| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04819/И |
| Дугаар | 192/ШШ2026/00086 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/00086
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******** тоотод оршин суух, С овогт С-ийн Ү- /рд: **********/,
Хариуцагч: ********** тоотод оршин суух, Б овогт Т-ийн Х- /рд:**********/,
Хариуцагч: *********** тоотод оршин суух, С овогт Б-ын С- /рд: **********/,
Нэхэмжлэлийн шаардлага: 18,950,072 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,
хариуцагч Б.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ү- нь хариуцагч Т.Х-, Б.С- нарт холбогдуулан 18,950,072 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Хэвлэлийн чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгч ба иргэн, аж ахуйн нэгжээс захиалга авч хамтран ажилладаг болно. 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед Баян-Өлгий аймгийн тойргоос нэр дэвшигч Шаривын Ж-ын сурталчилгаанд зориулж 6 дугаар сарын 05-ны өдр В5 хэмжээтэй, 6 хуудас өнгөт сэтгүүлийг хэвлэх хувь, ажлын хөлсийг Б.С-, Т.Х- нартай харилцан тохиролцон 8000 ширхэгийг Монгол хэл дээр 4500 ширхэгийг Казак хэл дээр яаралтайгаар эх авсанаас хойш 2-3 хоногийн дотор хэвлүүлэхээр болсон. Энэ захиалга нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаанд зориулсан тул сонгуулийн сурталчилгааны үе шат богино хугацаанаас хамааран яаралтай, мөн чанар болон өнгө будгийн ялгарал сайтай байх зэрэг өндөр шаардлагатай тусгай захиалга гэж үзэж болно. Нэг бүрийн үнийг 1500 төгрөгөөр тохиролцсон болно. Гүйцэтгэсэн ажлын үр дүн болох 12500 ширхэг сурталчилгааны сэтгүүлийг тоо, чанарын хувьд гологдолгүй, шуурхай хэвлэж хугацаанд нь хүлээлгэн өгч урьдчилгаа болох 4,000,000 төгрөгийг авсан болно. Энэ талаар маргаангүй, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг удаахгүй өгнө гэж 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Б.С-огийн ажлын өрөөнд харилцан тохиролцож, дараах хуваариар төлөхөөр тохиролцож гарын үсэг зуралцсан эх материал байгаа болно. 6 дугаар сарын 18-нд 2,000,000 төгрөг, 6 дугаар сарын 21-нд 4,000,000 төгрөг, 6 дугаар сарын 25-нд 4,000,000 төгрөг, 6 дугаар сарын 30-нд 6,000,000 төгрөг. Ажлын үр дүнг хүлээн авсан атлаа хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас манай санхүүд хүндээр нөлөөлж бараг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Цаг хугацаа шахуу, өнгө будгийн ялгарал сайтай байх зэрэг өндөр шаардлагатай захиалга байсан учраас сэтгүүл хэвлэхэд шаардагдах зардлууд нэхэгдэж, аргагүй байдалд хүрч өөрөөсөө болон бусдаас зээлж санхүүжүүлэн дуусгасан болно. Б.С-, Т.Х- нар тогтсон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүйгээс болж бусдаас зээлсэн төлбөрүүд нэхэгдэж байсан тул, дараах байгууллагуудаас хүүтэй зээл авсан болно. “Сонгомол финанс” ББСБ-аас 4,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, “Э” ББСБ-аас 10,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй тус тус зээлж, өр төлбөрөө барагдуулж хүү төлж алдагдалд орсон хэвээрээ, одоо ч үргэлжилж байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар ББСБ-д төлж буй хүүг надаас гарсан алдагдал гэж үзэж байгаа учир “Э” ББСБ-ын гэрээ 2024 оны 6 дугаар сарын 25-наас 15 сарын хугацаатай, хүүний төлбөр болох 1,995,298 төгрөг, “Сонгомол финанс” ББСБ-ын гэрээ 2024 оны 7 дугаар сарын 03-наас 12 сарын хугацаатай, хүүний төлбөр болох 954,774 төгрөг, нийт 2,950,072 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.Х- хариу тайлбартаа: Миний бие Ш.Ж-ын сонгуулийн сурталчилгааны тараах материалыг хэвлэх болон үнэ, хөлс, төлбөрийн асуудалд ямар нэг оролцоо байхгүй. Өөрийн танил Д- эгчтэй хамт явж байхад найз Б.С- залгаад “Манай найз Ш.Ж-нэр дэвшиж байгаа юмаа, хэвлэлийн компанид юм хэвлүүлэх гэсэн юм. Хэвлэлийн газрууд сонгууль ойртсонтой холбоотой бүгд завгүй гээд болдоггүй. Таньдаг хэвлэлийн газар байна уу” гэж асуусан. Хамт явж байсан Д- эгч “Манай нэг эгч байгаа, уулзаад асууж өгье” гэсэн. Удалгүй Д- эгч “Ү- гэх эгчийн ажил дээр уулзлаа, эднийх хэвлэх боломжтой юм байна. Зав зай гайгүй” гэснээр би Б.С-той холбож өгсөн. Түүнээс хойш хэвлэлийн газартай ямар гэрээ, юу болсон гэдгийг би мэдэхгүй. Уг хэвлүүлсэн сонгуулийн тараах материал дээр Ш.Ж-гэх хүний мэдээлэл хэвлэгдсэн байна. Миний зүгээс Ү-, Б.С-, Ш.Ж-нартай ямар нэг эдийн засгийн болон тараах материалын хэвлэх үйл явцад хамааралгүй бөгөөд уг нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Хэрэв төлбөр нэхэмжлэх бол Ш.Ж-оос нэхэмжлэх нь зүй ёсны асуудал гэж харж байна гэжээ.
3. Хариуцагч Б.С- хариу тайлбартаа: Миний бие С.Ү-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие орон нутагт сонгуульд нэр дэвшсэн танил Ш.Ж-ын хүсэлтээр захиалга хийж, тооцоог нийлсэн. Гэвч тус захиалсан сэтгүүлийг бэлэн болсон материалыг өөрийн биеэр огт гардаж аваагүй, хэрэглээгүй болно. Тус тараах материал дээр надтай холбоотой нэг ч үг, үсэг байхгүй бөгөөд уг төлбөрийг зориулалтын дагуу хүлээн авч ашигласан Ш.Ж-төлөх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, Хэвлэлийн ажлын захиалга тооцоо нийлсэн баримт /хх 5/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/17228 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 6/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 191/ШШ2025/02447 дугаар шийдвэр /хх 8-11/, Мэссэж, Имэйл зураг /хх 12-18/, Э Инвест ББСБ-ийн зээлийн гэрээ /хх 19-22/, Сонгомол финанс ХХК-ийн зээлийн гэрээ /хх 23-27/, УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ардчилсан намын дэд дарга Ш.Ж-сэтгүүл /хх 34-41/, Хариуцагчийн тайлбарт дэлгэрэнгүй хариу тайлбар гаргах нь /хх 56-57/,
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагч Т.Хаш-Эрдэнийн хариу тайлбар гаргах нь /хх 49-50/, Хариуцагч Б.С-ын тайлбар гаргах нь /хх 51/, Хариуцагч Б.С-ын итгэмжлэл /хх 63-64/,
6. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Гэрч Ш.Ж-ын тайлбайр /хх 61/, Ш.Ж-ыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх 68-71/, Ц.Д-ыг гэрчээр асуусан тэмдэглэл,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нарыг 12500 ширхэг сурталчилгааны сэтгүүл захиалан хэвлүүлж авсан бөгөөд гэрээний урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг төлсөн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 16,000,000 төгрөг, мөн хохирол төлбөрт 2,950,072 төгрөг нийт 18,950,072 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна.
3. Хариуцагч нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Хариуцагч Т.Х- нь Ш.Ж-ын сонгуулийн сурталчилгааны тараах материалыг хэвлэх болон үнэ, хөлс, төлбөрийн асуудалд оролцоогүй, тараах материалын хэвлэх үйл явцад хамааралгүй гэж үгүйсгэсэн.
Хариуцагч Б.С- нь сонгуульд нэр дэвшсэн танил Ш.Ж-ын хүсэлтээр захиалга хийж, тооцоог нийлсэн. Гэвч тус захиалсан сэтгүүлийг би хүлээн аваагүй, хүлээн авч ашигласан Ш.Ж-төлбөрийг төлнө гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэргийн 5 дугаар талд “Хэвлэлийн ажлын захиалга, тооцоо нийлсэн баримт” гэх бичгийн нотлох баримт авагдсан байна. Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр I ажил: 2024.06.04-ний өдөр 5000 ширхэг захиалсан, 2024.06.06-ны өдөр хүлээлгэж өгсөн. 5000×1,600=8,000,000, 4,000,000 төгрөг төлөгдсөн, 4,000,000 төгрөг дутуу. 2024.06.17-ны өдөр 3000 ширхэг захиалсан, 2024.06.18-ны орой 3000×1,600=4,800,000 төлөгдөөгүй, 2024.06.18-ны өдөр 4500 ширхэг захиалга, казак хувилбар, 4500×1,600=7,200,000 төгрөг. Нийт 12500 ширхэг×1,600=20,000,000 үүнээс төлөгдсөн 4,000,000 төгрөг нийт төлбөр 16,000,000 төгрөг. I. 202406.18. 2,000,000, II. 2024.06.21. 4,000,000, III. 2024.06.25. 4,000,000, IV. 2024.06.30. 6,000,000 =20 сая. Тооцоо нийлсэн Б.С-, С.Ү- гэж гарын үсэг зурсан байна.
Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлсийг төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Ажил гүйцэтгэх гэрээ гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь хариуцагчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг нийлүүлсэн гэдгээ нотлох, харин захиалагч буюу хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсийг төлснөө тус тус нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид нийлүүлснээ нотолж чадаагүй тохиолдолд захиалагч ажлын хөлс төлснийг нотлох шаардлага үүсэхгүй. Гэтэл хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнг хариуцагч нарт нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөөтээгүүр, хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан “Хэвлэлийн ажлын захиалга, тооцоо нийлсэн баримт” гэх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч Б.С- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.
Мөн нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт хариуцагч Б.С-ос 4,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 18,950,072 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхгүй.
5. Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Х-, Б.С- нараас нийт 18,950,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ү-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
6. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Х-, Б.С- нараас 18,950,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Ү-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН