Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 104

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Г.Д, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Г.Д, ******* овогт Г. А  нарт холбогдох 1826000000103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Г.Д

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ял шийтгэлгүй, ******* овогт Г. А

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн газрын байранд 198 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 22 цаг 30 минутын орчимд автомашинд дайруулсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн газрын байранд 198 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...Д залгаад найз нь хүнд зодуулчихлаа чи “Хас” банкин дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ алхаад “Хас” банкин дээр яваад очтол “Хас” банкны довжоон дээр Довчинсүрэн ганцаараа сууж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр найзуудтайгаа уулзаад архи уусан. Тэгээд гэрийнхэндээ найзуудтайгаа хамт архи ууснаа нуугаад хэлээгүй. Ээждээ машинтай хүнд зодуулчихлаа гэж худлаа хэлсэн. Манай ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Ийм зүйл болно гэж бодоогүй. Г.А рүү залгаад намайг машинд дайруулсан, чи намайг гэрт хүргэж өгсөн гэж хэлээрээ гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.                                                    

Шүүгдэгч Г.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд уншиж сонсгосон зүйлүүд үнэн. Д ээжид машинд дайруулсан гээд хэлсэн. Ээж цагдаад мэдэгдсэн байна. Ээжид машинд дайруулсан гээд хэлчихээрээ гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Гэрч Г.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 22 цаг 30 минутын үед гэр рүү харих гээд Хас банкны гэрлэн дохионы хажууд явж байтал “Соната-6” маркийн машин миний баруун хөлөн дээгүүр дайраад зогсохоор нь яаж байгаа юм бэ гэтэл “...замаа харж байхгүй яасан юм...” гээд миний нүүр рүү 3 удаа цохичихоод машинаа унаад давхиад явсан. Би араас нь гүйтэл хөл өвдөөд өнхрөөд унасан. Улсын дугаарыг нь харж амжаагүй. Тэгээд найз Г.А-г дуудаад гэртээ хүргүүлж ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Г.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагийн үед Өв санаагийн зүүн талд байх цайны газар найз Г.А, С нартай уулзчихаад гадуур жаахан явж байгаад А-д очсон. Бид 2 тэнд PS-2 тоглож 0.75 литрийн “Харзтай” архи хувааж уусан. Тэгээд 18 цагийн үед манай найз П бид хоёр дээр халамцуу ирсэн. П дэлгүүрээс 0.75 литрийн Харзтай архи аваад бид гурав Г.А-д хувааж уусан. ... Нэг мэдсэн чинь миний баруун хөл өвдөөд гишгэж болохгүй байсан чинь ******* босоод ир гээд миний нүүр лүү нэг удаа цохиж авсан. ... Би А-р үүрүүлээд гэртээ ирсэн. ...гэртээ ирээд ээж *******т Хас банкны урд талд явж байгаад машинд дайруулчихлаа. Уг дайрсан машины жолооч миний нүүр рүү 3 удаа цохичихоод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд манай ээж цагдаад дуудлага өгсөн. Би тэгээд цагдаад шөнө мэдүүлэг өгөхдөө ээжид хэлснээрээ хэлж цагдаад худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Г.А-н 2018 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Г.Д залгаад найз нь хүнд зодуулчихлаа чи “Хас” банкин дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ алхаад “Хас” банкин дээр яваад очтол “Хас” банкны довжоон дээр Г.Д ганцаараа сууж байсан. Би хүнд зодуулсан гэхээр нь царайг нь хартал хамар нь хавдсан, мөн баруун хөл нь газар гишгэж чадахгүй байсан. ... Би тэндээс Г.Д-г үүрээд орцных нь үүдэнд хүргэж өгчихөөд гэр лүүгээ явсан. Надад хэнд зодуулсан талаараа яриагүй, би ч асуугаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Г.А-н 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Г.Д бид 2 хотын 14 цагийн автобусанд юм өгч явуулчихаад ахын машиныг зах дээр хүргэж өгчихөөд буцаад манайх руу алхаад явсан. ... Бид хоёрыг манайд ирэхэд 14 цаг өнгөрч байсан. Бид хоёр PS-2 тоглож байгаад 0.75 литрийн “Хараа” архи хувааж уугаад байж байтал манай найз болох П 17 цагийн үед ганцаараа манайд ирсэн. П манайд ирэхдээ 0.5 литрийн “Хараа” архитай ирээд бид 3 хувааж уучихаад гадаа гараад тамхи татаад зогсож байтал Г.Д, П-с хэрүүл гуйгаад байхаар нь П, Д-г баруун гараараа 2 удаа алгадаж авсан. Тэгэхээр нь та нар нэгэнтэйгээ яах гэж маргалддаг юм гээд гэр рүүгээ орчихоод гараад ирсэн чинь Д газар суучихсан байхаар нь асуусан чинь Д хий гишгэчихлээ хөл эвгүй болчихлоо гэсэн чинь П маяглаад бай бос гээд байхаар нь би өөрөө очоод Д-н хөлийг үзсэн чинь хавдчихсан байсан. ... Тэгээд би тэндээс Д-г үүрээд орцных нь үүдэнд хүргэж өгчихөөд гэр лүүгээ явсан. ... 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө Д миний утас руу залгаад би хүнд зодуулсан шүү чи над дээр ирээд гэрт хүргэж өгсөн гэж хэлээрээ. П-д зодуулсан гэж хэлээгүй гэхээр нь би гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон явдлыг үнэн зөвөөр яриагүй нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Анх Г.Д-н ээж *******ээс “...манай хүү Д-г “Хас” банкны урд уулзвар дээр машинтай хүн дайрчихаад зугтаасан байна...” гэсэн мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгасан. Тухайн гомдлыг шалгах үедээ Г.Д, Г.А нараас гэрчээр мэдүүлэг авахад тухайн үедээ энэ хүмүүс нь зам тээврийн осол гаргасан, машины жолооч нь зодчихоод яваад өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн. Г.А нь ч гэсэн энэ талаар мэдүүлэг өгч байсан. Тэгээд Д, А нараас гэрчээр дахин мэдүүлэг авах үед худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон. Худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон тул тухайн үйлдэлд холбогдох хэсгийг салгаж мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн. Одоо энэ хэрэг нь хэрэг бүртгэх тасагт эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байгаа. Тухайн үедээ П нь найз Д-г гэмтээсэн болох нь тогтоогдож тухайн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлж шийдвэрлүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Д-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр машинд дайруулж бусдад зодууллаа гэж худал мэдүүлэг өгсөн. Шалтгаан нь тэр өдөр би найз П маргалдаад цохиулах үедээ барилцаж аваад хөлөө гэмтээсэн юм. Тэгээд гэртээ орох үедээ машинд дайруулаад хүнд зодуулсан гээд хэлчихсэн чинь цагдаад дуудлага өгсөн. Тэр асуудлаар мэдүүлэг авахаар нь худлаа мэдүүлэг өгсөн юм. Худал мэдүүлэг өгсөн нь үнэн. Худлаа мэдүүлэг өгсөн нь буруу гэдгийг ойлгож байгаа. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Цагдаагаас Б гэж хүн яриад “...өчигдөр юу болсон талаар ирж мэдүүлэг өг...” гэж хэлэхээр нь би цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Цагдаагаас хүн ярихаас өмнө Г.Д өөрийнхөө дугаараас миний дугаар луу залгаад “...би урьд шөнө ээжид “Хас” банкны урд хүнд зодуулсан. Би чамайг дуудаж ирүүлсэн гээд хэлчихсэн шүү чи бас тэгээд хэлчихээрэй...” гэхээр нь би цагдаа дээр ирээд Д-н хэлснээр мэдүүлэг өгсөн юм. ... Дахиж өгсөн мэдүүлэг дээрээ болсон явдлыг үнэн зөвөөр нь ярьсан. ... Өөрийнхөө хуулийн мэдлэг дутуу байдлаас болж дараа нь гарах үр дүнг тооцолгүй худал мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/,

Илтгэх хуудас /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15, 33 дугаар хуудас/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 63-66, 68-71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн газрын байранд 198 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 22 цаг 30 минутын орчимд автомашинд дайруулсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн газрын байранд 198 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...Д залгаад найз нь хүнд зодуулчихлаа чи “Хас” банкин дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ алхаад “Хас” банкин дээр яваад очтол “Хас” банкны довжоон дээр Д ганцаараа сууж байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Г.Д, Г.А нарын мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан: шүүгдэгч Г.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг. /хх-ийн 20-21/, шүүгдэгч Г.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг, /хх-ийн 22-23/, шүүгдэгч  Г.А-н 2018 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг. /хх-ийн 24-25/, шүүгдэгч Г.А-н 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/, “... Г.Д, Г.А нараас гэрчээр дахин мэдүүлэг авах үед худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон. Худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон тул тухайн үйлдэлд холбогдох хэсгийг салгаж мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн. Одоо энэ хэрэг нь хэрэг бүртгэх тасагт эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байгаа. Тухайн үедээ П нь найз Д-г гэмтээсэн болох нь тогтоогдож тухайн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлж шийдвэрлүүлсэн байгаа...” талаар өгсөн гэрч Б.Б-н мэдүүлэг. /хх-ийн 43-44/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/, Илтгэх хуудас /хх-ийн 14/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15, 33/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Д, Г.А нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Г.Д, Г.А нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Д, Г.А нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Д, Г.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д, Г.А нарт барилгачин, будагчин чимэглэлчин мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацааагаар хасч, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Д, Г.А нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Д, Г.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч Г.Д, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г.Д, Г.А нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Г.Д, ******* овогт Г.А  нарыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт Г.Д, ******* овогт Г.А  нарт барилгачин, будагчин чимэглэлчин мэргэжлээр ажиллах эрхийг 6 сарын хугацааагаар хасаж, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Д, Г.А нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу   450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд  тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д, Г.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус дурьдсугай.

5. Шүүгдэгч Г.Д, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг  тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Д, Г.А нарт нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Д, Г.А нарт нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.