Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2018/00221

 

 

 

 

 

 

2018 01 17

210/МА2018/00221

 

 

 

 

 

Эм Эн Эф консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26ы өдрийн 102/ШШ2017/02844 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Эм Эн Эф консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Эн Ви Си ББСБ ХХК, Гүнд инвестмэнт ХХК-д холбогдох

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг, гэрээ цуцалснаас учирсан хохиролд 52 001 296 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагч Эн Ви Си ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүрнээ, хариуцагч Гүнд инвестмэнт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эм Эн Эф консалтинг ХХК нь Эн Ви Си  ББСБ-тай 2012 оны 07 сарын 05-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээг үйлдсэн, хүчин төгөлдөр гэрээ юм. Энэ гэрээгээр Эн Ви Си  ББСБ  ХХК-ийн зээлдэгч Хаан ембүү ХХК, иргэн Эрзан нарын зээлийн өр төлбөрийг барагдуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг  барагдуулах, гэрээний 2.4-т шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар хангагдсан үүргийн гүйцэтгэлийн дүнгийн 8 хувиар ажлын хөлсийг төлөхөөр тохирсон. Ингээд 2012 оны 07 дугаар сард Эн Ви Си  ББСБ-ын эдийн засагч н.Зэсэнбаатартай уулзаад зээлдэгч нарын хувийн хэрэг баримтуудтай танилцаж, хууль зүйн дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Баримттай танилцахад зээлийн гэрээний доторх агуулга нь учир дутагдалтай, барьцааны гэрээгээр 16 га газар эзэмших эрхийг барьцаалсан боловч хуулийн дагуу хүчин төгөлдөр байх боломжгүй байсан. Хаан ембүү компанид зээл олгож байсан захирал одоо байхгүй, эдийн засагч н.Зэсэнбаатартай тооцооллыг хийж 2012 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хариуцагчийн эд хөрөнгө, банкин дахь харилцах дансыг битүүмжлэх хүсэлт гаргаж, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан. Захирамжид Хаан ембүү компанийн захирал н.Мөнхжаргал гомдол гаргасан ч хэвээр үлдээж шийдсэн. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 09 сарын 10-ны өдрийн 4097 тоот захирамжаар Хаан ембүү ХХК-аас 865 884 350 төгрөг гаргуулахаар эвлэрсэн. Мөн эвлэрлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулж, Хаан ембүү компанийн хувьцааны 51 хувийг барьцаалсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, 2015 оны 09 сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ 4097 захирамж гарахаас өмнө Хаан ембүү компанийн зээлийн барьцаа хөрөнгө болох Төв аймгийн Жаргалант сум дахь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэлийн барилга, цахилгааны тоног төхөөрөмж, машин, эргэлтийн хөрөнгүүдийг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас битүүмжилсэн байсан ба Хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн санд төлөх 80 000 000 төгрөгийн шүүхийн шийдвэртэй ажиллагаа явагдаж байсан. Бид үүргээ гүйцэтгэхийн тулд Төв аймагт явагдаж байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаж ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь харъяалал зөрчсөнийг тогтоож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Хаан ембүү ХХК-ийн Жаргалант суманд байдаг үйлдвэрлэлийн барилга объектыг 25 000 000 төгрөгөөр үнэлсэн байсныг зогсоож чадсан. Шийдвэр гүйцэтгэлийн алба нь 51 хувийн хувьцааг Эн Ви Си  ББСБ ХХК-д шилжүүлэхэд бэлэн байсан боловч урамшууллын гэрээний дагуу төлөх 32 000 000 төгрөгийг төлөөгүйгээс асуудал үүссэн. Шийдвэр гүйцэтгэлийн албатай урамшууллын төлбөрийг хувиар гарган төлөхөөр болсон боловч 2 удаа энэ тохиролцоо хэрэгжээгүй учраас 51 хувийг шилжүүлэх ажиллагаа бүр мөсөн зогссон. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийсэн ажлын дүн, төлбөр тооцооны үлдэгдлийг тооцсон баримтууд хэрэгт авагдсан байна. 2017 оны 05 дугаар сарын эхээр Гүнд инвистмент ХХК-ийн төлөөлөгч н.Жаргалсайхантай уулзахад 20 000 000 төгрөг өгье, үлдэгдэл мөнгийг бол өгөх боломжгүй гэсэн, дараа нь Ж.Эрдэнэням захиралтай уулзахад мөн л 20 000 000 төгрөг өгье гэсэн тул захирал н.Сайханцэцэгийн данс руу шилжүүлэн авсан. Гэрээ байгуулснаас хойш 5 жил болсон, 2 талын байгуулсан гэрээ хууль ёсоор хамгаалагдсан. Шүүгчийн захирамжаар 865 884 350 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, үүний 8 хувь нь 69 270 748 төгрөг болно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлөөгүй хөлс 27 808 802 төгрөг, гэрээний 3.1.4-т зааснаар алданги 17 251 920 төгрөг, 5.2-т зааснаар үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсаны төлбөр 6 927 074 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 13 500 төгрөг нийт 52 001 296 төгрөгийг Эн Ви Си ББСБ ХХК болон Гүнд инвестмент ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эн Ви Си ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2012 оны 07 сарын  05-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний 1.2 дахь хэсэгт талууд хамтын ажиллагаандаа Монгол улсын Иргэний хууль, Өмгөөллийн тухай хууль тогтоомжийг хүндэтгэн оролцох бөгөөд үүргээ зохих ёсоор, бодитойгоор биелүүлэх зарчмыг баримтална гэсэн байна. Гэрээний 1.4 дэх хэсэгт үйлчлүүлэгчийн зүгээс зээлдэгч Хаан ембүү компанитай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний зүйл заалтууд, эдгээр гэрээнд заагдсан үйлчлүүлэгчийн эрх үүргийг үндэслэн хуульчийн зүгээс шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үйлчлүүлэгчийн эрх ашгийг төлөөлөх үйл ажиллагаа явуулна, гэрээний 2.2.2-т Хаан ембүү компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагатай уулзах, хэлэлцээр хийх, нэгдсэн тохиролцоог  хэрэгжүүлэх эрхээр хангагдах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах, шаардлагатай баримт бичгийг боловсруулах, гүйцэтгэлийг хангуулах гэж заасан байна. Хаан ембүү компанийн зүгээс Эн Ви Си  ББСБ-ын дансанд нэг ч төгрөг  төлөгдөөгүй. Бид Эм Эн Эф консалтинг" компанид үйл ажиллагааны төлбөрт 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 520 000 төгрөг, 2013 оны 01 сарын 03-ны өдөр 4 423 970 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 4 423 973 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөг, 2014 оны 09 сарын 23-ны өдөр  1 276 850 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 23-нд 20 114 942 төгрөг нийт 44 239 738 төгрөгийг тус тус өгсөн. Эдгээр нь Эн Ви Си  ББСБ  ХХК-ийн нягтлан бодогч н.Саранцэцэгийн тайланд тусгагдсан. Үүнээс болж Эн Ви Си  ББСБ  ХХК-ийн ажлын хэсэг 2017 оны 05 дугаар сарын  26-нд хуралдсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ биелэгдээгүй, төлбөр мөнгө төлөгдөөгүй, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ хэрэгжээгүй байхад мөнгө шилжүүлсэн тул Эн Ви Си  ББСБ ХХК-ийн дотоод журмын 32.2.5, хөлсөөр ажиллах гэрээний 9.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалтуудыг үндэслэн Ж.Эрдэнэням захиралд 3 сарын цалингийн 20 хувиас хасч шийтгэл ногдуулж, учруулсан хохирол 22 891 792 төгрөгийг Ж.Эрдэнэнямаар нөхөн төлүүлэхээр ТУЗ шийдсэн. Мөн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ

 

Хариуцагч Гүнд инвестмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эн Ви Си  ББСБ ХХК-ийн төлөөлөгч нь Ж.Эрдэнэням захирал хариуцлага алдсан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгжээгүй, төлбөр төлөгдөөгүй байхад компанийн удирдлагад буруу ойлголт өгч шүүхийн шийдвэрийг биелэгдээгүй байхад урьдчилаад мөнгө шилжүүлсэн байсан. Хуульч хүн хууль эрх зүйн зөвөлгөө өгөх байтал буруу ойлгуулж их мөнгө авсан. Гүнд инвестмент компани уг гэрээнд оролцоогүй тул хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1, 367-р зүйлийн 367.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эн Ви Си ББСБ ХХК, Гүнд инвестмент ХХК-аас 52 001 296 /тавин хоёр сая нэг мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн Эм Эн Эф консалтинг ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 958 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төлбөр төлөгч "Хаан Ембүү" ХХК-аас төлбөр гаргуулах, барьцааны 51 хувийн хувьцаагаар үүрэг хангуулах ажиллагаа нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран биелэгдээгүй, хариуцагч "Эн Ви Си ББСБ ХХК гэрээнд заасан үүргийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн зардлыг төлөхгүй байсан үйл баримт болон, үүнийг нотлосон нотлох баримт хэрэгт авагдсан, шүүхээр шинжлэн судалсан. Мөн хариуцагч "Эн Ви Си ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрээр ХХААЯ-ны Жижиг дунд үйлдвэрийн санд 600 000 000 төгрөг төлөх үүрэг биелэгдэхгүй байснаас хамаарч, шийдвэр гүйцэтгэх алба "Хаан Ембүү ХХК-ийн 51 хувийн хувьцааг "Эн Ви Си ББСБ ХХК-д шилжүүлж байсан үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдсан. Шүүхээр шинжлэн судлагдсанаас гадна хариуцагч үүнийг үгүйсгэж татгалзлаа нотолж чадаагүй. Нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, хууль, гэрээнд заагдаагүй үндэслэлээр гэрээгээ цуцалж байгаатай холбоотой байтал анхан шатны шүүх үүнийг буруу ойлгож, тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Эм Эн Эф консалтинг ХХК нь хариуцагч Эн Ви Си ББСБ ХХК, Гүнд инвестмэнт ХХК-д холбогдуулан 52 001 296 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Эн Ви Си ББСБ ХХК-ийн Хаан ембүү ХХК-д холбогдох өр зээлийн талаарх хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр, хариуцагч нь хангагдсан үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 8 хувиар тооцож хөлс төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Эн Ви Си ББСБ ХХК нь Хаан ембүү ХХК болон иргэн Д.Эрзанад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 882 285 751 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба талууд уг шаардлагаас 865 884 350 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4097 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид үүргийн гүйцэтгэлийн хангагдсан үнийн дүн болох 865 884 350 төгрөгийн 8 хувь буюу 69 270 748 төгрөг төлөхөөс 48 147 946 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.4 дэх хэсэгт ...шүүгчийн захирамжаар хангагдсан үүргийн гүйцэтгэлийн дүнгийн 8 хувиар тооцож төлөхдөө урьдчилгаа 20%, 3 шатны шүүхээр ялсан үед 30%, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусч, өр, авлага бүрэн дууссан өдөр нийт ажлын хөлсний 50%-тай тэнцэх хөлс төлөх-өөр, 4.1.3-т ... эвлэрлийн гэрээ хийгдсэн бол шүүхийн шийдвэрт туссаны дагуу үүргийн гүйцэтгэл хангагдсан нөхцөлд ... гэрээний 2.4-т заасан хөлсийг бүрэн төлнө гэж тус тус заажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4097 дугаартай захирамжид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх ба төлбөр төлөгч Д.Эрзан, Хаан ембүү ХХК нь төлбөр авагч Эн Ви Си ББСБ ХХК-д 865 884 350 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн төлбөр төлөгдөөгүй, үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4097 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож, Хаан ембүү ХХК-ийн барьцаа хөрөнгө болох үйлдвэрлэлийн барилгыг 25 000 000 төгрөгөөр үнэлсэн байсныг зогсоосон, 51 хувийн хувьцааг Эн Ви Си  ББСБ ХХК-д шилжүүлэх ажиллагаа бэлэн болсон байтал хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас шийдвэр биелэгдээгүй гэж тайлбарладаг боловч гэрээгээр тохиролцсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй, гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Хэргийн баримтаар хариуцагч Гүнд инвестмэнт ХХК нь дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч Эм Эн Эф консалтинг ХХК-д ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26ы өдрийн 102/ШШ2017/02844 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 958 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

А.МӨНХЗУЛ