| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331003490006 |
| Дугаар | 2025/ДШМ/82 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/82
Ц.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Ц.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Тамир нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ц.*******д холбогдох эрүүгийн 2331003490006 дугаартай, 3 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, *** настай, **эгтэй, *** боловсролтой, ****, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ***** баг ***** хэсэг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй (РД: *******)
Шүүгдэгч Ц.******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарт Байгаль орчны менежмент мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх ******* дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2022 оны 06 дугаар сарын 02- ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Монгол шуудан” хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажилласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ц.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.******* би дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж зааснаар субъектив шинж нь санаатай хэлбэртэй байна буюу энэхүү гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэх боломжгүй, зөвхөн шууд санаатай байна.
Хэргийн бодит байдалд Ц.******* нь анхнаасаа Монгол шуудан ХК-д хүргэгч-үйлчлүүлэгчийн ажлын байранд /Дээд боловсролын диплом шаарддаггүй/ ажиллаж байсан бөгөөд Монгол Шуудан ХК-д Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нь өрөөндөө дуудан авчирч “чи энэ салбарыг авч явж чадна, бүтээмжийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Өмнө нь манай компанид ажиллаж байсан чинь давуу тал болно” гэж хэлээд өөртэй нь Онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулсан. Үүнийг ч Монгол Шуудан ХК-н Захиргаа Хүний нөөцийн газрын дарга Б.******* мэдүүлэгтээ “Орон нутгийн болон нийслэлийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраар дамжуулан зар тарааж байгаагүй.” гэж мэдүүлдэг. /2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудас/
Монгол Шуудан ХК-н 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Шуудан” ХК-н Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2-т “Захиргаа, Хүний нөөцийн газар уг хүсэлтийг хүлээн авч дотооддоо сонгон шалгаруулж эсвэл нээлттэй зар явуулан сонгон шалгаруулах эсэх талаар шийдвэрлэнэ”, гээд 5.1.4-т “Ажлын байрны сонгон шалгаруулалтыг ерөнхий мэдлэгийг тодорхойлох бичгийн тест, зан байдал, хандлагыг тодорхойлох ярилцлагын аргуудыг хэрэглэн явуулна” гээд 5.1.5-д “Сонгон шалгаруулалтад тэнцэж, ажилд орох болзол хангасан иргэнтэй Захиргаа, хүний нөөцийн газар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд томилно” гэж заажээ.
Үүнээс харахад сул орон тоо бий болоход сул орон тооны ажлын байранд ажилд авахад сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтад тэнцэж болзол хангасан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж захирлын тушаал гаргахаар байна.
Гэтэл Ц.*******тай онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулж, уг гэрээгээр санхүүг дээшлүүлж үр дүнг тохирч тухай бүрт нь гэрээгээ дүгнэж явж ирсэн. Өөрөөр хэлбэл анхнаасаа Ц.*******д тухайн ажлын байр нь дээд боловсрол шаарддаг гэж мэдэгдэж байгаагүй төдийгүй ажлын байрны тодорхойлолт зэргийг ч танилцуулж байгаагүй.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ гэмт хэрэг санаатайгаар үйлдэгддэг. Ц.*******гийн хувьд хэргийн материалаас харахад анх Улаан загалмайд дээд боловсрол шаардахгүй ажлуудыг эрхэлж ирсэн. Энэ хүнд өнөөдөр шуудангийн дарга хийж, дипломын талаар худал хэлж, цалин хөлс авъя гэсэн санаа зорилго байгаагүй. Хийснээ авч, бүх зүйл нь тогтмол явж байсан. Гэтэл Анхбаатар, ******* нар өөрсдөө дуудаж шууд ажилд томилсон байдаг. Энэ хэргийн шууд санаа зорилго байсан эсэхэд дүгнэлт хийж, хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай хүрэлцээтэй авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ц.*******д холбогдох эрүүгийн 2331003490006 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс түүнийг “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж зааснаар субъектив шинж нь санаатай хэлбэртэй байна буюу энэхүү гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэх боломжгүй, зөвхөн шууд санаатай байхаар заасан гэтэл шүүх шүүгдэгчийн үйлдлийг хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж тайлбарлажээ.
3.Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарт Байгаль орчны менежмент мэргэжлээр суралцаагүй байж, 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх ******* дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж бусдад дээд боловсролтой гэж итгүүлж улмаар энэхүү байдлаа ашиглан “Монгол шуудан” хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажилласан болох нь хэрэгт авагдсан
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай байгууллага нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад Ц.******* шалгуурт тэнцсэн ба тухайн иргэний холбогдох бичиг баримт гэрчилгээг шалгахад Хөдөө аж ахуйн их сургуулийг Байгаль орчны менежмент мэргэжлээр төгссөн гэдэг дипломын хуулбарын үзүүлсэн” гэсэн мэдүүлэг,
-Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 223 дугаартай “******* овогтой ******* нь манай сургуульд суралцаж байгаагүй мөн төгсөөгүй нь үнэн болно.” гэсэн албан бичиг, мөн сургуулийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 224 дугаартай “тус сургуулийн хөдөө Байгаль орчны менежмент мэргэжлийн ангийн анхны төгсөлт 2007 онд болсон. 2006 онд Байгаль орчны менежмент мэргэжлийн ангийг төгссөн оюутан байхгүй болно” гэсэн албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн ажилд орохдоо “Монгол шуудан” ХКомпанид гаргаж өгсөн төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтаар өөрийгөө дээд боловсролгүй, хуурамч дипломтой гэдгээ мэдсээр байж, ажил олгогчид өөрийнхөө боловсролын талаар буруу мэдээлэл өгч байгаа үйлдлийг нь шууд санаатай гэж үзнэ.
4.Иймд анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН