Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2020/01299

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01299

 

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01049 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.С-, Х.З- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 77 261 934 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхмаа, Х.Тэмүүжин, хариуцагч Н.С-, Х.З- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.С-, Х.З- нар нь Х- ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1090025626 дугаартай зээлийн гэрээ байгуулан 61 213 000 төгрөгийг жилийн 19,5 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Н.С-гийн Х- дахь 5001531418 дугаар дансанд зээлийг шилжүүлсэн. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, ГД:000461669 гэрчилгээний дугаартай, Ү-2204061657 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/, Б.Доржийн гудамж 13/1 дүгээр байр 17 тоот хаягт байрлалтай 51.44 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаасан.

Гэрээний хугацаанд хариуцагч нь зээлд 891 492 төгрөг, хүүд 30 566 843 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 964 төгрөг буюу нийт 31 460 300 төгрөгийг төлсөн.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчиж зээл, хүүгийн төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 542 хоног хугацаа хэтрүүлээд байна. Нэхэмжлэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж, гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч биелүүлээгүй. Иймд зээл 60 321 508 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх хүү 16 921 096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 330 нийт 77 261 934 төгрөгийг Н.С-, Х.З- нараас гаргуулж өгнө үү. Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон/13361/, Б.Доржийн гудамж, 13/1 дүгээр байр 17 тоот хаягт байршилтай 51,44 м.кв талбайтай 2 орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Х.З- нь Х-ны аль ч салбараас ямар нэгэн зээл аваагүй бөгөөд харин эгч Н.С-тай цуг тооцооны төв дээр очиж зээлийн гэрээ хийхээр болоход зээлийн эдийн засагч болох н.Дэлгэрдалай нь чи ч бас гарын үсэг зурчих зүгээр чамд энэ зээл хамаагүй гээд байхаар нь зурчихсан юм. Энэ зээлийг би аваагүй учир ямар нөхцөлтэй авсаныг мэдэхгүй, гэрээнд гарын үсэг зурснаас өөр авсан зүйлгүй. Зээлийн мөнгө миний дансанд ороогүй, нэг ч төгрөг аваагүй тул хариуцахгүй. Х-ны Хан-Уул тооцооны төвөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Н С- эгчийг миний эхнэр, бид хоёрыг хүүхэдтэй, намайг зээл авахыг хүссэн материал өгсөн мэтээр баримтууд гаргаж өгсөн байна. Мөн тус Х-ны Хан-Уул тооцооны төвийн зээлийн эдийн засагч Дэлгэрдалай нь Н.С- эгчээс зуучлалын мөнгө авах зорилгоор бусадтай хуйвалдан зээлийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн зээл олгож намайг илт хохироосон.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, холбогдох байгууллагаар нь шалгуулна гэжээ.

Хариуцагч Н.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Н.С- миний бие Х-ны Хан-Уул тооцооны төвөөс орон сууц худалдан авах зориулалтаар зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж 13/, 1 дүгээр байр, 17 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2204061657 дугаарт бүртгэлтэй, 51,44 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж ипотекийн 8 хувийн зээл авахаар зээлийн материалыг бүрдүүлж өөрийн танил Б Намуунаар дамжуулан түүний ах гэх Х-ны Хан-Уул тооцооны төвийн зээлийн эдийн засагч н.Дэлгэрдалайд өгсөн. Зээлийн материалыг зээлийн эдийн засагч нь хүлээн аваад Н.С- надтай уүлзаагүй, надаас ямар нэгэн баримт шаардаагүй миний бие тухайн тооцооны төвд очиж байгаагүй, ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зураагүй болно.

Дэлгэрдалай зээлийг авч бай он гараад 8 хувийн зээл рүү шилжүүлчихнэ гээд надаар болон миний дүү болох Х.З-аар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, зээлийг олгосон. Зээл авснаас хойш 33 423 205 төгрөгийг төлж байсан боловч 19,5 хувийн хүүтэй олгосон зээлийг 8 хувийн ипотекийн зээлд шилжүүлж өгөөгүй хохироосон. Н.С- миний бие 4 жилийн хугацаанд 33 423 205 төгрөгийг төлсөөр байхад үндсэн зээлээс 4 жилийн хугацаанд зөвхөн 891 492 төгрөгийг хасч 32 517 713 төгрөгийг хүүд авсаныг зөвшөөрөхгүй. Мөн тус Х-ны Хан-Уул тооцооны төвийн зээлийн эдийн засагч н.Дэлгэрдалай нь Н.С- надаас зуучлалын мөнгө авах зорилгоор бусадтай хуйвалдан зээлийн баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэн зээл олгож намайг илт хохироосон. Нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С-, Х.З- нараас үндсэн зээл 60 319 843 төгрөг, хүү 16 921 097 төгрөг, нийт 77 240 940 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С-, Х.З- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан хариуцагч Н.С-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204061657 дугаарт бүртгэлтэй, 000461669 дугаарын гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 13/1 дүгээр байр 17 тоот хаягт байршилтай, 51.44 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614 460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 544 155 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг зээлтэй ямар ч хамааралгүй хүнээр гарын үсэг зуруулж, холбогдох материалуудыг хуурамчаар бүрдүүлсэн, хуурамч нотлох баримтуудыг мэдсээр байж нотлох баримт болгон шүүхэд өгсөн зээлийн эдийн засагчийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан, шийдвэрлэгдээүй байхад шүүхээс хэргийг зохигчдыг оролцуулалгүй шийдвэрлэсэн.

Н.С-, Х.З- нараас нотлох баримт гаргуулах, гэрч болон гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтүүд гаргасаар байхад хууль буруу тайлбарлан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлээгүй. Дэлгэрдалайг гэрчээр эсвэл гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахад үндэслэлгүй тайлбар хийн татгалзсан.

Н.С-, Х.З- нар нэг гэр бүл биш, хүүхэдгүй, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа холбогдох лавлагааг албан ёсоор улсын бүртгэлийн газар, цагдаагийн байгууллагаас гаргуулахыг хүссэн боловч үндэслэлгүйгээр татгалзсан.

Х-наас Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 болон 2.3-д заасан зээлийн төгрөгийн жилийн суурь хүү дээр 3 хувийг нэмсэн тэнцүү хувьсах хүүгийн жил бүрийн өөрчлөлийг тэмдэглэсэн тэмдэглэлийг Х- ХХК-аас гаргуулах хүсэлтийг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хуульд заасан журмаар дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч нотлох баримтыг зөв үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Н.С-, Х.З- нарт холбогдуулан 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 1090025626 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 77 261 934 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх1, 64, 65/

Зохигчийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 61 213 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 16,5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н.С-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204061657 дугаарт бүртгэлтэй, Баяндүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 13/1 байр 17 тоот хяагтай, 51,44 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан, барьцааны зүйлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх17-20, 39/

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. /хх-64-65/

Зээлдэгч Н.С- 61 213 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан шаардлагуудыг гаргах эрхтэй юм.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой хэдий ч үүрэг гүйцэтгэх арга журам, хугацаа зэрэг нь тодорхой байж байж гэрээний тал үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжтой болох юм.

Хэрэгт авагдсан гэрээнээс үзэхэд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх хүүгийн хэмжээ тодорхойгүй. Талууд гэрээндээ 2016 оны 1 дүгээр сарын 1 өдрийг хүртэлх хугацаанд жилийн 16,5 хувийн хүүг тогтоосон байна. /хх12/

Гэрэээний 2.3-т зааснаар зээлийн хүүг талууд бичгээр өөрчилсөн талаарх баримтгүй. Иргэний хуулийн 451.1, 451.2 дах хэсэгт зааснаар зээл болон хүүгийн талаарх тохиролцоог бичгээр хийх бөгөөд гэрээнд өөрчлөлт оруулах болвол талууд мөн бичгээр тохиролцох юм.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь тодорхойгүй байх тул зээлдэгч нарыг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Талууд зээлийн гэрээний 2.2 -т 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү жилийн 16,5 хувь байхаар тохиролцсон. Иймд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлаж 16,5 хувийн хүүг 3 сар 4 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Бодолт хийн шалгаж үзэхэд сард төлөх хүүгийн хэмжээ 2 525 034, хоногт төлөх хүүгийн хэмжээ 28 056 төгрөг, нийт хүү 2 637 258 төгрөг байх бөгөөд 63 850 258 төгрөгийн үүргээс төлсөн 31 460 300 төгрөгийг хасч үлдэх 32 389 958 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагч нарын төлвөл зохих үүргийн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд мөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул Х.З-ыг хамтран Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 101/ШШ2020/01049 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 77 240 940 төгрөг гэснийг 32 389 958 төгрөг, 20 995 гэснийг 44 850 982 гэж,

-тогтоох хэсгийн 3 дахь заалтын 544 155 гэснийг 319 900 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД