| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04022/И |
| Дугаар | 192/ШШ2025/10955 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2025/10955
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ********тоот хаягт байрлах, Х ХХК /РД: **********/,
Хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б,
Хэрэг гүйцэтгэгч А.Э,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х ХХК нь дампуурлын хэрэг үүсгэн, төлбөрийн чадваргүй болсныг тогтоон, татан буулгах хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С ХХК нь 2023 оны 9 дүгээр сард Х ХХК-д холбогдуулан түрээслэсэн сапуд төмрийн түрээсийн төлбөр 75,900,000 төгрөг, алданги 37,951,249 төгрөг, мөн дутаасан 8,400 ширхэг сапуд төмрийн үнэ 226,800,000 төгрөг, нийт 340,951,249 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Тус нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/ **** дугаартай шийдвэрээр Иргэний хэргийн 318 дугаар зүйлийн 318.1, 232.6, 227.3-т зааснаар хариуцагч Х ХХК-иас 224,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 82,120,000 төгрөг, хариуцагч Э.Д-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай хэмээн шийдвэрлэсэн. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдсан боловч тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2024/**** дугаартай магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэж, Улсын Дээд шүүх хариуцагч талаас гаргасан гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ийнхүү нэхэмжлэгч “С” ХХК-иас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулж, гүйцэтгэх хуудас бичүүлсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Төлбөр төлөгч “Х ” ХХК нь 10 гаруй жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулаагүй зогссон, мөн түүнчлэн тус компанийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг байхгүй зэргээс шалтгаалж шүүхийн шийдвэрээр “С” ХХК-д төлөхөөр гаргасан төлбөр болох 224,300,000 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551-д заасны дагуу дараах хүсэлтийг гаргаж байна. Регистрийн ********* дугаартай Х ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.
2. Хэрэг гүйцэтгэгч А.Э- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 22884 дугаартай захирамжаар дампуурлын хэрэгт хэрэгт гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж, шүүх, хүсэлт гаргагч нарт танилцуулсан болно. Х ХХК нь улсын бүртгэлийн ***** дугаартай ********* тоот регистртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат, 10-р байрны 14 тоотод байрлаж ажиллахаар 2010 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигч, гишүүнээс Б.Болд хасагдаж, Э.Д- нэмэгдэж нийт 1 болж өөрчлөгдөж, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлд хүнд машин механизмын худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, худалдааны зуучлал, автомашины худалдаа түрээсийн үйлчилгээг нэмж бүртгүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024-11-08-ны өдрийн 24251188/143 дугаар тогтоолоор хуулийн этгээдийн бүртгэлд хориг тавьсаныг бүртгүүлсэн. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Э.Д-, 100 хувийн хувьцаа эзэмшигч байна. Х ХХК-ийн 2021-2024 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. 2021-2024 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд болон Х ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 224,300,000 төгрөг болж өөрийн хөрөнгийн -100,45 %-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. 2021-2024 онуудын турш борлуулалтын орлого, үйл ажиллагааны орлого огт бүртгэгдээгүй, ашиг алдагдлын тайлан “0” үзүүлэлттэй байгаа нь компанийн үндсэн үйл ажиллагаа удаан хугацаанд тасалдсан, бодитоор бизнесийн эргэлт хийгдээгүйг илтгэж байна. Компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөл, бараа материал, дансны авлага бүртгэлгүй бөгөөд эргэлтийн хөрөнгө нь зөвхөн нэр төдий 1,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр хязгаарлагдаж байна. 2024 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 224,300,000 төгрөгийн өр төлбөр үүссэн нь компанийн өөрийн хөрөнгөөс хэд дахин давсан, богино хугацаанд барагдуулах боломжгүй санхүүгийн даримт бий болгосон. Арилжааны банкуудын лавлагаагаар компанийн нэр дээр идэвхтэй данс байхгүй, байгаа дансны үлдэгдэл “0” төгрөг байгаа нь өр төлбөрийг барагдуулах бодит мөнгөн урсгал байхгүйг нотолж байна. Дээрх нөхцөл байдлууд нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон гэсэн ойлголтод бүрэн хамаарч байна. Иймээс Х ХХК нь өр төлбөрийн хэмжээгээр, хөрөнгийн бүтэц, мөнгөн урсгалын байдлаар, санхүүгийн тогтвортой байдлын шалгуураар төлбөрийн чадваргүй болсон бодит нөхцөл бүрдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/***** дугаар захирамжаар хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар Х ХХК-д Дампуурлын тухай хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө тус тус тогтоогдоогүй болно. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/***** дугаар захирамжаар “Х ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №181 дугаарт нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.
Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд сөрөг утгатай гарч байгаа нь Х ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн гэж дүгнэлэлээ.
Хэрэг гүйцэтгэгчийн зүгээс Х ХХК-ийн санхүүгийн тайлан тэнцэл, дампуурлын иж бүрэн шинжилгээ, төрийн байгууллагууд болон арилжааны банкуудаас ирүүлсэн лавлагаа нотлох баримтууд, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бодит нөхцөл байдалд үндэслэн дараах дүгнэлт, саналыг гаргаж байна. Хэрэгт Х ХХК-ийн зүгээс, нэхэмжлэгч, оролцогч этгээдүүдээс, хэрэг гүйцэтгэгчээс Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд огт гаргаагүй болох нь тогтоогдож байна. Түүнчлэн компанийн хувьд үйл ажиллагаа бүрэн зогссон, орлого, мөнгөн урсгал байхгүй, хөрөнгийн бүрдэл, эх үүсвэргүй, дахин хөрөнгө оруулах бодит сонирхол, боломжгүй байх тул дахин хөрөнгөжүүлэх бодит нөхцөл бүрдээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасы дагуу Х ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах саналыг оруулж байна гэжээ.
3. Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан эсэх, байсан бол хэзээ байсан ба хэний нэр дээр хэзээ шилжсэн талаар болон одоо байгаа эсэх талаар лавлагаа, Авто тээврийн үндэсний төвөөс Х ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байсан эсэх, байсан бол хэний нэр дээр хэзээ шилжсэн талаарх лавлагаа, Ашигт малтмал, газрын тосны газраас Х ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан эсэх, одоо эзэмшиж байгаа, өмнө эзэмшиж байгаад бусдад шилжүүлсэн эсэх, байгаа тохиолдолд хэзээ хэний нэр дээр хэрхэн шилжсэн эсэх, барьцаа болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн тусгай зөвшөөрөл байгаа эсэх лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх талаарх лавлагаа, Татварын ерөнхий газраас: Х ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Х ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг арилжааны Голомт банк, Төрийн банк, Ариг банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк, М банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банкуудаас Х ХХК нь тухайн банкинд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг бол дансны үлдэгдлийн тодорхойлолт, Гаалийн ерөнхий газраас Х ХХК нь гаалийн бүртгэлийн байгууллагад болон НӨАТ бусад татварын өр төлбөр, илүү төлөлт байгаа эсэх лавлагаа, Нийслэлийн болон дүүргүүдийн газрын албанаас Х ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөл байгаа эсэх лавлагаа холбогдох баримтууд /хх 73-106, 123-162/.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Хүсэлт гаргагч дараах байдлаар хүсэлтийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: Х ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэн, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлтийг гаргасан.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШЗ2025/***** дүгээр захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн, түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилсон.
Түр хэрэг гүйцэтгэгчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/***** дугаар захирамжаар Х ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Өнөөдөр” сонингоор зарлаж, нэхэмжлэгчдийн хурлын товыг зарласан ба 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн анхны хуралд нэхэмжлэл гаргахаар иргэн, хуулийн этгээд ирээгүй болно.
Х ХХК нь анх 1 үүсгэн байгуулагчтай, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдан 2010 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Хүсэлт гаргагч Х ХХК нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ хариуцагч Х ХХК-ийг дампуурах болсон шалтгааныг 2021-2024 онуудын турш борлуулалтын орлого, үйл ажиллагааны орлого огт бүртгэгдээгүй, ашиг алдагдлын тайлан “0” үзүүлэлттэй байгаа нь компанийн үндсэн үйл ажиллагаа удаан хугацаанд тасалдсан, бодитоор бизнесийн эргэлт хийгдээгүйг илтгэж байна. Компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөл, бараа материал, дансны авлага бүртгэлгүй бөгөөд эргэлтийн хөрөнгө нь зөвхөн нэр төдий 1,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр хязгаарлагдаж байна. 2024 онд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 224,300,000 төгрөгийн өр төлбөр үүссэн нь компанийн өөрийн хөрөнгөөс хэд дахин давсан, богино хугацаанд барагдуулах боломжгүй санхүүгийн даримт бий болгосон. Арилжааны банкуудын лавлагаагаар компанийн нэр дээр идэвхтэй данс байхгүй, байгаа дансны үлдэгдэл “0” төгрөг байгаа нь өр төлбөрийг барагдуулах бодит мөнгөн урсгал байхгүйг нотолж байна. Дээрх нөхцөл байдлууд нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болсон гэсэн ойлголтод бүрэн хамаарч байна. Иймээс Х ХХК нь өр төлбөрийн хэмжээгээр, хөрөнгийн бүтэц, мөнгөн урсгалын байдлаар, санхүүгийн тогтвортой байдлын шалгуураар төлбөрийн чадваргүй болсон бодит нөхцөл бүрдсэн гэж дүгнэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-143/25899 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1576 дугаар шийдвэрээр Х ХХК-иас 226,379,450 төгрөг гаргуулан С ХХК-д олгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Түүнчлэн, Х ХХК нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Голомт банк дахь 2705002667 дугаар төгрөгийн харилцах дансанд 0 төгрөгийн үлдэгдэлтэй болох хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана”, 33.1.1-д энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй”, 33.1.2-т “шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй” бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.
Иймд эрх бүхий этгээдээс хүсэлт гаргагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлт гаргагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан Х ХХК /РД: ******** /-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-од шилжүүлсүгэй.
3. Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хүсэлт гаргагч Х ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-од даалгасугай.
4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Х ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-од даалгасугай.
5. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-т зааснаар хүсэлт гаргагч Х ХХК-иас хэрэг гүйцэтгэгчийн зардлыг гаргуулан хэрэг гүйцэтгэгч А.Э-од олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН