Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 679

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Онон,

           Шүүгдэгч: Т.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805007140701 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т.Б, 1978 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..... тоотод оршин суух, урьд 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд хохирогч Б.Сын толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө С гэх залуутай маргалдаж толгойн тус газар нь пивоны шилээр цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 21-22 цагийн хороонд найз Аийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд орж хүний 2, 2 шил пиво авч уугаад баарны хаалганы баруун талын ширээн дээр суусан. 00 цагийн үед би ганцаараа бүжгийн талбай дээр бүжиглэж байтал манай ширээний урд найз Атэй үл таних 40 орчим насны сахалтай эрэгтэй хүн урдаас нь харчихсан маргалдаад байх шиг байхаар нь юу болсоныг мэдэхээр ширээн дээрээ очоод ширээ рүүгээ яв гэж хэлээд би ширээн дээрээ суутал удалгүй гэнэт толгой дээрээс нэг юм тас гээд нүүр рүү шингэн юм урсаад ороод ирсэн. Толгой манараад босоод иртэл Атэй маргалдаж байсан эрэгтэй гартаа пивоны шилний хагархай барьчихсан байсан. Энэ үед баарны хамгаалагч нар ирээд уг хүнийг бариад цааш нь авч яваад цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 21-22 цагийн хооронд хамт ажилладаг Сын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд орж хүний 2, 2 шил пиво авч уугаад бүжиглэсэн. 00 цагийн үед би ширээн дээрээ сууж байхад 40 гаран насны намхан халзан толгойтой эрэгтэй хүн над дээр ирээд намайг хүнтэй андуураад нэг хүний нэр хэлээд мөрөн дээрээс дараад цамцнаас татаад байхаар нь би хүнтэй андуураад байна гээд цээж рүү нь гараараа түлхээд зай автал С ирээд юун хүн бэ гэж асуухаар нь би танихгүй хүн байна, хүн андуурсан юм шиг байна гэтэл С уг эрэгтэйг ширээ рүүгээ яв гэж хэлээд суудал дээрээ суутал нөгөө ах бид хоёрын сууж байсан ширээний харалдаа ширээн дээрээс шилтэй пиво аваад манай ширээний урд миний яг урдаас хараад бүжиглэж зогсож байснаа гэнэт Сын толгой дээрээс ууж байсан пивоны шилээрээ цохьчихсон. Тэгтэл баарны хамгаалагч нар гарч ирээд Сыг цохьсон ахыг барьж аваад цааш нь аваад явсан. Сын толгойноос цус гарч байсан учир би 00-ын өрөө рүү авч ороод цусыг нь угаагаад эргэж гарч ирээд хамгаалагч нарт нь наад хүнээ битгий гаргаарай гэж хэлээд ширээн дээрээ суусан. Удалгүй цагдаа иртэл Сыг цохьсон ах та хоёрыг ална, харнаа гээд агсараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Шинжээчийн 1904 тоот дүгнэлтэд: “...Б.Сын биед тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Яллагдагчаар Т.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд ганцаараа орж 3-4 шил пиво авч уугаад бүжгийн талбайн урдаас хараад сууж байсан. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад 2-3 залуу намайг түлхээд хэрүүл өдөөд байсан. Нэг нь ширээн дээрээ очоод суухаар нь араас нь очоод яагаад байгаа юм гээд ярьж байтал хохирогч С араас ирээд намайг яв гээд хэл амаар доромжлоод хөөгөөд байхаар нь би ууж байсан пивоныхоо шилээр толгой руу нь нэг удаа цохьчихсон” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, Компьютер томографикийн оношилгоо /хх-н 28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-44/, хохирол төлсөн баримт /хх-н 52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд хохирогч Сын толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Сын: “...ширээний урд найз Атэй үл таних 40 орчим насны сахалтай эрэгтэй хүн урдаас нь харчихсан маргалдаад байх шиг байхаар нь юу болсоныг мэдэхээр ширээн дээрээ очоод ширээ рүүгээ яв гэж хэлээд би ширээн дээрээ суутал удалгүй гэнэт толгой дээрээс нэг юм тас гээд нүүр рүү шингэн юм урсаад ороод ирсэн. Толгой манараад босоод иртэл Атэй маргалдаж байсан эрэгтэй гартаа пивоны шилний хагархай барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, гэрч Б.Аийн: “...нөгөө ах бид хоёрын сууж байсан ширээний харалдаа ширээн дээрээс шилтэй пиво аваад манай ширээний урд миний яг урдаас хараад бүжиглэж зогсож байснаа гэнэт Сын толгой дээрээс ууж байсан пивоны шилээрээ цохьчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, шинжээчийн 1904 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ Алмаз бааранд хохирогч Сын толгой тус газар нь пивоны шилээр цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид хохирлын 260.000 төгрөг өгсөн /хх-н 52/, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Быг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ хүүхдээ хардаг гэж мэдүүлсэн тул торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР