Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 050

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсаныг,

хариуцагч нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би, Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Т.Манкейн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/446, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/154 дугаартай Х.Тилегенийг ажилд томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Манкей нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/683 тоот захирамжаар миний нэхэмжлэлийн эхний шаардлага болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/446 тоот захирамжийг хүчингүй болгосон ба нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг мөн тус захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсний дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 206 тоот тушаалаар миний цалинг олгохоор болсон боловч миний дансанд орж ирээгүй байна. Гурав дахь шаардлага болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын Х.Тилегенийг ажилд томилох тухай 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/514 тоот захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын орон тоонд эгүүлэн тогтоолгох талаарх шаардлагын хувьд миний бие Засаг даргатай зөвшилцөж Төрийн албаны тухай хуулийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар намайг шилжүүлэн томилсон тул нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагыг хөндөхгүй байхаар тус тус тохиролцсоноор гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлдээ татгалзаж байна.

Иймд миний нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цалин хөлсийг энэ жилд багтаан шилжүүлж өгөхөөр болсон талаар захирамжид тусгаж өгнө үү.

Нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийн цалинтай холбоотой хэсгийг дараах байдлаар өөрчилж байна. Хэдийгээр хариуцагчийн зүгээс цалин хөлсийг олгохоор болж шийдвэр гаргасан боловч одоо хүртэл надад бүрэн олгогдоогүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн уг шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр баталж, бусад шаардлагыг нэхэмжлэгч татгалзсанаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Манкей нь анх тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/446, Ажилд томилох тухай Б/447 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Ажилд томилох тухай Б/447 дугаартай захирамжийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн А/154 дугаартай Х.Тилегенийг ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгохыг хүсжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б/683 дугаартай захирамж гаргаж, маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/446 дугаартай захирамжийг хүчингүй болгож, мөн өдөр өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр Т.Манкейг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Өлгий сумын Ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилжээ.

Мөн уг захирамжийн 5 дахь хэсгээр нэхэмжлэгч Т.Манкейн ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгохыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.Манкей нь түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч дээрх байдлаар хүлээн зөвшөөрч, биелүүлсэн шалтгаанаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/446, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/154 дугаартай Х.Тилегенийг ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд мэдэгдэж, энэ талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн дээрх шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчаас уг шаардлагыг дээрх байдлаар хүлээн зөвшөөрч, энэ хугацааны цалинг тооцож олгохыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 206 дугаартай тушаал гаргаж, Т.Манкейн ажилгүй байсан хугацааны олговорт 5.378.000 /таван сая гурван зуун далан найман мянга/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс олгохоор шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт болох нэхэмжлэгч Т.Манкейг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан 2016 оны Б/446 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор түүнд ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн олгох үндэслэл бүрдэж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,67 дугаар зүйлийн 67.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Манкей нь тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/446, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/154 дугаартай Х.Тилегенийг ажилд томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, мөн ажилгүй байсан хугацааны олговор олгох тухай нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, нэхэмжлэгч Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Т.Манкейн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ М.РИЗА