| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2206003201381 |
| Дугаар | 2025/ДШМ/1167 |
| Огноо | 2025-10-01 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2025/ДШМ/1167
2025 10 01 2025/ДШМ/1167
Г.Б-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Г.Б-э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1950 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Б-эд холбогдох эрүүгийн 2206003201381 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
-э,
Шүүгдэгч Г.Б-э нь 2021 оны 03 дугаар сард **** аймгийн ***** тоотод, 2021 оны 04 дүгээр сард *** аймгийн нутагт 2021 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, *** нийтийн байранд тус тус үргэлжилсэн үйлдлээр, насанд хүрээгүй хохирогч Д.У-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-ийг “Үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 05 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б-ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад тухайн гэмт хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлэг өгч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Шүүх хуралдааны үед ч гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Хувийн байдлын хувьд дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Миний үйлчлүүлэгч Г.Б-ийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэл санааны хохиролд мөрдөн байцаалтын шатанд нийт 14,500,000 төгрөгийг хохирогчид сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй. Сэтгэцэд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр 2-р зэрэглэл буюу тухайн үед 2021 онд хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан бөгөөд үүнийг сэтгэцэд учирсан хохирлын 2-р зэрэглэлийн хамгийн өндөр буюу 12.99 төгрөгөөр тооцож үзэхэд 7,144,500 төгрөг болохоор байна. Хэдий Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт 2023 онд Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хуульд өөрчлөлт орж 2023 оноос хойш гарсан гэмт хэрэгт хохирлыг тооцож гаргуулахаар хуульчилсан боловч Г.Б-ийн зүгээс сайн дурын үндсэн дээр 14,500,000 төгрөгийг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Г.Б-ийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгч Г.Б-э нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг, хохирогчид 14,500,000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тухайн хэргийг Г.Б-эд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг гараар бичиж өгсөн.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, хорих ялыг хэмжээг 3 жил 4 сар болгож хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-э тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон заалт биш, шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой асуудал. Хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүнийг арилгасан байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Хэдийгээр шүүгдэгчийн зүгээс хохирогчид сэтгэл санааны хохирол төлсөн гэж байгаа боловч гэмт хэрэг үйлдэж буй нөхцөл байдлыг зайлшгүй харгалзаж үзнэ. Шүүх энэ байдлыг харгалзаад тухайн гэмт хэрэгт оногдуулах хамгийн бага ял болох 5 жилийн хорих ялыг оногдуулсан. Ингэхдээ шүүх өмгөөлөгчийн хэлж байгаа хохирол, хор уршгийг арилгасан гэх нөхцөлийг харгалзаж үзсэн байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага гэм бурууд нь тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Г.Б-эд холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Б-э нь 2021 оны 03 дугаар сард *** аймгийн ***** тоотод, 2021 оны 04 дүгээр сард *** аймгийн ***** нутагт, 2021 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ***** нийтийн байранд тус тус үргэлжилсэн үйлдлээр, насанд хүрээгүй хохирогч Д.У-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Д.У-ын “...2021 оны 03 дугаар сард ангийнхаа охин болох н.Т-тэй хамт хөгжим заалгана гээд н.Б- нь бид хоёрыг гэртээ дагуулж очиход түүний ах Г.Б-э гэртээ байсан. Гитар, төгөлдөр хуур сонирхож байтал Г.Б-э намайг татаж, чангаагаад байсан, н.Б-, н.Т- нар дээд давхрын өрөөнд намайг орхиод гарчихсан. ... Г.Б-э нэг давхрын булангийн хөгжим байсан өрөөнд дарж аваад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тухайн үедээ нэлээн эсэргүүцэж, хориод, хашхирч байсан боловч н.Б-, н.Т- нар дээрээс бууж ирээгүй. ...2021 оны 04 сард намайг хичээлээ тараад харих гээд явж байтал Б-э сургуулийн гадаа машинтайгаа ирчихсэн намайг хүлээгээд байж байсан. Тэгээд “суучих хүргээд өгье” гэхээр нь “үгүй ээ, би өөрөө гэртээ харьчихна” гэхэд машинаасаа бууж ирээд гараас татаад хүчээр машиндаа чирч оруулж, бүх хаалгаа түгжээд сургуулиас баруун тийш эзэнгүй хээр аваачин машин дотроо хүчиндсэн. Би орилсон боловч миний хоолой хэсэгт нэг гараараа дарчихаад хөдлөхгүй, дуугарах болон ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгоод, машиныхаа урд суудлын түшлэгийг арагш нь налуулж, намайг дээш харуулж байгаад миний хувцсыг тайлж, хүчээр бэлгийн харьцаанд орж байсан. ...2021 оны 11 дүгээр сард намайг Улаанбаатар хотод гэртээ байж байтал залгаад “гараад ирээч, би чамаас уучлалт гуйя” гэж хуурч гэрээс гаргаж ирээд, машиндаа суулгаад бас л бүх хаалгаа түгжээд, хотын төвөөр явж байгаад 32-н тойргийн хойно, Дэнжийн мянгын нэг нийтийн байранд байдаг гэртээ авчирч, хүчээр чирч буулгаад гэртээ оруулж, хүсээгүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед гэрт нь хэн нэгэн хүн байхгүй байсан. ...” /2хх 50-51/,
гэрч Г.Д-ийн “...Д.У-ын анги хариуцаж авсан багш н.М гэж хүн “Д.У-а эмчийн үзлэгээр орсон, өмнө нь бэлгийн харьцаанд орсон байж магадгүй байна” гэж хэлэхээр нь би Д.У-аас юу болсон талаар асуухад “***аймагт байхад н.Б- гэх залуу надад хөгжмийн хичээл зааж өгнө гээд гэр лүүгээ дагуулж явсан. Тэр үед би н.Б-гийн ах Г.Б-этэй танилцсан. Г.Б-э гэх хүн надтай 3 удаа хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэж хэлсэн. ...” /1хх 44-45/ гэсэн мэдүүлгүүд,
“...Д.У-ын онгон хальс хуучин урагдалтай. Дээрх урагдал нь үзүүлэхээс 14-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой.” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 415 дугаар дүгнэлт /1хх 58-59/,
“...үзүүлэгч Д.У-ын сэтгэцэд сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стрессийн шинжүүд илэрсэн. ...” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184 дүгээр дүгнэлт /1хх 153-154/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 68-74/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /1хх 75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн
шүүгдэгч Г.Б-ийн хохирогч Д.У-ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй болохыг мэдсээр байж хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Б-э болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг ойлгох бөгөөд харин хэрэглэж болох хуулийн зүйл, заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь үүнд хамаарахгүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Гэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирол нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 6 сар болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-э нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1950 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 03 /гурав/ жилийн 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-эд оногдуулсан 03 /гурав/ жилийн 06 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН