Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар  2025/ДШМ/1076

 

2025          09             09                                                                                 2025/ДШМ/1076

 

                                                         Ж.Б-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Эрдэнэмөнх,

хохирогч Д.Б-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ий гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2406 00000 1906 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн Ж-гийн Б-, ............., /РД:............./,

Шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байранд үйл ажиллагаа явуулах “******” нэртэй үсчин гоо сайхны газарт Д.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдаж төмөр сандал өшиглөж Д.Б-ын хөлийн шилбэ хэсэгт онож, улмаар эрүүл мэндэд нь баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Ж-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Ж.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Д.Б- нь хохирол төлбөр, цаашид гарах хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд “хохирогч тал нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхтэй’’ гэж дурдсан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Б- нь “гомдолгүй, 2.200.000 төгрөгийг бүрэн хүлээн авсан” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх энэ мэдүүлэгт үндэслэн намайг цагаатгасан тогтоол гаргасан. Энэхүү нөхцөл байдал нь миний талаас хохирлыг сайн дураараа барагдуулсан, хохирогчийн зүгээс сэтгэл санааны болон бие махбодын хохирлыг нэхэмжлэх үндэслэл байгаагүйг илтгэнэ.

Давж заалдах шатны хуралдаанд тухайн хүн өмнөх мэдүүлгээсээ эрс зөрүүтэй байр суурь илэрхийлж, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхтэй хэмээн мэдүүлсэн нь санаатай ташаа, зөрчилтэй мэдүүлэг өгсөн байж болзошгүй юм. Миний эсрэг иргэний нэхэмжлэл гаргах зорилготой гэж үзэж байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан “нотлох баримтыг үнэлэх, хууль ёсны, шударга байдлыг хангах” зарчмыг зөрчиж байна.

Маргааны уг шалтгаан нь 2024 оны 02 дугаар сарын 29-нд миний итгэлцэл дээр тулгуурлан гаргасан санхүүгийн зээлийн асуудлаас үүдэлтэй юм.

Тухайн этгээд намайг санаатайгаар хуурч, итгэл төрүүлж, "өөрийн нэр дээрх бүх өрийг дарчхаад, зөвхөн чиний нэр дээрх зээлтэй үлдье, ганц туслаад өгөөч ямар ч асуудал үүсгэхгүй хайр нь сар бүр 325к асуудалгүй төлнө” гэх зэргээр ятган үнэмшүүлж, итгэл олж миний нэр дээр 8.000.000 төгрөгийн зээл гаргуулсан.

Харин зээл авсны дараа нөхөртэйгөө хамтран надаас зайгаа барьж сэтгэл санааны хувьд намайг хүчтэй дарамтад оруулсан. Үүнээс үүдэн сэтгэл хөдлөл, бухимдлын үед үүссэн сөргөлдөөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт үйлдэхэд хүргэсэн юм. Тэгэхдээ зээлийн мөнгийг тухайн этгээд өөрөө авсан, би нэг ч төгрөг ашиглаагүй юм.

Миний үйлдэл санаатай үйлдэл биш бөгөөд гэмт хэрэг биш, зөвхөн сэтгэлзүйн дарамтаас үүдсэн. Би хохирогчид хүндэвтэр хохирол учруулаагүй. Шүүхийн тогтоолд "хүндэвтэр хохирол санаатай учруулсан " гэж дүгнэсэн нь нотолгоонд тулгуурлаагүй бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолоор намайг цагаатгасан нь үүний илэрхий нотолгоо юм.

Прокурорын эсэргүүцлийн үндэслэл хангалтгүй, нотлох баримтаар баталгаажаагүй, эрүүл мэндийн хохирол тогтоогдоогүй нөхцөлд намайг гэм буруутайд тооцож торгох шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг үүсгэх үндэслэлгүй. Хохирогч өмнө нь "гомдолгүй" гэж мэдэгдсэн, мөн хохирол төлбөрийг бүрэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөлд дахин "сэтгэл санааны хохирол” нэрээр иргэний хэрэг үүсгэх нөхцөл бүрдэх ёсгүй гэж үзэж байна.

Энэхүү мэдүүлгийн зөрүү нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргах оролдлого хэмээн харагдаж байгаа тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхтэй гэх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгасан өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчээс гаргуулахаар заасан 2.200.000 төгрөгийг өгнө гэж тохирсон атлаа өгөөгүй. Дараагийн анхан шатны шүүх хуралдаанд хохирлоо аваагүй, гомдолтой гэж оролцсон. ...бэлэн 1.000.000 төгрөг өгсөн. Ажлын байрны түрээс гэж 1.200.000 төгрөг зээлээсээ аваад өгсөн. Тэр зээлийг нь би сар болгон төлөөд явж байна. ...” гэв.

Зээлтэй холбоотой асуудлыг өөр гэмт хэргийн шинжтэй асуудал гэж ярьж байна. Энэ талаарх гомдлоо гаргаад шалгуулах эрх нээлттэй. Өшиглөсөн сандал шууд хохирогчийн хөлийг оносон, эсхүл өөр зүйлд ойгоод хохирогчийн хөлийг нь цохисон эсэх нь тодорхойгүй байна гээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байсан. Ингээд хохирогчоос дахин мэдүүлэг авахад сандал нь ямар нэгэн зүйлд ойгоогүй хохирогчийн хөлийг оносон байдаг. Үүнийг шүүгдэгч үгүйсгээгүй байдаг. Ямар нэгэн байдлаар өшиглөсөн үйлдлийг санаатай учруулаагүй гэх үйл баримт хэрэгт байхгүй. Хохирогч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. Нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ж.Б-ий гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “******” нэртэй үсчин гоо сайхны газарт Д.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдан төмөр сандал өшиглөж Д.Б-ын хөлийн шилбэ хэсэгт онож, улмаар эрүүл мэндэд нь “Баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэсэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Б-ын “...хуучин нөхөр Наранцацралтай утсаар ярьж бид хоёрын дундаас гарсан 1 хүүтэй, хүү маань аавтайгаа хамт байдаг бөгөөд би хүүгийнхээ талаар ямархуу байгааг асуучхаад утсаа тасалсан. Тэгтэл Б- хажуу талаас ёжлох маягтай “ажлаа тараад чи нөхөр лүүгээ явах гэж байна уу” гэж асуухаар нь би хариуд нь “тиймээ би хүүдээ эм тариа аваачиж өгнө, бие нь өвдсөн байгаа” гэж хэлэхэд Б- уурлаад урд байсан үйлчлүүлэгч сууж үйлчлүүлдэг төмөр хөлтэй сандлыг өшиглөхөд миний хөлийг оноод миний хөл бэртсэн би айгаад ажлаасаа зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн.  ...Б- бид 2 2023 оны 10 дугаар сараас хойш ****** үсчний газрыг хамт ажиллуулж байгаа бөгөөд хааяа уулздаг байсан тул хамт амьдрахаар бодож байсан. ...Би 2024 оны 03 дугаар сард банкнаас Б-ий нэр дээр 8.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан бөгөөд тухайн зээлээ би өөрөө төлж байгаа. ...Б- ер нь их түргэн ууртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний биед халдаж хэд хэдэн удаа алгадаж байсан...” /хх 6, 10-11/,

Ж.Б-ий яллагдагчаар өгсөн “... “******” нэртэй үсчинд Б-ын хамт ажилладаг. Б- тухайн үед намайг хэл амаар өдөж хатгаад байхаар нь би уураа барьж дийлэхгүй урд байсан маникюрын сандлыг өшиглөсөн чинь Б-ын хөлийн шилбийг оночихсон юм. ...” /хх 56-57/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9685 дугаартай “...Д.Б-ын биед баруун шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх19-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүх шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон буюу эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Б- нь “...Санаатай үйлдэл байгаагүй, миний нэр дээр 8 сая төгрөгийн зээл авсны дараа нөхөртэйгөө хамтран надаас зайгаа барьж сэтгэл санааны хувьд намайг хүчтэй дарамтад оруулсан.  ...Би хохирол төлбөр төлсөн байхад иргэний журмаар хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнд гомдолтой байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн эрх зүйн онол, практикт гэм буруугийн болгоомжгүй болон санаатай үйлдэл нь гэм буруутай этгээд өөрийн хийж буй үйлдлээ урьдаас мэдэж, хүсэж хийсэн шинжээрээ ялгагдах бөгөөд хэрэгт авагдсан хохирогчийн “...төмөр хөлтэй сандлыг өшиглөхөд миний хөлийг оноод миний хөл бэртсэн би айгаад ажлаасаа зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн...”, шүүгдэгчийн “...би уураа барьж дийлэхгүй урд байсан маникюрын сандлыг өшиглөсөн чинь Б-ын хөлийн шилбийг оночихсон...” гэсэн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Ж.Б- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч хохирогчийг хуучин нөхөртэй нь хардсантай холбоотой байх бөгөөд шүүгдэгч Ж.Б- сэтгэл санааны хувьд дарамтад байсан, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Д.Б- “...хохирол барагдуулсан, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн бичиг /хх62 тал/ хийж өгсөн боловч анхан шатны шүүх хуралдаанд “...би огт мөнгө аваагүй, тэр үед гуйгаад байхаар нь тохироод хийж өгсөн ...” гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хохирлоо аваагүй, гомдолтой байна. ...” гэж мэдүүлэг өгч, маргаантай оролцсон байх тул анхан шатны шүүхээс холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, Иргэний хуульд заасан гэм хорын хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалтад нийцнэ.  

Иймд, шүүгдэгч Ж.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 3 дугаар талд “Э.Тэмүүжингийн” гэж, 4 дүгээр талд “хөнгөн хохирол” гэж 2 удаа техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тэмдэглэж, цаашид анхаарвал зохихыг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1139 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА