| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00053/И |
| Дугаар | 157/ШШ2026/00082 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2026/00082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Д******* сумын 3 дугаар багт оршин суух, Б******* Э******* Б******* “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Э.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 19******* онд Д******* сумын 8 жилийн сургуулийн 8-р ангийг төгсөөд илгээлтээр 19******* оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Д******* сумын Д*******-О******* нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ардчилал гарч нэгдэл 1993 онд хувьчлагдсан. Д*******-О******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан баримтыг шүүлгэж үзэхэд тушаал, шийдвэр огт гарч ирэхгүй байна. Одоо малчнаар хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болсон чинь малчнаар ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Хэнтий аймгийн Архивын газраас 19*******-19******* онуудад малчнаар ажиллаж байсан тухай ажилд томилсон, чөлөөлсөн тушаалыг шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. харин цалин хөлс авч байсан, малчин өрхөөр мал тооллогын бүртгэл зэрэг баримтууд архиваас гарч ирсэн. Би 8-р анги төгссөн 17 настайгаасаа хойш нэгдлийн болон хувийн малаа 37 жил мал сүргээ маллан ажиллаж амьдарч ирсэн. Малчин хүний жилийн 4 улиралд амралтгүй, халуунд халж хүйтэнд хөрж ажилладаг хүнд нөхцөлийг харгалзан төрөөс анхаарч хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож болох эрх зүйн орчинг бүрдүүлсэн тул энэхүү эрхээ эдлэх гэтэл 19*******-19******* онуудад Хэнтий аймгийн Д******* сумын Д*******-О******* нэгдэлд ажиллаж байсан албан тушаалтнуудын хайхрамжгүй үйл ажиллагаанаас хамаарч миний тушаал шийдвэр олдохгүй, архивт хадгалагдаагүй байна. Энэ байдлаас шалтгаалж миний малчнаар ажилласан жил тасалдахад хүрч хохирч байна. Иймд намайг 19******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 19******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.Б******* нь Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” нэгдэлд 19******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 19******* оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, энэхүү ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийг ажилд авсан, чөлөөлсөн тушаал шийдвэрүүд архивд авагдаагүй гэх шалтгаанаар дээрх жилүүдэд ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
Хүсэлт гаргагч нь Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” нэгдэлд 19******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 19******* оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/179 дугаартай Э.Б******* 19******* оны 01 дүгээр сараас 19******* оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” ажиллаж цалин хөлс авч байсан талаарх тодорхойлолт /хх-н 5 хуу/
- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08/115 дугаартай Э.Б******* 1990-1995 оны мал тооллогын бүртгэлийн түүвэр /хх-н 8 хуу/
- Гэрч Д.Гийн “Э.Б******* нь 19*******-19******* онуудад Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” нэгдэлд хонь малладаг байсан. би тухайн үед цуг ажилладаг байсан. Мөн айл аймаг олон жил явсан учраас сайн мэднэ.” гэх мэдүүлэг
- Гэрч Х.Бын “Э.Б******* нь Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Би өөрөө хоньчин байсан учраас энэ талаар мэдэж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдтэй холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийг 19******* оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 19******* оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Б******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Э******* Б*******г 19******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 19******* оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Д******* сумын “Д*******-О*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Э.Б******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР