Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 107

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******гийн Б-т холбогдох 1826000940061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн ******* овгийн С.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө******* улсын дугаартай хар ногоон өнгийн “Истана” маркийн автомашиныг жолоодож яваад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэр “Далд хавцгай” гэх газар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7А-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 2300000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч Г.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Өмнөговь аймгийн “Цагаан хад” хилийн боомтоос ажлын хүмүүс болох Б, Б, М, Ц, Н, Х, Б нарын хамтаар Баянхонгор аймаг гарсан бөгөөд ажлын “Истана” маркийн машиныг би бариад явсан. Өвөрхангай аймгаас наашаа явж байгаад жолоогоо шөнө 03 цагийн үед Б шилжүүлсэн бөгөөд би машины буруу талын урд суудал дээр суугаад унтсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд нилээн гэмтэлтэй сэрсэн юм. ....Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомтоос гарахдаа би машиныг барьж яваад Өвөрхангай аймгийн наад талд байх Тарагт сумаас жолоогоо шилжүүлсэн. Тухайн шөнө 03 цаг болж байсан учир нойр хүрээд жолоогоо шилжүүлэх болсон юм. ...Б бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл явсан. ...Миний биед тархинд цус хуралттай, баруун талын дал эгэм хугаралтай хүзүү толгой хөшиж өвдөнө. Миний биеийн байдал гайгүй байна. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

Хохирогч Г.С мөрдөн байцаалтанд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин өгсөн: “...Цагаан хад хилийн боомтоос надтай нийлээд 7-уулаа гарсан. М гэх залуу нэг танихгүй залуугийн хамт Цогтцэций сумаас суусан юм. Н гэх хүн машинд суугаагүй,  Б Н гэж андуурч мэдүүлсэн байна. Н гэх хүн огт байгаагүй. Өмнөх өгсөн мэдүүлэгтээ М Цагаан хад хилийн боомтоос цуг суусан гэж бас андуурч мэдүүлсэн байна. ...Миний нойр хүрээд байхаар нь жолоогоо Б Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Арвайн тал гэх газарт шилжүүлсэн юм. Б нь Өмнөговь аймгийн ******* сумаас гараад Өвөрхангай аймаг ортол унтсан. Би Б-г ядарсан байсныг мэдээгүй. Машин дотор унтаад яваад байсан болохоор амарчихлаа л гэж бодсон юм. Энэ машин нь Шандас Транс ХХК-ний дотоод ажил, үйлчилгээнд явдаг машин байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Л н /бүрэн нэрийн нь мэдэхгүй байна/ нэр дэр байдаг. Яг хэнийх нь эзэмшлийн автомашиныг мэдэхгүй байна. ...Миний биеийн байдал одоо зүгээр байна. Би эмчилгээний зардлаа Б-с бүрэн авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 02-03 цагийн үед өдөр бид нар Өмнөговь аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд Истана маркийн, хар ногоон өнгийн,******* улсын дугаартай машинтай гарч явсан. Бид нар жолоочтойгоо нийлээд 9-н хүн тус автомашинд сууж явсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт онхолдсон.  Би унтаж  явсан болохоор яаж яваад осолд орсон талаар мэдэхгүй байна. Өмнөговь аймгаас гарахад С гэдэг залуу жолоо барьж байсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрч байхад машин нэг зогссон. Тэгэхэд машинд явсан хүмүүс бууж бие засаад хөдлөхөд Б жолоо барьж байгаа харагдсан. Би унтаж явсан болохоор хаанаас хэзээ Б жолоо барьж эхэлсэн талаар мэдэхгүй байна. Истана маркийн, хар ногоон өнгийн,******* улсын дугаартай автомашин “Шандас таранс ХХК”-ий автомашин байгаа юм. Бид нар бүгд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Тийм болохоор жолоо барьж явсан Б архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Эрүүл саруул ухаантай байсан. ...Осолд орох үед засмал замын хоёр тал бага зэрэг цастай, гөлөөнтэй байсан. Зам голоороо цасгүй, хар байсан. Би осолд ороод дараа нь машинаас бууж харахад эргэлт тойруутай замын хэсэг байсан ба баруун гар талаараа илүү цастай байсан. ...Би унтаж явсан болохоор яг хэдэн км, цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. ...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн үед бид нар осолд орсон байх гэж би бодож байна. Осолд орох үед машин баруун талаараа унасан байсан. Баруун гар талын урд суудал дээр Сумхүү сууж явсан болохоор тэр талын хаалганы дээд хэсгээр толгой, цээж хэсэг нь гарчихсан хавчуулагдсан байсан.  Б хөл нь явж чадахгүй гэмтсэн байсан. Ц бас хөл нь доголоод байсан. Бас нэг залуу хавирга нь гэмтсэн гээд тэр хоёртой явсан. Тэр залуугийн нэрийг нь би мэдэхгүй. Б-н хавирга, хөл нь өвдөөд байна гээд байсан. Б-н хажууд урд суудал дээр С сууж явсан. Тэр хоёрын арын суудал дээр зүүн гар талаасаа би, миний хажууд нэг дайгдаж явсан залуу, тэгээд Б, Х сууж явсан. Бид нарын арын суудал дээр зүүн гар талаасаа З, бас нэг танихгүй залуу, Ц нар сууж явсан. ...Би бэртэл гэмтэл аваагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

Гэрч Д.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 03 цагийн үед өдөр бид нар Өмнөговь аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд Istana маркийн, хар ногоон өгийн,******* улсын дугаартай автомашинтай гарч явсан. Бид нар жолоочтойгоо нийлээд 9-н хүн тус автомашинд сууж явсан. Өмнөговь аймгийн Цагаан хаднаас С машин жолоодож явсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орж ирээд Б С-тэй солигдож жолоо барьсан. Тэгээд явж байгаад Нарийнтээл сум орох гэж байхад аваарт орсон. Аваарт орох үед би унтаж байсан. Б нь ******* ороход унтаж байсан. Би өөрөө унтаад яваад байсан болохоор Б-г хэдийд унтаад,  хэдийд сэрсэн гэдгийг нь мэдэхгүй юм. “Istana” маркийн, хар ногоон өнгийн,******* улсын дугаартай автомашин "Шандас транс" ХХКомпанийн автомашин байгаа юм. Б архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан.  ...Би Ц ахтай хамт С-г эмнэлэгт хүргэж үзүүлэхээр түрүүлээд явчихсан юм.  Би унтаж явсан болохоор яг хэдэн км, цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. ...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн үед бид нар осолд орсон байх гэж би бодож байна. ...С урд суудал дээр сууж явсан юм. Осолд орсны дараа С ямар ч байсан замтай наалдсан хажуугаараа унасан машины тэндээс цухуйгаад байсан. Ц ах, С хоёр хөлөндөө бэртэл авсан гэсэн. Доголоод байсан. Жолооч толгой нь хагарчихсан байсан. С толгойдоо гэмтэл авсан. Харин замаас хоёр танихгүй залуу ******* дээрээс суусан. Тэр хоёр залууг л танихгүй юм. ...Жолоочийн арын суудал дээр би хаалган талд нь сууж байсан. Миний хажууд С сууж байсан. С-н цаана нэг танихгүй залуу, тэрний цаана Б сууж байсан. Бид нарын арын суудал дээр яг миний ар талд Ц ах сууж явсан. Ц ахын хажууд нөгөө нэг замаас суусан залуу суучихсан байсан байх. Тэгээд З сууж байсан санагдаад байна. ...Би гэмтэл, бэртэл аваагүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цагаан-Хаднаас 02 цаг өнгөрөөгөөд Баянхонгор аймгийн чиглэлд “Istana” маркийн, хар ногоон өгийн,******* улсын дугаартай автомашинтай гарч явсан. Тэгээд Цогт-Цэций дээрээс хоёр танихгүй хүн авч суулгасан. Би наашаа яваад ******* өнгөрөөд унтсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд нэг зогсох үед нь сэрсэн. Цагаан хаднаас С машин барьж явсан чинь Хайрхандулаан дээр зогсоход Б машин барьчихсан байсан. Тэгээд наашаагаа нэлээн яваад би дахиад унтчихсан. Тэгсэн чинь гэнэт хүмүүс орилох шиг болсон. Тэгэхээр нь би сэрсэн чинь түс тас гээд онхолдсон. Би хамгийн хойд талын суудал дээр голд нь сууж явсан юм. Онхолдсоны дараа баруун гар талдаа сууж явсан Ц ахыг дараад хажуулдаад уначихсан байсан. Тэгээд би босоод харалдаа дээд талын буюу машины зүүн гар талын цонхоор гарсан. Дээшээгээ зүүгдээд тэр цонхоор гарсан. Гарсан чинь Х С ах дарагдчихсан байна гээд байсан. Гараад би машинаа өргөж босгоё гэхээр нь босголцсон. Тэгээд С ахыг гаргаж авсан. С ахыг Ц ах, Х хоёр замын машин пургон зогсоогоод Нарийнтээл сумын эмнэлэг рүү авч явсан.  Эмнэлэг дээр ирсэн чинь Ц ах, С ахын хөл нь гэмтсэн байсан. Бас нэг замаас авсан хоёр хүний нэгнийх нь хавирга гэмтсэн гээд байсан. Мөн жолооч гэмтсэн байсан. ...Б намайг унтах гэж байхад л унтчихсан байсан. Тэгээд хаана сэрснийг нь би мэдэхгүй. “Istana” маркийн, хар ногоон өнгийн,******* улсын дугаартай автомашин "Шандас транс" ХХКомпанийн автомашин байгаа юм. ...Бид нар замдаа архи, согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэгэхээр Б архи уугаагүй эрүүл байсан гэсэн үг. Б архи, пиво уугаагүй. ...Осолд орсон газар засмал замтай, хоёр талдаа жаахан цастай гулгаатай, голоороо хар зүгээр байсан. ...Би унтаж явсан болохоор яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. ...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цаг өнгөрч байх үед бид нар осолд орсон байх гэж би бодож байна. ...С ах яг дарагдсан үедээ ухаангүй юм шиг байсан. Гаргаад авсны дараа ухаантай болсон. Ер нь бие нь эвгүй харагдаад байсан. Дарагдчихсан байхдаа мөр нь цухуйж байсан. Толгой нь ил гадаа гарчихсан, машины хаалга машин хоёрын завсраар цухуйчихсан байна гэж би бодсон. Мөр нь харагдаад байсан. Мөрнөөсөө жаахан доогуур дарагдсан байх. Бид нар хурдан машинаа босгосон. ...Би Б хэр зэрэг гэмтэл, бэртэл авсныг анзаараагүй. Нүүрэн дээрээ баруун нүднийхээ дээр шалбарсан байсан. Өөр гэмтлийг нь би мэдэхгүй. Би бэртэл гэмтэл аваагүй  болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад гэх нэртэй хилийн боомтоос Баянхонгор аймаг руу явахаар 7-уулаа Истана маркийн автомашинтай гарсан. Хэдэн цагийн орчимд гарсныг мэдэхгүй, цаг хараагүй, үдээс хойш л болж байсан юм. Истана маркийн автомашин нь Л эзэмшлийн******* улсын дугаартай хар ногоон өнгийн Истана маркийн автомашин. Тэгээд Цагаан хаднаас гарахдаа машиныг С бариад явсан. С-н хажууд урд суудал дээр Б, жолоочийн суудлын арын эгнээнд би суугаад, миний зүүн гар талд Б, миний баруун гар талд Ц суугаад, арын эгнээнд Б, Х хоёр суусан байсан. Тэр хоёрын хэн нь хаана нь сууж явсныг мэдэхгүй байна. Ингээд 7-уулаа Баянхонгор аймгийн төв орохоор Цагаан хад хилийн боомтоос гарцгаасан. Цагаан хаднаас 210 гаран км яваад Цогт цэций сум руу орж ирээд хоол идэцгээгээд тэндээсээ Баянхонгор аймаг руу явах замын 2 хүн аваад хөдлөхөд гэгээ тасраад харанхуй болж байсан юм. Хэдэн цагт хөдөлснийг мэдэхгүй, би цаг хараагүй. Цогтцэций сумаас хөдлөхдөө өмнө нь сууж байсан байрлалдаа сууцгаагаад хөдөлсөн. Цогтцэций сумаас суусан хоёр залуу болох О, М хоёр арын суудал дээр Б, Х хоёртой дөрвөлөөд суусан юм. О, М хоёрыг өмнө нь таньдаг байсан юм. Тэгээд Цогтцэций сумаас хөдлөөд би унтсан. Нэг сэрэхэд Өвөрхангай аймгийн Арвайхээрийн тал ороод ирчихсэн саванд хийж авчирсан байсан түлшээ машиндаа нэмээд зогсож байсан. Арвайхээрийн талаас /морины шүтээний наана/ хөдлөхөд С машин бариад явж байсан юм. Тэгээд Хайрхандулаан сумын нутаг Бажийн дөрөлж гэх газар орж ирж байна гэж байсан. Тухайн үед би зүүрмэглээд явж байснаа буцаад унтсан. Унтаж байхад машин тар няр хийгээд явчихсан. Тэгээд сэрэхэд машин буруу талаараа зам тал руугаа уначихсан байсан. Машин дотор сууж байсан хүмүүс дээр доороо орчихсон байдалтай байсан. Тэгээд юу болов яав гээд л орилолдоод байсан. Х "С дарагдсан байна" гээд хашхирахаар нь хартал С машины буруу талын урд талын хаалганы завсар хавчуулагдсан байсан. Толгойн хэсэг нь гадна талдаа гарсан байсан. Тэгэхээр нь бид нар машины урд хойд талын цонхоор гарцгаасан. Би арын хаалганы хагарсан цонхоор гарсан. Тэгээд бид нар машинаа өргөх гэтэл дийлэхгүй, босгож чадахгүй байсан болохоор доогуур нь чулуу ивээд данхраадаад байж байтал цагаан өнгийн Фургон машин ирэхээр нь зогсоогоод цагаан фургоны жолооч бууж ирээд жолоочтой хамт бид нар машинаа өргөж босгосон. Машинаа босгочихоод С-г гаргаж аваад цагаан фургонд суулгаад Ц, Б, Х нарын хамт Нарийнтээл сум руу явуулсан. С-г ямар байдалтай байсныг нь би харж чадаагүй. ...Уг машиныг С жолоодож явсан. ...Г.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Би С, Б хоёрыг солигдсоныг мэдээгүй. С.Б архи хэрэглээгүй байсан. Хэн хэн нь архи уугаагүй, эрүүл байсан. ...2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 2018 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө осол болсон. Миний зүүн талын хөлийн өвдөгний доод хэсэгт жаахан шалбарсан байсан, биед өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. ...Миний биеийн байдал хэвийн байна, өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч Ч.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой Цогтцэций сумаас О-н хамт “Istana” маркийн машин  Баянхонгор аймаг явж байгаа гэхээр нь суусан бөгөөд машинд 7 хүн сууж байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй, би машины хойд талд суусан унтаж явж байсан бөгөөд хэн нь машин барьж явсныг мэдээгүй Өвөрхангай аймгийн наад талд нэг зогсож бие зассан бөгөөд би хэн нь машин барьж байхыг мэдээгүй,  тэгээд машины хойд талд унтаад явж байсан чинь нэг мэдсэн чинь миний сууж явсан машин онхолдож унасан байсан. Машинаас буугаад иртэл машин буруу тийшээ унасан байсан бөгөөд машин бид нар нийлж босгосон. Тэгтэл машины урд талд сууж явсан нэг ах биедээ их гэмтэл авсан байсан. ...Би Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газраас ирээгүй бөгөөд О-н хамт Цогтцэций сумаас сууж явсан. Машинд жолоочтойгоо нийлээд 7 хүн байсан бөгөөд хэн нь машин барьж явсныг би мэдэхгүй байна. Би хаана жолоо шилжүүлснийг мэдэхгүй байна. ...Би Цогтцэций сумаас машинд суугаад унтаад өгсөн учир надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. ...Уг зам тээврийн ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомтноос Б, С, Б, М, Н, Х Б нарын хамтаар гарсан, мөн компаний эзэмшлийн istana маркийн машиныг С унаад явсан бөгөөд Цогтцэций сумаас 2 хүн суугаад Баянхонгор аймаг явсан. Шөнө 03 цагийн үед С нь нойр хүрээд байна гээд жолоог Б-т өгсөн. Б нь машиныг  барьж явахад машин онхолдож С нилээн гэмтэл авсан. Би хөлөндөө гэмтэл авсан юм. ...Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомтоос Өвөрхангай аймаг өнгөртөл С.Б нь унтаж явсан бөгөөд жолоог аваад унтаагүй явж байгаад осол гаргасан. ...Би тухайн ослын улмаас зүүн талын хөлний нарийн шилбэндээ гэмтэл авсан бөгөөд өөр гэмтэл байхгүй. ...Тухайн үед зүүн талын хөлний нарийн шилбэндээ бага зэргийн гэмтэл авч эмчилгээ хийлгэж эдгэрсэн тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

Гэрч А.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Надад нэхэмжлэл гаргах зүйл байхгүй. ...Би энэ шийдвэртэй холбоотой гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй гэж бодож байна. Автомашины эвдрэлтэй холбоотой асуудлаа бүрэн шийдвэрлүүлээд дууссан байгаа. ...Сэнгээ гэж Б-г хэлж байгаа юм. Бид нар болон гэр бүлийнхэн нь бүгд л Б-г “С” гэж дууддаг юм. Тэгээд л мэдүүлэг өгсөн хүмүүс энэ “С” гэж хүн гэмтсэн гэж мэдүүлэг өгсөн байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183-184 хуудас/,

Гэрч Г.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...С гэдэг нь Б гэж хүн байгаа юм. Бид нар болон гэрийнхэн нь энэ нэрээр нь дууддаг юм. Албан нэр нь С.Б гэж хүн байгаа. Тэр хүн одоо нүүрсний тээврээр хилийн цаана байгаа. Хилээр нэг гарахаараа багадаа 10 хонож байж гарч ирдэг. Их удаж байж гарч ирдэг. ...Бид хоёр хамт явж зураг авахуулж шүүх эмч дээр очиж байсан. Тэгэхээр шүүх эмнэлэгт үзүүлсэн байх ёстой. ...Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 185 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн №121 дугаартай шинжээчийн:

“1 .Г.С-н биед зулай, бага тархинд няцрал цус хуралт, баруун суурийн хэсэг, дагзны хэсэг баруун талдаа цэгчилсэн цус хуралт, цусархаг няцрал, зүүн тал бөмөлөгт цус хуралт, зүүн хажуу ховдлын арын эвэрт цус хуралт, дээд эрүүний цуурсан хугарал, С2-С6 /хүзүүний/ хүртэл арын сэртэнгийн хугарал, С5,С6-р /хүзүүний/ нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун эгэм, баруун дал ясны бяцарсан хугарал гэмтэл, цээжний зүүн хөндийд сул шингэн, баруун зүүн нүдний зовхи, зүүн мөр бугалга, баруун мөр суга хэсэгт цус хуралт, зүүн хацар, баруун мөр, дал, хавирга хэсэгт зулгаралт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61 хуудас/,

Техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай:

“1.******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  С.Б нь МУ-ын ЗХДүрмийн 9.2 "Жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс автомашинд тэнцвэржилт алдагдахад зогсоож чадалгүй замын хажуу тал руу орж зам тээврийн осол хэрэг гарсан гэж үзэж байна.

Тухайн автомашины үндсэн жолооч Г.С нь МУ-ын ЗХДүрмийн 2.7Б "Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх"-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

С.Б нь МУ-ын ЗХДүрмийн 2.7А согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Х.Түмэнбайлдагчийн гаргасан ослын акт нь ямар нэгэн хуулинд акт гаргана гэж байхгүй тул уг асуултанд хариулах боломжгүй.

3. С.Б нь В, С, Д, Е ангиллын 576607 ангиллын хүчинтэй үнэмлэхтэй. Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож болно. Үнэмлэхний лавлагааг гаргаж хавсаргав...” гэсэн дүгнэлт /хх-ийн 94-95 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-11 хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-90/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-14 хуудас/,

Шүүгдэгч С.Б-н хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-115/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-116/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын12-ны өдрийн 3/609 тоот албан бичиг /хх-117/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 118/, охин Б.М, Б.М, Б.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-119-120/,

Хохирогч Г.С-н прокурорт гаргасан “Би Б-с эмчилгээний зардалд хохиролд 2300000 төгрөг авсан бөгөөд бид эвлэрч гомдол саналгүй болсон тул Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Хохирогч Г.С-н шүүхэд ирүүлсэн: “С.Б-с эмчилгээний зардалд 2300000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдааныг надгүйгээр хийж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-нд шилжих шөнө******* улсын дугаартай хар ногоон өнгийн “Истана” маркийн автомашиныг жолоодож явахдаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Далд хавцгай” гэх газар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7А-д заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.С-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Г.С-н “Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайн талд Б-д жолоогоо шилжүүлсэн. Би машины буруу талын урд суудал дээр суугаад унтсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд нилээн гэмтэлтэй сэрсэн юм.” /хх-31-32/, гэрч Б.Б-н “...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн үед бид нар осолд орсон байх гэж би бодож байна. Осолд орох үед машин баруун талаараа унасан байсан.” /хх-36-37/, гэрч Д.Х-н “...Өвөрхангай аймгийн Арвайхээр сум орж ирээд Б С-тэй солигдож жолоо барьсан. Тэгээд явж байгаад Нарийнтээл сум орох гэж байхад аваарт орсон. Аваарт орох үед би унтаж байсан...” /хх-40-41/, гэрч С.Б “...Цагаан хаднаас С машин барьж явсан чинь Хайрхандулаан дээр зогсоход Б машин барьчихсан байсан. Тэгээд наашаагаа нэлээн яваад би дахиад унтчихсан. Тэгсэн чинь гэнэт хүмүүс орилох шиг болсон. Тэгэхээр нь би сэрсэн чинь түс тас гээд онхолдсон.” /хх-42-43/, гэрч С.Б-н “...Тухайн үед би зүүрмэглээд явж байснаа буцаад унтсан. Унтаж байхад машин тар няр хийгээд явчихсан. Тэгээд сэрэхэд машин буруу талаараа зам тал руугаа уначихсан байсан...” /хх-44-45/, гэрч Ч.М “...Машины хойд талд унтаад явж байсан чинь нэг мэдсэн чинь миний сууж явсан машин онхолдож унасан байсан...” /хх-50/, гэрч Г.Ц-н “...Өвөрхангай аймгийн наад талаас Б машиныг барьсан. С.Б нь унтаж явсан бөгөөд жолоог аваад унтаагүй явж байгаад осол гаргасан...” /хх-56/ гэсэн мэдүүлгүүд, Техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-54/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-11/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-14/, хохирогч Г.С-н өвчний түүх /хх-63-74/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2.7А согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно гэснийг зөрчсөн болох нь хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Техникийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр,

Шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-н эрүүл мэндэд “зулай, бага тархинд няцрал цус хуралт, баруун суурийн хэсэг, дагзны хэсэг баруун талдаа цэгчилсэн цус хуралт, цусархаг няцрал, зүүн тал бөмбөлөгт цус хуралт, зүүн хажуу ховдлын арын эвэрт цус хуралт, дээд эрүүний цуурсан хугарал, С2-С6 /хүзүүний/ хүртэл арын сэртэнгийн хугарал, С5,С6-р /хүзүүний/ нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун эгэм, баруун дал ясны бяцарсан хугарал гэмтэл, цээжний зүүн хөндийд сул шингэн, баруун зүүн нүдний зовхи, зүүн мөр бугалга, баруун мөр суга хэсэгт цус хуралт, зүүн хацар, баруун мөр, дал, хавирга хэсэгт зулгаралт шарх бүхий хүнд хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн №121 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Г.С-н өвчний түүх зэргээр тус тус тогтоогдож байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч С.Б-н  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч С.Б-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь ял шийтгүүлж байгаагүй, хохирогч Г.С-д 2300000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-115/, хохирогч Г.С-н “хохиролд 2300000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүхэд гаргасан хүсэлт, хохирогч Г.С-н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 2300000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгчтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар

зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч С.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Б-н жолоочийн №576607 дугаартай, B,C,D,E ангиллын үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.С-д 2300000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2,  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3-т зааснаар шүүгдэгч С.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, энэ зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Б-т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч С.Б-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Б-н жолоочийн №576607 дугаартай B,C,D,E ангиллын үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8.  Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.С-д 2300000 төгрөг төлсөн, хохирогч  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.