Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 261

 

  2018       09           12                                                    2018/ШЦТ/261

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөн,  улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г-Э-д холбогдох эрүүгийн 1800272 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1968 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын баг “Бэсээ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЛ6919 регистрийн дугаартай, Ц овогт Г-Э.

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний орой Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Бэсээ” гэх газарт гэртээ хохирогч Б.Мөнхцэцэгийг зодож биед нь тархи доргилт, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Мөнхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай нөхөр охин Намуунзаяаг зодно гээд толгой руу нь цохиод байхаар нь би боль гэсэн чинь намайг үсдээд газар унагааж толгой, гар бие рүү өшиглөж гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч Э.Михлай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манай бага дүү Намуунзаяа эгчийнд очиж байж байгаад ирсэн тэгээд аав яах гэж хүүхэд явуулсан юм гээд уурласан түүнээс болж хэрүүл маргаан болсон. Би гэрийн гадаа байж байхад дүү орилоод гараад ирсэн. Тэгэхээр нь гэрт ортол аав ээжийг зодож байхад нь би салгасан чинь ерөөсөө үг авахгүй намайг хараагаад араас нь хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 605 тоот дүгнэлтэд: "1. Б.Мөнхцэцэгийн биед тархи, доргилт, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чаварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 23/

-Шүүгдэгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний орой Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр баг “Бэсээ” гэх газарт гэртээ хохирогч Б.Мөнхцэцэгийг зодож биед нь тархи доргилт, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, түүнийг давхар нотолсон хохирогч Б.Мөнхцэцэг, гэрч Э.Михлай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 605 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч Б.Мөнхцэцэгийн биед учирсан “тархи, доргилт, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд нь шүүгдэгч Г.Э хохирогч Б.Мөнхцэцэгийг санаатайгаар үсдэж газарт унагааж толгой, гар бие рүү өшиглөж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Г.Э-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Э-ийн 19 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Ц овогт Г.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Э-ийн ЖЛ102919 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР