Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 678

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Онон,

Хохирогч: О.А,

           Шүүгдэгч: Ц.М өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805038020728 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ц.М, 1994 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн үүрээр 05 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны гадна О.Аыг нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр таксинд явж байхад 03 цагийн үед О.Аыг 2 найз нь таксинд суулгасан. Гэрийнх нь гадаа очиход О.А намайг боосон, салгах гээд О.Аын цохьсон. Тухайн үед маргалдсан зүйл болоогүй, нэг нэгнийгээ танихгүй. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хоёр найзтайгаа уулзаад караокед орсон. Манай хоёр найз намайг таксинд суулгасан. Байрны гадаа очоод бид хоёр барьцалдсан. Тэгээд Ц.М намайг цохьсон. Ц.М надад 300.000 төгрөг өгнө гэсэн бид хоёр тохиролцсон. Гомдол санал байхгүй, би болсон асуудлыг сайн санахгүй байгаа” гэв.

Хохирогч О.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Цамбагаравын замын хойд талын автобусны буудал дээрээс манай хоёр найз болох Ба, Бэ хоёр намайг таксинд суулгаж, таксины мөнгийг нь өгөөд эвтэйхэн хүргээд өгөөрэй гэж жолоочид хэлээд намайг явуулсан. Тэгээд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 54 дүгээр байрны гадна очихоос өмнө би таксины жолоочид эхнэрийнхээ дугаарыг өгсөн. Манай эхнэртэй яриад манай гэрийг заалгуулж манай байрны гадна очоод, чи гэрээ олооч ээ эсхүл буугаач гээд таксины жолооч намайг цохиод авсан. Би машиных нь гадаа дахиад цохиулаад газар уначихсан. Би ах Ү руу утасдаад гадаа таксины жолоочид зодуулчихлаа гэж хэлсэн чинь ах гэрээс гарч ирсэн....уруул дотроо 7 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч М.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 16-ны орой манай нөхөр О.А найз нартайгаа уулзах гээд 23 цагийн үед гэрээсээ гарсан. Найзууд нь шөнө таксинд суулгаж өгсөн гэсэн. Тэгээд шөнө унтаж байхад таксины жолооч над руу залгаад танай нөхөр чинь гэрээ олохгүй байна, гэр чинь хаана байдаг юм гэхээр нь гэрээ зааж өгсөн. Тэгээд цонхоор хараад зогсож байгаад байрны гадна ирэхээр нь мөнгө төгрөгийг нь өгчихсөн гэхээр нь наанаа буулгачих гэсэн. Тэгээд орж ирэхгүй нилээд удаад байхаар нь би гэрээсээ гараад очтол манай нөхрийн амнаас нь цус гарчихсан, хувцас хунар нь шавар шавхай болчихсон байсан. Тэгээд харчихаад буцаж ороод Үүрийнтуяа ахыг дуудаад гаргаж ирсэн. Манай нөхөр таксины жолооч намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд нөхөр, ах Ү, таксины жолоочтой цуг гэмтлийн эмнэлэг явж урууландаа оёдол тавиулаад ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Шинжээчийн 8878 тоот дүгнэлтэд: “...О.Аын биед дээд уруул, дагз, зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны үүрээр 05 цагийн орчим такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны гадна үйлчлүүлэгч О.Аын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Аын: “...Манай эхнэртэй яриад манай гэрийг заалгуулж манай байрны гадна очоод чи гэрээ олооч ээ эсхүл буугаач гээд таксины жолооч намайг цохиод авсан. Би машиных нь гадаа дахиад цохиулаад газар уначихсан... уруул дотроо 7 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч М.Э-н: “... би гэрээсээ гараад очтол манай нөхрийн амнаас нь цус гарчихсан, хувцас хунар нь шавар шавхай болчихсон байсан. Тэгээд харчихаад буцаж ороод Үүрийнтуяа ахыг дуудаж гаргаж ирсэн. Манай нөхөр таксины жолооч намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд нөхөр, ах Ү таксины жолоочтой цуг гэмтлийн эмнэлэг явж урууландаа оёдол тавиулаад ирсэн..” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, шинжээчийн 8878 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М нь хохирогч О.Аыг цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Аын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчтэй тохиролцсон учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Ц.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.М нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд төлөх боломжтой гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ц.Мд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР