Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/1166

 

 

 

    2025           10             01                                        2025/ДШМ/1166

 

В.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ариунзул,

шүүгдэгч В.М-гийн өмгөөлөгч А.Энхтүвшин,

нарийн бичгийн Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1956 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.М-гийн өмгөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн В.М-д холбогдох эрүүгийн 2505007300511 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

 

Шүүгдэгч В.М- нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.М-г үл ялих зүйлээр шалтаглан хогийн тосгуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2024 оны 06 дугаар сарын 01, 2024 оны 09 дүгээр сарын 21, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.М-гийн биед байнга халдаж, зодсон гэмт хэрэгт  холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: В.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: М-г “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч В.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдэж, торгох ял болон зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч В.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч В.М-гийн өмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс В.М-г хамтран амьдрагч Д.М-г байнга зодсон гэж дүгнэхдээ хохирогчийн болон хохирогчийн ээжийн мэдүүлэг үндэслэдэг ба энэ тохиолдолд мэдүүлэгт бусад эх сурвалж нотлох баримтаар давхар нотлогдох ёстой бөгөөд байнга зодсон гэх мэдүүлгүүд нь дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр В.М-, Д.М- нар хоорондоо маргалдсан байдалтай, гэрийн эд хогшил эвдэлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсныг мэдүүлэг авч материалжуулан шалгасан талаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 хэсэгт заасны дагуу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл, /1хх 66/

2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр В.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, ямар нэг зодож, цохисон зүйлгүй, эд хогшил бүрэн бүтэн байсныг мэдүүлэг авч материалжуулан шалгав. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 хэсэгт заасны дагуу 300.000 төгрөгөөр шийтгэл, /1хх 81/,

2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр В.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхнэр болох Д.М-д агсам тавьж биед нь халдсан, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл /1хх 81/ тус тус оногдуулжээ.

Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 203 дугаар тогтоолд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга: зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зөрчлийг гурав, түүнээс дээш удаа үйлдсэн байхаар маш тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга” гэсэн шинжийг хангахад, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлээр шийтгэгдсэн гурван буюу түүнээс дээш үйлдэл шаардлагатай” гэж тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор В.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оноосон хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж маргаж оролцсон. Өмгөөлөгч 3 удаагийн зөрчил нь эхнэрийнхээ биед халдсан гэж үзэхгүй гэдэг. Гэтэл хэрэгт хохирогч удаа дараа, байнга зодуулсан талаараа тогтвортой мэдүүлэхээс гадна, насанд хүрээгүй гэрч Б-ын “Ээжийг зодоод ирэхээр би дуудлага өгдөг”, гэрч О-ын “Охиныг байнга зоддог” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий гарсан учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх В.М-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч В.М-гийн өмгөөлөгч А.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч В.М- нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.М-г үл ялих зүйлээр шалтаглан хогийн тосгуураар цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн сарвуу, зүүн бугуйд шарх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.М-гийн “...М- “өглөө обой наана” гэхээр нь би “обой нааж чадахгүй ээ, ажлаа хийнэ” гэсэн. Тэрэнд ерөнхийдөө их ундууцаж, дургүйцээд обойгоо хуулж байснаа уурлаад хэрүүл, маргаан болсон. Тэгээд хогийн том тосгуур барьж ирээд над руу далайхаар нь гараа урдаа барьж байгаад гар луугаа цохиулсан. ...Зүүн болон баруун гарын алган дээр жижиг, жижиг шалбархайнууд үүссэн. Хоёр том шалбархайнаас цус их гарсан учраас Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ...” /хх 9-11/,

насанд хүрээгүй гэрч М.Б-ын “...би унтлагын өрөөндөө байсан. Ээж, аав 2 маргалдсан. Би чихээ таглаад суусан, бас цагдаа руу аав, ээж 2 хэрэлдээд байна гэж дуудсан. ...Ээж уйлсан. “Ээж гараа ёо ёо болгосон” гэж аав хэлсэн. Би хараагүй. ...” /хх 26-28/,

гэрч Б.О-ын “...энэ удаад гэрийн обой наахаас болж муудалцан гар луу нь хогийн том тосгуур барьж ирээд цохисон гэж охин хэлж байсан. ...” /хх 30- 31/,

шинжээч эмч М.Золжаргалын “...М-гийн биед учирсан гэмтэл нь унах, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /хх 38-39/,

В.М-гийн яллагдагчаар өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 148/ гэсэн мэдүүлгүүд

 

“...Д.М-гийн биед баруун, зүүн сарвуу, зүүн бугуйд шарх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2011 дүгээр дүгнэлт /хх 33-34/,

аюулын зэргийн үнэлгээ /хх 52/, АСАП сангийн лавлагаа /хх 58-60/, шүүгдэгчийн урьд зөрчлийн хэрэгт холбогдож байсан баримтууд /хх 66-95, 112-138/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн

шүүгдэгч В.М-гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.М-г хогийн тосгуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч В.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч В.М- болон түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн талаар маргаагүй ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин “...шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч В.М- нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох, 2024 оны 09 дүгээр сарын 23, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тус тус торгох шийтгэл /хх 79, 94, 138/ хүлээж байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч В.М- нь дээрх үйлдлүүддээ Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 өөр үндэслэлээр шийтгэл хүлээсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон; хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан; бусадтай харилцахыг хязгаарласан; хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжийн аль нэг нь эсхүл хэд хэд нь тогтоогдож байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга: зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардсан байх бөгөөд В.М-гийн шийтгүүлсэн зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний байнга гэсэн шинжийг хангахад дээрх хоёр хуулийн ижил шинжүүдээс давтагдаж буй шинжүүдээр дүгнэлт хийх хүрээгээ тогтоож байх нь зөрчил ямар тохиолдолд гэмт хэрэгт шилжиж байгааг тодорхойлох хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч  В.М-гийн 3 удаа Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгүүлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч В.М-гийн өмгөөлөгч А.Энхтүвшигийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх тодорхойлох хэсэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2,1 гэж, мөн хохирогчийн овгийн эхний үсгийг “Б” гэж зөрүүтэй бичсэн байгааг цаашид анхаарахыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1956 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Баянгол дүүргийн прокурорын газраас В.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Боржин овгийн Ванданцэрэнгийн М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...Шүүгдэгч В.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдэж, торгох ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН