| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/09852/И |
| Дугаар | 192/ШШ2025/10871 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/10871
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, Б овогт О-ийн О- /рд: ***********/,
Хариуцагч: *************тоотод оршин суух, Б овогт Ж-ийн Д- /рд: ************/,
Нэхэмжлэлийн шаардлага: ******** дүүрэг, **** хороо, ** хороолол, *** байр, *** тоот орон сууц болон ************УБС улсын дугаартай автомашины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.О- нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан ******** дүүрэг, **** хороо, ** хороолол, *** байр, *** тоот орон сууц болон ************УБС улсын дугаартай авто машины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие Англи улс руу явах болсон шалтгаан бол манай аавын дүү болох Ж.О- 2016 оны хавар утсаар холбогдож манай энд ирж, ажиллаж мөнгө хурааж орон гэртэй бол, Монголд бол хөгжихгүй, энд амьдрах байр, хоол үнэгүй, гол нь манай хүүхдийг хар гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Монголоос явж, 2016 оны 12 дугаар сараас ажилд орсон.Би аялалын визтэй учир хараар ажилд орсон. Гэвч харлаж ажилд орсон хүний дансанд цалин өгдөггүй учир манай эгч намайг өөр хүний нэрээр ажилд оруулаад Ж.О- эгчийн өөрийнх нь цалин авдаг дансанд нэг сард 1000-1500 фаунт, илүү цагаар 2000 фаунт ордог байсан ба тухайн үед иймэрхүү хэмжээтэй мөнгө цугларч байсан.Асууж үзэхээр чиний мөнгийг 5000-10000 фаунт болгоод Монгол руу Ж.Д- руу шилжүүлж байгаа гэдэг байсан. Англид ажил хийж байх 4 жил гаруй хугацаанд эхнэр хүүхэдтэй холбоо бариулах дургүй. Монгол руу гэр орон руугаа мөнгө явуулья гэхээр ямар ч эрх мэдэлгүй. 2016 оны сүүлээр ээж минь өөд болсон Монгол руу мөнгө өгсөн гэсэн. Яг энэ хоёр хүний дунд хэдэн төгрөг авч өгч хураагдсаныг би мэдэхгүй. Баримт нэхэхээр намайг үл тоодог. 2020 оны 3-4 дүгээр сард корона гарч ажил хаагдаж ажилгүй болсон. 2020 онд сургуульд орох болсон тул үр хүүхдүүд ханиа байранд оруулчих санаатай эгчид хэлэхэд ямартай ч чиний мөнгө байр, машины мөнгө болсон. Д-д хэлээд байраа судлуулаад цалингаараа авч болно гэж ярилцаад 9 сар болохын өмнө 1 дүгээр хороололд 3 өрөө байр 85 саяд Ж.Д-гийн нэр дээр байр авсан. Миний бие 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Монголд ирсэн. Ирээд Д- эгчийн ОХУ-аас бараа оруулж ирдэг байсан. Тухайн барааг ч мөн бид заралцаж өгдөг байсан тул мөн өөрсдөө Герман бараа бага сага зардаг болж машин хэрэгтэй болсон байсан. Энэ үед Д- эгч ачаа зардаг ажил хийнэ гэвэл ачааны машин авсан дээр чиний цалингийн мөнгөөр авч өгье гэж зөвлөсний дагуу амбаартай машин бонго ***УБС гэсэн машин мөн ижил Ж.Д-гийн нэр дээр авсан. Тухайн үед эхнэр маань компанидаа өртэй байсан учир хураагдах байх гэсэн айдастай байсан учир би өөрийнхөө нэр дээр аваагүй юм. Миний бие 2022 оноос эхлэн Ж.Д- эгчээс мөнгөө нэхэж асууж Отгоо эгч миний бүх мөнгийг танд өгсөн гэсэн. Одоо таньтай тооцоо хийж аваарай гэсэн гэж хэд хэдэн удаа нэхэж, асууж, чат мэссэж бичиж байсан боловч ямар нэг шалтгаан хэлээд хойш тавина. Байранд засвар, цонх, буйдан, хөргөгч авсан гэдэг байсан. Энэ бүгдийнхээ задаргааг өгөөч гэхэд хариу өгөхгүй удсаар 4 жил гаруй болоод байна. Мөн байрныхаа гэрчилгээгээ шилжүүлж авъя гэхээр Ж.Д- нь өгөхгүй, бид арга ядаад шүүх цагдаагаар явлаа гэхээр явдаг газраараа яв, бид өмгөөлөгч, хуулийн зөвлөх хөлсөлсөн төлбөр, зардлуудаа энэ байрыг чинь зараад гаргаж авч, зарлагаа нөхнө, эсвэл энэ байрыг зараад хандивын байгууллагад өгнө гэх зэргээр айлган сүрдүүлж, хууль бус аашилж ирсэн. Тус нэхэмжлэлд дурдсан байр, машин 2-г миний бие өөрөө ашиглаж, амьдарч ажиллаж байгаа болно.Иймд Ж.Д-гийн нэр дээр бүртгэлтэй байгаа миний ****** дүүрэг, **** дүгээр хороолол, *** дүгээр хороо, **** байр, *** тоот байрны гэрчилгээг, мөн ************УБС улсын дугаартай ачааны Бонго машиныг тус тус өөрийн минь нэр дээр гэрчилгээг шилжүүлэн өгнө үү гэжээ.
2.Хариуцагчаас хариу тайлбартаа: Тус шүүхэд О.О-ын гаргасан ****** дүүрэг, **** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** байрны *** тоот байрны гэрчилгээ болон ************УБС улсын дугаартай Бонго машины гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие дээр дурдсан орон сууцыг 2020 онд, Бонго авто машиныг 2021 онд өөрийн хөрөнгөөр тус тус худалдан авсан, миний өмч хөрөнгө юм. Нэхэмжлэлд дурдсанчлан О.О-ын гадаадад ажиллаж олсон цалин хөлсийг хүлээн авч зарцуулсан зүйл байхгүй. Над руу орон сууц, авто машин худалдан авах болон бусад зорилгоор мөнгө шилжүүлж байгаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7/, зураг /хх 8-13/, О.О-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 36-38/, Хуулга гэх зураг /хх 39/, Х.О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40-44/, Төрийн банк орон сууцны ашиглалтын төлбөрийн баримт /хх 45-51/, Зарлагын баримт /хх 52-67/, Зураг /хх 68-90/, итгэмжлэл /хх 91/, Зураг /хх 147-151/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 22/, Хариу тайлбар /хх 22/, Ж.Д-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 33/, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх 34/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 35/.
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн.Үүнд:Улсын бүртгэлийн ерөнхий газрын 4/14011 тоот албан бичиг /хх 97/, Хаан банк ХК-ийн 29/17048 тоот албан бичиг, хавсралт /хх 98-145/.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч О.О- нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Нэхэмжлэгч нь Англи улсад ажиллаж хөдөлмөрлөж авсан цалингаа Ж.О- гэх эгчдээ өгч, Ж.О- нь Монгол руу Ж.Д- руу шилжүүлж байсан гээд нэг сард 1000-1500 фаунт, илүү цагаар 2000 фаунт Ж.О-гийн дансанд ордог байсан ба тухайн мөнгөөр Ж.Д- нь ******** дүүрэг, **** хороо, ** хороолол, *** байр, *** тоот орон сууц болон ************УБС улсын дугаартай автомашиныг худалдан авсан тул уг орон сууц, автомашины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгахаар шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн.Үүнд:Өөрийн хөрөнгөөр тухайн орон сууц, авто машиныг худалдаж авсан гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын маргааны зүйл болж буй орон сууц болон автомашиныг нэхэмжлэгч О.О- эзэмшиж байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.
****** дүүрэг, **** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** байрны *** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Ж.Д-гийн өмчлөлийн хөрөнгө болох нь улсын бүртгэлийн лавлагаа болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000812027 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Мөн ************УБС улсын дугаартай, *** Bongo3 /Киа Бонго/ маркийн, ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл нь Ж.Д-гийн өмчлөлийн хөрөнгө болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж заасан байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийг хариуцагч Ж.Д- нь нэхэмжлэгч О.О-ын дансаар шилжүүлэн өгсөн мөнгөөр худалдаж авсан болох нь баримтаар нотлогдоогүй.
Өөрөөр хэлбэл, О.О- Англи улсад байхдаа Ж.О-д мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг Ж.О- нь Монгол улсад байгаа Ж.Д-д шилжүүлсэн, Ж.Д- тэр мөнгөөр нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслийг худалдан авсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан Ж.Д-гийн эзэмшлийн Хаан банк дахь ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтуудын “Отгоо” гэх гүйлгээний утгатай шилжүүлэг бүрийг “О-гээс О.О-ын мөнгийг Ж.Д-д шилжүүлэн өгсөн” гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч О.О- нь Ж.О- гэгчид хэдий хугацаанд, хэдэн төгрөг шилжүүлсэн, Ж.О- нь Ж.Д-д хэдийд, хэдэн төгрөг шилжүүлсэн болох нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч О.О- нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар бүрэн нотлоогүй, ****** дүүрэг, **** дүгээр хороо, *** дүгээр хороолол, *** байрны *** тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон ************УБС улсын дугаартай, Кia Bongo3 /Киа Бонго/ маркийн, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй байх тул тухайн орон сууц болон автомашины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг Ж.Д-д даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651,950 төгрөгийн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 511,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар ****** дүүрэг, **** дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 14 байр, 61 тоот хаягт байршилтай орон сууц болон ************УБС улсын дугаартай, Кia Bongo3 /Киа Бонго/ маркийн, ачааны зориулалттай автомашины гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Ж.Д-д даалгах тухай нэхэмжлэгч О.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 511,550 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.