Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 100

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Хохирогч: Л.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт О.Г холбогдох 1826001210098 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт О.Г

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.М зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Эхнэрийн дүүг хот руу явуулсан байхаар нь би маргалдаад ийм зүйл болсон. Хутга, заазуур зэрэг эд зүйл нь манай хөрш айлын хүнийх бөгөөд эзэнд нь буцааж өгсөн. Би ахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугаа хүлээж байна гэв.

Хохирогч Л.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... О.Г гэртээ орж ирээд Мөнхзаяаг ээж чинь Улаанбаатар хот руу сургалтанд биш янхан хийлгэхээр явуулчихсан байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь би О.Г-д чи юу яриад байгаа юм бэ? Манай аав, ээж 2 өөрсдөө мэдээд дүүг явуулсан гэж хэлэхэд худлаа чи ч гэсэн хуйвалдаад дүүгээ явуулсан байна гээд ширээний алчуур аваад над руу шидсэн. Би Гэгээн тауэрын ажилчид, менежерээс асуухад Мөнхзаяаг Мөөгий гэдэг цагдаатай хувилдаад хот руу явсан гэнэ гэхээр нь О.Г-д юун цагдаа яриад байгаа юм бэ? Аав, ээж хоёрыг ирэхээр асуу гэхэд О.Г та нар худлаа яриад байна. Та нар хувилдаад байна гээд бахираад байсан. Та нарыг үнэнээ хэлэхгүй бол эцэг, эх хоёрыг чинь оромтой нь шатаана, хүйс тэмтэрнэ гээд над руу дайраад байсан. О.Г баруун орны хөндийд байсан шилний хугас архийг гаргаж ирээд 1 жижиг хундагаар уугаад архиа тагласан. Тухайн үед манай гэрийн хаалга онгойрхой байхад хашааны гаднаас манай ээж Сосорбурам ороод ирсэн. Тэгтэл О.Г гэрээс гараад ээжийн өмсөж явсан куртикний захнаас чирч явахдаа хүүхдээ золиослуулаад явуулсан янхан ирлээ гээд ээжийн баруун гуя руу нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж аваад гэртээ оруулаад гэрийнхээ хаалгыг түгжсэн. О.Г ээжийг үг хэлэхийн зуургүй чи муу охиноо золиослосон гээд гэрийнхээ зүүн урд байдаг хөлдөөгч дотроос хайч, хутгыг гараараа атгаж аваад эхлээд бор иштэй хутга аваад ээж рүү шидэхэд өмсөж явсан хүрэн гутлынх нь хойд түрүүн дээр цохигдоод унасан. О.Г ээжийг зодох гээд дайраад байхад дундуур нь Г орж хорьсон боловч дийлдэхгүй ээжийг ална гээд дайраад байсан. Манай ээж рүү О.Г гартаа барьж байсан улаан цэнхэр бариултай үйлний хайчийг шидсэн боловч оноогүй. О.Г ширээн дээр байсан хугас шил Харзтай архийг аваад ээж рүү шидэхэд нь би дундуур нь ороход миний шилэн хүзүүний ар хэсэг  оноод шилтэй архи нь хагарсан. Одоо миний толгой өвдөөд дотор муухай оргиод байна. Тэр хоёрыг гарсны дараа манай нөхөр О.Г ээж дээр гүйж очоод ээжийн зүүн шанаа хэсэгт 1 удаа гараараа цохисон. О.Г гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжээд тогооны эргэнэг дотроос гурилын элдүүр аваад ээжийг манай гэрийн баруун орны дээд хэсэгт сууж байхад гурилын элдүүрээр цээжин хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би дундуур нь ороод салгах гэж яваад зүүн гарын бугуй, тохой хэсэгтээ элдүүрээр 2 удаа цохиулсан. Миний зүүн талын гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэрнээс хойш миний зүүн талын гуя даагдахгүй өвдөөд байгаа. Заазуурын ард талын хэсгээр ээжийн зүүн талын мөр хэсгээр 2-3 удаа цохисон. Би та хоёрын хэн нэгийг ална. Алчихсан байхад 5 жил суугаад гарч ирэх чадалтай хүн. Надад нас байна гээд бахирсан. Ээж бид хоёр гэрт орилоод байж байсан. Удалгүй гэрийн хаалгыг хүн цохих чимээ гарахад О.Г гэрийн хаалгыг онгойлгож өгсөн. Тэгтэл гурван цагдаа орж ирсэн. /хх-ийн 7-11 хуудас/,

Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би ажилдаа яваад гэртээ 17 цаг 40 минутын орчимд ирээд хашаа руу ороход манай хүргэн О.Г согтуу миний урдаас гарч ирээд хүүхдээ золиослуулаад явуулсан янхан ирлээ гээд миний өмсөж явсан куртикний захнаас татаад гэр рүүгээ чирч оруулах замдаа миний баруун гуя руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөж аваад гэртээ оруулаад гэрийнхээ хаалгыг түгжсэн. О.Г ширээн дээр байсан хугас шил Харзтай архийг аваад над руу шидэхэд манай охин Мг дундуур ороход түүний шилэн хүзүүний ар хэсэгт нь оноод шилтэй архи нь хагарсан. Манай охин М болиоч гээд бид хоёрын дундуур ороход охин бид хоёрыг О.Г барьж аваад толгойгоор мөргөлдүүлэхэд охин М-н хамар хэсгийг нь би толгойгоороо мөргөсөн. Тэгээд заазуур барьж ирээд миний баруун шанаа хэсэгт тулгаж байгаад ална гээд бахираад байсан. Тэгэхээр нь манай охин М О.Г бид хоёрын дундуур ороод болиоч гэхэд О.Г чамайг ална шүү гээд манай охин М-н зүүн гарын гадна хэсгийг заазуураараа 1 удаа зүссэн. О.Г гартаа барьж байсан заазуураа ирийг дээш нь харуулж барьчихаад заазуурын ар талын хэсгээр миний зүүн талын мөр хэсэгт 2-3 удаа цохисон. Цохих үедээ би чиний эхийг ална, чи эхийнхээ цусаар гараа угаах уу? гээд бахираад байсан. Би та хоёрын хэн нэгийг ална. Алчихсан байхад 5 жил суугаад гарч ирэх чадалтай хүн. Надад нас байна гээд бахираад байсан. /хх-ийн 14-15 хуудас/,

Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... О.Г ах эхнэрийнхээ охин дүүг хот руу явуулчихсан гээд хадам ээжтэйгээ маргалдаад байсан. О.Гантулга ах хадам ээж рүүгээ сандал шидсэн боловч оноогүй. Би О.Гантулга ахыг бариад автал намайг түлхээд байсан. О.Г ах М юм яриад суугаад байсан. Тэгтэл миний гар утас руу хүн залгахаар нь би утсаар ярих гээд гарсан. Би ахиж О.Г ахынд ороогүй. Бэр М над руу 19 цагийн орчимд утсаар залгаад манайд хүрээд ир гэхээр нь очсон. /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... О.Г нь М эгчид хааяа гэр бүлийн маргаанаас болж гар хүрч байсан. Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Надад хэрүүл хийсэн гэж ярьж л байдаг. Тэрнээс бол би харж байгаагүй. /хх-ийн 23-24 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №92 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Л.М-н биед тархи доргилт, зүүн гарын бугуй, зүүн гарын сарвуу цус хуралт, зүүн гарын алганы ар хэсэгт шарх, багана хурууны зүүн хэсэгт шарх, баруун гуяны ар дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой тархи доргилт, зүүн гарын бугуй, зүүн гарын сарвуу цус хуралт, зүүн гарын алганы ар хэсэгт шарх, багана хурууны зүүн хэсэгт шарх, баруун гуяны ар дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2017 оны 10 дугаар сард, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зодуулсан гэх цаг хугацаад учирсан байж болох гэмтлийн шинжтэй шарх сорви тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №268 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.С-н биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 33 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 64-65 хуудас/,

Шүүгдэгч О.Г-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/117 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37, 51 хуудас/,

Шүүгдэгч О.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.М-н О.Г ширээн дээр байсан хугас шил Харзтай архийг аваад ээж рүү шидэхэд нь би дундуур нь ороход миний шилэн хүзүүний ар хэсэгт оноод шилтэй архи нь хагарсан. О.Гантулга ээжийг гурилын элдүүрээр цээжин хэсэг рүү 2-3 удаа цохиход би дундуур нь ороод салгах гэж яваад зүүн гарын бугуй, тохой хэсэгтээ элдүүрээр 2 удаа цохиулсан. Миний зүүн талын гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Гэрч Д.С-н О.Г ширээн дээр байсан хугас шил Харзтай архийг аваад над руу шидэхэд манай охин М дундуур ороход түүний шилэн хүзүүний ар хэсэг нь оноод шилтэй архи нь хагарсан. Манай охин М болиоч гээд бид хоёрын дундуур ороход охин бид хоёрыг О.Г барьж аваад толгойгоор мөргөлдүүлэхэд охин М-н хамар хэсгийг нь би толгойгоороо мөргөсөн. Гэрч О.Г-н О.Г ах эхнэрийнхээ охин дүүг хот руу явуулчихсан гээд хадам ээжтэйгээ маргалдаад байсан. О.Г ах хадам ээж рүүгээ сандал шидсэн боловч оноогүй. Би О.Г ахыг бариад автал намайг түлхээд байсан. Гэрч Л.М-н О.Г нь М эгчид хааяа гэр бүлийн маргаанаас болж гар хүрч байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №92 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч О.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Г нь Д.С-г зодсон тухай хохирогч Л.М, гэрч Д.С нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан боловч Д.С-н биед гэмтэл учраагүй болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №268 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгааг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт О.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ