| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2413003000383 |
| Дугаар | 2025/ДШМ/42 |
| Огноо | 2025-09-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/42
Ш.Р-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.Р-д холбогдох эрүүгийн 2413003000383 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Ш.Р-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дугаар сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл **хүнтэй, ********* хамт ***************** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш.Р-, /РД:******************/.
2. Шүүгдэгч Ш.Р- нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар /Рашаант/ багийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.К-г “сонгуульд миний дэмжиж буй хүнд саналаа өгөөгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 297 дугаар яллах дүгнэлтээр Ш.Р-йн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ш.Р-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р-эд 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Ш.Р-йн давж заалдах гомдолд:
5.1. Эрүугийн хуулийн еренхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлзэлгэнэ", 6.1 дүгэзр зүйлийн 2 дахь хэсзгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг уйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж тус тус заажээ. Шуүгдэгч Ш.Р- би урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй анх удаагаа ийм хэрэгт холбогдож байгаа юм.
5.2. Шүүхээс Ш.Р- намайг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэрэгт тус бүрд нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажип хийлгэх ял шийтгэсэнд гомдолтой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдгээр заавал тухайн холбогдсон гэмт хэргийн ялын дээд хэмжээг оногдуулж байгаа нь шударга бус. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өвчтэй ээжийгэз асардгаас гадна жирэмсэн эхнэртэй. Терийн байгууллагад туслах байгаль хамгаалагчаар ажилладаг. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр оногдуулсан байгаа нь Дэлүүн суманд ажиллаж, амьдардаг миний хувийн байдлыг дордуулах санаатай ял шийтгэсэн. Ял оногдуулахдаа тодорхой хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хохирол, гэмт этгээдийн хувийн байдал, түүний дотор амьдралын нөхцөл ажил эрхлэлт, орлогын байдлыг харгалзах нь зүйтэй гэж Улсын дээд шүүхээс тайлбарлаж байсан.
5.3. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээснээр эргээд түүнийг нийгэм хамт олныхоо дунд эргэн орох боломжоор хангагдах ёстой. Намайг энэхүү 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснээр би ажилгүй болж нийгэм хамт олныхоо дунд эргэн орох боломжгүй байдал бий болно. Шүүхийн надад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл гэмтлийн шинжийг хангах, хохирол учруулсан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзэж, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй зэрэг хувийн байдал буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хандаж буй хандлагад үнэлэлт, дүгнэлт өгч, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хуульд нийцсэн. Учир нь, Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршсон байдаг. Энэ зорилгод нийцсэнээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үзүүлэлтүүд байдаг. Иймд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь шударга ёсны зарчимд нийцсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Шүүгдэгч Ш.Р- нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар /Рашаант/ багийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.К-г “сонгуульд миний дэмжиж буй хүнд саналаа өгөөгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан, дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Ш.Р- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Р-йг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
11. Шүүгдэгч Ш.Р-йн дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Р-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
12. Шүүгдэгч Ш.Р- нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдгээр заавал тухайн холбогдсон гэмт хэргийн ялын дээд хэмжээг оногдуулж байгаа нь шударга бус байна. Надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр оногдуулсан байгаа нь Дэлүүн суманд ажиллаж, амьдардаг миний хувийн байдлыг дордуулах санаатай ял шийтгэсэн. Шүүхийн надад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгч тус болно уу.” гэж давж заалдах гомдол гаргажээ.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ.
Иймээс анхан шатны шүүхийн энэ талаарх хуульд заасан нийтлэг журам, үндэслэлүүдийг баримтлан шүүгдэгч Ш.Р-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймээс шүүгдэгч Ш.Р-йн “Шүүхийн надад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгч тус болно уу ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Харин шүүгдэгч Ш.Р- нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын төв буюу 5 дугаар багт оршин суудаг болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Р-д оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд эдлүүлэхээр тусгайлан тогтоосныг хасаж өөрчилж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг ийнхүү шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ.
15. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд” гэснийг хасаж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заасныг тус тус удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд” гэснийг хасаж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Ш.Р-йн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.Отгонхишиг
ШҮҮГЧ Д.КӨБЕШ