Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.З холбогдох 1826001330083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 17-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ******* овгийн Б.З

Шүүгдэгч Б.З нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01-02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Арвай” нэртэй рестораны орчимд хохирогч Б.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Б.П ирээд гэнэт намайг цохисон учраас миний уур хүрээд буцаагаад цохисон. Хохирол төлбөрт 100000 төгрөг төлсөн. Би гэм буруугаа хүлээж байна. Буруу зүйл хийснээ ухаарч байна гэв.

Хохирогч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед Б бид 2 Хууль зүйн үйлчилгээний төвийн хажуу талд миний машины бензин дуусаад бид такси авах гээд зогсож байтал гэрэл зурагчингийн ар талаар тойроод 2 залуу, 1 хүүхэн гарч ирж байсан ба тэр залуучуудтай ямар ч хэрүүл маргаан гаргаагүй. Тэгээд *******т би энэ залууг цохьчих уу? гэхэд Б наад залуугаа цохь цохь гэхээр нь би дээрээ үсээ боосон байсан өндөр залууг нь зүүн талын шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл намайг нэг нь цохисон бололтой нэг мэдэхэд би газар ойчсон байсан. Миний дээр 2 залуу нь өшиглөөд байсан. Тэгээд би Б гээд орилоход намайг сонсохгүй цаад талд нь нэг хүүхэнтэй зууралдаад байсан. Тэгэхээр нь би арай хийж босоод өмсөж явсан куртикээ орхиод зугтаасан. Манай эхнэр түргэн дуудаж би эхнэрийн хамт эмнэлэг орж үзүүлсэн. Миний баруун талын нүдний доод хэсэгт 4 оёдол тавьсан ба тархи доргисон байсан. Намайг тухайн үед дээрээс хүмүүс овоорчихсон л өшиглөөд байсан. Би тухайн үед 2 залуу байна гэж бодсон. Гэтэл нэг залуу нь салгах гэж байсан залуу байсан юм байна лээ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед би ч гэсэн согтуу байсан учир өөрөө эхэлж зүгээр байсан хүнийг цохиж авсан нь миний буруу. /хх-ийн 8-11 хуудас/,

Гэрч Ц.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 03 цаг 25 минутад хүлээн авах дээр Б.П, 25 настай, эрэгтэй Арвайхээр сумын 3-19-08 тоотод оршин суух, баруун талын хацар хэсэгт ярагдсан шархтай, бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, баруун талын хавирганы нумаар өвдөнө, толгой хавдсан, толгой өвдөнө гэх зовиуртай нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн. Рентген зураг авахуулахад өөрчлөлтгүй гарсан. /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би Б.П-н машины хажууд зогсож байтал Арвай лоунжийн урд талаас манай хамаатан Б.З болон түүний эхнэр Л, бас нэг танихгүй залуутай гурвуулаа бид нар дээр ирээд Б.З ах сайн уу? Ажил сайн уу? гэж мэнд мэдсэн. Б.П Б.З болон түүнтэй хамт явсан залуу хоёрыг мөрлөчихөөд буцаж над дээр ирээд би танай хоёр дүүг цохичих уу? гэхээр нь би араа даавал цохихгүй юу гэхэд Б.П, Б.З-г юм хэлэлгүйгээр зүүн хацар руу нь баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохиход Б.З газар тулаад босч ирээд зөрүүлээд Б.П-г баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиход Б.П газар унасан. Намайг зогсож байхад Б.З-н эхнэр Л гүйж ирээд дүүгээ хүнд яагаад цохиулж байгаа юм бэ? гээд миний куртикнээс татсан. Тэр хооронд Б.З нь Б.П-г өөрөөр зодож цохисныг хараагүй. Л-н гарыг тавиулаад тэр хоёр дээр очиход Б.П-н өмсөж явсан куртик нь толгой дээгүүр нь бүтээсэн байдалтай, Б.З Б.П-г цохих гээд дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан. Б.П куртикээ тайлж хаяад талбайн тэнд байсан такси руу гүйгээд орчихсон. Тэр машины түлхүүр нь зоолттой байсан юм шиг байна лээ. Б.П асаагаад хөдлөөд явсан. Араас нь машины эзэн өөр таксины хүмүүстэй хөөгөөд явсан. Би таксинд суугаад ганцаараа гэр рүүгээ явсан. /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Ц.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 02 цаг өнгөрч байхад Б.П гэртээ ганцаараа ирсэн. Баруун талын шанаа хэсгээс нь цус гарчихсан, урагдсан байсан ба эмнэлэг дуудаж түргэний тэрэгтэй эмнэлэг орж үзүүлэхэд баруун шанаа хэсгийн шарханд нь 4 оёдол тавьсан. Рентгэн зураг авахуулахад тархи доргисон, зүүн талын 1 ширхэг хавирга гулзайсан байна гэж байсан. Би нөхрийгөө хэнтэй гэртээ ирсэн талаар мэдээгүй. Гэртээ дөнгөж орж ирээд ухаан алдаад ойчсон болохоор би цагдаа дуудсан. Гэртээ орж ирээд хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Манай нөхөр Б.П гэртээ орж ирээд байж байтал араас нь 4-5 минутын дараа баахан эрэгтэй хүмүүс ирээд манай гэрийн хаалгыг цохиод чи гараад ир, хаалгаа тайл, уулзъя гээд байсан ба машины түлхүүрээ авъя гээд байхаар нь би нэг машины түлхүүрийг 10000 төгрөгтэй гэрийн тооноор шидэж өгсөн. Тэгтэл түлхүүрээ авсан бололтой яваад өгсөн. Хэдэн машинтай хэдэн хүн байсан талаар мэдээгүй. Нэлээн хэдэн эрэгтэй хүн л байх шиг байсан. Б.П цамцтай ирсэн ба цамцны суга нь урагдсан байсан. Тэгээд сүүлд нь зодуулсан гэх газраас нь куртикийг нь авахад урагдаж цус болчихсон байсан. /хх-ийн 21-22 хуудас/,

Гэрч П.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Л.Б, Б.П нар нэлээн согтуу байсан. С.Л, Б.З нар тухайн үед нэг их согтуу байгаагүй. Гэхдээ архи уучихсан л байсан. Би эрүүл байсан. Эхлээд Б.П гэх залуу Б.З-г нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би Б.П-г нь түлхээд хайс руу налуулахад араас Б.З миний хажуу талаар орж ирээд Б.П гэх залуугийн цээж хэсэгт нь цохисон. Хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Би С.Л-г хойш нь таттал Б.З, Б.П-г өшиглөж газар унагаасан. Тэгээд намайг буцаж очоод салгах гэхэд Б.З гэх залуу Б.П-г газар хэвтэж байхад нь өшиглөөд байсан. Зодооныг Л.Б ах бид 2 салгасан. /хх-ийн 25-26 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ¹169 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Б.П-н биед тархи доргилт, баруун хацарт шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.П-н “Б.З-с хохирол төлбөрт 100000 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 85-86 хуудас/,

Шүүгдэгч Б.З-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/371 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-57 хуудас/,

Шүүгдэгч Б.З-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.З нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Арвай” нэртэй рестораны орчим хохирогч Б.П-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэг авагдсан хохирогч Б.П-н 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 01 цагийн үед намайг нэг нь цохисон бололтой нэг мэдэхэд би газар ойчсон байсан. Миний баруун талын нүдний доод хэсэгт 4 оёдол тавьсан ба тархи доргисон байсан. Гэрч Ц.Ө-н 2018 оны 03 дугаар сарын 09-ний 03 цаг 25 минутад эмнэлгийн хүлээн авах дээр Б-н П нь баруун талын хацар хэсэгт ярагдсан шархтай, баруун талын хавирганы нумаар өвдөнө, толгой хавдсан, толгой өвдөнө гэх зовиуртай ирсэн. Гэрч Л.Б-н Б.П, Б.З-г юм хэлэлгүйгээр зүүн хацар руу нь баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохиход Б.З газар тулаад босч ирээд зөрүүлээд Б.П-г баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиход Б.П газар унасан. Гэрч Ц.Л-н 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 02 цаг өнгөрч байхад Б.П баруун талын шанаа хэсгээс нь цус гарчихсан, урагдсан байдалтай гэртээ ганцаараа орж ирээд ухаан алдаад ойчсон. Би цагдаа дуудсан. Хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Би эмнэлэг дуудаж түргэний тэрэгтэй эмнэлэг орж үзүүлэхэд баруун шанаа хэсгийн шарханд нь 4 оёдол тавьсан. Гэрч П.Ж-н би Б.П-г түлхээд хайс руу налуулахад араас Б.З миний хажуу талаар орж ирээд Б.П-н цээж хэсэгт нь цохисон. Би С.Л-г хойш нь таттал Б.З, Б.П-г өшиглөж газар унагаасан. Тэгээд намайг буцаж очоод салгах гэхэд Б.З гэх залуу Б.П-г газар хэвтэж байхад нь өшиглөөд байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ¹169 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Б.П-н “Б.З-с хохирол төлбөрт 100000 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Б.З-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.П-д хохирол төлбөрт 100000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.П-д хохирол төлбөрт 100000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.