Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 105

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Хохирогч П.С,

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Н.Э-д холбогдох эрүүгийн 1826001440091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх сум дундын 1-р шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/175 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт Н.Э

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.С-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би хүний машиныг засч байсан чинь Б ирээд машин янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь гэрт шилтэй архи байсан. Тэр архиа аваад гагнуурчин дээр очиж уух гэж явж байгаад П.С-той таарсан. Бид 3 тэр архийг уучихаад Б-д очсон. Архи ууж сууж байгаад маргалдаад гарсан. П.С намайг унагаасан. Тэгээд П.С  явлаа гээд явсан. Би араас нь очоод бид 2 зодолдсон. Тэгээд П.С-д хамт очсон чинь эхнэр нь цагдаад дуудлага өгсөн. Согтуу байсан болохоор ийм зүйл хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 400000 төгрөг төлсөн. Хохирогч 2000000 төгрөг нэхэмжилсэн. Үлдэгдэл 1600000 төгрөгийн баримт байхгүй...” гэв.

Хохирогч П.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр харих гээд байж байсан чинь Н.Э, Б нар ирсэн. Тэгээд Б-д хамт очъё гээд хамт явсан. Тэгээд Б-д очоод архи уусан. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаад гараад барьцилдаад авсан. Тэгэхээр нь би 1 удаа өшиглөөд, цохьчихоод явсан. Тэгээд би харилаа гээд явж байсан  чинь Н.Э араас ирээд намайг зодсон. Гэртээ харьсан чинь эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэв.

Хохирогч П.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед би тэжээж байгаа адуун дээрээ байж байтал Э, Б нар ирсэн. ... Б-н гэрт очоод 1 шил цагаан нэртэй 0.75 граммтай архи гурвуулаа уучихаад Б гэртээ үлдээд Б-н эхнэр машинаа унаад Э бид хоёрыг Б гэх айлд хүргэж өгөх замдаа Г гэх хүнийг аваад Б-н гэрт нь очсон. Тэгээд тэдний гэрт дөрвүүлээ 1 шил 0.5 литрийн архи хувааж уучихаад Э бид хоёр бие биенийгээ тоодоггүй гэх мэтээр жаахан зүйлээс болж хоорондоо маргалдаад Б-н гэрээс нь гарч ирээд Энхтүвшин бид 2 бие биенийгээ нэг нэг удаа тонгорч унагаад бие биенийгээ нэг нэг удаа цохиж авсан. ...Тэгээд гэр лүүгээ алхаж явтал араас Э ирээд дуудахаар нь эргээд хартал миний нүүр лүү шууд цохиод авсан. Би газар уначихсан юм. Тэгсэн миний дээрээс 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би босч ирээд Э-тэй барилцаад авсан чинь миний чихнээс хазаад авсан. ... Намайг гэрт хүргэж өгчихөөд Э явсан. ... Би нэг их согтуу биш байсан. Э мөн л надтай адил уусан. Бас л нэг их согтуу байгаагүй. ...Би нийт эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг орчим зарцуулсан байгаа. Түүнээсээ 400.000 төгрөг авсан. Одоо би үлдэгдэл мөнгийг нь нэхэмжилж байна. ... Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг 40 минутын орчим манай нөхөр С-н зүүн нүд нь хавдчихсан, уруул нь хавдчихсан, нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон танигдахын аргагүй болчихсон том тэрэгний жолооч Э-тэй хамт орж ирсэн. Нөхрөөс хэнд зодуулсан талаар асуухад нөхөр дугарахгүй байсан. Харин хамт явсан Э би зодсон, аваад ирлээ шүү дээ гэхээр нь би зөв зүгээр явсан хүнийг яагаад ингэдэг юм гэхэд хоёулаа дугарахгүй байсан. ... Би цагдаад дуудлага өгөөд 3 цагдаа ирээд Э-г аваад явсан. ... Эмнэлэгт С-г аваачиж үзүүлээд гэмтлийн эмч эмнэлэгт хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Би нөхрөө сахиж хоносон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч П.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн үед манайд Э, С, Г 3 Б-н эхнэрээр хүргүүлж ирсэн. Тэгээд манайд 1 шил Соёрхол нэртэй 0.75 граммтай архитай орж ирээд түүнийгээ хамт ууцгаасан ба архи уугаад дуусах дөхөж байсан чинь Э, С нар хоорондоо юунаас болсныг нь мэдээгүй хэрэлдэж маргалдаад нэг нэгнийгээ хөрөнгөтэй, хөрөнгөгүйгээр нь дуудаад байсан. Тэгээд манайхаас гараад манай хашаан дотор Э, С нар хоорондоо барилцаж авахаар нь би салгасан юм. Тэгээд хашаан дотор зогсож байгаад С-г түрүүлээд харь гээд явуулсан юм. Тэгээд С-г явуулсны дараа Э, Г бид 3 тамхи татаж байгаад Э явлаа гэхээр нь явуулчихаад би Г-тай хамт гэртээ ороод унтсан юм. ... Би маргааш нь хүнээс Э, С нар хоорондоо зодолдсон талаар нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн: “... П.С-н биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чих хэсэгт цус хуралт, хамрын нуруу, баруун шанаа, хацар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Э-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... П.С хашааны үүдэнд зогсож байсан. Тэгээд намайг нэг удаа гараараа цээж рүү цохиод, нэг удаа хөлөөрөө хөл рүү өшиглөөд хашааны хаалга хаачихсан. Тэгэхээр нь би хашааны хаалгыг хүчээр онгойлгоод гарч очоод С-г толгойн хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгсэн Сандагдорж надаас зугтаагаад гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би араас нь хөөгөөд гүйж байтал С өнхрөөд ойчсон юм. Тэгэхээр нь би нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. ...Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би хохирогчтой сайн дураараа эвлэрч хохирлыг бүрэн барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-83 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Хохирогч П.С-н 1697 дугаартай өвчний түүх /хх-ийн 64-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Н.Э-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-32, 49, 52-58, 60-62 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Э нь согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.С-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Э-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогч П.С-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-д зодуулсан талаар өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч  П.С-н “... Шүүгдэгч Н.Э-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-7/, “... 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг 40 минутын орчим манай нөхөр С-н зүүн нүд нь хавдчихсан, уруул нь хавдчихсан, нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон танигдахын аргагүй болчихсон том тэрэгний жолооч Э-тэй хамт орж ирсэн. .... Хамт явсан Э би зодсон, аваад ирлээ гэхээр нь би зөв зүгээр явсан хүнийг яагаад ингэдэг юм гэхэд хоёулаа дугарахгүй байсан. ... Би цагдаад дуудлага өгөөд 3 цагдаа ирээд Энхтүвшинг аваад явсан...” талаар...” өгсөн гэрч Ц.Т-н мэдүүлэг. /хх-ийн 9-10/, “...Би маргааш нь хүнээс Н.Э, П.С нар хоорондоо зодолдсонг мэдсэн талаар...” өгсөн гэрч П.Б-н мэдүүлэг /хх-ийн 19-20/, Шүүгдэгч Н.Э-н үйлдлийн улмаас хохирогч П.С-д хөнгөн гэмтэл учирсанийг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, Хохирогч П.С-н 1697 дугаартай өвчний түүх /хх-ийн 64-74/ зэрэг болно. 

Шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Н.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Э-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Хохирогч П.С нь гомдолгүй, 2.000.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Н.Э нь 400.000 төгрөг төлсөн. Үлдэх 1.600.000 төгрөг нь нотлох баримтгүй байх тул тус 1.600.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь хэлэлцэхгүй орхисон 1.600.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Н.Э-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Э-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.          

6.  Хохирогч П.С нь гомдолгүй, хохиролд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Н.Энхтүвшин нь 400.000 төгрөг төлсөн. Үлдэх 1.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон 1.600.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д      авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.