Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00319

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00319

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Х.Э

Хариуцагч:  Б.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00042 дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо гэх газар өвөлждөг бөгөөд 2024 оны өвөл манай өвөлжөөтэй ойр Б. Г ийнх өвөлжиж байсан. Тэрээр манайд байнга орж гарч, мал ахуйн ажлаа хамжилцаж хэн хэнийнхээ гэр, малын ажилд дэмтэй тустай өвөлжиж байсан найзууд юм. 2025 оны 01 сарын эхээр Б.Г нь банкны зээл төлөх хугацаа болоод яаралтай мөнгө хэрэгтэй байна, би банкны зээлээ хаах хэрэгтэй байна, найздаа мөнгө байвал өгч туслаач, найз нь удаахгүй хавар ноолуурын үед өгнө гэж гуйгаад байсан. Тэрээр банкны зээлээ хаачуул найзад нь маш их хэрэгтэй байна, хугацаа хэтрээд банкнаас байнга залгаж дарамтлаад залгаад бүр нойргүй хонож байна, их хэцүү байна, найздаа ганц л тус болооч гээд гуйгаад байсан. Би бэлэн мөнгө байхгүй, найзынхаа малнаас арай сайн мөнгө болчих 3 толгой сарлагын сувай үнээг нийт 3,500,000 төгрөгөөр бодоод зээлээд ав, харин мөнгийг нь хэзээ өгөх юм гэж Г оос асуухад тэрээр хавар ноолуурын үеэр 2025 оны 05 сарын 31-ний өдрийн дотор өгнө гэж тохирсон. Ингээд 2025 оны 01 сарын 10-ны өдөр Г нь манайхаас 3 толгой сувай үнээг аваад, манай гадаа цохиж янзлаад, Мөрөн сумаас махны ченж дуудаж, нийт 3,500,000 төгрөгөөр худалдсан. Ингээд Г нь Ханх сумын төв орж, Хаан банкны малчны зээлээ хаахаар явсан. Тэрээр малчны зээлээ хаалаа баярлалаа гэж байсан. Ингээд 2025 оны 06 сар болоход Г нь надаас зээлсэн мөнгөө өгөөгүй. Би утсаар ярих гэхээр утсаа авахгүй, хүнээр дамжуулж утсаар ярихаар өгнө, Мөрөн сум орж ажил хийхээр явж байна гэж, эсхүл туувар тууж явна, цалингаа аваад өгнө гэх байдлаар ярьсаар өгөөгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд Б.Г оос нийт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

1.1. Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Г оос 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Б.Г нь утсаар холбогдож 3,000,000 төгрөг өгье, үүнээс 1,000,000 төгрөгийг нь бэлэн өгье, үлдсэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 3,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч Б.Г той эвлэрч байна. Үүнээс 1,000,000 төгрөгийг авсан болно гэжээ. (хавтаст хэргийн 22 дахь тал)

2.  Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х.Э тай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг өгөхгүй, 3,000,000 төгрөг өгч авахаар болсон. Үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 19 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Б.Г т холбогдуулан зээл 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г ... нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг өгөхгүй, 3,000,000 төгрөг өгч авахаар болсон. Үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгч Х.Э ...нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 3,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцагч Б.Г той эвлэрч байна. Үүнээс 1,000,000 төгрөгийг авсан болно гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгч Х.Э нэхэмжлэлийн шаардлагаа багасган 500,000 (таван зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б.Г оос 1,000,000 (нэг сая) төгрөг хүлээн авсан, үлдэх 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулахаар тохиролцон, эвлэрчээ. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч Х.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгөөс 35,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г оос 3,000,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г т холбогдох зээл 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 500,000 (таван зуун мянга) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Б.Г 1,000,000 (нэг сая) төгрөгийг нэхэмжлэгч Х.Э ад төлсөн, үлдэх 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгөөс 35,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г оос улсын тэмдэгтийн хураамж 35,475 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Х.Э ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА