаг руу аяллаар явсан. Ингэж явахдаа чөлөө зөвшөөрөлтэй явсан болохоос биш ажил таслаагүй. Би үүнээс өмнө ч ажилдаа алдаа эндэгдэл гаргаж байгаагүй. Гэтэл намайг үндэслэлгүй ажил тасалсан хэмээн ажлаас халсанд гомдолтой байна. Би 2017 оны 08 сарын 18-ны орой 16 цагаас ажилтай байсан бөгөөд хэсгийн инженер Ууганцэцэг миний оронд манай байгууллагын слессерийг гаргасан учраас би зугаалганд явсан юм. Зугаалганаас буцаж явахад машин эвдэрч, 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 8 цагийн ажлыг тасалчихсан. Тухайн үед машин эвдэрсэн талаар ерөнхий инженер Мөнхцэцэг, инженер Ууганцэцэг нарт утсаар хэлсэн. Зугаалганаас ирсний дараа хүний нөөц надад ажлаас халсан тушаал гарчихлаа, өргөдөл бичиж өгөөд тэтгэвэртээ гарах юм уу гэж хэлсэн. Би тэр үед тулгамдчихсан байсан болохоор өргөдөл бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ 2017 оны 08 сарын 22-ны өдөр бичээгүй. Тухайн үед тулган шаардалтад орсны улмаас өргөдөл бичсэн. Иймд М.Наранцацрал намайг Багануур-Ус ОНӨААТҮГ-ын Ус хангамжийн хэсгийн ус шахах станцын операторчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Цэвэр ус хангамжийн ус шахах станцын операторч М.Наранцацрал нь 2017 оны 08 сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд Цэвэр ус хангамжийн хэсгийн хэсэг бүлэг хүмүүстэй аяллаар явсан. М.Наранцацрал нь энэхүү аяллаар явахдаа байгууллагаас албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин, 18-19-ний өдрийн 16 цаг, 21-ний өдрийн 8 цаг нийт 24 цагийн ажлыг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зөрчил гаргасан, үүнийгээ Зөвлөлийн хурал дээр хүлээн зөвшөөрсөн. М.Наранцацрал нь 3 хоногийн ажил тасалсан нь байгууллагын 2017 оны 08 сарын 24-ний өдөр Зөвлөлийн хуралд хэлсэн өөрийн тайлбар, Ус хангамжийн хэсгийн 2017 оны 08 дугаар сарын цагийн хуваарийн бүртгэл зэрэг баримтаар тогтоогдож байна. М.Наранцацрал нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.18 дахь заалт буюу тодорхой шалтгаангүйгээр хоёроос дээш өдөр ажил тасалсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 7 хэсгийн тодорхой шалтгаангүйгээр ажил таслах гэсэн заалтуудыг зөрчсөн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын дагуу ажилтан М.Наранцацралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тушаал гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа байгууллагын удирдлагаас албан ёсоор чөлөө авч, жил бүр хэсэг хэсгээрээ аялалд явдаг гэж тайлбарладаг. Үүнийг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй, өөрсдөө дураараа ажлаа хаяад явсан үйлдлээ байгууллагын удирдлагаас албан ёсоор чөлөө аваад явсан мэтээр тайлбарлаж байна. Иймд М.Наранцацралыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй болно. Нэхэмжлэлийн шаардлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Наранцацралыг Багануур-Ус ОНӨААТҮГ-ын ус шахах хэсгийн операторчийн ажилд эгүүлэн тогтоож, Багануур-Ус ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин 2 610 154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Наранцацралд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Наранцацралын дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг Багануур-Ус ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 56 712 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх М.Наранцацралын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах хэд хэдэн дүгнэлтэд үндэслэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс тодорхой харагдаж байгаа бөгөөд эдгээр дүгнэлт нь хууль зүйн хувьд байж боломгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: ажилтан М.Наранцацралыг байгууллагын удирдлагаас /захирал/ чөлөө аваагүй нь буруутгах үндэсгүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Уг дүгнэлтийн агуулгаас харахад ажилтанд чөлөө олгох асуудлыг шууд удирдлага олгоно гэсэн эрх зүйн дүгнэлт хийсэн байна. Хариуцагч байгууллага ажилтандаа чөлөө олгох асуудлыг дан ганц байгууллагын захирал олгохоор, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсан байхад, шүүх хөндлөнгөөс эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн эрхэм зорилгод нийцэхгүй юм.

Түүнчлэн анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт...ажилтан Т.Уранчимэг болон тухайн аялалд явсан бусад ажилчдын хувьд ...Налайхын Оргил худалдааны төв дээр байгууллагын дарга М.Буддоржтой таарч "Сайн яваарай" гэж хэлээд гар бариад салсан зэрэг үйл баримтыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд удирдлагаас чөлөө авсан гэж ойлгохоор нөхцөл байдал байсан, ажилчдыг ямар ч зөвшөөрөлгүй явсан гэж шууд дүгнэх боломжгүй байна ... гэж дүгнэсэн. Шүүхийн дээрх хоёр дүгнэлтийг хооронд нь харьцуулж үзэхэд илт зөрүүтэй, 1 дэх дүгнэлт нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хэм хэмжээг иш татаж хийсэн боловч тэр нь тухайн харилцааг шууд зохицуулсан хэм хэмжээ биш, уг харилцааг нарийн зохицуулсан хэм хэмжээ буюу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтыг шүүх үндэс болгож хэрэглээгүй, 2 дах дүгнэлт нь 1 дах дүгнэлтийг илт үгүйсгэсэн боловч хийсвэр зүйл дээр шүүх дүгнэлт хийсэн юм. Өөрөөр хэлбэл шүүхийн 2 дах дүгнэлтэд байгаа ажилтан М.Наранцацрал нь...Налайхын Оргил худалдааны төвд дарга М.Буддоржтой таарсан, гар барьсан зэрэг үйл баримт хавтаст хэрэгт хэрхэн тусгагдаж, яаж нотлогдож байгаа нь тодорхойгүй зүгээр л нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбарт шүүх энэхүү дүгнэлт хийсэн.

М.Наранцацрал нь байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэсгийн ажилчидтай хамт аялалд явсан, санаатайгаар ажлаа орхиж явсан үйл баримтад үндэслэж байгууллагын зүгээс Т.Уранчимэгт хариуцлага тооцож, арга хэмжээ авсан байгааг шүүх ойлгоогүй. Өөрөөр хэлбэл М.Наранцацрал байгууллагын зөвшөөрөлтэй яваад ажил тасалсан бол өөр хэрэг, түүнээс биш ажилтан М.Наранцацрал нь ажил үүргээ ухамсарлаагүй хөдөө, хол газар аялалд яваад түүний машин эвдэрсэн шалтгаанд байгууллага буруугүй бөгөөд шүүх үйл явдал хоорондын шалтгаант холбоог зөв тогтоож чадаагүй байна. Түүнчлэн М.Наранцацралын нэхэмжлэлтэй хэргийг шүүхээс хянан хэлэлцэж, шүүх шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахад талууд хөдөлмөрийн гэрээгээр дээрх зөрчлийг "ноцтой" зөрчил гэж үзхээр харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллагын хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслсэн нь буруу гэх гол дүгнэлтийг уншин танилцуулж байснаа шийдвэртээ тусгаагүй байна. Иймд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Наранцацрал нь хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Багануур-Ус ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч М.Наранцацралыг ус шахах станцын операторчоор ажиллуулж байгаад 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/72 дугаар тушаалаар захиргааны зөвшөөрөлгүйгээр 24 цагийн ажил тасалж, хариуцлага алдсан гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хэргийн баримтаар Багануур-Ус ОНӨААТҮГ-ын ус хангамжийн хэсгийн ажилчид 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг руу аялалаар явсан, хэсгийн инженер Т.Ууганцэцэг нь нэхэмжлэгчийн мөн өдрийн 8 цагийн ажлын гараанд н.Баттөгөлдөрийг гаргахаар шийдвэрлэсэн, улмаар ажилчдыг буцаж ирэх замд тээврийн хэрэгсэл нь саатсанаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний шөнө Багануурт ирсэн үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч М.Наранцацралын эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд ... ус хангамжийн инженер Т.Ууганцэцэгийн шууд удирдлага дор ажиллана гэж заасан байх тул нэхэмжлэгчийг шууд удирдах албан тушаалтны зөвшөөрлөөр аялал зугаалганд явсан гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2.7, хөдөлмөрийн дотоод журмын 4.4.18-д тодорхой шалтгаангүйгээр 2-оос дээш өдрөөр ажил тасалсан, удирдлагын зөвшөөрлөөс 2-оос дээш өдрөөр чөлөөг хэтрүүлэн ажилдаа ирээгүй тохиолдлыг ноцтой зөрчилд тооцохоор заажээ. Нэхэмжлэгчийг ус хангамжийн хэсгийн ажилтнуудын хамт, тус хэсгийн инженер Т.Ууганцэцэгийн удирдлага дор аялалд явсныг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй тул хариуцагчийн нэхэмжлэгчид байгууллагын захирал чөлөө олгоогүй байхад дур мэдэн ажил тасалсан гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 103/ШШ2017/00460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зйаснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ