| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00013/И |
| Дугаар | 320/ШШ2026/00378 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2026/00378
| 2026 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 320/ШШ2026/00378 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2026/00013/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 8 дугаар ангиа төгсөөд илгээлт авч, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр элсэн орж, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажилласан. Тус нэгдэлд ажиллаж байхдаа 1984-1987 онд 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас холбогдох тушаал, мөн цалингийн цэс олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Би 1990-1995 оныг улсаас нөхөн тооцуулсан. Анх шүүхэд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааг тогтоолгох хүсэлт гаргасан боловч баримт байхгүй тул энэ хугацааг тогтоолгохгүй, дараахь байдлаар хүсэлтийн шаардлагаа багасгаж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11/879 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн МХЗЭ-ийн илгээлтийн эздийг ажилд томилох тухай №25 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №74 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт гэх бичилттэй 3/228 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 02/1700 дугаар архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан №*** дугаар баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/228 дугаар албан бичиг зэрэг баримтууд өгсөн. (хавтаст хэргийн 2-16, 28 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Н ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Д , Ц.Н нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20, 21-23, 29-32 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа багасган, тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч Д.Н Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн МХЗЭ-ийн илгээлтийн эздийг ажилд томилох тухай №25 дугаар тушаалын ..13. Д н Н -Тосон бригадад малчнаар... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь хуудас)
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Тус сумын Бадрал нэгдэлд 1987-1989 онуудад малчнаар ажиллаж байсан Д овогтой Н ын цалингийн лавлагааг 70 дугаар дансыг үндэслэн гаргаж хүргүүлэв гэх бичилттэй 3/228 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Н ын 1987 оны 8-12 дугаар сар, 1988 оны 1-9, 11-12 дугаар сар, 1989 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 28, 8-11 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлээс 1988 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олгосон Д.Н ын 1988 оны 1-4, 10-12 дугаар сар, 1989 оны 1-9 дүгээр сар, 1990 оны 6-8 дугаар сард ажилласан хоног, авсан цалин хөлс тэмдэглэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 12-14 дэхь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д . 6. Нэр: Н ...14. Ажилладаг байгууллага: Бадрал нэгдэл. Ажилд орсон он: 1987, цех, тасаг бригад: Тосон, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн он: 1987, оршдог сум: Цагаан-Уул...бүртгэсэн он, сар, өдөр: 1988.09.21 ... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 21 дэхь тал)
Гэрч П.Д гийн ...Би 1985 онд сургууль төгсөөд Цагаан-Уул сумын Тосон бригадын эмчээр очиж ажиллаж эхэлсэн. Д.Н 1987 оны 6, 7 сарын үед цэргээс ирээд Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Тосон бригадын малчнаар ажиллаад, үүнээс хойш нэгдэлд 1990 оныг дуустал хуц ухна хариулж байсан. Зарим үед Дархан луу мал тууж ч явж байсан...1983 онд 8-р анги төгсөөд илгээлтээр нэгдэлд элссэн, 1984 онд цэргийн албанд явсан...Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хүн эмнэлэгт 1985 оны 07 сараас 1995 он хүртэл бригадын эмчээр ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Н ийн ...Би 1983 онд 10-р анги төгсөж, их сургуульд явсан. Харин Д.Н нь 8-р анги төгсөөд илгээлтийн эзэн болж байсан. Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Тосон бригадад малчнаар явж байсан. Тэгээд 1984-1987 онд цэргийн алба хаасан. Би 1987 онд сургууль төгсөөд Бадрал нэгдэлд чанарын бригадад ажилласан. Д.Н цэргээс 1987 оны 06 сард ирлээ гээд Бадрал нэгдэлд мөн хуц ухна хүлээн авч байсан...1990 оныг дуустал хамт ажиллаж байсан...Тасраагүй мал маллан ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 31-32 дахь тал)
Нэхэмжлэгч Д.Н ын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ , 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Н өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.Н ын Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт гэх бичилттэй 3/228 дугаар албан бичиг нь шүүхэд хамааралгүй, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан №*** дугаар баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н ын иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбарууд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 7,16, 22-23 дахь тал)
5. Нэхэмжлэгч Д.Н т холбогдох зарим тушаал, цалингийн баримт байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1984, 1987 оны тушаал шүүж үзэхэд Д.Н ыг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/879 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Тус сумын Бадрал нэгдэлд 1987-1989 онуудад малчнаар ажиллаж байсан Д овогтой Н ын цалингийн лавлагааг гаргаж хүргүүлэв. 1983-1984 оны хооронд холбогдох материал гарч ирээгүй тул архивын лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 3/228 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ. (хавтаст хэргийн 3, 28 дахь тал)
6. Д.Н 1984 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 15 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэсүүд овогт Дийн Н ын, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА