| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0216/э |
| Дугаар | 2018/ШЦТ/226 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Иргэдийн төлөөлөгч *******
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 1821002570180 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд **************. оны *******. сарын *******.-ны өдөр төрсөн, *******. настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:*********************/, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Чулуунхороот сумын ***********************************. газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт иргэн *******ын биед архины хагархай шилээр хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 сарын 08-ны орой сумын төвд тоглолт үзээд буцахдаа ахтай таарсан. Тэгээд ах бид хоёр ахынд очиж хонохоор болсон ба тэднийд нэг шил архи хувааж уусан. Намайг орон дээр унтаж байхад ах миний хөлнөөс татаад байхаар нь би, “та яах гээд байгаа юм” гэхэд намайг цохихоор нь бид хоёр ноцолдсон. Бид хоёрыг ноцолдож байхад нэг зүйл хагарах шиг чимээ гарсан. Тэр нь дууссан архины шил хагарсан юм шиг байсан. Тэгээд ноцолдож байгаад ах миний дээр гараад намайг бооход миний амьсгал давхцаад ирсэн. Би архины шилний хагархайгаар ахын доороос нь хатгасан. Энэ үйлдлээ мэдэж байгаа, “Сархад” архины шил байсан.
Хохиролд би 1 сая гаруй төгрөг өгсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 04 сарын 08-ны орой... ахын гэрт очоод ах үлдсэн нэг шил архиа гаргаж ирсэн. Тэр архийг мөн бид хоёр хувааж уусан. Тэгээд бид хоёр унтахаар болж...намайг буйдан дээр унтаж байхад ах намайг татаад “бос бос” гээд дуудаж татаж зулгаагаад байсан. Би сэрээд “яах гээд байгаа пизда вэ” гэхэд, “ахынхаа өөдөөс хэрэлдлээ” гээд миний толгой орчимд нэг удаа цохисон. Тэр үед би зөрүүлээд толгой орчимд нь 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаж байгаад хамт газарт унасан... ах миний дээр гарч миний хоолойг хоёр гараараа боож байснаа ямар нэгэн зүйлээр миний баруун хацран тус газарт цохисон, тэр үед юм хагарах чимээ гарсан бөгөөд миний нүдэнд орны хажууд архины шил харагдахаар нь авч газарт цохиж хагалаад амсар хэсгээр нь ахын хэвлийн тус газарт хатгасан, мөн цээж, нуруу орчимд нь зүссэн юм...Тэгэхэд цаад өрөөнд унтаж байсан гэрийн эзэн ах гэрэл асаагаад “та хоёр яаж байгаа юм” гээд ахын биенээс гарч байсан цусыг арчиж байсан... ах сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн юм...” гэжээ. /хх 65-66/
Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 сарын 08-ны өдрийн...22 цагийн орчимд гараад Соёлын төвийн гадаа нутгийн ах тай таарч хэсэг юм яриад сууж байхад нутгийн дүү Э ирсэн юм...Би дэлгүүрээс “Сархад” гэх шошготой 0.75 литрийн архинаас 2 шилийг аваад явах замдаа Э-тай нэг шил архийг нь хувааж уугаад ахын гэрт очсон юм...Э-ны хажуугаар унтах гээд “цааш бол” гээд түлхэж нуруу руу нь нэг удаа цохиход надтай хэрэлдээд байсан юм. Тэгэхэд би “ахынхаа өөдөөс олон юм яриад байгаарай” гээд дахин нэг удаа алгадахад миний өөдөөс 2-3 удаа цохисон бөгөөд бид хоёр орон дээр хэсэг зууралдаж байгаад хоёулаа орноос унасан. Тэгэхэд би Э-ны дээр нь гарч сууж байгаад хоёр гараараа хоолойг нь боож шахаж байгаад больсон, тэгэхэд Э орны хажууд байсан ууж дууссан архины шилийг хагалаад миний зүүн хэвлийн тус газарт хатгахыг нь би мэдэрсэн. Түүний дараа юу болсныг нь мэдэхгүй, нэг сэрэхэд гэрэл асаачихсан сумын эмч ирээд намайг үзэж байсан...БОЭТ-ийн хүлээн авах тасагт ирээд яаралтай хагалгаанд орсон юм...тухайн үед намайг намайг алгадаж, цохиж, дээр нь гараад хоолойг нь боосноос болж архины шил хагалан намайг хатгах болсон...миний хувьд нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэжээ. /хх 17-18/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэнэт хүмүүс зодолдох шиг болохоор нь гэрэл асаагаад харахад Э, хоёр зодолдож байхаар нь салгахад ын бие нь цус болчихсон Э гартаа хагарсан шил барьчихсан байсан...” гэжээ. /хх 22/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... залгаад “ хүнтэй зодолдоод цус нь тогтохгүй байна, гэдэс орчмоороо хатгуулчихсан байна” гэхээр нь би, “чи аваад ирж болохгүй юм уу” гэсэн чинь “болохгүй байна, нэлээд цус гараад тогтохгүй байна, та эмнэлэг дуудчих” гэхээр нь би эмнэлэг рүү ярьсан...” гэжээ. /хх 23/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр шөнө ээлжтэй байсан. Шөнийн 02 цаг 59 минутад гэж хүн “ын гэрт хүнд зодуулсан гэдсэндээ архины шилээр дүрүүлсэн байна, одоо цус нь тогтохгүй байна, дуудлага өгөе” гэсэн...” гэжээ. /хх 24/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э-с юу болсон талаар асуухад, “... гэх нутгийн ах унтуулахгүй татаад, дээрээс хоолой боогоод байхаар нь уурандаа босч ирээд ширээн дээр байсан архины шилийг хагалаад доороос нь хатгаад зүсчихсэн юм” гэж надад хэлж байсан...” гэжээ. /хх 28/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 295 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар тогтоогдсон цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар цээж, нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 33/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 23-ны өдрийн 321 тоот дүгнэлтэд: “1.*******-н биед баруун хацар, шанаа, чихэнд зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээнд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 38/
Иргэдийн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: ******* нь архи уусны улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай нь нотлогдсон байна гэв.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд /хх 25-26/, /29-30/, хохирогч ******* /хх 17-18/, шүүгдэгч ******* /хх 21/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 31, 39/, Хохиролтой холбогдох баримтууд, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61/, Шүүгдэгч *******-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газарт иргэн *******ын гэрт архины шилийг хагалж хохирогч *******ын биеийг хатгаж эрүүл мэндэд нь “цээж, хэвлийн хөндийд нэвтэрч өрц гэмтээж цээж хэвлийн хөндийд хий шингэн хуралдсан хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол /гэмтэл/ санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм буруугийнхаа талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Тэгэхээр нь би газар байсан архины шилийг аваад шалан дээр цохиж хагалаад ахын гэдэс, нуруу зэрэг газарт нь хэд хэдэн удаа хагалсан архины шилээрээ хатгасан...” /хх 21/, яллагдагчаар өгсөн “...Миний нүдэнд орны хажууд архины шил харагдахаар нь авч газарт цохиж хагалаад амсар хэсгээр нь ахын хэвлийн тус газарт хатгасан, мөн цээж, нуруу орчимд нь зүссэн юм...” /хх 64-66/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн “... ах бид хоёрыг зодолдож байхад нэг зүйл хагарах шиг болсон. Бид хоёр зодолдож байгаад газарт унахад архины шилний хагархай харагдахаар нь түүнийг авч ахын гэдсэнд хатгасан юм...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Хохирогч Б.ын эх сурвалжаа зааж мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрчээр удаа дараа тогтвортой өгсөн “...Э-ны хажуугаар унтах гээд “цааш бол” гээд түлхэж нуруу руу нь нэг удаа цохиход надтай хэрэлдээд байсан юм. Тэгэхэд нь би, “ахынхаа өөдөөс олон юм яриад байгаарай” гээд дахин нэг удаа алгадахад миний өөдөөс 2-3 удаа цохисон бөгөөд бид хоёр орон дээр хэсэг зууралдаж байгаад хоёулаа орноос унасан. Тэгэхэд би Э-н дээр нь гарч сууж байгаад хоёр гараараа хоолойг нь боож шахаж байгаад больсон, тэгэхэд Э орны хажууд байсан, ууж дууссан архины шилийг хагалаад миний зүүн хэвлийн тус газарт хатгахыг нь би мэдэрсэн...” /хх 17-18/ гэх,
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******ын “...Би хойт талын өрөөнд ороод унтаж байхад гэнэт хүмүүс зодолдох шиг болохоор нь гэрэл асаагаад харахад, Э хоёр зодолдож байхаар нь салгахад ын бие нь цус болчихсон, Э гартаа хагарсан архины шил барьчихсан байсан...” /хх 22/ гэх,
Болсон үйл явдлын талаар *******-с өөрөөс нь сонсож мэдүүлсэн гэрч гийн “... гэх нутгийн ах унтуулахгүй татаад, дээрээс хоолойг боогоод байхаар нь уурандаа босч ирээд ширээн дээр байсан архины шилийг хагалаад доороос нь хатгаад зүсчихсэн юм” гэж надад хэлж байсан...” /хх 28/ гэх, гэрч ******* /хх 23/, /хх 24/ нарын мэдүүлгүүд,
Гэмт хэрэг гарсан даруй “******* нь архины шилээр хатгуулж гэмтсэн” талаар цагдаагийн газарт мэдэгдсэн *******ийн амаар гаргасан мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэгийн “...Сархад нэртэй архины шилний хагархайны амсар хэсэг байсныг фото зургаар бэхжүүлэв... /хх 6-11/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 8 см урттай, хагарч эмтэрсэн,“Сархад” архины шилний амсарыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 11/, Хохирогч *******ын биед учирсан гэмтэл нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байж болох талаар дүгнэсэн шинжээчийн 295 тоот дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч *******-ны үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ “...Миний үйлчлүүлэгч *******-г хохирогч ******* алгадаж цохисон, улмаар хоолойг нь боож шахсан нь нотлогддог. Үүнээс болж шүүгдэгчийн санаа сэтгэл цочрон давчидсанаас бусдын биед гэмтэл учруулсан гэж үзэх үндэстэй байна. Мөн архины шилийг хагалж зэвсэг болгож хэрэглэсэн гэж зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч сая шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шилийг би хагалаагүй, хагарсан байсан шилний хагархайгаар хатгасан гэж мэдүүлж байна. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэж, шүүгдэгч ******* “...Би архины шилийг хагалаагүй, хагарсан шил байсан...” гэжээ.
Шүүгдэгч ******* нь архины шилийг өөрийн идэвхтэй үйлдлээр хагалж, улмаар хагархай хэсгээр хохирогчийн биеийг хатгасан үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон түүнийг давхар нотолсон хохирогч *******, гэрч *******, нарын дээрх мэдүүлгүүдээр эргэлзээгүй нотлогдож байна.
Харин шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж байна гэх боловч “...архины шилийг би хагалаагүй, хагарсан байсан шилээр хатгасан...” гэж мөрдөн шалгах ажиллагаанд өгснөөс зөрүүтэй мэдүүлсэн атлаа өмнөх мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлахгүй байна. Тиймээс түүний мөрдөн шалгах ажиллагаанд хууль сануулан гэрчээр өгсөн мэдүүлэг нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа байдал, улмаар гэрч гийн мэдүүлэг буюу түүнд *******-ны хэлсэн үг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харьцуулан дүгнэснээр шүүгдэгч *******-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар давхар нотлогдсон, бодитой мэдүүлэг гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь хэлбэр дүрсийг нь өөрчлөөгүй шилнээс хагарсан ир үзүүртэй шил нь илүү хохирол, гэмтэл учруулах боломжтойг мэдсээр байж зориуд газарт цохин хагалж шилийг ир үзүүртэй болгож хэрэглэсэн үйлдлийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж үзэх үндэстэй юм.
Мөн хохирогчид ямар нэгэн гэмтэл учруулах агшин дахь зорилго, сэдэлт, гэм хор учруулсан арга, ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар зэргээс дүгнэхэд, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд өөрийн үйлдлийг ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсныг гэрч гийн өгсөн “...2018 оны 04 сарын 08-ны орой шөнийн 02 цагийн орчимд миний том хүү Э миний гар утас руу залгаад сумын эмч гар утасны дугаарыг асууж авсан...” /хх 25-26/ гэх, гэрч гийн өгсөн “...Маргааш өглөө нь ...юу болсон талаар асуухад сумын цагдаа дээр байна гэж надад хэлсэн...” /хх 27-28/ гэх, шүүгдэгч *******-ны гэрчээр өгсөн “...Намайг зодоод цохиод байхаар нь би биеэ хамгаалсан...” /хх 21/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үед хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байх тул түүнийг санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж үзэж хуулийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй ба гэмт хэрэг үйлдэж байх цаг үеийн болон гэмт үйлдлийн дараах байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болж чадахгүй байна.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Харин гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг харгалзан үзэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт 1050000 төгрөг төлсөн болох нь хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн хүсэлт /задгай 1ш/, мөнгөн шилжүүлэг /хх 59/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх асуудлаар маргаж байгааг гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамааруулж ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзнэ.
Хохирогч шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болно.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид 1050000 төгрөг төлсөн ба хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Сархад” архины шилний амсарын хагархайг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн **************.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******-г 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 5 жилийнхорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь 1821002570180 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршигт хохирогч *******т 1050000 төгрөг төлсөн ба хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Сархад” архины шилний амсарын хагархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Бичиг баримтаар ирсэн шүүгдэгч *******-н ****************************. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ү.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Б.ЭНХБААТАР