| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05903/И |
| Дугаар | 192/ШШ2026/01387 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/01387
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин байрлах, О ХХК /рд:*********/,
Хариуцагч: *************** , Д ХХК-ийн байранд оршин байрлах, Ж ХХК-д /рд: *********/,
Нэхэмжлэлийн шаардлага: 19,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц,
Гэрч А.Б, Б.О, Г.Э,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн зөрчилд учирсан хохиролд 19,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэдэг сэрээт өргөгч машин эвдэрсэн тул тус машиныг засуулахаар 2024 оны 6 дугаар сард хариуцагч Ж ХХК-тай уулзсан. Улмаар хариуцагч нь манай байгууллагын сэрээт өргөгч машиныг манайх янзлах боломжтой, мөн сэлбэг захиалах шаардлагатай гэсний үндсэн дээр нэхэмжлэгч компани нь хариуцагчаас үйлчилгээ авахаар тохиролцсон. Хариуцагчийн хэлсний дагуу сэрээт өргөгч машины сэлбэг буюу моторын төлбөрт 9,250,000 төгрөг, ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч О ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 474009236 тоот данснаас хариуцагч Ж ХХК-ийн Хаан банк дахь 5087102733 тоот данс руу шилжүүлсэн. Ингэснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Гэвч хариуцагчаас 2024 оны 8 дугаар сард захиалсан сэрээт өргөгч машины мотор нь тохиролцсон хугацаандаа ирэхгүй удсаар 2024 оны 10 дугаар сард ирсэн бөгөөд хариуцагчийн өөрсдийн захиалж авчирсан мотор нь таарахгүй байна гэдэг тайлбарыг хэлсэн. Үүний улмаас нэхэмжлэгч компанийн сэрээт өргөгч машины моторыг сольж өгч чадаагүй, түүнчлэн ажил үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон.Дээрх асуудлаар хариуцагч компанид шаардлага тавьж байсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй, нэхэмжлэгч компанийн ажил удаан хугацаанд саатаж, цалгардсан учраас ажлаа үргэлжлүүлэхийн тулд аргагүйн эрхэнд өөр газраас сэрээт өргөгч машин түрээслэх болсон. Тиймээс нэхэмжлэгч нь Ш.Б- гэх хүнтэй 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр Mitsubishi загварын сэрээт өргөгч машиныг 6 сарын хугацаатайгаар, нэг өдрийн 150,000 төгрөгөөр тооцон түрээслэсэн бөгөөд уг түрээсийн гэрээний төлбөрт 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16,000,000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн.Хариуцагч компанитай уулзан гэрээний дагуу машины засварт шилжүүлсэн төлбөр 12,250,000 төгрөг, учирсан хохирол 19,000,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчаас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр машины засварын төлбөрт төлсөн 12,250,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн боловч хохирлын мөнгийг шилжүүлээгүй. Хариуцагч үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох сэрээт өргөгч машин түрээсийн төлбөрт төлсөн 19,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Манай компани нь БНХАУ-ын SDLG LONKING маркийн уул уурхай, зам засварын хүнд машин механизмыг Монгол улсад импортлон оруулж ирдэг албан ёсны дистрибьютор компани юм.Өөрийн оруулж ирсэн техникуудын засвар үйлчилгээг мөн хариуцан гүйцэтгэж ирсэн. Зарим тохиолдолд харилцагчийн хүсэлтээр өөрсдийн оруулж ирээгүй, Монгол улсад ашиглаж байсан хуучин техникийг сэлбэг захиалга хийх, засварлах тохиолдол байдаг. О ХХК нь 2024 оны 7 дугаар сард манай засварчдад өөрсдийн эвдэрсэн ашиглах боломжгүй техникийг авч ирж оношлуулсан бөгөөд сэрээт ачигч нь хэдэн онд үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, арлын дугааргүй, тухайн техникийн өөрийнх нь үйлдвэрийн биш сэлбэсэн мотор бүхий эвдрэлтэй сэрээт ачигчийг засварлуулах хүсэлт гаргасан.Манай засварчид үзээд арлын дугаар, марк нь мэдэгдэхгүй тул ойролцоо сэлбэгийг захиалаад засварлахыг оролдож болох талаар хэлсэн бөгөөд харилцагч зөвшөөрч ойролцоо сэлбэгийг захиалж, суурилуулан турших ажлыг эхэлсэн. Ийнхүү сэлбэгийн үнэ 9,250,000 төгрөг, ажлын 3,000,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сар 6-нд шилжүүлэн аваад сэлбэгийг захиалан авчирч уг эвдэрсэн сэрээт ачигчид тавьж туршсан боловч тохирохгүй байсан тул гэрээг цуцалж харилцагч О ХХК-д сэлбэгийн үнэ, ажлын хөлсийг бүхэлд нь буцаан шилжүүлж, эвдэрсэн техникийг хүлээлгэн өгсөн. Иймд техник засагдах боломжгүй бодит нөхцөл байдалтай байсан тул манайхаас засварын үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүй бөгөөд гэрээг цуцалж, харилцагчийн сэлбэг, ажлын хөлсний зардлыг 2025 оны 4 дүгээр сарын 8-нд бүрэн буцаан шилжүүлж барагдуулсан тул нэмж төлөх төлбөр, хүлээх үүрэггүй болно. Бидний зүгээс тухайн техник оношлогоо, тохирох сэлбэгийг эрж хайх, захиалах, сэлбэж тавихтай холбоотой өөрсдөөс гарсан зардлыг О ХХК-иас нэхэмжлээгүй, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж хөнгөлөлт үзүүлсэн. Тус техникийг Ж ХХК эвдсэн, гэмтээсэн зүйлгүй, О ХХК нь анхнаасаа эвдэрсэн ашиглах боломжгүй байдалтай техник авчирч засварлагдах боломжийг эрэлхийлсэн хүсэлтийг хүлээн авч засварлах боломжуудыг судлан туршихаар тохиролцсон болохоос засварлах баталгаа гаргаагүй болно. Арлын дугаар нь мэдэгдэхгүй, дахин сэлбэж угсарсан техникийг бүрэн засварлах баталгаа өгөх бодит боломжгүй болно. О ХХК нь өөрийн ачигч ашиглан гүйцэтгэх ажлаа хийхээр иргэн Ш.Б-тэй 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ” хийсэн байх бөгөөд тус гэрээг өөрийн сайн дурын үндсэн дээр байгуулсан байх тул Ж ХХК-ийг техник засварлаагүйн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Сэлбэгийн захиалгыг хийж байх үед буюу 2024 оны 8-10 сарын үед бидэнд огт мэдэгдэлгүйгээр өөрсдийн сайн дураар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гуравдагч этгээдтэй техник хөлслөх гэрээ байгуулан өөрсдийн ажлыг гүйцэтгэсэн нь Ж ХХК-д хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, итгэмжлэл /хх 4-5/, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, Нэхэмжлэх /хх 7, 12/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 8, 13-14/, Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх 9/, Гэрээ дүгнэсэн акт /хх 10/, Зураг /хх 11/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/19287 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 15-16/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд: Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /хх 18, 19-23/, Зураг /хх 24-25/, Хариу тайлбар гаргах тухай /хх 31-34/, Итгэмжлэл /хх 38-39/,
5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.э- гэрчийн мэдүүлэг авсан, хариуцагчийн хүсэлтээр О ХХК-ийн 26/004 тоот албан бичиг /хх 62/, А.б, Б.О- нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ж ХХК нь манай сэрээт өргөгч машиныг засварлаж өгөөгүйн улмаас бусадтай байгуулсан түрээсийн гэрээний төлбөр буюу гэрээнээс учирсан хохиролд 19,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: О ХХК нь иргэн Ш.Б-тэй 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ” хийж техник хөлслөн өөрсдийн ажлаа гүйцэтгэсэн нь Ж ХХК-д хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч О ХХК нь 2024 оны 6 дугаар сард сэрээт өргөгч машин засварлуулах ажлыг гүйцэтгэх хэлцлийг хариуцагч Ж ХХК-тай амаар хийж, сэлбэгийн үнэ 9,250,000 төгрөг, ажлын хөлс 3,000,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөгийг Ж ХХК-д шилжүүлсэн, хариуцагчийн захиалан авчирсан сэлбэг уг машинд тохироогүй тул дээрх гэрээг цуцалж, хариуцагч Ж ХХК нь сэлбэгийн үнэ болон ажлын хөлсийг О ХХК-д буцаан шилжүүлж, мөн эвдэрсэн машиныг О ХХК-д хүлээлгэн өгсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.
4.2. Ж ХХК-ийн 2024 оны 8 дугаар сард захиалсан сэрээт өргөгч машины мотор нь 2024 оны 10 дугаар сард ирсэн боловч нэхэмжлэгчийн сэрээт өргөгч машинд тохироогүй, нэхэмжлэгчийн ажил удаан хугацаанд саатсан тул өөр газраас сэрээт өргөгч машин түрээслэх болсон, Ж ХХК нь дээрх сэрээт өргөгч машиныг засварлаж өгөөгүйн улмаас О ХХК нь иргэн Ш.Б-тэй 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж сэрээт өргөгч машиныг 6 сарын хугацаатай түрээслэсэн, энэхүү түрээсийн гэрээний төлбөрт төлсөн мөнгийг Ж ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол гэж шаардаж байна.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1-т ”Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно” гэж заасан.
О ХХК нь Ж ХХК-тай байгуулсан сэрээт өргөгч машин засварлуулах тухай хэлцлийг амаар хийсэн байх тул гэрээний хугацаа тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, Ж ХХК нь тухайн машиныг хэдий хугацаанд засварлаж дуусгах байсан, хэзээнээс хугацааг тооцох тухай гэрээний гол нөхцөл тодорхой бус байгаагаас хариуцагчийг хугацаандаа гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн сэрээт өргөгч машиныг засварлах зорилгоор хариуцагчийн захиалсан сэлбэг ирэх хугацаа, ирсэн сэлбэг уг машинд тохирохгүй байсан гэх үйлдэлд хариуцагч буруутай болох нь баримтаар нотлогдоогүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч О ХХК нь эвдэрсэн машиныхаа гүйцэтгэж байсан ажлыг бусдаас машин түрээслэн өөрийн компанийн үйл ажиллагааг хэвийн явуулсан байхад энэхүү түрээсийн төлбөрийг зохигчдын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-д холбогдох 19,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН