Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/68

 

 

 

                             Б.*******т холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэрийг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, шийдвэрлэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******т холбогдох эрүүгийн 2431003990342 дугаартай, 316/2025/0049/Э/208/2025/0047 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын ****-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, ****эгтэй, **** настай, ***** боловсролтой,******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум ******* дугаар баг ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:*******)

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын дугааргүй улаан өнгийн пад тракторыг зохих жолооны эрхийн ангилалгүй, хүнд зэргийн согтолттой үедээ жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 23.9, жолоочийн үүргийн 3.1 гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.*******ын биед 2 талын олон хавирга хугарал, плеврийн хөндийн шингэн соруулах гуурс байрлуулсан, дэлүү тайрах мэс заслын дараах байдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил нэг сарын хугацаагаар хасч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум хооронд тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналт дор нэг жилийн хугацаанд зорчихоос бусад газарт зорчихыг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар Б.*******аас 5 912 785 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд оруулж,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, …гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №13 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагааp хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атал Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно." гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн тооцох эсэхийг тогтоогоогүй байгаа нь шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолд "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг тогтоох заалт нэмж өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******т холбогдох эрүүгийн 2431003990342 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын дугааргүй улаан өнгийн пад тракторыг зохих жолооны эрхийн ангилалгүй, хүнд зэргийн согтолттой үедээ жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 23.9, жолоочийн үүргийн 3.1 гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.*******ын биед 2 талын олон хавирга хугарал, плеврийн хөндийн шингэн соруулах гуурс байрлуулсан, дэлүү тайрах мэс заслын дараах байдал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 01-10 дугаар тал/

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.*******ын өгсөн: “...******* ах зогсъё гэж хэлээд замын хажуу руу шахаж байхдаа хэтэрхий шахаад трактор замын хажуу руу унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17 дугаар тал/,

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 5709 дугаартай “...цусанд илэрсэн 2.7 промилль спиртын агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

-Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн “...Б.*******ын биед 2 талын олон хавирга хугарал, плеврийн хөндийн шингэн соруулах гуурс байрлуулсан, дэлүү тайрах мэс заслын дараах байдал /2024.10.07/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай тул ....хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хх-ийн 43-45 дугаар тал/,

-Сэлэнгэ аймгийн Цахир гүн ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 117-118 дугаар тал/,

-Яаралтай тусламжийн хуудас, өвчтөний түүх /хх-ийн 48-52 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасч зорчих эрхийг хязгаарлах ялыг 01 жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг гэм буруутайд тооцож, мөн Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил нэг сарын хугацаагаар хасч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум хооронд тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналт дор нэг жилийн хугацаанд зорчихоос бусад газарт зорчихыг хязгаарлах ялаар шийтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар бус 2.2, 2.3-д зааснаар нэмж зүйлчлэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэн шийтгэх тогтоолын 1,2 дахь заалтуудад өөрчлөлт оруулах замаар засах боломжтой гэж үзсэн.

5.Дээд шатны прокуророос гаргасан “...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг хэзээнээс эхлэн тооцож хэрэглэх талаар нэмж оруулах” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хэзээнээс хэрхэн тооцох талаар шийтгэх тогтоолд заахгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа  гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү шийтгэх тогтоол нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боловсруулж гаргасан байхад уг тогтоолыг оролцогчдод 2025 он 05 дугаар сарын 08-ны өдөр талуудад хүргүүлсэн байгаад анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д заасан хугацаанд гардуулан өгөхөд анхаарч ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг:

“Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасч, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум хооронд тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналт дор 01 жилийн хугацаанд зорчихоос бусад газарт зорчихыг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 03 жил 01 сарын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай” гэж өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                              ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ