| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435001080224 |
| Дугаар | 2025/ДШМ/52 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 21.5.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/52
Ц.А, Г.Ц, Г.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Ц.А /цахимаар/, түүний өмгөөлөгч Я.Батханд /цахимаар/, Э.Түвшинбаяр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ц, шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ц.А, Г.Ц, Г.Х нарт холбогдох, 2435001080224 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-н А,
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ийн Ц,
- Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ийн Х,
1. Холбогдсон хэргийн талаар:
- шүүгдэгч Ц.А нь “эрүүгийн 2335000000143 дугаартай, яллагдагч Ц.Б-д холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ны өдөр, Увс аймгийн Улаангом сумын х багийн нутагт байрлах “У” зочид буудалд уг хэргийн хохирогч насанд хүрээгүй Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “өмгөөлөгчөөсөө татгалз, Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлэг өг тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээн гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан” гэх,
- шүүгдэгч Г.Ц нь 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын х багийн нутагт байрлах “У” зочид буудалд 2335000000143 дугаартай, яллагдагч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт, насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.О-ыг М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон” талаар өргөдөл бичиж прокурорын байгууллагад гаргаж өг, тэгэхгүй бол өөрт чинь хариуцлага тооцуулна шүү гэж ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, М охиныг чинь хүчиндсэн гэж хэлээд өгөөч гэж ятгасан” гэх,
- шүүгдэгч Г.Х нь “2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын х багийн нутагт байрлах “У” зочид буудалд 2335000000143 дугаартай, яллагдагч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт, насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “өмгөөлөгчөөсөө татгалз, шүүх хурал болохоос өмнө охин Б.О-ыг Молом гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлээд өгөөч” гэж ятгасан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
2. Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ц, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ургийн овогт Г-ийн Ц, Т ургийн овогт Г-ийн Х нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
- шүүгдэгч Х ургийн овогт Ц-н А-г бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан: - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар;
- шүүгдэгч Г.Х-г 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар;
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж;
- шүүгдэгч Ц.А, Г.Ц, Г.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж;
- шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Г.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөөр байгаа. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь арай хүнд байна гэж үзэж гомдол гаргаж байна. Миний бие 2022 онд зүрхний маш хүнд хагалгаанд орсон. Түүнээс хойш биеийн эрүүл мэндийн байдал тааруу байгаа тул шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх Г.Х-г өрх толгойлсон ганц бие эх, бага насны хүүхдийн хамтаар амьдардаг, өөрөө өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдал тогтоогдож байна гэх дүгнэлт хийсэн атлаа түүнд хэт өндөр торгуулийн ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх боломжтой байгаа. Г.Х нь тэтгэвэрээс өөр орлогогүй тул торгох ялын хэмжээг багасгаж, хэсэглэн төлөхөөр шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Ц.А, Г.Ц, Г.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг үндэслэл бүхий дүгнээгүй, энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Гэмт хэргийг бүлэглэн үйлдэж байгаа тохиолдолд шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоог тус бүрээр нь ялган зүйлчлэх ёстой бөгөөд ерөнхий байдлаар нэг цаг хугацаанд үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт нь хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч тус бүрийн үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг ялган зааглаж, хууль зүйн дүгнэлтийг хийх үүрэгтэй бөгөөд харин анхан шатны шүүх нь сайн дурын үндсэн дээр сэргээн дүгнэж байгаа нь яллах талын байр суурийг шүүх илэрхийлж байгаа хэлбэр юм
Нэр бүхий шүүгдэгч нар нь урьдаас үгсэн тохиролцоогүйгээр тухайн гэмт хэрэгт бүлэглэн буюу хамтран оролцох боломжгүй бөгөөд өөрсдийн үйлдэл оролцоог хуваарилсан, гэмт хэрэг үйлдэх арга замыг заасан, тохиролцсон байх нөхцөл тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ‘Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, ...зорилгоор өөрт нь ашиг сонирхолд нь нодтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан гэх зэрэг нөхцөлүүд нь Ц.А-ийн гаргасан ямар үйлдэлтэй дээрх Эрүүгийн хуулийн аль шинж нь тохирсон болохыг яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолд бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүй, үүнийг нотолсон талаар нотлох баримтууд хэрэгт огт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэр бүхий гурван шүүгдэгчийг үйлдлээрээ нэгдэж буюу нэг цаг хугацаа, орон зайд зориуд худал мэдүүлэг өгөх зорилгоор сүрдүүлж, ятгасан байх тул тэдгээрийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ гэх дүгнэлтийг хийсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттай нийцэхгүй байна.
Насанд хүрээгүй гэрч Б.О, гэрч С.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйл явдлыг зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн хэмээн өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг гаргаж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн ноцтой зөрчил үүсгэсэн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Б.О түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байтал тэдгээрийг мөн гэмт хэргийг үйлдсэн гэх дүгнэлтийг хийсэн байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.О-ийн хувьд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 16 насанд хүрээгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй (Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект 16 насанд хүрсэн байх шаардлагатай) байсан тул түүний мэдүүлгийн үнэн зөв эсэхээс үл хамааран түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг ял завших нөхцөл байдлын бүрдүүлсэн гэх ойлголтыг төрүүлж байна. Үүнээс үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдлийг хийсэн гэж дүгнэснээр түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохын тогтоож, түүний хийсэн гэм буруутай үйлдэлд нэр бүхий гурван шүүгдэгчийг буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь илт үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Ц.А болон бусад шүүгдэгч нарын “өмгөөлөгчөөсөө татгалз, нас барсан Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өг, тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ” гэж сүрдүүлсэн, ятгасан гэх үйлдэл нь Б.О, С.Б нарыг гарцаагүй байдалд болон бусдын албадлага эрхшээлд автаж хууль бус гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй юм.
Тодруулбал хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчөөс татгалзсанаар тэдний хуулиар хамгаалагдсан ямар эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учирсан, ирээдүйд учрах боломжтой эсэх, мөн нөхцөл байдалд ямар төрлийн хариуцлага хүлээлгэхээр сэрдүүлэгт автсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Ц.А болон түүний өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.
Нөгөөтээгүүр Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, эрх зүйн бүрэн бус чадвар, чадамжтай этгээд байх бөгөөд тэрээр өөрийн мэдүүлгийн үнэн зөв эсэхээс үл хамааран үүсэх эрх зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлах боломжгүй этгээд юм.
Мөн нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай этгээд боловч түүний мэдүүлгийн эх сурвалж нь насанд хүрээгүй хохирогч Б.О байх ба эрх зүйн бүрэн бус чадвар, чадамжтай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй этгээдийн хүсэл зоригийг шүүхэд илэрхийлсэн үйлдэл нь бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болж буй нь хууль зүйн хувьд илтэд үндэслэл муутай байна.
Харин эсрэгээрээ С.Б-ийн эрх зүйн бүрэн бус чадвар, чадамжтай, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, насанд хүрээгүй хохирогч Б.О-ын мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт батлан мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа бие даасан гэмт хэргийн шинжийг буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэх боломжтой байна.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.А нь Увс Зүүнхангай сумын иргэн гэх Б-ыг /нас барсан гэх/ хэрхэн, яаж мэдсэн эсэх нөхцөл байдлыг тогтоож, шалгасан зүйл байхгүй бөгөөд зөвхөн насанд хүрээгүй хохирогч Б.О түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарын мэдүүлгээр яллаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт нийцэхгүй байна.
Шүүгдэгч Ц.А нь Увс аймгийн Сагил суманд төрсөн боловч бага залуу насандаа тус аймгаас гарсан бөгөөд Улаанбаатар хотод суурьшаад 40 гаруй жил болсон тул мөн аймгийн Зүүнхангай суманд амьдардаг болон амьдарч байсан /нас барсан/ гэх хүнийг мэдэх, таних боломж байхгүй болох нь бодит байдал дээр илэрхий юм. Мөн тухайн нэр дурдагдсан гэх /нас барсан/ Б гэх иргэнтэй харилцан хамааралтай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган тогтоогоогүй байгаа нь шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.
Шүүгдэгч Г.Ц, Г.Х нар нь Б.О, С.Б нарыг ятгасан үйлдэл хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэргийн бодит байдалтай нийцэж байх бөгөөд харин тэдгээрийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар тухайн гэмт үйлдэлд шүүгдэгч Ц.А хамааралгүй, оролцоогүй болохыг илэрхийлж байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын Ц.А-д холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Шүүгдэгч Г.Ц-ийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Г.Ц нь ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 62 настай ба эхнэр Ж нь 2024 оны 9 сард хадлан тэжээл авах ажлаар машин барьж явж байгаад авто осол гаргаж, 1 жил 6 сар тэнсэх ял эдэлж байгаа, хүнд амьдралтай хүмүүс. Г.Ц-ийн эхнэр Ж хохирогчид 10 гаруй сая төгрөг төлсөн. Ж, Г.Ц хоёулаа тэтгэврээс өөр орлогогүй. Г.Ц нь 2022 онд зүрхний маш хүнд хагалгаанд ороод зүрхэндээ төхөөрөмж тавиулсан. Түүнээс хойш байнгын эмчийн хяналтад хүний асрамжид байдаг.
Анхан шатны шүүхээр шийтгүүлснээс хойш Улаанбаатар хотод эмчилгээ сувилгаатай явж байсан ба 7 дугаар сард ирээд дахин бие нь муудаж, Баруунтуруун сумын сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар хотын 3 дугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа, эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөл байдалтай байна.
Шүүгдэгч Г.Ц нь мөрдөн байцаалтын шатаас хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ирсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугүйн талаар ямар нэгэн маргаангүй оролцсон.
Иймд дээрхи нөхцөл байдал хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.
8. Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд захирагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шалгадаг учир энэ хэргийг бүхэлд нь авч үзээсэй гэж хүсэж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлахад эргэлзээ гарч байна гэж үзэж байна. 2024 оны 4 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан тэмдэглэл, шийтгэх тогтоол, улсын дээд шүүхийн тайлбар зэргээр нөхцөл байдал тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзээд байна. Бид онолын талаас нь нөхцөл байдлыг бүгдийг нь хянаж дүгнэлт хийх ёстой, насанд хүрээгүй хохирогчтой би хоол идсэн нь үнэн, хоол идээд гарсны төлөө намайг буруутгаж болохгүй. Хууль сануулахгүйгээр ийм нөхцөл байдал болсон бол бас өөр зүйл. Үнэхээр намайг хамааралтай гэж үзэж байгаа бол ганцхан Б.О-ын хэлж байгаа мэдүүлэг, түүний хэлснийг давхарлаж хэлсэн С.Б-ийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангах эсэхэд эргэлзээ бүхий байна.
Миний өмгөөлөл үзүүлж байсан шүүх хуралдааны хувьд би өнөөдрийг хүртэл эргэлзэж байгаа. Хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч нь шүүх хуралдааны танхимд бид нартай хамт орж ирээд хуралд ороод байсан. Гэтэл хохирогч маань тусгайлсан танхимд ороод цахимаар холбогдож оролцсон. Үүнд өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж үзэж байсан боловч эрх зүйн туслалцаа үзүүлэхгүйгээр явсан асуудал байгаа. Үнэхээр хохирогч тийм сайн мэдэж байгаа юм бол мэдүүлгээ шууд ярих ёстой.
Нотлох баримтыг нарийн сайн харахаар Г.Ц бид 2 хамт бичүүлсэн, эсхүл би ганцаараа бичүүлсэн мэт 2 өөрөөр ярьж байгаа. Тэгэхээр нотлох баримт болох эсэх. Мөн тухайн үед намайг болон гэр бүлийн хүмүүсийг нь уулзуулахгүй байх талаар прокурор болон шүүхээс хязгаарласан зохицуулалт хийгээгүй байж зөвхөн тэр хүний хэлсэн үгээр нотлох баримтыг бүрдүүлж миний эрхэд халдаж байгаад нь үнэхээр их харамсаж байна.
Б.Б гэдэг хүнийг би танихгүй, Увс аймгаас гараад 30-40 жил болсон, Зүүнхангай сум хаана байдаг зүг чигийг нь л мэднэ, очиж үзэж байгаагүй. Г.Ц-ийн мэдүүлэгт манай хажуугийн айл, гэхдээ танихгүй гэж мэдүүлсэн. Мөн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ц.Б-д холбогдох хэрэг хянан хэлэлцэгдэж байхад Д.Дамдинсүрэн өмгөөлөгч, өмгөөллийн туслалцаа үзүүлэхээ болиод гарсан. Гарахдаа 2024 оны 4 сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны завсарлагааны үеэр прокурорт өг гээд байсныг нь тухайн үед би ойлгоогүй, гэвч дараа нь ийм нөхцөл байдал бий болсон. Үүнд би үнэхээр эргэлзэж гайхаад байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар энэ хүмүүсийн үйлдэл эс үйлдэхүй, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж байна гэж үзэж байгаа. Төсөөтэй хэрэглэж байгаа зүйлийг гэм бурууд тооцохгүй. Намайг уулзаж хэлсэн гэхээр Б.О, С.Б нарын эрх ашигт нь ямар хор хохирол учирсан юм бэ. Үүнд шүүх дүгнэлт хийнэ үү. Би тухайн үйл явдлыг л хэлж байгаа, тухайн үед би нэг хоноод л маргааш нь буцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн 25.3-т заасан нөхцөл байдлыг харгалзан үзээд надад холбогдож байгаа үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг сая шинжлэн судлуулснаар тэмдэглүүлсэн. Үүнд:
Хохирогч Б.О болон хууль ёсны төлөөлөгч С.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийг зөрчсөн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг авах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо яагаад няцаахгүй байгаа юм бэ. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа гол үндэслэл нь С.Б, Б.О 2-ын мэдүүлэг байгаа. Эдгээр хүмүүсээс мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн байна гэдгийг анхан шатны шүүхэд өмгөөлөгч нарын зүгээс хангалттай ярьсан. Гэтэл үүнийг шийтгэх тогтоолд няцаасан, үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй ба энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү.
2025 оны 4 сарын 21-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоод ямар нотлох баримтыг үндэслэж миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа нь тодорхойгүй, хууль сануулаад мэдүүлэг авсан С.Б нь өөрөө мэдүүлгээсээ буцчихсан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5-т зааснаар миний үйлчлүүлэгчийг яллахдаа, шүүгдэгч Ц.А-ийн “өмгөөлөгчөөсөө татгалз, нас барсан Б.Б гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өг, тэгэхгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ” гэж сүрдүүлж ятгасан гэх үйл баримтаар яллаж байгаа.
Гэтэл Ц.А-ийн үйлдэл оролцооны талаар нотолсон нэг хуудас ч баримт хэрэгт авагдаагүй байнаа. Ийм эргэлзээтэй нөхцөл байдалд өмгөөллийн ажлаа хийгээд явсных нь төлөө өмгөөлөгчийг шүүж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг хэзээ, яаж, хаана гарсан бэ гэдэг асуудал. Б.О, С.Б нарт нөлөөлөх асуудал нь миний үйлчлүүлэгчийг уулзахаас өмнө ар гэрийнхэн нь шийдчихсэн байсан асуудал гэж хэрэгт тогтоогдсон байгаа.
С.Б-д хууль сануулсаар байхад яагаад энэ хүнд хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Хариуцлага тооцох гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан учир миний үйлчлүүлэгчид ашигтай нөхцөл байдал бий болж байгааг шүүх анхаарч үзнэ үү.
Прокурорын зүгээс яллагдагчийн мэдүүлэг ямар ч үед нотлох баримт болохгүй гэж байна. Тийм зүйл байхгүй, хэдий хууль сануулахгүй байгаа ч гэсэн хууль зүйн үндэслэлийн хувьд мэдүүлэг өгч байгаа учир худлаа ярьж болно гэдэг агуулгаар тайлбарлаж болохгүй. Иймд өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлт, саналыг гаргаж байна” гэв.
10. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хувьд үзэж байна. Энэ талаар хийсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоор давж заалдах шатны шүүхэд эрх хэмжээ олгогдсон. Ийм учраас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дотоод итгэлээрээ үнэлээд, давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Г.Х, Г.Ц нарт оногдуулсан торгох ялыг багасгаж хөнгөрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байгаа учраас энэ асуудалд прокурорын хувьд ярих зүйл байхгүй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатад, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Х, Г.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Яллагдагчийн мэдүүлэг ямар тохиолдолд нотлох баримт болох вэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Шүүгдэгч Г.Х, Г.Ц нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн буюу Ц.Б-д холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан Ц.А, Ц.Б-ийн эцэг Г.Ц, Ц.Б-ийн авга эгч Г.Х 3 тухайн Ц.Б-д холбогдох хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцож байсан хэргийн оролцогч болох С.Б, насанд хүрээгүй хохирогч Б.О нарт хууль бусаар нөлөөлж, ашиг сонирхлын үүднээс Ц.Б-г шүүхээр гэм буруутайд тооцоод ял шийтгүүлэхгүйн тулд бодитой үйлдэл хийсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг өгсөн мэдүүлгүүдээ өөрчлөх шаардлагатай гэдэг байдлаар ятгасан, дараа нь та нар өөрсдөө Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан худал мэдүүлэг өгөх, гэмт хэргээр яллагдаад өөрсдөө хэрэгтэн болно шүү гэдэг байдлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэн С.Б-г сүрдүүлсэн.
Мөн дараа нь 2024 оны 4 сарын 19-ний өдрийн шүүх хурал болсны дараа болсны насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2-т М гэдэг хүн хүчиндсэн гэж анхан шатны шүүх хуралдаанд хэл гэж байхад Б.Б гэдэг хөндлөнгийн хүн гаргаж ирээд ярилаа, энэ асуудал чинь буруу, тийм учраас миний охин Б.О-ыг М гэдэг хүн хүчиндсэн гэж мөрдөн шалгах байгууллагад өргөдөл гаргаж шалгуул гэдэг зүйлийг ярьсны улмаас С.Б нь өөрөө прокурорын байгууллагад өргөдөл гаргаад, мөрдөн шалгах байгууллагад албан бичгээр явуулаад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд оруулаад шалгуулаад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Уг татгалзсан материалд шүүгдэгч Ц.А, шүүгдэгч Ц.Б-ийн эцэг Г.Ц, авга эгч Х нар нь ятгаж тухайн өргөдлийг бичүүлж мөрдөн шалгах байгууллага прокурорын байгууллагад өгсөн үйл баримт нь хөтөлбөргүйгээр тогтоогдчихсон.
Иймд шүүгдэгч Ц.А-ийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс нэр бүхий 3 шүүгдэгч нарыг бүлэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид үйлдлээрээ санаатай нэгдсэнийг бүлэглэсэн гэж үздэг.
Анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр прокуророос Ц.А-г 2 үндэслэлээр буруутгасан, Б.О болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатад зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өмгөөлөгчөөсөө татгалз, Б.Б-г түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өгөхгүй бол өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээн гэж ашиг сонирхолд нь хор учруулж ятгасан гэж. Үүнийг анхан шатны шүүх дүгнэхдээ Б.Лхагважав өмгөөлөгчөөс татгалзуулаад байгаа асуудал нь зөрчлийн шинжтэй учир буруутгахгүй, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-тэй бэлгийн харьцаанд ороогүй, Б.Б гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэлэх юм бол Ц.Б гэдэг хүн нь энэ хэргээс мултрах гээд байна гэх зорилгоор нас барсан Б.Б гэх хүнийг хүчиндсэн гэж хэл гэсэн Ц.А-ийн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурорын хувьд үндэслэлтэй гэж үзсэн учир эсэргүүцэл бичээгүй.
Ийм учраас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүгдэгч Н.Ц, шүүгдэгч Г.Х-ийнөмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдсан гомдлуудыг тус тус үндэслэн, Г.Ц, Г.Х, Ц.А нарт холбогдох, 2435001080224 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Г.Ц, Г.Х, Ц.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.
3. Прокуророос: шүүгдэгч Ц.А-г яллагдагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан гэх,
- шүүгдэгч Г.Ц-ийг хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан гэх,
- шүүгдэгч Г.Х-г хохирогч Б.О, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нарыг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх шинжээр тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5–т заасан: “гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжүүдээс, шүүгдэгч Ц.А-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан гэж, шүүгдэгч Г.Ц-ийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ашиг сонирхолд нь хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, ятгасан гэж, шүүгдэгч Г.Х-г худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан гэх шинжээр тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргахдаа, шүүгдэгч Ц.А-г бүлэглэн “хохирогчид нөлөөлөх гэмт хэргийг өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Г.Ц, Ш.Х нарыг “хохирогчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийтгэх тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна гэж үзэхээр байна.
Учир нь, хууль тогтооч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1-т заасан гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг: өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн бол ...” гэж тодорхойлсон. Тодруулбал, дээрхи гэмт хэргийн хэд хэдэн шинжийг тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль шинжээр гэм буруутайд тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тодорхой тусгаагүй, тухайн гэмт хэргийн нийтлэг шинж буюу хохирогчид нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана гэх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн аль шинжээр гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоолд тодорхой бус болжээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлийг нэг бүрчлэн зааж, тухайн хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар тайлбарлан журамласан бөгөөд шүүх эрүүгийн хэрэг хянан хэлэлцэж, шийдвэр гаргахдаа дээрх хууль болон журам, аргачлалыг дагаж мөрдөх үүрэгтэй болно.
Гэтэл шүүгдэгч Ц.А, Г.Х, Г.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дээрх шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.
6. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдал буюу шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэх зэрэг шүүгдэгч нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоо зэргийг бүрэн гүйцэт бодит байдлыг тогтоохгүйгээр бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт бүлэглэсэн гэх шинжийг тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж болгон хуульчлаагүй байхад бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуульд нийцэхгүй болно.
7. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарч, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
8. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.А-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан: “Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.А, Г.Ц, Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ