2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00760

 

 

 

 

          2026             01              15

   192/ШШ2026/00760

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:**************** хаягт байрлах, У  ХХК /рд: ***********/ 

Хариуцагч: Ха***************тоот хаягт оршин суух, Бор овогт П-ийн Б- /рд: ***********/  

Нэхэмжлэлийн шаардлага: Авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах, 1,902,791 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: **** УБЗ улсын дугаарын үнэд 76,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ц,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч У  ХХК нь хариуцагч П.Б-д холбогдуулан Авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах, 1,902,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

П.Б- болон У  ХХК нь “Бараа солилцоогоор худалдах, худалдан авах тухай” 17/17 дугаар гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулан Мерседес Бенз G500 4×4 маркийн авто машиныг У  ХХК худалдан авах, төлбөрт мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрх, 2017 оны ургацын улаан буудайгаар өгөхөөр тохиролцсон. Тус гэрээний үүрэгтэй холбогдуулан П.Б- нь Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, У  ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган дараах байдлаар шийдвэрлүүлсэн. Үүнд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэр, Нийслэлиййн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01252 дугаар тогтоол зэрэг гарч дараах байдлаар шийдвэрлэсэн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн тогтоолд “Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийг баримтлан У  ХХК-иас 95,712,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 319,042,540 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 2,389,920 төгрөгөөс 2,231,723 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 158,197 төгрөгийг буцаан олгож, хариуцагч У  ХХК-иас 536,510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-д, П.Б-эс 70,200 төгрөг гаргуулж У  ХХК-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу П.Б-эс У  ХХК-д олгохоор шийдвэрлэсэн мөнгөн төлбөрийг хасаж үлдэх төлбөрийг П.Б-д төлж барагдуулсан бөгөөд өнөөдөр “Бараа солилцоогоор худалдах, худалдан авах тухай” гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр тооцоо дууссан.

Гэрээ байгуулах үеэс өнөөдрийг хүртэл П.Б- Мерседес бенз G500 4×4 маркийн авто машины өмчлөгчөөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хүссэн боловч шалтгаангүйгээр татгалзаж өмчлөх эрхэнд халдсаар байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шийдвэрт Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай дурдаагүй учир биелүүлэх боломжгүй, шийдвэрээ тодруулах хэрэгтэй гэсний дагуу Улсын Дээд шүүхэд “Авто машин өмчлөх эрхийг хэрхэн ойлгох талаар, Хяналтын шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01252 дугаар тогтоолд тайлбар хийж бидэнд тусална уу” гэсэн хүсэлт гаргахад тогтоол ойлгомжтой, тайлбарлах шаардлагагүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд П.Б-д Мерседес бенз G500 4×4 маркийн авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг У  ХХК-д шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү. Мөн нэхэмжлэгч авто машины татварын өр төлбөрт 1,902,791 төгрөгийг төлсөн тул хариуцагч П.Б-эс 1,902,791 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.     

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: П.Б- нь У  ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бараа солилцоогоор худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан WDB4632341×250535 арлын дугаар бүхий, Мерседес Бенз G500 маркийн авто машиныг худалдахаар тохиролцсон. П.Б- болон У  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Ц- нар найзууд бөгөөд тус авто машиныг худалдахаар тохиролцох үедээ тухайн авто машины **** УБЗ улсын дугаарыг П.Б-д буцаан өгснөөр өмчлөх эрхийг шиджүүлэхээр тохиролцсон боловч худалдан авагч тал өнөөдрийг хүртэл авто машины улсын дугаарыг П.Б-д шилжүүлж өгөөгүй байдаг. Иймээс худалдан авагч нь харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй байх тул авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Хэрвээ **** УБЗ улсын дугаарыг П.Б-д хүлээлгэн өгсөн тохиодолд асуудлыг эв зүйгээр шийдэх боломжтой.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тээврийн хэрэгслийн албан татварт 1,902,791 төгрөг нэхэмжилсэнийг эс зөвшөөрч байна. Монгол улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т албан татвар төлөгчийг Монгол улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасанчлан нэхэмжлэлд дурдсан 1,902,791 төгрөгийн албан татварыг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой. Мөн Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1252 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 13-т “...гэрээний зүйл **** УБЗ улсын дугаартай авто машиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 100,000 евротой тэнцэх мөнгөн хөрөнгийг шаардах эрх, 218,680.1 еврогийн үнэ бүхий улаан буудайг нийлүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна” гэж **** УБЗ улсын дугаарыг 2017 оны 5 дугаар сард солих хүсэлт гаргасан зэргээс үзвэл тус маргаан бүхий авто машиныг У  ХХК нь 2017 оны 5 дугаар сараас хойш эзэмшиж, ашиглаж байгааг нотолж байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан **** УБЗ улсын дугаарын үнэ төлбөрт 76,150,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: П.Б- нь У  ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Бараа солилцоогоор худалдах гэрээ” байгуулан WDB4632341×250535 арлын дугаар бүхий, бор саарал өнгийн Мерседес Бенз G500 маркийн авто машиныг худалдахаар харилцан тохиролцсон. Мөн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бий болсон тохиолдолд тус авто машины **** УБЗ улсын дугаарыг Мерседес Бенз G500 маркийн авто машинаас салгаж П.Б-д буцаан өгөхөөр амаар тохиролцсон. Гэвч худалдан авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл бүрдсэн гэх боловч тохиролцсоны дагуу П.Б-ийн Мерседес Бенз G500 маркийн авто машинд байсан **** УБЗ дугаарыг одоо болтол буцаан өгөөгүй, хэрхэн буцаан өгөх талаар огт дурдаагүй байдаг. Улсын Дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1252 дугаар тогтоолын Хянавал хэсгийн 13-т “...гэрээний зүйл **** УБЗ улсын дугаартай авто машиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 100,000 евротой тэнцэх мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй, 218,680.1 еврогийн үнэ бүхий улаан буудайг нийлүүлсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна” гэж тус маргаан бүхий авто машиныг У  ХХК-д шилжүүлэхэд **** УБЗ дугаартай байсныг нотолж байна. Л.Ц- нь авто машины эзэмшлийг шилжүүлэн авч өмчлөгч П.Б-ийн зөвшөөрөлгүй, эрхгүй этгээд атлаа хууль бусаар **** УБЗ улсын дугаарыг 9999 УНӨ, *** УБЦ гэж тус тус өөрчилсөн байдаг. Цаашлаад Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.1-т зааснаас үзвэл У  ХХК нь П.Б-д **** УБЗ улсын дугаарыг буцаан өгөх эрх бүхий этгээд биш тул шүүхэд **** УБЗ улсын дугаарыг П.Б-ийн өмчлөлд хэвээр үлдээхийг даалгах нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Дээрх журмын 12.5-т “Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна” гэж заасан. Авто тээврийн үндэсний төвийн улсын дугаарын дуудлага худалдааны https://auction.transdep.mn/ сайт ажиллагаатай байх ба 4 ижил цифр бүхий авто машины улсын дугаар өмнөх дуудлага худалдаагаар хэдэн төгрөг хүрч буй талаар үүнийг албан ёсны мэдээллийг буюу **** *** улсын дугаар зах зээлийн ханш, дуудлага худалдааны жишиг нь хэдэн төгрөгтэй дүйж буй талаар албан ёсны төрийн байгууллагаас мэдээлэл байхгүй байна. Харин itoim сайтын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нийтлэлд **** *** улсын дугаар дуудлага худалдаагаар 76,150,000 төгрөгт хүрсэн болохыг нийтэлжээ. Иймд Ургац хүүдэр ХХК-иас **** УБЗ улсын дугаарын үнэд 76,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд **** гэдэг улсын дугаарыг буцааж өгөхөөр амаар тохиролцсон гэж худлаа ярьж байна. Улаанбаатар хотод Эм Эс Эн гээд бенз зардаг газарт очиход энэ машины үнийг мэдэх боломжтой байсан. Б- нь Брабус гэж үнэтэй тоноглолоор тоноглосон, ийм гоё номертой гэж тайлбарласан. Тэр үед ах нь талийгаач н.Батхүү гээд Зам тээврийн сайд байсан. Тэгээд Зам тээврийн яам номер хуваарилдаг байхад эд нар 99, 11, бүх азтай 55 дугаарыг эд нар авч зүүдэг байсан. “Чи хэзээ ч ийм дугаар авч чадахгүй, энэ дугаарыг манай ах авч өгсөн, ийм дугаар ганцхан бид нарын машинд байдаг, ийм давуу талуудтай учраас энэ машин 300,000 евро” гэж надад хэлсэн. “За авъя” гээд эхлээд 100 мянган долларыг нь бэлнээр өгөөд, үлдэгдлийг нь улаан буудайгаар тооцоо хийгээд дууссан чинь гэнэт алданги өчнөөн юм нэхээд өөрсдөө намайг шүүхэд өгсөн. Эхнээсээ эд нар залилан хийсэн, Барбус тоноглол гэдэг нь худлаа зүгээр хаяг наачихсан байсан нь тогтоогдсон. 2017 онд **** улсын дугаар гэдэг чинь ийм байсан гээд Дээд шүүхийн тогтоол байна. Машины дугаар шилжүүлсэн гээд байгаа нь худлаа. Б- нь Авто тээврийн газарт ажиллаж байгаа хүн рүү утасдаад намайг очоод солиулчих гээд дугаарыг солиулсан байдаг. Сөрөг нэхэмжлэлдээ 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А222 дугаар тушаалаар баталсан гэж тайлбарлаад байна. Хэдий Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна гэж заасан байдаг. Үүний дагуу **** УАР гэдэг дугаарыг дуудлага худалдаагаар оруулсан байна. Гэхдээ тухайн өдөртөө 2021 оны 2 сарын 17-ны өдрийн байдлаар 76,150,000 төгрөгт хүрсэн. Энэ үнээр **** гэдэг дугаар зарагдаагүй, ийм үнэ хүрсэн гэдэг нь үзлэгээр илэрсэн байна. **** УАР дугаарыг өнөөдөр 2025 онд 76 сая төгрөгөөр үнэлж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй. Тэгэхээр сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа **** УБЗ улсын дугаарыг 76,150,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: У  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Улсын дээд шүүхийн 03/3679 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх 5/, У  ХХК-ийн 24/26 тоот Монгол Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргах нь албан бичиг /хх 6-7/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/01252 дугаар тогтоол /хх 8-12/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2022/01667 дугаар шийдвэр /хх 13-15/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2022/01825 дугаар магадлал /хх 16-19/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 182/ШЗ2024/10515 дугаар захирамж /хх 20-22/, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 23/, Итгэмжлэл /хх 47, 80/, Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай /хх 70/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 73/, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг өөрчлөх тухай /хх 107/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Хариу хүргүүлэх тухай 3182 тоот албан бичиг /хх 134/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1667 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх 135-149/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/ТМ2022/02039 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх 150-153/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 001/ТМ2022/01371 дугаар тэмдэглэл /хх 154-157/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 128/ШЗ2025/8291 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж /хх 158-159/,            

 

6. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэмжлэл /хх 29, 88-90/, Хариу тайлбар /хх 56/, Бараа солилцоогоор худалдах гэрээ /хх 57-58/, Сөрөг нэхэмжлэл гаргах тухай /хх 95-96/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 98-101/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай 221/ШТ2025/0780 дугаар тогтоол /хх 117-118/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг буцаах тухай 128/ШЗ2025/7206 дугаар захирамж /хх 119-120/, Нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар /хх 129/    

 

7. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн.Үүнд:Нэхэмжлэгчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №2 тоот албан бичгээр *** УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 60-61/,  Хариуцагчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/1211 тоот албан бичгээр **** УБЗ улсын дугаарыг хэдэн төгрөгөөр худалдсан талаарх мэдээллийг /хх 128/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх 165-168/,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бараа солилцоогоор худалдах 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17/17 дугаар гэрээгээр худалдан авсан Мерседес бенз G500 4×4 маркийн авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг У  ХХК-д шилжүүлэн өгөхийг П.Б-д даалгаж, авто машины татварт төлсөн 1,902,791 төгрөгийг П.Б-эс гаргуулна гэж тайлбарласан.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Мерседес Бенз G500 маркийн авто машиныг худалдан авагч нь тухайн авто машины **** УБЗ улсын дугаарыг П.Б-д буцаан өгөх үүргээ биелүүлээгүй тул авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Монгол улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар 1,902,791 төгрөгийн албан татварыг нэхэмжлэгч өөрөө төлөх ёстой гэж хариуцагч татгалзсан.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Мерседес Бенз G500 маркийн авто машины **** УБЗ улсын дугаарыг Мерседес Бенз G500 маркийн авто машинаас салгаж П.Б-д буцаан өгөхөөр амаар тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй байх тул уг дугаарын үнэ 76,150,000 төгрөгийг У  ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг **** гэдэг улсын дугаарыг буцааж өгөхөөр амаар тохиролцсон гэдэг нь худлаа. Би авто машиныг Брабус гэж үнэтэй тоноглолоор тоноглосон, **** УБЗ гэсэн гоё улсын дугаартай гэж үзэж өндөр үнээр худалдаж авсан. Мөн өнөөдөр буюу 2025 онд **** гэдэг улсын дугаарыг 76,150,000 төгрөгөөр үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

 

6. Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01667 дугаартай шийдвэрээр П.Б-ийн нэхэмжлэлтэй У  ХХК-д холбогдох Бараа солилцоогоор худалдах гэрээний үүрэгт 414,754,666 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Мерседес Бенз G500 маркийн авто машины үнийг 180000 еврогийн үнэтэй болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091 төгрөгийг, улаан буудайн урамшуулалд авсан 39,710,400 төгрөг нийт 156,993,491 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг У  ХХК-иас 236,167,627 төгрөг гаргуулан П.Б-д олгож, 178,587,039 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, П.Б-эс 39,710,400 төгрөг гаргуулан У  ХХК-д олгож, гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Мерседес Бенз G500 маркийн авто машины үнийг 180000 еврогийн үнэтэй болохыг тогтоолгож, илүү төлсөн 117,283,091 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлалаар У  ХХК-иас 16,289,526 төгрөг гаргуулан П.Б-д олгож, үлдсэн 398,465,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01252 дугаар тогтоолоор У  ХХК-иас 95,712,126 төгрөг гаргуулан П.Б-д олгож, үлдсэн 319,042,540 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэгэнт талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн Бараа солилцоогоор худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийн биелэлтийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Хэрэв У  ХХК нь Мерседес Бенз G500 маркийн авто машины **** УБЗ улсын дугаарыг П.Б-д буцаан өгөхөөр талууд тохиролцсон бөгөөд энэ талаар маргаантай байсан бол дээрх гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

Дээрх П.Б-ийн нэхэмжлэлтэй У  ХХК-д холбогдох иргэний хэргийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2022/01252 дугаар тогтоолын хянавал хэсгийн 14.2-т “...Талуудын тайлбараас үзвэл гэрээний зүйл болох авто машины үнийг тогтооход машины марк, өнгө, үйлдвэрлэгдсэн он, ашигласан хугацаа, машины дугаар, брабус тоноглол зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Эдгээр үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас уг машин нь үнийн хувьд энгийн машинаас илүү үнэтэй байсан нь тогтоогджээ.” гэж тусгагдсан байгаагаас үзэхэд  П.Б- нь Мерседес Бенз G500 маркийн авто машиныг **** УБЗ улсын дугаартай нь У  ХХК-д худалдсан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2022/01825 дугаар магадлалд ...”нэхэмжлэгч гэрээний зүйл болох **** УБЗ улсын дугаартай авто машиныг хариуцагч талд шилжүүлэн өгсөн тухайд талууд маргаагүй” гэж дүгнэсэн байна.

Мөн У  ХХК нь Мерседес Бенз G500 маркийн авто машины **** УБЗ улсын дугаарыг П.Б-д буцаан өгөхөөр тохиролцсон гэх үйлдэл нь цаг хугацааны хувьд дээрх шүүхийн шийдвэр гарсны дараа бий болсон гэж үзэх боломжгүй.

Иймд Мерседес бенз G500 4×4 маркийн авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг У  ХХК-д шилжүүлэн өгөхийг П.Б-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.2. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна гэж заажээ.

У  ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг хэлцлийн дагуу өөрийн мэдэлд авч 2017 оноос хойш бодитоор эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул тээврийн хэрэгслийн 2018-2025 оны татварын 1,902,791 төгрөгийг П.Б-эс гаргуулах үндэслэлгүй байна.

6.3. Нөгөө талаар Мерседес Бенз G500 маркийн авто машины **** УБЗ улсын дугаарыг П.Б-д буцаан өгөхөөр талууд амаар тохиролцсон тухайгаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Мерседес Бенз G500 маркийн авто машиныг **** УБЗ улсын дугаартай нь У  ХХК-д худалдсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхээр байна.

Иймд У  ХХК-иас тээврийн хэрэгслийн **** УБЗ улсын дугаарын үнэ 76,150,000 төгрөг гаргуулах тухай П.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,597 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Мерседес бенз G500 маркийн авто машины өмчлөх эрхийн гэрчилгээг У  ХХК-д шилжүүлэн өгөхийг П.Б-д даалгаж, П.Б-эс тээврийн хэрэгслийн татварын 1,902,791 төгрөг гаргуулах тухай У  ХХК-ийн нэхэмжлэлийг, У  ХХК-иас 76,150,000 төгрөг гаргуулах тухай П.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 115,597 төгрөг, хариуцагчийн төлсөн 538,700 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-эс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан У  ХХК-д олгосугай.     

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРСҮРЭН