2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2026/01618

 

    

  

    

           2026             02              04

     192/ШШ2026/01618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ************** тоот хаягт оршин суух, ******* П-- /рд: ******/,

 

Хариуцагч: ********тоотод оршин байрлах, ******* овогт ******** Ж- /рд: ********/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,  

Гэрч Р.А, Ж.О,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.П-- нь хариуцагч Б.Ж-ид холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:   

Г.П-- нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 хаягт байрлалтай 1200 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг 2020 оноос эхлэн эзэмшиж, Э-*********** дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр авсан байдаг. П.Ж- нь манай эгч Г.А-аар дамжуулан надтай холбогдож миний газрын эзэмших эрхийг 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 35,000,000 төгрөгийг бэлнээр гэрээ байгуулсан өдрөө авахаар болсон. Тухайн үед газрын зах зээлийн ханш 50,000,000 төгрөг байсан. П.Ж- нь гэрээ байгуулах үед 35,000,000 төгрөгөөр эрх шилжүүлэх гэрээг байгуулахаар төлөх татвар нь өндөр гарах гээд байна 10,000,000 төгрөгөөр худалдан авсан гээд гэрээгээ байгуулчихъя, ажил дээр очоод 35,000,000 төгрөгийг чинь бэлнээр өгнө гээд гуйгаад байхаар нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1596 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Гэрээ байгуулаад ажил дээр нь очоод мөнгөө авах гэтэл ажилчдын цалин хөлс тавиад мөнгөгүй болчихсон байна хэд хоногоос өгье гэхээр нь тэгвэл нотариатаар хийлгэсэн гэрээгээ цуцлая гэхэд ах нь Р.А- эгчийн чинь оюутан ангийн найз нь найдвартай өгнө, хэд хоног л хүлээчих гээд байхаар нь хэд хоног хүлээхээр болсон. Сүүлдээ мөнгө өгөхгүй удаад байхаар нь очиж уулзахад эгч А-д чинь 35,000,000 төгрөгт багтаагаад зуслангийн байшинг нь засварлаж өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Гэтэл нэг удаа уулзаж үнийн санал танилцуулсан тэрнээс хойш өнөөдрийг хүртэл зуслан байшинг нь засварлаж өгөөгүй ба гэрээний үүргээ ч биелүүлээгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас хариу тайлбартаа: 2021 оны 6 сарын 18-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Эрх шилжүүлэх гэрээний дагуу төлбөр тооцоо төлж дууссан гээд тухайн хүн өөрөө хүлээн зөвшөөрөөд зурсан байдаг. Нэхэмжлэгч гарын үсгийг минийх биш гэж огт маргаагүй. Гэрээг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийнхоо дагуу тухайн эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсгэсэн гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрх болох нь тодорхой байгаа гэдгийг шударга эзэмшигч гэдэг. Тэгэхээр одоогоор эзэмшил Б.Ж-ийн нэр дээр байгаа дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. Б.Ж-ийн эзэмшилд шилжүүлж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбараа хэлсэн, мөн нэхэмжлэлд дурдсан. Хариуцагч гэрээний үүрэг буюу газрын төлбөрийг, нэмээд татварын төлбөрийг бэлнээр өгсөн байгааг тухайн үеийн дансны хуулгаар нотолдог. Энэ хуулга нь мөн 2021 оны 6 сарын 11-ний өдөр гэрээгээ байгуулаад, тухайн өдрөө 25 сая төгрөг бэлнээр гарсан. Үүнээс хойш газрын албаны байгууллагад хүсэлтээ гаргаж өгсөн 2021 оны 6 сарын 17-ны өдөр газар эзэмших, нэр шилжүүлэхтэй холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Гэрээг мөн Иргэний хуульд зааснаар чөлөөтэй, ямар нэгэн дарамт шахалтад ороогүй, хуулийн хүрээнд нотариатаар батлуулсан байдаг. Мөн гэрээний 3.1, 3.1.1-д төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн, төлбөр тооцоо дууссан гэдэг. Нөгөө талаасаа газрыг хүлээлгэж өгөөд, манай талаас гэрээний үүргийг гүйцэтгэсэн. Ийм нөхцөл байдалтай байгаа буюу талууд хэн аль нь гэрээний үүргийг биелүүлсэн байгаа тохиолдолд гэрээнээс татгалзах эрх зүйн зохицуулалт байхгүй, татгалзаж болохгүй байгаа. Нэхэмжлэгч өөрөө гэрээгээрээ хүлээн зөвшөөрсөн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нотлогдохгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2, 55/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх 3-4/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2024/12700 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/03946 дугаар шийдвэр /хх 6/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 30г 2-3/3513 дугаар албан бичиг /хх 7/, ЭБО инвест ББСБ-ын Барьцааны гэрээ, хавсралт /хх 137-139/, ЭБО инвест ББСБ-ны 01/05 тоот Тодорхойлолт гаргах тухай албан бичиг /хх 140/, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/227 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамж, хавсралт /хх 141/, Зураг /хх 143-145/, Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 02/851 тоот албан бичиг /хх 146/,    

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар гаргах нь /хх 21/, Итгэмжлэл /хх 24/, Голомт банкны дансны хуулга /хх 26, 37/,

 

5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

Нэхэмжлэгчийн хүсэлтээр А-аас гэрчийн мэдүүлэг авсан, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 05-15/1134 тоот албан бичгээр газрын хувийн хэрэг /хх 89-125/, 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл /хх 60-61/,

Хариуцагчийн хүсэлтээр Ж.О-ээс гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.П-- нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Өөрийн газар эзэмших эрхийг 35,000,000 төгрөгөөр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон,  хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгуулна. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Газрыг гэрээнд заасны дагуу худалдан авч гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.  

 

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

Талууд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Г.П-- нь эрхийн улсын бүртгэлийн Э-*********** дугаартай, нэгж талбарын *******дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-2 хаягт байршилтай, 1200 м.кв талбайтай, аж ахуйн зориулалттай газрыг Б.Ж-ийн эзэмшилд шилжүүлэх, Б.Ж- нь 10,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр төлөх, газрыг Б.Ж-ид шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь газрын үнийг төлж, үнийг бүрэн төлснөөр газрын өмчлөгч болохоор байна. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасантай нийцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.  

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

 

Энэхүү гэрээний худалдагчийн гол үүрэг нь эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагчийн хариу үүрэг нь эд хөрөнгийн үнийг төлөх юм.

 

Талууд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний зүйлийн үнийн талаар маргаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх гэрээний зүйлийн үнэ 35,000,000 төгрөг гэж тохиролцож гэрээг 10,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан гэж, харин хариуцагч гэрээний үнэ болон татварын төлбөрт нийт 25,000,000 төгрөг төлсөн гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгахаар шаардаж байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд улмаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, мөн нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй бөгөөд ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа хариуцагч Б.Ж-ид 35,000,000 төгрөгөөр худалдсан болох нь баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар баримтаар нотолж чадахгүй байна.

Хэдийгээр гэрч Р.А-, Ж.О- нараас газрыг 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

Мөн Шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.П--ын эгч буюу гэрч Р.А-ын Р.А-ын “Amara Radna” гэсэн фэйсбүүк цахим хаягнаас хариуцагч Б.Ж-ийн “Jamkaa Jamkaa” гэсэн фэйсбүүк цахим хаягтай харилцсан цахим зурваст, гэрч Р.А-ын [email protected] и-мэйл хаягт 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Б.Ж-оос ирүүлсэн цахим захидалд үзлэг хийсэн боловч үзлэгээр илэрсэн нөхцөл байдал нь тодорхой бус байна.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсоны дагуу гэрээний үнийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлж дуусгах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн гэрээ байгуулагдсан өдөр гэрээний үнэ 10,000,000 төгрөг, мөн татварын төлбөрийг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгчээс үгүйсгэж чадаагүй.

Тодруулбал, хариуцагч өөрийн татгалзлаа нотлож Б ХХК-ийн Голомт банкны дансны хуулгыг гаргаж өгсөн. Уг дансны хуулга баримтаас үзвэл 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гүйлгээний утга “512960556 ЧВ75100463 О-” гэх 20,000,000 төгрөг, гүйлгээний утга “kass Ж-” гэх 5,000,000 төгрөгийн зарлага гарсан байна. Хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 05-15/1134 тоот албан бичгийн хавсралтаас үзвэл нэхэмжлэгч болон хариуагч нар 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албанд нэр шилжүүлэх хүсэлтээ гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байх тул газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Ж-ид холбогдох, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.П--ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.БАЯРСҮРЭН