Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 106

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1826001710108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Ц.Б

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 01-04 тоотод өөрийн нөхөр Б.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 2 дугаар сарын 26-ны үед бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Би ажил дээр байж байсан чинь манай хүн согтуу машинтай яваад байсан. Намайг гэртээ ирсэн чинь гэрийнхээ гадаа нэг эмэгтэй хүнтэй гэртээ ирж байсан. Тэрнээс болоод хэрүүл маргаан үүсч түрхүүрээр цохьсон. Би тухайн үед өөр аргаар шийдвэрлэж болох байсан. Би ээжтэй нь уулзсан чинь ээж нь чи галзуурсан хүүхэн гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд гэртээ очоод хэрүүл маргаан болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би эхнэр Ц.Б-тэй 2005 онд гэр бүл болсон ба 2005 онд гэр бүлийн батлах авч байсан. Манай эхнэр 2017 оны 12 дугаар сараас гэр бүлийн маргаан гаргаж улмаар намайг зодож цохих болоод байгаа. 2017 оны 12 дугаар сараас хойш зүгээр юм ярьж байхад үг мушгиж ондоо юм болгож хэрүүл болгоод хань хамаатангүй хүнтэй хардаад хэрүүл маргаан хийдэг. Улмаар намайг толгой нүүр лүү цохиж зоддог, тухайн үед нь бол бага зэрэг бэртэл гэмтэл учирдаг юм. ... 2018 оны 02 дугаар сард цагаан сараас өмнөхөн хэрүүл маргаан хийж намайг зүүн гарын алганы ар хэсэгт самардаж байсан. Мөн тэр үед намайг түлээний модоор цохиж зодож байхыг манай айлын хүн Б харсан. 2018 оны 03
дугаар сарын 12-ны өдөр намайг гэрт байхад гадаа хүмүүс маргалдаад байхаар нь
босоод ирсэн чинь гаднаас манай ээж Ц-той зууралдаад хэрэлдэж маргалдаад ороод ирсэн. ... Манай ээжтэй барилцаж авч хэрүүл хийж улмаар над руу дайрч хэрүүл маргаан болоод миний зүүн гарын бугалга хэсэгт машины түлхүүрээр хатгаад хэд хэдэн газар шархлуулж байсан ба одоо сорви нь байгаа. ... Дээрх бүгд нь өөрийн гэр болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 01-04 тоотод болсон үйл явдлууд байгаа. ... Дахин зодуулж цохиулсан зүйл бол байхгүй. Одоо эхнэрээсээ салаад тусдаа амьдарч байгаа ба гэр бүлээ цуцлуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-10 дугаар хуудас/

Гэрч С.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 12 дугаар сараас манайх Б.Д-н хашаанд нь буусан. ... Тухайн өрх айл гэр бүлийн харилцаа нэлээн хүйтэн хөндий байдаг. ... Нөхөр нь эхнэр Б-г зодож цохиж байхыг нь хараагүй. 2018 оны 02 дугаар сараас эхлэн эхнэр нь л гэрт байсан ч гадаа байсан ч орилж хашигчаад байдаг байсан ба нөхрөө зодож цохиж байдаг. ... Эхнэр нь нөхрийгөө гараа зангидаж байгаад байнга л тархи толгой руу нь цохиж байгаа харагддаг. Мөн гартаа таарсан зүйлээр цохиж зодож байхыг нь би харж байсан. ... Гадаа их шороон шуургатай байсан өдөр гадаа Б орилж хашигчаад байхаар нь би санаа зовоод нөхөр нь эхнэрээ зодоод байдаг юм байхдаа гэж бодоод гараад иртэл Б нь чи миний утсыг нуучихсан байна гээд нөхрийгөө толгой руу нь гараараа цохиод байсан. Тэгээд хэрэлдэж байгаад би чамаас саллаа гээд яваад өгсөн. Том хүүхэд нь гэрийн хаягаа хэлээд цагдаа дуудсан. Миний хөндлөнгөөс харснаар бол гэрийн эзэн эр хүн эхнэртээ зодуулаад царай зүс нь гундуухан явах нь их л муухай харагддаг юм байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сараас эхлэн Б нь нөхөр Д-г хэл амаар доромжлох, зодож цохих асуудал энүүхэнд байдаг болсон. Хэрүүл маргаан хийх болгондоо нөхөр Д-г толгой тархигүй л зодож цохидог ба Д-н гар нь хөх алаг болчихсон байдаг байсан. Би одоо он сарыг нь сайн санахгүй байна цагаан сараас өмнө нэлээн олон удаа хэрүүл маргаан болж нөхрийгөө байнга л толгой тархи руу нь гараараа болон гарт тааралдсан зүйлээр зодож цохиж байсан. 2018 оны 02 дугаар сард цагаан сарын шинийн 4, 5-ны үеэр 2 гэр бүлээрээ нэг машинд суугаад айлд золголт хийх гэж явах замдаа юунаас болж хэрэлдсэнийг мэдэхгүй нөхрийнхөө толгой руу гараараа хэдэн удаа цохиж аваад явж байсан. ... 2018 оны 03 дугаар сарын эхэн үеэр мөн гадаа хүмүүс хэрэлдэх чимээ гараад байхаар нь гарч ирээд харсан чинь Б нь нөхөр Д рүү түлээний мод шидээд гар хуруу, толгой руу нь зодож цохиж байгаа харагдсан. Мөн 2018 оны 03 дугаар сарын 10-ны үеэр гэртээ мөн хэрүүл хийж байгаад байшингийнхаа цонхыг хагалсан байсан. Түүний маргааш нь мөн гэртээ ирээд нөхрөө гадаа гаргаж ирж байгаад толгой түрүү рүү цохиж зодоод байсан. Б нь уурлахаараа хамгийн чангаараа орилж хашигчин тухайн орчимд байгаа айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулдаг юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 231 дугаартай шинжээчийн: “... Б.Д-н биед тархи доргилт гэмтэл болон зүүн гарын бугалга, баруун гарын бугалга, зүүн гарын алганы ар хэсэгт цайваг цагаан өнгийн хуучин сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 02 дугаар сард Б.Д-н биед үүссэн гэх сорви гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Мөрдөгчийн тогтоолд заагдсан 2017 оны 12 дугаар cap, 2018 оны 02 дугаар сард үүссэн гэх сорив гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин мөрдөгчийн тогтоолд заасан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэмтэл нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографикийн шилжилгээний хариугаар тархи доргилт гэмтэл тогтоогдсон тул уг гэмтэл нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Би уурласан үедээ нөхөртөө гар хүрч биед нь гэмтэл учруулж байсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ бол миний буруу...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69-71 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Б-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1111 дугаартай тодорхойлолт, №0162559, №0000589315, №0293918 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, №0038205 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Ц.Б-н иргэний цахим үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-51, 58 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 01-04 тоотод өөрийн нөхөр Б.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлолгдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан “... Шүүгдэгч Ц.Б-т зодуулсан талаар...” өгсөн хохирогч Б.Д-н мэдүүлэг. /хх-ийн 7-10/, “... Шүүгдэгч Ц.Б-г хохирогч Б.Д-г зодож цохиж байдаг, ... Эхнэр нь нөхрийгөө гараа зангидаж байгаад байнга л тархи толгой руу нь цохиж байгаа харагддаг. Мөн гартаа таарсан зүйлээр цохиж зодож байхыг нь би харж байсан...” талаар өгсөн гэрч С.О-н мэдүүлэг. /хх-ийн 17-18/, “...Шүүгдэгч Ц.Б-г хохирогч Б.Д-г удаа дараа зодож цохиж байхыг харсан талаар...” өгсөн гэрч Д.Б-н мэдүүлэг. /хх-ийн 19-20/, Шүүгдэгч Ц.Батчимэгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Д-н биед хөнгөн гэмтэл учирснийг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 29/, “... 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэмтэл нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн компьютер томографикийн шилжилгээний хариугаар тархи доргилт гэмтэл тогтоогдсон тул уг гэмтэл нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг. /хх-ийн 32-33/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Ц.Б-т холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /Зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б-т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт Ц.Б-г  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,    давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.