2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/10605

 

 

  

    

          2025            12              10

     192/ШШ2025/10605    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч:********************* тоотод оршин суух, Т овогт Ө-ийн А- /рд:**************/,

Хариуцагч:************** тоотод байрлах Б  ХХК /рд:*********/

Нэхэмжлэлийн шаардлага: 6,637,898.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч: 

Нэхэмжлэгч Ө.А-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.П,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө.А- нь хариуцагч Б  ХХК-д холбогдуулан 6,637,898.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/*****дугаартай шийдвэрээр “...хариуцагч Б  ХХК-иас 15,012,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.А-т...” олгох шийдвэрийг гаргаж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ГХ2024/**** дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны өдрийн 184/Ш32024/*** дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээр дурдагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/*****дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэж байна.

Б  ХХК нь Б  ХХК, Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.А-ын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, уг Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт, ӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Ө.А-ын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б-1/21-067 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-1/21-097 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичигт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/*****дугаартай шийдвэрт тусгагдсан 15,012,500 төгрөгийн төлбөрөөс 10,000,000.00 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, түүний алданги 5,000,000.00 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөрт тус тус багтаан төлөх үүрэгтэй болно. Б  ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан өмгөөллийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хэтрүүлсэн хугацааны хүүг Монголбанкны бодлогын хүүгээр тооцон төлөх ёстой. Мөн мөнгөн төлбөрийг үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүйн улмаас өмгөөлөгч Ө.А- надад учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Б  ХХК-иар Ө.А-ын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлд хавсаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын  04-гтй өдрийн 219 дугаартай үнэлгээний тайланд тусгагдсан 15,000,000 төгрөгийн төлбөрөөс 10,963,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, 1,743,357 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2,293,583 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус албадан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлүүлж, төлбөрийг дуусгасан. Монгол банкнаас бодлогын хүүг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 11,00 хувь, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 хувь, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 хувь, 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 10 хувь, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 12 хувиар тус тус тогтоосон байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаартай үнэлгээгээр хариуцагч Б  ХХК-иас өмгөөлөгч Ө.А- надад төлөх өмгөөллийн хөлсөнд тохирсон нийт хүүг 6,268,498.20 төгрөгөөр тооцож, тогтоосон бөгөөд хариуцагч Б  ХХК нь өмгөөллийн хөлсөнд тохирсон нэмэлт хүүд /6,268,498.20-4,759,248.10/=1,509,250.10 төгрөгийг төлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд явагдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдуулан шуудан илгээмжийн төлбөрт /3,300+3,300+3,300/=9,900 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаартай үнэлгээний төлбөрт 100,000 төгрөг, нийт /9,900+100,000/=109,900 төгрөгийг зарцуулсан болно. Иймд ӨХ-ны гишүүн, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг Т овогт Ө-ийн А-ын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 5,018,748.10 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,619,150.10 төгрөгөөр ихэсгэж, нийт 6,637,898.20 төгрөгийг хариуцагч Б  ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.    

 

2.Хариуцагчаас хариу тайлбартаа:Тус шүүхэд Ө.А- нь Б  ХХК-д холбогдуулан 5,018,748.10 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/*****дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаатай холбоотойгоор мөнгөн төлбөрийг үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүйн улмаас учруулсан хохирол гэж тодорхойлон нэхэмжилснийг эс зөвшөөрч байна. Учир нь дээрх шүүхийн шийдвэр бүхий шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Б  ХХК-ийн захирал Б.У--ийн хувийн данснаас 15 сая төгрөгийг татан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан 5 сая төгрөг нь яг ямар цаг хугацаанаас тооцсон эсэх нь тодорхойгүйгээр барахгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэлд шаардсан 5 сая төгрөг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүйгээс үлдсэн төлбөр, эсхүл 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлөх ёстой гэх 10 сая төгрөгийн алданги 5 сая төгрөг эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл ойлгомжтой, үндэслэлтэй байх ёстой байтал хаанаас гарсан эсхүл ямар үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй төлбөрийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн түүнчлэн нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан бол төлбөр төлөгдөхгүй байгаа шалтгааныг тухайн байгууллагаас тодорхойлуулснаар шийдвэрлэх ёстой байтал шийдвэр гүйцэтгэх байгууллагын буруу юу, төлбөр төлөгчийн буруу юу гэдэг нь тодорхойгүй байхад, мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа яагаад удааширсан эсэх нь баримтаар нотлогдсон байх ёстой гэж үзэж байна. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага ч ойлгомжгүй гэх энэ тайлбарт хамааралтай болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар /хх 6, 7/, Б  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 8-10/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2023/*****дугаар шийдвэр /хх 11-17/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 210/ШЗ2024/00004 дугаар Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай захирамж /хх 18/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хавсралт /хх 19-21/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлт /хх 22/, ӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Ө-ийн А-ын Б-1/21-067 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 23-24/, ӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Ө-ийн А-ын Б-1/21-097 тоот Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх 25-26/, Монгол банкны хүү /хх 27-30/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 219 дугаартай Мөнгөний үнэ цэнэ тодорхойлсон тухай албан бичиг, хавсралт /хх 31-38/, Нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт /хх 39-43/, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт /хх 44-49/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн кассын орлогын ордер /хх 50/, ӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Ө-ийн А-ын Б-1/25-043 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх 96/, Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай /хх 97-98/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 163 дугаартай Мөнгөний үнэ цэнэ тодорхойлсон тухай албан бичиг, хавсралт /хх 101-102/, Голомт банкны шилжүүлгийн баримт /хх 103-107/, Монгол Банк Мөнгөний бодлогын мэдэгдэл /хх 108-112/, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт /хх 113-115/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн кассын орлогын ордер /хх 116/,                  

 

4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Б  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх 85, 87-88/, итгэмжлэл /хх 86/, Хариу тайлбар гаргах нь /хх 129/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/48074 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж /хх 130-131/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ө.А- нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/*****дугаартай шийдвэрт тусгагдсан 15,012,500 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, алданги 5,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөрт тус тус багтаан төлөх үүрэгтэй байсан тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар 6,268,498.2 төгрөг, 222.7-д зааснаар 369,400 төгрөг, нийт 6,637,898.20 төгрөг гаргуулна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч Б  ХХК-ийн захирал Б.У--ийн хувийн данснаас 15 сая төгрөгийг татан авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Мөн нэхэмжлэл ойлгомжгүй, шаардлага болох хүүг ямар цаг хугацаанаас тооцсон нь тодорхойгүй.     

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.         

4.1. Нэхэмжлэгч Ө.А- нь Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Пирамид индастри ХХК-д холбогдох иргэний хэрэгт Б  ХХК-д өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхээр 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б  ХХК-тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна.

Улмаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр талууд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хавсралтад нэмэлт өөрчлөлтийг оруулахаар тохиролцож, гэрээний хавсралтад үйлчлүүлэгчийн төлөх хөлс нь 30,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсний 10,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтаан гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна.      

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2023/*****дугаар шийдвэрээр Ө.А-ын Б  ХХК, Б.У-- нарт холбогдуулан гаргасан дээрх гэрээний үүрэгт 35,020,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б  ХХК-иас 15,012,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,000,000 төгрөгийн шаардлага, хариуцагч Б.У--т холбогдох 10,008,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/ШЗ2024/00004 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ө.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б  ХХК, Б.У-- нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Ө.А-ыг давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон байна. Дээрх шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

4.3. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд хүүний төлбөр төлөх талаар тохиролцоогүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байдаг. Гэвч хугацаа хэтэрсэн гэж үзэх эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргийг хожимдуулан гүйцэтгэсэн тохиолдолд дуусгавар болно.

Хавтаст хэргийн 103-107 дугаар талд авагдсан Голомт банкны шилжүүлгийн баримтаар Б  ХХК нь 2024.09.12-ны өдөр 10,963,060 төгрөг, 2024.10.14-ний өдөр 1,743,357 төгрөг, 2025.05.15-ны өдөр 2,250,100 төгрөг, 2025.05.15-ны өдөр 200,000 төгрөг, 2025.05.15-ны өдөр 238,995 төгрөг, нийт 15,395,512 төгрөгийг нэхэмжлэгч Ө.А-т төлсөн байна. Иймд хариуцагч Б  ХХК нь хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 6,268,498.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.4. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирол нь баримтаар бодитоор тогтоогдсон байхаас гадна уг хохирол нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотой, мөн тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана. Түүнчлэн хохирол нь уг үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай ажил, эсхүл бие даасан үйл ажиллагаанаас үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчийн зайлшгүй олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэг юм.  

Хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчид 369,400 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.   

 

5. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б  ХХКас нийт 6,637,898.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.А-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.     

 

6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,106.41 төгрөгийг улсын орлогод үлдээнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б   ХХК-иас 6,637,898.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ө.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 136,106.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.БАЯРСҮРЭН