Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

      Б.А, Б.Ц нарт холбогдох

       эрүүгийн хэргийн  тухай

 

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

прокурор: Ц.Цэрэндулам,

цагаатгагдсан этгээд Б.А, Б.Ц нарын өмгөөлөгч Н.Энхтөр /цахимаар/, Ж.Чимэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэзаяа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/172 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэндуламын бичсэн эсэргүүцэлд үндэслэн, цагаатгагдсан этгээд Б.А, Б.Ц нарт холбогдох 2419002710309 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Цагаатгагдсан этгээд нарын биеийн байцаалт:

1.1.*,

Урьд нь Өмнөговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн тэнссэн харгалзах ялаар шийтгүүлсэн.  

1.2.*.

2.Б.А, Б.Ц нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн * нутаг дэвсгэрт байрлах “Хөх дэл” гэх газарт Тоёота приус 20 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Голд Монстер 1000 нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

3.Дорноговь аймгийн прокурорын газраас яллагдагч  Б.А, Б.Ц нарт холбогдуулан дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.А, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан Gold moster /голд мостер/ 1000 загварын металл хайгч 1 ширхгийг шүүгдэгч Б.А од буцаан олгож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Б.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

5.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 30 дугаартай эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Цагаатгах тогтоолыг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэгдүгээрт хэргийн бодит байдалтай нийцээгүй. 2-рт эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр бичсэн. Эсэргүүцлийн хууль зүйн агуулгаа танилцуулахаас өмнө прокурор эсэргүүцэл бичсэн шалтгаан нөхцөлөө танилцуулах нь зөв. Хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, ашиглах гэмт хэргийн улмаас үндсэн хуулиар хамгаалагдсан ард түмний өмчийн эрх ашигт халддаг, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулдаг, байгалийн тэнцэл алдагдуулдаг гэмт хэрэг учраас энэ төрлийн гэмт хэргийг тухайн орон нутагтаа таслан зогсоох зорилгоор эсэргүүцлийг бичээд яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг одоо ч үйлдэгдээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаад шүүхэд шилжүүлээд байгаа хэргүүд цөөнгүй байна. Иймд ямар нь шийтгүүлээд, ямар нь цагаатгуулаад яваад байна вэ гэдэг ойлголт дээр нэг мөр шударга ёсыг хангах үүднээс прокурорын эсэргүүцлийг бичсэн гэдгээ тайлбарлаж хэлье.  Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг үндэслэлээ тайлбарлая. Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байна гэж цагаатгах тогтоолд дурдсан. Прокуророос 2024 оны 06 дугаар сард Дорноговь аймгийн * нутаг дэвсгэр буюу Хөх дэл гэх газар алт гарч байна гэдэг цуу яриа дэгдсэн. Энэ цуу ярианы улмаас маш олон тооны тээврийн хэрэгсэлтэй иргэд тухайн Хөх дэл гэдэг газрын орчмоор цугларсан байсныг нутгийн иргэд цагдаагийн байгууллага болон орон нутгийн удирдлагууддаа мэдэгдсэнээр эндээс бүрэлдэхүүн гарсан байдаг. Цагдаагийн бүрэлдэхүүн очиход маш олон тооны иргэд цугларсан цагдаа ирж байгаа тухай мэдээлэл авч тал тал тийшээ тарсан. Ингээд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны тактикийн хүрээнд тухайн сумын төв дээр дээр байгаа гаднын дугаартай машин, тээврийн хэрэгслүүдийг шалгасан. Дорноговь аймгийн *  сумын нутаг дэвсгэрийн колонк дээрээс гаднын дугаартай буюу * Өмнөговь аймгийн дугаартай тээврийн саатуулагдсан. Энэ шалгах ажиллагааг *  сумын хэсгийн төлөөлөгч Төгөлдөр цагдаагийн алба хаагчийн хамт очиж шалгасан. Ингээд тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тухайн тээврийн хэрэгслээс металл хайгч багаж, газар ухах молдок зэрэг эд зүйл гарч ирсэн. Иймд *  суманд алт гарч байна гэдэг ярианы улмаас ирсэн гадны иргэд байна гэж үзэж тээврийн хэрэгсэл, хүмүүсийг саатуулж Дорноговь аймгийн цагдаагийн газар авчирсан. Ийм үйл баримт болсон байдаг. Эндээс прокурор юу гэж дүгнэж үзсэн бэ гэхээр А, Ц нар  Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байнга оршин суудаг, тэндээ ажиллаж амьдардаг ийм хүмүүс байсан. Тэгэхээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дорноговь аймгийн *  сумын нутаг дэвсгэр хүртэл 300-аад километр газрыг өөрсдийн унаа тэргээр зорьж ирж байгаа үйлдэл нь, тээврийн хэрэгсэл дотор металл хайгч, газар ухагч буюу  ашигт малтмал олборлоход шаардлагатай багаж техник хэрэгсэл байгаад байгаа үйлдэлд тулгуурлаад хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор Дорноговь аймгийн *  сумд ирсэн байна. Энэ гэмт хэргийг үйлдэх таатай нөхцөл байдлаа бүрдүүлсэн байжээ гэж прокурорын зүгээс дүгнэж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дэх заалт, 3.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр бэлтгэсэн байна гэж зүйлчилж хэргийг шилжүүлсэн. Хэрэгт авагдсан гэрч Төгөлдөрийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрч малчин Буянтогтохын мэдүүлэг, эд зүйл хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэрэг зүйлчлэлд тохирсон, нотлогдсон гэж прокурорын зүгээс үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Төгөлдөр * СЭН улсын дугаартай Субару постер маркийн тээврийн хэрэгсэл гэдэг  зүйлийг мэдүүлэгтээ дурдсан байдаг. Тухайн мэдүүлгийг үндэслэж гэрч Төгөлдөрийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд Төгөлдөр оролцохдоо тухайн үед маш олон тээврийн хэрэгслүүд байсан учраас тээврийн хэрэгслийн дугаарыг андуурч эндүүрсэн асуудал байгаа. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрчихсөний дараа надаас мэдүүлэг авсан учраас дугаарыг нь андуураад ярьчихсан асуудал байна. Харин эдгээр хүмүүс яг тухайн орон нутагт ирчихсэн байсан. Энэ хүмүүсийн тээврийн хэрэгслийг саатуулсан үйл баримт болсон юм аа гэдэг мэдүүлгийг өгсөн. Гэтэл шүүх гэрчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй учраас нотлох баримт гэж үзэхгүй гэж үзэж хэргийг цагаатгасан. Төгөлдөрөөс анх мэдүүлэг авахдаа түүнийг өөрийнхөө  мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх,хэрэв худал мэдүүлэг өгөх юм бол хариуцлага хүлээлгэх талаар сануулж мэдүүлэг авсан байдаг. Тэгэхээр Төгөлдөр хэсгийн төлөөлөгчийн хувьд, мөн хууль сануулж гарын үсэг зурж уншиж танилцаж мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангана гэж прокурорын зүгээс үзэж байна. Улсын дээд шүүхээс тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн мөрдөгчөөс гэрчийн мэдүүлэг авах нь нотлох баримтын шаардлага хангах уу, үгүй юү гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн практик байдаг, Үүнийг судалж үзсэн. Тэгэхээр тухайн нөхцөл байдалтай нь холбогдуулан яг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийсэн мөрдөгчийг тэр хэрэгт нотлох гэж мэдүүлэг авч байгаа байдал нотлох баримтын шаардлага хангах эсэх асуудал дээр дүгнэлт хийх байдлаар дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Гэтэл хэсгийн төлөөлөгч Төгөлдөрийн хувьд энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй, зүгээр саатуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн бие бүрэлдэхүүнд орж, энэ хүмүүсийг таслан зогсоох зорилгоор очсон. Бүрэлдэхүүнд явж байсан цагдаагийн албан хаагч гэдгийг цохож хэлэхийг хүсэж байна. Ийм учраас Төгөлдөрийн мэдүүлэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх, үнэлэхгүй байх зэрэг шаардлагуудыг хангагдаагүй. Түүний мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримт учраас Төгөлдөрийн мэдүүлэг болон гэрч Буянтогтохын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудыг үндэслэж хэрэгт авагдсан баримтуудад нийцэхгүй  цагаатгах тогтоол гарсан гэдэг үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлая. Хоёрдугаарт цагаатгах тогтоолд А, Ц нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн, төгссөн юм шиг биччихсэн. Энэ нь гэмт хэргийн шинжийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэдэг байдлаар дүгнэсэн байдаг. Гэтэл прокуророос эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх заалт,  3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж буюу гэмт хэрэг бэлтгэсэн гэж үзэж  зүйлчилж ирүүлснийг шүүх цагаатгах тогтоолдоо дүгнээгүй, төгссөн гэмт хэргийг бэлтгэсэн гэмт хэргээс ялгаж бичээгүй байгаад нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг тус тус бичсэн” гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Чимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар анхан шатын шүүхийн цагаатгах тогтоол буюу 172 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд оруулж байна. Прокурор 6 үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг. Тээврийн хэрэгсэл эд мөрийн баримтаар тооцох, хас үнэлгээ, байгаль орчны албан бичиг, гэрч Төгөлдөрийн мэдүүлэг гээд. Сая хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг дээрээ гэрч Төгөлдөрийн мэдүүлгийг онцолж ярьж байна. Төгөлдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ * СЭН дугаартай машинд үзлэг хийсэн тухайгаа мэдүүлсэн байдаг. Харин А, Ц нарын машинд үзлэг хийсэн талаараа мэддэггүй. Манай хоёр үйлчлүүлэгч анхан шатын шүүх дээр юу гэдэг вэ гэхээр энэ хүн байгаагүй, өөр хүн манай машинд үзлэг хийсэн гэж мэдүүлдэг. Тэгэхээр Төгөлдөрийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмаар авагдсан нотлох баримт биш юм. Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн молдок, алт хайгч байгаа. Молдокийг эд мөрийн баримтаар хураагдсан талаар хавтаст хэрэгт тэмдэглэл байхгүй. Мөн хэнийх нь мэдэхгүй бас нэг чихэвч байдаг, за тэрийг хэнийх вэ гэдгийг миний 2 үйлчлүүлэгч бас мэддэггүй, бид хоёр авч яваагүй гэдэг. Молдокийн хувьд Ариунболд тавилга суурилуулдаг ажилтай бөгөөд өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэдэг молдок гэж мэдүүлдэг. Алт хайгчийн хувьд хүний алт хайгчийг зарах зорилгоор авч явсан. Зарвал таван төгрөгийн ашигтай байх юм байна гэж үзээд аваад явж байсан гэдэг мэдүүлгийг өгдөг. Хэрэг болгон дээр хавтаст хэрэгт Буянтогтох гэж гэрч байдаг. Энэ хүний мэдүүлэг яг нэг өгүүлбэр, үсэг, цэг таслал алдаагүйгээрээ бүх хэрэгт авагдсан байдаг. Энэ хүн тэнд хүмүүс бужигнаж байсан гэдэг болохоос биш А, Ц нар манай сумд ирээд Хөх дэл гэдэг газар алт хайхаар ирчихсэн байсан гэж мэдүүлдэггүй. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж  хүсэх байна. Төгөлдөрийн мэдүүлгийг онцолж яриад байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван 11.6 дугаар зүйлийн 11 дэх заалтад мэдээллийн эх сурвалжлаа зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж заасны дагуу Буянтогтох болон Төгөлдөрийн мэдүүлэг нь нотлох баримтаар тооцох үндэслэл болохгүй юм гэдгийг хэлэх байна. Прокурор болохоор бүлэглэж гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн нь Төгөлдөрийн мэдүүлгээр нотлогдож байна, анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлдээ дүгнэлт хийсэнгүй, бэлтгэсэн байхад төгссөн гэмт хэрэг юм шиг дүгнэсэн байгаа нь буруу юм гэж байх шиг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна гэж үзэж байгаа учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байна.” гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Энхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор Хөх дэл гэдэг газар алт ухахаар бэлтгэсэн гэж үздэг. Гэтэл энэ газар Ц, А 2 очоогүй байхад алт ухахаар бэлтгэсэн гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Хөх дэл гэх газарт яг алт гарсан юм уу, ашигт малтмалын нөөцтэй газар юм уу гэдэг талаар нотолсон нэг ч баримт байдаггүй. Анхан шатны шүүхээс гэрч Төгөлдөр өөр зүйлийг мэдүүлсэн байна, Буянтогтох өөр зүйлийг мэдүүлсэн байна гээд гэрч Төгөлдөр мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байна гэж үзээд гэмт хэрэг үйлдсэн хангалттай нотлох баримт байхгүй байна гэж үзээд цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Хэргийн бодит байдал бол тухайн газар алт гарсан байна гэж сонсоод металл хайгч аваад очсон. Хамгийн гол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан байдаг. Энд хэргийн нотлогдох нөхцөл байдал гэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой. Ямар зорилгоор тэнд очсон бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон зүйл байдаггүй. Яах гэж очсон бэ гэж асуухаар нэг найзад металл хайгч байсан, түүнийг зарах гэж авч явсан гэдэг. Зарахаар авч явж байсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх гэж бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв байсан тул хэвээр үлдээж өгөхийг хүсье.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу прокурор Ц.Цэрэндуламын бичсэн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “яллагдагч Б.Ц , Б.А  нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн *  сумын сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх дэл” гэх газарт Тоёото приус-20 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Голд монстер 1000 нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүхээс “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаар шүүгдэгч нарын гэм буруутай болохыг тогтоож чадаагүй гэж үзэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Б.Ц , Б.А  нарыг цагаатгасан.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр бэлтгэсэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзсэн.

Учир нь, хэрэгт Дорноговь аймгийн *  сумын “Хөх дэл” гэх газар алт гарсан гэсэн яриа гарсантай холбогдуулж Дорноговь аймгийн *  хүмүүс олноор цугларсан үйл баримт болсон, иймд цагдаагийн байгууллагаас ажиллагаа явагдсан нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон /хх-13, 15, 17, 97/, энэ цаг хугацаанд шүүгдэгч Б.Ц , Б.А  нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Тоёота приус-20 маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08 цагийн үед ирж, Дорноговь аймгийн *  сумын колонк дээр зогссон үед нь цагдаагийн албан хаагчийн хийсэн шалгалтаар тус тээврийн хэрэгсэлд Gold monster 1000 загварын металл хайгч, дрилл/молдок байсныг илрүүлсэн /хх-4-11, 72/ ба мөрдөн шалгах ажиллагааны явцад алт хайх гэж ирснээ хүлээн мэдүүлцгээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсч байсан нь тогтоогдсон /хх-69-71/ байхад анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

6.Дорноговь аймгийн прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай яллах дүгнэлтэд “...тээврийн хэрэгслийг болон Голд монстер 1000 нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан...” гэж заасан боловч түүний хууль зүйн үндэслэл, үр дагаврыг шийдвэрлэх талаар тусгаагүй, мөн “эд мөрийн баримтаар Gold monster 1000 загварын метал хайгч 1 ширхгийг хураан авсныг хэргийн хамт хүргүүлэв” гэж бичсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “металл хайгч, молдок, чихэвч” гэж шинжлэн судлагдсан байхад шүүх эдгээр байдлыг тодруулаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

7.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А, Б.Ц нарыг гэрчээр асуусан мэдүүлгийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн хэдий ч энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, харин шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 16.9, 16.11 дугаар зүйлд заасны дагуу шинжлэн судлахаас татгалзсан, хүчингүйд тооцсон нотлох баримтыг шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж заасанд нийцэхгүй.  

8.Прокурорын эсэргүүцлийн “...Б.А, Б.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг бэлтгэсэн” гэсэн зүйлчлэлээр хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг төгссөн мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.  

Учир нь, прокурор яллагдагч Б.А, Б.Ц нарт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтдээ заасан зүйлчлэлийг шүүхээс өөрчлөөгүй байна.  

9.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/172 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А, Б.Ц нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.               

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         А.САЙНТӨГС

 

   ШҮҮГЧИД                          Н.БОЛОРМАА

 

                                                Д.МӨНХБҮРЭН