| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00187/И |
| Дугаар | 192/ШШ2026/01267 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2026/01267
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************ тоот хаягт байрлах, Т ХХК /РД: ********/,
Хариуцагч: ******** ********* тоот хаягт байрлах, С ХХК /РД: **********/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ачаа тээш, тээврийн төлбөрт 17,198,449.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,
хариуцагчийн төлөөлөгч Д.О,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 17,198,449.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Харилцагч С ХХК-ийн захирал Д.О-тэй 2024.02.29-с хойш хувь чатаар холбогдон /Хуучин ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмж/ ачаанд тээврийн захиалгыг 2024.03.28-д хүлээн авч илгээгч компани 2024.04.09-ний өдөр L JLU 341768-7/20 чингэлэгт ачилт хийсэн. Европ дахь тээврийн агент RTSB GmbH нь 2024.04.18-нд тээврийн зардал болох 3778 Еврог 2024.04.23-наас өмнө төлөхийг шаардсанаас гадна бусад ачааг олгоогүй тул бид уг тээврийн зардлыг 2024.04.24-нд төлж барагдуулсан. Түүнчлэн дурдсан ачаа нь Европын холбооны улсаар дамжин өнгөрөх хоригт орсон байсан тул тээвэрлэлт гарснаас хойш хугацаанд илгээгч компаниас шаардагдах эх бичиг баримтуудыг хүлээн авсан. Гэвч Польш/Беларусь улсын хилээр гарч ОХУ-аар дамжин өнгөрөхөд үйлдвэрлэгч компаниас үйлдвэрлэлийн тодорхойлолт нэн шаардлагатай байсан тул илгээгч компани руу удаа дараа шаардсаны эцэст Yuke GmbH илгээгч нь үйлдвэрлэлийн тодорхойлолтын бичгийг өгөх боломжгүй байгааг бидэнд мэдэгдэж Yuke GmbH Romerstrasse 22 47809 Krefeld Germany агуулах руу буцахаар болсныг Yuke GmbH агент мэдэгдсэн. Чингэлэгтэй ачааг буцаахтай холбоотойгоор илгээгчийн агуулахаас авсан буцаан хүргэх тээврийн зардал /2900 евро/, Польш улсын гаалийн бүс болох Маласжевич-д гарсан хадгаламж, зогсолтын зардал /1646 евро/-ийг төлж ачааг дээрх агуулах руу буцаах тухай тээвэрлэгч агент тал Т ХХК-д мэдэгдэн дээрх холбоотой бүх ажлын явцыг С ХХК-д тогтмол мэдээлж байсан.
Үүний дагуу БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан тээвэрлэх тээврийн үнийг 2024.06.27-ны өдөр С ХХК нь баталсан бөгөөд бид дээрх төлбөр тооцоог төлөн илгээгч руу буцаах ажлыг RTSB GmbH агентад мэдэгдэж гарсан тээврийн зардал болох 4546 еврогоос 3778 еврог дээрх заасан хугацаанд төлсөн байсан учир зөрүү төлбөр еврог сүүлийн байдлаар 2024.07.01-ний өдөр төлж 2024.07.22-д илгээгч компани өөрсдийн агуулахдаа ачааг хүлээн авсан. Гэвч тус харилцагч компанийн захирал Д.О- нь илгээгч ачааг хүлээн авснаас хойш дахин ачилт хийх тухай зөвшөөрлийг тус илгээгчид өгөөгүй. Мөн манай компанид хариу өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Тээвэрлүүлэгч болох С ХХК нь ямар ч төлбөр төлөөгүй тээвэрлэлтийн бүх зардлыг Т ХХК гаргасан тул Тээврийн гэрээ-ний 3.3, 3.5 дахь хэсэгт зааснаар тээвэрлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан зардал болох нэхэмжлэлийн үнийн дүнг тээвэрлүүлэгч төлж тээвэрлэгчийг хохиролгүй болгох шаардлага үүссэн. Иймд С ХХК-ийн ачааг тээвэрлэсэн, буцааж ачааг хүргэж өгсөн бүх зардлыг Т ХХК нь гаргасан бөгөөд нийт 4546 евро төлж 3605.78, 3614.34 евро ханшаар 16,398,449.96 төгрөг, нэхэмжлэл гаргахад орчуулгын материалд төлсөн төлбөр 800,000 төгрөг нийт 17.198.449.96 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С ХХК-аас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: “Т” ХХК нь мэргэжлийн талаасаа маш хариуцлагагүй, ажилдаа хайнга хандсан гэж хэлмээр байна. Ачаа тээврийг эхлүүлсэн нь үнэн. Би ачаа тээвэрлэлт эхлэхээс өмнө зөвхөн “Т” ХХК-д хандалгүйгээр 2-3 газарт Германаас тоног төхөөрөмж авчруулахаар хандаж үзсэн. Оросын холбооны нутаг дэвсгэрээр дамжуулан хамгийн ойрхон, хамгийн богинохон хугацаанд төмөр замаар авчрах боломжтой юм байна. Энэ замаар авчрах боломжтой юу гэж 2-3 компаниас асуусан. Тухайн компаниудын 2 компани нь танай ачаа чинь 84-өөр эхэлсэн кодтой учир Оросын холбооны нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөхөд хориглосон ачааны жагсаалтад орсон тул танай ачааг Оросын холбооны улсаар тээвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин “Т” ХХК болно гэж хариу өгсөн. Манай зүгээс ямар ч асуудалгүй дамжин өнгөрөх үү гээд 2 удаа асуулгасан. Дамжин өнгөрч болно, ямар ч асуудалгүй гэсэн. Ямар хугацаатай вэ гэхэд сарын дотор гэсэн. Сарын дотор гэдэг нь надад маш чухал байсан учраас тэгвэл тээврээ эхлүүлье гэж хоорондоо тохиролцож эхлүүлсэн. Ачаа ачаад явчихсаны дараа гэрээ ирсэн. Viber /вайбэр/-аар ирсэн файлыг нягтлангаараа бөглүүлээд буцаагаад илгээсэн, би батлаагүй. Тэгээд ачаа эхлээд Польшийн хил дээр очоод гацсан. Тэр шаардсан гээд байгаа гэрчилгээ нь барааг зөөхөд шаардагддаг бичиг баримт биш. Оюуны өмчөөр хамгаалагдсан байдаг бичиг баримт байдаг учраас тэгж хүнд гаргаж өгдөг бичиг баримт биш. Би шаардлагатай бичиг баримтуудыг бүгдийг нь гаргаж өгсөн. “Т” ХХК-д гаргаж өгсөн бичиг баримтын иж бүрдлийг би дараагийн компанид гаргаж өгөөд тэр баримт бичгээр тэр компани ямар ч асуудалгүй тээвэрлээд барааг аваад ирсэн. Польшийн хил дээр очоод үндсэндээ 2 сар гацсан, сарын дотор авах ёстой ачаа 2 сар гацсан бөгөөд ямар ч арга хэмжээ авахгүй и-мэйл бичсэн болоод байгаад байсан. н.Саруул гэж эмэгтэй зөндөө ярьсан, утсаар ч ярьсан, вайбераар ч ярьсан. Бүтэн 2 сар гацсаны дараа Польшийн хил дээр манай ачаа бүүр эргүүлж авах боломжгүйгээр блоклогдох болсон байсан. Тэр мэдээг надад тээвэрлэгч хэлээгүй, илгээгч надад хэлсэн. Тэгээд би тээвэрлэгч рүү өөрөө хэлж буцааж гаргасан. Энэ компани хориглогдсон ачаа гэдгийг мэдэж байсан бөгөөд энэ талаар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хориглогдсон ачаа гэдгийг бичсэн байгаа. Мөн гэрч н.Саруул нь мэдүүлэгтээ хориглогдсон ачаа гэдгийг өөрөө хэлсэн нь бичигдсэн байгаа. Анхнаасаа компани хориглогдсон ачааг нь явуулаад үзье, буцаад ирэх юм бол буцсан төлбөрийг гаргуулаад авна гэсэн ямар ч сэтгэлгүй ажилдаа хандсан байгаа. Тэгээд буцаад Германд илгээгч дээр очсон. Би дахиж ийм хариуцлагатай компаниар тээвэр хийлгэхийг хүсээгүй учраас тээвэрлэгчээ сольсон. Би энэ компанид гаргаж өгсөн бичиг баримтын иж бүрдлээр Хятадын хилээр усан онгоц дээр тээвэрлээд манайх руу сар гаруй тээвэрлээд аваад ирсэн. Тэр компани бол анхнаасаа тээвэр эхлэхээс өмнө гэрээгээ хийгээд баталгаажуулаад тамгаа дараад, бүх дагалдах хуудас хийгээд дараа нь тээврээ хийлгүүлсэн. Өмнөх шүүхийн шийдвэрийг би үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тээврийн гэрээ гэдэг бол тусгай нөхцөл шаарддаг. Нэхэмжлэгчийн хийсэн гэрээн дээр ямар ч дагалдах бичиггүй байгаа. Нэхэмжлэгч тал Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа манай компани тийм дагалдах бичиг хийдэггүй юм. Манайх зүгээр өөрсдийнхөө ийм гэрээ хийгээд тээврээ хийчихдэг гэсэн хариу тайлбар өгсөн. Тэгэхээр энэ компани бол Монгол Улсын хууль дүрмийг дагаж ажилладаггүй байгаа. Энэ компаниас болж би 2024 онд хийх ёстой байсан, 2 сонгуулийн бүх ажлууд цуцлагдсан. Амаар хийчихсэн байсан өчнөөн нөхцөл тохироонууд байсан. Тэр орлогоо би олж чадаагүй бүгдийг нь алдсан. Гэхдээ би тэрийг шүүхийн өмнө нотолж чадахгүй учраас нэхэмжилж мэдээж чадахгүй. Тийм учраас би энэ компанид мөнгө төлөхөөс татгалзсан гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-3/, итгэмжлэл /1хх 5/, Нэхэмжлэх /1хх 6/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 7/, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1хх 8, 10-11/, Б.Болорцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 9/, Тээврийн гэрээ /1хх 12-19/, Proforma Invoice /1хх 20-26/, Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 27, 32/, Payment reminder /1хх 28-31, 33-36/, Даатгал нэхэмжлэх /1хх 37/, Т ХХК-ийн цахим шуудан /1хх 38-51, 100-250, 2хх 1-26/, Odsuren Dash гэх зураг /1хх 52-91/, Гарал үүслийн гэрчилгээ, Мэдэгдэл /2хх 54-61/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /2хх 27, 28-31/, Хариу тайлбар /2хх 37-38/,
5. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 116-120/, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 173-175/,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчийн ХБНГУ-аас тээвэрлүүлсэн барааны үйлдвэрлэгч компанийн үйлдвэрлэлийн тодорхойлолтыг ачаа илгээгч гаргаж өгөөгүйгээс ачаа гадаад улсад хилийн хоригт орсон, улмаар манайх уг ачааг тээвэрлэсэн, гаальд хадгалсан, буцааж илгээгчийн агуулахад хүргэсэн зардлууд болон хохирлын 17,198,449.96 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тухайн ачааг ОХУ-д нэвтрэхийг хориглосон ачааны жагсаалтад орсон талаар тээвэрлэгч Т ХХК-д мэдэгдсэн байхад нэвтрүүлэх боломжтой гэж манайд үнийн санал өгч, тээвэрлэлтийг эхлүүлсэн боловч ачаа гаалиас буцсан нь тээвэрлэгчийн алдаанаас болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч талуудын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Тээвэрлэлтийн хэлцэл амаар хийгдэж, Т ХХК нь ХБНГУ-аас хуучин ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмжийг газраар тээвэрлэн Монгол улсад авчрах, С ХХК нь зардлыг төлөх үүргийг тус тус хүлээж, тээвэрлэлтийг эхлүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.
Харин С ХХК-ийн ачааг ХБНГУ-аас Польш улс хүртэл тээвэрлэсэн, Польш улсын гаалийн бүсэд хадгалсан болон зогсолтын зардал, улмаар буцаан ХБНГУ-ын агуулах руу хүргэсэн зардал, баримтын орчуулгын зардал зэргийг С ХХК төлөх эсэхэд талууд маргаж байна.
С ХХК-ийн ачаа нь ХБНГУ-аас ачигдаж Польш улсын хил дээр ирээд хоригт орж, буцаагдсан шалтгаан нь тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн компанийн үйлдвэрлэлийн тодорхойлолтыг ачаа илгээгч тал ирүүлээгүйн улмаас болсон байна.
Өөрөөр хэлбэл С ХХК-ийн ачаа нь Польш улсын хил дээр хоригт орж, тухайн улсын гаалийн бүсэд хадгалагдаж байгаад улмаар ХБНГУ руу буцаагдах болсон нь Тонж ложистик ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх боломжгүй юм.
Т ХХК-ийн тээвэрлүүлж буй Европын холбооны нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ руу нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад хамрагдсан ачааны дагалдах бичиг баримтыг ХБНГУ-ын ачаа илгээгч тал бүрэн гүйцэт явуулаагүй үйлдэлд Тонж ложистик ХХК-ийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.
Мөн талууд тээвэрлэлтийн гэрээний зарим нөхцөл, үр дагаварын талаар тодорхой тохироогүй С ХХК-ийн ачаа Польш улсын хил дээрээс буцаагдсан үйлдэлд Т ХХК-ийг буруутай гэж үзэх боломжгүй байна.
Т ХХК нь ХБНГУ-аас хуучин ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмж болох ачааг Монгол улсад авчрах тээвэрлэлтийг эхлүүлсэн боловч Польш улсын хил дээр хоригт орж, улмаар ачаа буцаагдсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
Дээрх тээвэрлэлтийн зардлыг Т ХХК төлж байсан болох нь замын мэдээлэл, банкны шилжүүлгийн баримтууд болон талуудын харилцаж байсан цахим баримтуудад шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр нотлогдож байх тул энэ хэмжээгээр С ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол мөн зүйлийн 492.1-т зааснаар С ХХК-ийн ачааг ХБНГУ-аас Польш улс хүртэл тээвэрлүүлсэн, ачааг Польш улсын хилийн бүсэд хадгалуулсан зардал, ачааг буцаагаад ХБНГУ-д хүргүүлсэн тээврийн болон бусад зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч С ХХК-иас ачаа тээврийн зардал болон бусад зардлын 17.198.449.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжид 243,942 төгрөгийг нөхөн төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 17,198,449.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 243,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН