2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2026/01622

 

 

  

    

 

         2026             02              04

   192/ШШ2026/01622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, *** *** овогт *** Б.О- /рд: ********/, 

Хариуцагч: **** тоотод оршин суух, *** овогт **** Р.Г-э /рд: *********/,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 45,094,000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 46,625,961 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч Б.О-,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У,

хариуцагч Р.Г-э, 

хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц,

гэрч Н.М-, Р.Г-,    

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Р.Г-эд холбогдуулан 45,094,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Р.Г-этэй VIP /вип/ караоке түрээсийн гэрээ байгуулж ****** дүүргийн **** дугаар хороо **-р байр ** тоот хаягт байрлах 91 м.кв талбай бүхий караоке үйлчилгээний зориулалттай объектыг 2 жилийн хугацаатай түрээсэлсэн. Түрээсийн төлбөрт 29,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр Р.Г-ийн *************тоот дансанд шилжүүлсэн. Уг караокег түрээсэлсэн өдрөөс хойш нэг сарын хугацаанд бид нийтийн караоке болгох засвар тухайн объектод хийж 6,500,000 төгрөг зарцуулсан. Түрээслүүлэгч тал анх караокегоо бидэнд түрээслэхдээ ярьж хэлж байсан бүх мэдээлэл нь худал байсан тул бид түрээсийн гэрээгээ дуусгавар болгох талаар Р.Г-эд 2025.04.18-нд анх мэдэгдсэн. Гэвч түрээслүүлэгч Р.Г-э нь тус өдрөөс хойш утсаа авахгүй, мэссэж бичихээр хариу өгөхгүй, караокегоо хүлээж авахгүй, өдөр хоногийг өнгөрөөж байна. Р.Г-э нь хааяа нэг утсаа авахдаа би хөдөө байна, Улаанбаатарт очих боломжгүй байна, түрээсийн хоногт гарч байгаа мөнгийг буцаан олгохгүй гэх хариу хэлээд утсаа тасалчихдаг. Иймд тус үл хөдлөх хөрөнгийн засварын материалын зардалд нийт 6,800,000 төгрөг, ажиллуулж байх хугацаанд тог тасарч ажиллуулаагүй 3 өдрийн түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг, засвар хийлгэсэн 6 иргэний 5 өдрийн ажлын хөлс болох 3,000,000 төгрөг, засварт ажилласан 6 иргэний хоолны зардал өдрийн 100,000 төгрөгөөр 6 өдрийн нийт 600,000 төгрөг, караоке түрээслэхдээ өөрийн танилаас 15,000,000 төгрөг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд хүүний төлбөрт сард 450,000 төгрөг бодогдож 2025.03.17-ны өдрөөс хойш одоог хүртэл хугацааны хүүний төлбөрт 5,400,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасны улсын тэмдэгтийн хураамид төлсөн 294,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөрт 3,000,000 төгрөг, анх караоке түрээсийн гэрээ байгуулахад 6-н VIP өрөө хэвийн ажиллагаатай гэсэн боловч 3 өрөө хэвийн ажиллагаатай байсан бөгөөд үлдсэн 3 өрөөний диффузер, өсгөгч ажиллагаагүй, 4 өрөө микрофон байхгүй байсан учраас түрээсийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг буцааж авах, тус караокег ажиллуулаагүй 2 сарын хугацааны түрээсийн төлбөр болох 20,000,000 төгрөг нийт 45,094,000 төгрөгийг хариуцагч Р.Г-ээс гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээг буюу 2025.03.18-ны өдрийн Түрээсийн гэрээг бид хоорондоо байгуулсан нь үнэн боловч, тухайн гэрээний 3.2.1-т зааснаар буюу төлбөрийг 3 сараар төлөх үүргийг түрээслэгч болох Б.О- нь хүлээсэн. Түрээслэгч Б.О- нь түрээслүүлэгч тал болох Р.Г-э надад 3 сарын түрээсийн төлбөрт 30 сая төгрөгийг өгөх ёстой байтал 29 сая төгрөг буюу 1 сая төгрөг дутуу өгсөн. Мөн түрээслэгч тал болох Б.О- нь Түрээсийн гэрээний 3.3 дахь заалт буюу Түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа болгож 2 сая төгрөгийг 2025.06.18-ны дотор төлнө гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Б.О- нь Түрээсийн гэрээний 3.3 дахь заалтыг зөрчиж, 2025.06.18-ны өдөр өнгөрсөн байхад, өнөөдрийг хүртэл барьцааны мөнгөө түрээслүүлэгчид төлөөгүй байгаа. Түрээслэгч Б.О- нь түрээсийн үл хөдлөх хөрөнгөд өөрийн дураар засвар үйлчилгээ хийсэн бөгөөд түрээслүүлэгч миний бие түрээслэгч болох иргэн Б.О-т засвар үйлчилгээ хийх зөвшөөрлийг амаар болон бичгээр өгөөгүй. Мөн Б.О- нь гэрээгээ дуусгавар болгох талаараа 2025.04.18-нд мэдэгдээгүй, анх удаа 2025.05.19-нд миний утас руу "за ямартай ч караокег чинь хүлээлгэж өгье гэж хэлээд, нэг сар боллоо. Өнөөдөр цагдаад өгнө" гэсэн мэссэжийг над руу явуулсан байсан. Түрээсийн гэрээний 7.5 дахь заалтанд Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. 2025.05.19-ний өдөр надад анх удаа хэлсэн бөгөөд, 2025.04.19-ний өдөр Б.О-тэй уулзахад надад гэрээгээ цуцлая гэсэн зүйл яриагүй. Би 2025.05.30-ны өдөр хөдөөнөөс Улаанбаатар хотод орж ирээд БНХАУ руу шууд явсан бөгөөд 2025.06.08-ны өдөр Монгол улсдаа ирсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 46,625,961 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Би Б.О-тэй 2025.03.18-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн Түрээсийн гэрээг байгуулж, өөрийн хууль ёсны хувийн өмч болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1-р байрны 0 тоот дахь 91 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг 2 жилийн хугацаатай, 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Би сүүлийн 10-аад жилийн хугацаанд бусдад түрээслүүлж байгаа. Гэтэл Б.О- нь өөрийн муугаас болж ашиг олж чадаагүй мөртлөө энэ бүх зүйлд намайг буруутай мэтээр гүтгэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.О- нь дээрх гэрээний 7.4-д Түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш түрээслэгдэж буй эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын зардал ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернетийн төлбөр болон татвар хураамжийг түрээслэгч хариуцна гэсэн үүргээ биелүүлээгүй. Мөн 2025.06.12-ны өдөр караокег надад албан ёсоор хүлээлгэн өгч, акт үйлдсэн боловч тэрээр өнөөдрийг хүртэл караокед засвар хийсэн гэх, салгаж болох эд хөрөнгүүдээ буцааж авахгүй байгаагаас болж, би 2025.06.12-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 3 сарын хугацаанд түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөгөөр хохирч байна. Иймд 2025.06.12-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл бүтэн 3 сарын хугацааны түрээсийн төлбөр болох 30,000,000 төгрөг, түрээсийн хугацаанд буюу 2025.03.18-ны өдрөөс 2025.06.18-ны өдрийг хүртэл 3 сарын хугацааны ус, хог, дулаан, цахилгааны төлбөрүүдийг төлөөгүй учраас цахилгааны төлбөрт 310,000 төгрөг, цэвэр, бохир ус, дулааны төлбөрт 1,300,000 төгрөг, хогны төлбөрт 195,000 төгрөг, караокег хуучин байдалд нь буюу анхны байдалд буцаан оруулах засвар үйлчилгээний зардалд 9,520,961 төгрөг, караокег засвар үйлчилгээний төсөв гаргуулсан ажлын хөлсний төлбөрт 300,000 төгрөг, түрээсийн гэрээний 3.3-т зааснаар түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор болгож, 2,000,000 төгрөгийг 2025.06.18-ны дотор түрээслүүлэгчид төлнө гэж заасныг зөрчсөн бөгөөд барьцааны 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 46,625,961 төгрөгийг Б.О-ээс гаргуулж өгнө үү гэв.     

 

4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид ажиллуулж байсан хугацааныхаа ус, дулааны төлбөрийг 2025.04.30-ны өдөр ОСНААУГ-н Хаан банкны 5017289837 тоот дансанд 626,970 төгрөгийг 1002-13 караоке гэсэн гүйлгээний утгатайгаар төлсөн. Мөн хугацааны тогны мөнгийг 2025.04.25-ны өдөр Чилгэр овогтой Батцэцэгийн Хаан банкны 5023123271 тоот дансанд 170,414 төгрөгийг +21 караоке тогны мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. 2025.04.18-нд түрээсийн гэрээгээ дуусгавар болгох талаар мэдэгдсэн, Р.Г-ийн караокегоо хүлээж авъя гэсэн өдөрт нь буюу 2025.06.12-нд объектыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Бидний хийсэн сайжруулсан засварын дагуу одоо илүү ашиг орлого олж байгаа тул 30,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Түрээслүүлэгч Р.Г-ийн нэхэмжилсэн 9,500,000 төгрөгийг мөн төлөхгүй. Р.Г-э нь сөрөг нэхэмжлэл дээрээ объект /караоке/-д засвар хийхээс өмнөх фото зураг дээр үнэлгээ хийлгэсэн бөгөөд тус үнэлгээ хийлгүүлэхээр өгсөн фото зургууд бидний засвар хийгээгүй, огт гар хүрээгүй VIP өрөөнүүдийн зургийг хавсаргасан байсан. Бид VIP өрөөнд засвар хийгээгүй, коридор тусгаарласан VIP өрөөгөөр ашигладаггүй харанхуй нэг том өрөөний Г хэлбэрийн гипс болон паниаран ханыг буулгаж үүдний хэсгийг чөлөөлж, том саруулхан зай талбайтай болгож мөн агаар сэлгэлтийг сайжруулсан. Хариуцагч нь караокег өөртөө буцаан хүлээлгэж өгөхгүй надад их хэмжээний хор хохирол учруулсан гэсэн. Р.Г-э караокегоо 2025.06.12-ны өдрийн өглөө хүлээж авъя гэж над руу залгасан би 2025.06.12-ны өдрийн орой 18:30 цагт Р.Г-эд +21 караокег доторх эд хогшил, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажиллуулж цаасан дээр гараар акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Тухайн өдөр бүртгэж тэмдэглэн хүлээлгэн өгсөн актын эх хувь Р.Г-д байгаа. Бид түрээсийн гэрээний 3.3-т заасан барьцаа 2,000,000 төгрөг төлөх хугацаа 2 сарын өмнө буюу 2025.04.16-нд бид түрээслүүлэгч талд Түрээсийн гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Биднийг анх түрээсэлж эхлэхэд 6 VIP өрөөний тоног төхөөрөмж нь өрөө №1 зурагт байхгүй, өрөө №3 микрофон байхгүй, өрөө №3 микрофон байхгүй, өрөө №4 микрофон болон диффузер байхгүй, өрөө №6 дуу өсгөгч нь тус тус ажиллагаагүй байсан. Анх караокег хүлээж авахад бүртгэсэн актад дээрх өрөөнүүдийн ажиллагаагүй тоног төхөөрөмжийг тэмдэглэсэн байгаа. Бидний Нийтийн караоке болгон засаж сайжруулсан хэлбэрээр 2025.09.05-наас хойш түрээсэлж, одоог хүртэл Нийтийн болон VIP караокегоор хослуулан ажиллаж байгааг нотлох зургийг хэрэгт хавсаргав. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.    

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Түрээсийн гэрээ /хх 4-5/, Б.М-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6/, Б.О-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7, 133/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 26/, Фото зураг /хх 27-30/, Б.О-ийн Төрийн банкны депозит дансны хуулга /хх 31-44, 131-132, 135-152/, Gan-Erdene karaoke boss гэх мэссэж зурвасны зураг /хх 45-48/, зураг /хх 49-50/, Сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргах тухай /хх 122-125/, Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлага гаргах нь /хх 126-127/, Э.Мөнхсайханы Төрийн банкны депозит дансны хуулга /хх 134/, Сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлэх тухай /хх 187-189/, Зураг /хх 190-201/,      

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх 16-21/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 54-55/, Сөрөг нэхэмжлэл гаргах тухай /хх 66-73/, Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, хураамж төвлөрүүлэхэд хамтран ажиллах гурвалсан гэрээ /хх 75-76/, Тусгай зөвшөөрөл /хх 77, 79/, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /хх 78/, Гэрчилгээ /хх 80/, Түрээсийн гэрээ /хх 81-82/, Төлбөрийн нэхэмжлэх /хх 83-85/, Фото зураг /хх 86-88/, Р.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 89-91/, Караоке өрөө №1, №2, №3, №5, №6 хүснэгт бүхий баримт /хх 92-97/, Түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгө хүлээцэх акт /хх 98-100/, Төсөв №09-2025 Иргэн Р.Г-э караокены засварын ажил /хх 101-110/, Ажлын тоо хэмжээ бодох /хх 111/, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай /хх 180-181/,     

 

7. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.Мөнхсайхан /хх 63-65/, Б.М- /хх 119-120/, Н.Жамсран /хх 118/ нараас гэрчийн мэдүүлэг авсан, нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн CD /сиди/ бичлэгт 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 173-174/,

Хариуцагчийн хүсэлтээр Юнител ХХК-ийн албан бичиг /хх 129/, Н.М- /хх 176-177/, Р.Г- /рр 178-179/ нараас гэрчийн мэдүүлэг авсан, хариуцагч Р.Г-ийн эзэмшлийн Samsung SM-N981N загварын гар утсанд 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 171-172/,     

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Түрээсийн байранд хийсэн засварын материалын зардалд 6,800,000 төгрөг, засвар хийсэн хүмүүсийн ажлын хөлс 3,000,000 төгрөг, мөн засвар хийсэн хүмүүсийн хоолны зардалд 600,000 төгрөг, түрээсийн хугацаанд тог тасарч ажиллаагүй 3 өдрийн түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,400,000 төгрөг, ажиллуулаагүй 2 сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөгийг буцаан авах, зарим өрөөний техник хэрэгсэл ажиллахгүй байсан тул 5,000,000 төгрөг буцаан авах, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамж 294,000 төгрөг, нийт 45,094,000 төгрөгийг хариуцагч Р.Г-ээс гаргуулна.

 

3. Хариуцагч Р.Г-э нь татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Эхний 3 сарын түрээсийн төлбөрөөс 1,000,000 төгрөг дутуу өгсөн, барьцааны 2,000,000 төгрөгийг төлөөгүй, миний хөрөнгөд дураар засвар хийж сүйтгэсэн, гэрээг дуусгавар болгох талаар надад 2025.04.18-ны өдөр мэдэгдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

4. Хариуцагч Р.Г-э сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: 2025.06.12-ны өдрөөс хойш 3 сарын түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг, түрээсийн хугацааны буюу 2025.03.18-ны өдрөөс 2025.06.18-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөрт 310,000 төгрөг, цэвэр, бохир ус, дулааны төлбөрт 1,300,000 төгрөг, хогны төлбөрт 195,000 төгрөг,                                                                                    засвар үйлчилгээ хийх зардалд 9,520,961 төгрөг, засвар үйлчилгээний төсөв гаргуулсан ажлын хөлсний төлбөрт 300,000 төгрөг, түрээсийн гэрээний 3.3-т зааснаар барьцааны 2,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 46,625,961 төгрөгийг Б.О-ээс гаргуулна.      

 

5. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөв. Үүнд: Бид ажиллуулж байсан хугацааныхаа ус, дулааны төлбөрт 626,970 төгрөг, тогны төлбөрт 170,414 төгрөг төлсөн. 2025.04.18-нд түрээсийн гэрээгээ дуусгавар болгох талаар мэдэгдсэн, Р.Г-эд 2025.06.12-нд объектыг хүлээлгэж өгсөн. Бидний хийсэн сайжруулсан засварын дагуу одоо илүү ашиг орлого олж байгаа тул 30,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Бид түрээсийн гэрээний 3.3-т заасан барьцаа 2,000,000 төгрөгийг 2 сарын өмнө буюу 2025.04.16-нд төлөх байсан тул зөвшөөрөхгүй.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Р.Г-э нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 1 байр, 0 тоот 182 м.кв-аас 91 м.кв-ийг шилжүүлэх, нэхэмжлэгч буюу Б.О- нь түрээсийн байрыг 2025.03.18-ны өдрөөс 2027.03.18-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар, ашигласны нэг сарын төлбөрт 10,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. Тухайн гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсжээ. Дээрх гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүй, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Энэхүү гэрээний дагуу хариуцагч тал түрээсийн байрыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн асуудлаар болон төлбөрт 29,000,000 төгрөг төлсөн мөнгөн дүнгийн хэмжээнд зохигч маргаагүй.

 

6.2. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байхаар хөлслөгчийн үүргийг тодорхойлсон байна. Нэхэмжлэгч Б.О- нь түрээсийн байранд засвар хийх зөвшөөрлийг Р.Г-ээс авсан, улмаар ямар засвар хийсэн болох нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн түрээсийн байранд хийсэн засварын материалын зардалд 6,800,000 төгрөг, засвар хийсэн хүмүүсийн ажлын хөлс 3,000,000 төгрөг, мөн засвар хийсэн хүмүүсийн хоолны зардалд 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.О- энэхүү түрээсийн байрыг хөлслөн ажиллуулахдаа бусдаас зээлсэн гэх мөнгөний хүүгийн төлбөр, түүний эрх ашгаа хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн өмгөөлөгчийн хөлсийг гэрээний үүргээс үүссэн зардал гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн төлбөрт 5,400,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.О- нь тухайн караоке үйлчилгээний зориулалттай түрээсийн байрыг өөрийнхөө эзэмшилд байх хугацааны 2 сарын төлбөр 20,000,000 төгрөгийг Р.Г-ээс шаардсан үндэслэл тодорхойгүй, түрээслэгч тухайн түрээсийн байрыг ашиглаагүй гэх шалтгаан нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэдгийг нотолсон баримтгүй байх тул нэхэмжлэгчийн ажиллуулаагүй 2 сарын түрээсийн төлбөр 20,000,000 төгрөгийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Харин тухайн түрээсийн байрын 3 өрөөний микрофон ажиллагаагүй хүлээлгэн өгсөн, мөн 3 өдөр цахилгаан тасарсны улмаас тухайн караоке ажиллаагүй талаар хариуцагчийн зүгээс үгүйсгэж маргаагүй тул нийт 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

6.3. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.5-д хөлслүүлэгч нь хууль буюу гэрээнд заасан бусад эрх эдлэхийг, 289 дүгээр зүйлийн 289.1.7-д хөлслүүлэгч хууль буюу гэрээнд заасан үүрэг хүлээхийг зохицуулсан ба талуудын байгуулсан гэрээний 7.4-т “Түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш түрээслэгдэж буй эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг түрээслэгч хариуцна” гэжээ. 

Нэхэмжлэгч Б.О-ээс түрээсийн байрны ашиглалтын зардалд 797,384 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 131-132 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн түрээсийн хугацааны буюу 2025.03.18-ны өдрөөс 2025.06.18-ны өдрийг хүртэл хугацааны цахилгааны төлбөрт 310,000 төгрөг, цэвэр, бохир ус, дулааны төлбөрт 1,300,000 төгрөг, хогны төлбөрт 195,000 төгрөг, нийт 1,805,000 гаргуулах тухай шаардлагаас 797,384 төгрөгийг хасч 1,007,616 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагч Р.Г-эд олгох нь зүйтэй гэж үзэв.   

 

Хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл баримтуудаас үзэхэд хөлслүүлэгч буюу хариуцагч Р.Г-ийг талуудын хооронд 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хөлслөгч буюу нэхэмжлэгч Б.О-ээс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, хариуцагч Р.Г-ээс “...Б.О- нь гэрээгээ дуусгавар болгох талаараа 2025.04.18-нд мэдэгдээгүй, анх удаа 2025.05.19-нд миний утас руу "за ямартай ч караокег чинь хүлээлгэж өгье гэж хэлээд, нэг сар боллоо. Өнөөдөр цагдаад өгнө" гэсэн мэссэжийг над руу явуулсан байсан” гэх тайлбарыг гаргасан байна.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа 3 сар байх бөгөөд энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохыг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасан. 

2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн түрээсийн гэрээний 7.5-д Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд нөгөө талдаа 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байна. Иймд хариуцагч Түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсан 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1 сарын хугацааг тоолоход талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон тул хариуцагч нь 2025.06.12-ны өдрөөс хойш 3 сарын түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг шаардах эрхгүй.

 

Мөн хариуцагчаас засвар үйлчилгээ хийх зардалд 9,520,961 төгрөг, засвар үйлчилгээний төсөв гаргуулсан ажлын хөлсний төлбөрт 300,000 төгрөг гаргуулна гэж шаардсан ба өөрийн шаардлагыг нотлох үүднээс хавтаст хэрэгт мэргэшсэн төсөвчин гаргасан Төсөв №09-2025 Иргэн Р.Г-э караокены засварын ажил гэх баримтыг гаргаж өгсөн. Уг төсөв баримтад “...төсөвт өртөг 9,520,961 төгрөг...” гэжээ. 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т “хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах” эрхтэйг заасан. Гэвч хариуцагч түрээсийн байранд хийх засварын төлбөрт 9,820,961 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь нэхэмжлэгч уг түрээсийн байранд эвдрэл, гэмтэл учруулсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсонгүй. 

 

Түүнчлэн хариуцагчаас түрээсийн гэрээний 3.3-т заасан барьцаа 2,000,000 төгрөгийг төлөөгүй тул гаргуулна гэж шаардсан. Р.Г-э, Б.О- нарын хооронд 2025 оны 3 дугаар сарын 18-ны  өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний 3.3-д “Түрээслэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа болгож 2,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлнө” гэжээ. Хариуцагч гэрээ байгуулагдмагц аваагүй учир барьцааны 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлага хангагдах боломжгүй.  

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Учир нь, аливаа этгээд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандана. Хариуцагчийн эрх ашгаа хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн өмгөөлөгчийн хөлсийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохиролд тооцох боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Г-ээс 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 39,094,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-ээс 1,007,616 төгрөг гаргуулан хариуцагч Р.Г-эд олгож, сөрөг нэхэмжлэлийн 45,618,345 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,200 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэгч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 28,733 төгрөгийг гаргуулан хариуцагч Р.Г-эд олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.БАЯРСҮРЭН