Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/MA2018/0439

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0439

Улаанбаатар хот

 

 

 

 

“Ж Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0317 дугаар шийдвэртэй, “Ж Б Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газырн тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0317 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Жи Би Эм” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлстийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны 604 дүгээр шийдвэрийн “Ж Б Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын ХҮ-009062 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдах гомдолдоо: “ ... 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн /хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх/ 21.1.4 “энэ хуульд заасан, нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах” хэмээн заасанчлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн үндсэн дээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 2425 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг /эхний удаа/ 2011 оны 1 сарын 03 өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар, 2010 оны 1357 дугаар шийдвэрээр /хоёр дахь удаа/ 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар тус тус сунгажээ...” гэсэн байна.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн “21.1.5.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гээд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Мөн анхан шатны шүүх “...Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон хугацааны дээд хязгаарт /9 жилийн/ хүрсэн нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг бүр мөсөн дуусгавар болгох хууль зүйн факг болохын хувьд хэн нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл хариуцагч байгууллагын хүсэл зориг, шийдвэрээс үл хамааран хэрэгжих учиртай...” гэж дүгнэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-т заасныг харах юм бол 3 удаа сунгуулах эрхтэй гэж заасан. Анх тусгай зөвшөөрөл авснаас хойш нийт 2 удаа л сунгалт хийлгэсэн. Манай компанид хуулиар олгогдсон 3 дахь удаагаа сунгалт хийлгэх эрхийг хязгаарлан Ашиглалтын тусгай зөвшөөрөл хөөцөлдөж байх хооронд Хайгуулын Дугаар 9062Х тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст л гомдоод байгаа юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.23 өдрийн Дугаар 128/ШШ2018/0317 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ж Б Э” ХХК шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн “Ж Б Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын ХҮ-009062 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1311 дүгээр шийдвэрээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт байрлах “Баруун-Уурхайт-1” нэртэй газарт 1476 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг иргэн Х.У нэхэмжлэгч “Ж Б Э” ХХК-д шилжүүлэн авч, уг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан эрхээ эдэлж 2 удаа тус бүр 3 жилээр буюу 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сунгуулжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.5-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг хавсаргаж өгөхөөр заасны дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/116 дугаар албан бичгээр нөөцийн тайлангаа батлуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Тус зөвлөл 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тайланг баталж, улмаар Ашигт малтмалын газрын даргын 5 дугаар сарын 15-ны өдрийн Н/53 дугаар тушаалаар нөөцийг улсын бүртгэлд бүртгэжээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргадаг хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдсон ашигт малтмалын нөөцийг бүртгэх ажиллагаанд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс тайлангаа бэлтгэж хүргүүлэх болон баталж бүртгэх эрх бүхий этгээдээс тайланг шалгаж хурлаар хэлэлцүүлэн нөөцийг баталж, бүртгэхэд тодорхой хугацаа шаардагддаг нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд хайгуулын үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн явуулах эрхтэй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бэлтгэл ажилд зарцуулах дээрх хугацааг хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд гүйцэтгэх бодит боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө тодорхой зардал гаргаж 9 жилийн турш хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа гарган Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хандсан байхад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаагүй гэж үзэж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон шийдвэр болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “Ж Б Э” ХХК нь хэдийгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах материал нь бүрдээгүй байхад өргөдөл гаргах боломжгүй юм.

Эдгээр нөхцөл байдлыг нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд тайлангаа хүргүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг батлагдсан маягт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, анхдагч материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж,  23 дугаар зүйлд ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 1-3 жил байхаар, тухайн хугацаанд 7-9 дэх жилийн төлбөрийг төлөхөөр зохицуулсан байжээ.

Хуулийн дээрх заалтуудад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж 23 дугаар зүйлийг хүчингүй болгон, 21.1.5-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дахин 3 жилээр сунгуулж болохоор заасан, улмаар уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг шинэчлэх, мөн хугацаанд төлбөр үргэлжлүүлэн төлөхөөр зохицуулсан байна.   

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтыг хэрэглэлгүй, хуулийг буруу хэрэглэж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нэгэнт дууссан “хууль зүйн факт” болоод өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Геологийн албаны даргын 2013 оны 4-7289 дүгээр албан бичгээр ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцэгдэхийг мэдэгдсэн, Кадастрын хэлтсийн даргын 2015 ны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6/1476 дугаар албан бичгээр 1 сарын дотор нөөц батлуулсан тайлангаа ирүүлэхийг мэдэгдсэн зэргээс үзвэл “Ж Б Э” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан факт болсон боловч дуусахаас өмнө гаргасан нөөц тогтоолгох хүсэлтийг дээрх хуульд заасны дагуу шийдвэрлэж улсын бүртгэлд бүртгэх  ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулж байсныг нотолж байна.

Энэ ажиллагааг дуусмагц 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 15/11 дүгээр албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө  гаргасныг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26.3-т заасан өргөдлийг 20 хоногийн доор шийдвэрлэхээр захиргааны байгууллагад өөрт нь үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлээгүй атлаа өргөдөл шийдвэрлэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нэхэмжлэгчийн хайгуул хийсэн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж Б Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж Б Э” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Ж Б Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ