| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/0097/И |
| Дугаар | 157/ШШ2026/00117 |
| Огноо | 2026-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2026/00117
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х******* Л*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.П*******д холбогдох “2,491,624.56 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х******* Л*******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Зээлдэгч Л******* овогтой П******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 670 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Л******* овогтой П*******гээс Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг тус тус үндэслэн
Үндсэн зээл: 1,402,207.66 төгрөг
Үндсэн хүү: 963,729.91 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 125,686.99 төгрөг
Нийт: 2,491,624.56 /хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний "7 дугаар зүйлийн 7.1 талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулсанаар гэрээг дуусгавар болсонд тооцно" гэж заасан байна.
Талууд гэрээг 30 сарын хугацаатай байгуулсан байх ба энэхүү хугацаа нь зээлдэгч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлж дуусах хугацааг харилцан тохиролцож тогтоосон хугацаа байх ба гэрээний үүрэг бүрэн биелүүлж дуусах эцсийн огноог тодорхойлох хүрээнд байгуулсан ба харин дуусах хугацааг Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулснаар дуусгавар болохоор тохирсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд зээлээ хаах эрхийг энэхүү заалтаар олгосонтой адил мөн гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй бол үүрэг үргэлжлэх зохицуулалт буюу гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болоогүй байгаа тул гэрээ үргэлжилж байна гэсэн утга юм. Гэрээний 30 сард зээл хаагдаагүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээ тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байгаа ба шүүхийн журмаар гэрээг цуцалж гэрээний нийт хугацаа дахь үүргийг шаардаж байна.
Иймд Л******* овогтой П*******гээс ХЭ-БЗГ/2022-68384 тоот Барьцаат зээлийн гэрээний дагуу үүссэн 2,491,624.56 /хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б******* овогт Л******* П******* шүүхэд гаргасан тайлбартаа: “2,491,624.56 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х******* л*******” ХХК нь хариуцагч Л.П*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,491,624.56 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Л.П******* нь 2,491,624.56 төгрөгийг “Х******* л*******” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ХЭ-БЗГ/2022-68384 дугаартай барьцаат зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.П******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,491,624.56 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,491,624.56 /хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,816 төгрөгийн тавин хувь 27,408 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,408 төгрөгийг, хариуцагч Л.П*******гээс улсын тэмдэгтийн хураамж 27,408 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х******* Л*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Х******* л*******” ХХК-ийн нэхэмжилсэн 2,491,624.56 /хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга зургаан зуун хорин дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Л.П******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,816 төгрөгийн тавин хувь 27,408 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,408 төгрөгийг, хариуцагч Л.П*******гээс улсын тэмдэгтийн хураамж 27,408 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х******* Л*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.П******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР