Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 255

 

“И к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Санхүүгийн зохицуулах хороонд

холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч шүүгч:          Ч.Тунгалаг

      Шүүгчид:                       М.Батсуурь

                                            Б.Мөнхтуяа

                                            Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:            Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Б.Уранзаяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0888 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-А, өмгөөлөгч А.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0888 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5, 14.6 дахь хэсгийг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай” “И к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 888 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И к ББСБ” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай”  9/2950 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг тус тус баримтлан “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн “И к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “И к ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0888 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. ...Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч байгууллагын хувьд өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын дагуу 800,000,000 төгрөг байсан дүрмийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,000,000,000 төгрөгт хүргэсэн байсан. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалаар баталгаажуулсан байдаг. Гэтэл хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр талуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг баталгаажуулсан уг тушаалыг хүчингүй болгосон. Энэ талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч компани ч мэдээгүй байсан.

5. ...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо нь уг заалтыг зөрчиж сонсох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгч байгууллага нь дүрмийн сангийн хэмжээгээ 1,000,000,000 төгрөгт хүргэсэн, сүүлд батлагдсан тушаалын дагуу 400,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1.400.000.000 төгрөг болгоно гэж төлөвлөөд явж байсан.

6. Гэтэл энэ асуудлын талаар тайлбар, тодруулга гаргах боломж нөхцөлийг бүрдүүлээгүй байж, дахин танай байгууллага дүрмийн сангийн хувь нийлүүлсэн хэмжээгээ нэмэгдүүлээгүй байна, тусгай зөвшөөрлийг чинь цуцлах тухай асуудлыг хурлаар шийдвэрлэнэ гэх нэхэмжлэгчид чиглэсэн үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал болон тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх нөхцөл байдал, эрх зүйн үр дагавар үүсгэхээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн захиргааны акт ирүүлсэн. Нэхэмжлэгч нь өмнө 800,000,000 төгрөг байсан дүрмийн сангаа 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж 1,000,000,000 төгрөг болгосон байж сүүлд батлагдсан тушаалын дагуу одоо 400,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх биш 600,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх болчхоод байгаа юм.

7. Захиргааны байгууллагын алдаатай, сонсох ажиллагаа хийгдээгүй шийдвэрийн улмаас манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0888 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “...үүргээ биелүүлээгүй тул үйл ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бий болсныг хорооны 2019 оны 8 дугаар сарын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болсон”-ыг нэхэмжлэгч “И к ББСБ” ХХК-д мэдэгдсэн 9/2950 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь “эрх зүйн шууд үр дагаваргүй тул захиргааны акт биш” гэсэн үндэслэлээр тухайн албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.  

10. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх тухай” 196 дугаар тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаал нь хуульд нийцсэн талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Тодруулбал, нэхэмжлэгч “И к ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шаардлага /2016 оны 271 тоот тогтоол/-ын дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дүрмийн сангаа 200.000.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ба уг өөрчлөлтийг нь хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 196 дугаар тушаалаар зөвшөөрчээ.

12. Гэтэл нэхэмжлэгч компанийн нэг хувьцаа эзэмшигч /Г.Г/-ээс компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан тул улсын бүртгэлийн байгууллагаас тус компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан, уг татгалзал хууль ёсны болохыг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байна.

13. Иймээс “И к ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Г нь Санхүүгийн зохицуулах хороонд тус компанийн дүрмийн санг нэмэгдүүлснийг зөвшөөрсөн хорооны даргын 2008 оны 196 дугаар шийдвэрт гомдол гаргасан тул хариуцагч нь тухайн гомдол болон холбогдох шүүхийн шийдвэрүүдийн дагуу маргаан бүхий акт болох 2019 оны 392 тоот тушаалаар өмнө нь гаргасан 2018 оны 196 тоот тушаалаа хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

14. Хэдийгээр хариуцагч энэхүү 392 тоот тушаалыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүйг зөвтгөх боломжгүй ч, хэрэв уг актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн бол нэхэмжлэгчид тухайн  асуудлын талаар тайлбар тодруулга гаргах боломж олдож, улмаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт өөрчлөгдөж, маргаан бүхий акт гарахгүй байх байсан гэх үндэслэлгүй юм.

15. Харин шүүхүүд захиргааны байгууллага “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн урьд гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон байна, учир нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргаа ямар ч шийдвэр гаргасан /өөрийн үзэмжээр гаргасан байна уу, шүүхийн шийдвэрт үндэслэсэн байна уу, эерэг байна уу сөрөг нөлөөтэй байна уу гэдгээс үл хамаарч/ түүнийгээ хандсан этгээдийн хувьд мэдэгдэх, мөн хуульд зааснаас бусад тохиолдолд /ЗЕХ-ийн 28 дугаар зүйлд/ сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй.

16. Энэхүү хэргийн тухайд, хариуцагч маргаан бүхий актаар иргэн /хувьцаа эзэмшигч/ Г.Г гомдлыг шийдвэрлэсэн агуулгатай боловч тухайн шийдвэр нь зөвхөн гомдол гаргасан этгээдэд бус харин нэхэмжлэгч “И к ББСБ” ХХК-д шууд хамааралтай байхад сонсох, мэдэгдэх ажиллагаа хийхгүй гэж үзэхгүй юм. Гэхдээ шүүхийн дээрх дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн шийдлийг өөрчлөх үндэслэл болохооргүй байна.

17. Иймээс “...захиргааны байгууллагын алдаатай, сонсох ажиллагаа хийгдээгүй шийдвэрийн улмаас манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ нөхцөл байдлыг бүрэн гүйцэд дүгнээгүй, нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

18. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 196 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ТУНГАЛАГ                             

                                     ШҮҮГЧ                                                                Г.БАНЗРАГЧ