Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 1034

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Оюумаа, Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Гутлын 22” СӨХ /РД: 9166513/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Гуравдагч этгээд: Шар бүргэд овогт Догсомын Наранбаяр /РД: ХБ70012979/,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын 22” СӨХ-ны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар  ашиглуулах захирамж гаргахыг тус тус Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлтэй, 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-д “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт....” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гриша, Б.Мэндбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээд Д.Наранбаяр, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, Э.Золбоо, иргэдийн төлөөлөгч Д.Туул, шинжээч Ц.Ханбүргэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гриша, Б.Мэндбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хууль зүйн яамны зүүн талд байрлах манай М-100 байрны урд талд “Гутлын 22” СӨХ-ны эзэмшлийн талбайд энэ сарын 21-ний баасан гаригаас оршин суугчдын эзэмшилд байдаг цементэлсэн талбайг эвдлэн, газар ухаж, барилгын ажил эхлүүллээ. 

Бид учрыг тодруулбал, М-100 байрны урд талд, төр засгийн үйлчилгээний Элит төвийн баруун хойд талд байршуулан нийтийн эзэмшлийн талбайд Нийслэлийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Д.Наранбаярт 109 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан шийдвэр гаргаж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000475438 дугаар гэрчилгээг 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн газрын албаны дарга Ш.Төмөрбаатар гэх гарын үсгээр олгожээ. 

Уг газар нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр шийдвэрээр “Гутлын 22” СӨХ-д олгогдсон, СӨХ-д газар ашиглуулах гэрээний дагуу эзэмшдэг М-100 байрны оршин суугчдын эзэмшил газар бөгөөд автомашины зогсоолын зориулалтаар одоо ашиглаж байгаа цементэлсэн талбай болно. 

Нийслэлийн Засаг дарга 2014 оны А/116 дугаар шийдвэрээр Д.Наранбаярын газар эзэмших эрхийг баталгаажуулахдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар шийдвэрээр уг байршилд “...Д.Наранбаярт 60 м.кв, А.Шийравт 48 м.кв газар олгосон”-ыг үндэслэсэн гэх боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга уг байршилд /инженерийн шугам сүлжээ бүхий газарт/ газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй байсан, эзэмшсэн газраа 10 жил зориулалтын дагуу ашиглаагүйгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эрх цуцлагдах нөхцөл бүрдсэн байхад газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь хууль бус байна. Эдгээр хууль  бус захирамж гарсныг бид 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн болно. 

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...хотын гудамж, талбай, зам нь ...нийтийн эдэлбэрийн газар”-т хамаарахаар, 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. 

Үүнээс үзэхэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд, М-100 байрны оршин суугчдын эзэмшил, “Гутлын 22” СӨХ-д олгосон газарт давхцуулан, Д.Наранбаярт газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэр, түүнийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын шийдвэр Газрын тухай хуулийн дээрх заалтуудад нийцээгүй, хууль бус шийдвэр байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар шийдвэрийн Д.Наранбаяр, А.Шийрав нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Наранбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Д.Наранбаярт олгогдсон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000475438 дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: 

“...Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хүсэлт гаргасантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын хэргийн хариуцагч биш гэж үзээд Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 123 дугаар захирамжийн Д.Наранбаяр, А.Шийрав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэн, өөрчилж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу маргаан бүхий газарт, СӨХ-ны эзэмшлийн талбайтай газар давхцуулан, 109 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар олгосон байдаг. Энэхүү захирамжийн үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 123, 124 дүгээр захирамжуудад иргэн Д.Наранбаяр болон А.Шийрав нарын нэр байхгүй мөн эдгээр иргэдэд маргаан бүхий газарт, гаражийн зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж, шийдвэр огт гаргаагүй, байхгүй болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогддог. 

1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/1969 дүгээр албан бичигт “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004, 2005 оны захирамжуудыг архивын баримтаас шүүж үзэхэд иргэн Д.Наранбаяр, А.Шийрав нарт тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх захирамж гараагүй байна” гэсэн тодорхойлолт, 

2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/17 дугаар албан бичигт “...дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжид иргэн Д.Наранбаярын нэр ороогүй тул ямар баримтыг үндэслэн газрын гэрчилгээ олгосон нь тодорхойгүй байна. Дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар иргэн А.Шийравт жигжид зусланд 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсэн байх бөгөөд холбогдох баримт материал, хувийн хэрэг дүүргийн өмч, газрын харилцааны албанд байхгүй байна. А.Шийравын нэр дээр тус дүүрэгт өөр байршилд кадастрын мэдээллийн санд бүртгэл байхгүй байна” гэсэн тодорхойлолт, 

3. Хариуцагчаар татагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ононгийн шүүхэд ирүүлсэн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123, 124 дүгээр захирамжуудыг тус дүүргийн архивын баримтаас шүүж үзэхэд 123 дугаар захирамжаар нийт 21 иргэн, аж ахуйн нэгжид, 124 дүгээр захирамжаар нийт иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгож, баталгаажуулсан байх бөгөөд дээрх иргэд, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад иргэн Д.Наранбаяр, А.Шийрав нарт дүүргийн Засаг даргын захирамж олгоогүй, баталгаажилт хийгдээгүй байна” гэх хариу тайлбарт

4. Түүнчлэн Э.Ононгийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, 

5. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, 

Дээрх нотлох баримтуудаар эдгээр иргэдэд газар олгогдоогүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ-ны зүгээс 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргыг хариуцагч биш гэж үзээд, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 123 дугаар шийдвэрийн Д.Наранбаяр, А.Шийрав нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу татгалзаж, хэргийн хариуцагчаар дан ганц Нийслэлийн Засаг даргад холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэхээр болсон билээ. 

Нэгэнт Чингэлтэй дүүргийн Засаг дарга хариуцагч биш болсон тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар “Гутлын 22” СӨХ-д 5412 м.кв газар ашиглуулахаар шийдвэрлэхдээ 1 жилийн хугацаагаар гэж илт ташаарсан байгааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах гэж тодруулж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн тухайд: 

Иргэн Д.Наранбаярт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, буюу маргаан бүхий СӨХ-ны байрны эзэмшлийн газарт, 109 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар баталгаажуулан олгосон бөгөөд уг шийдвэрийг үндэслэн Д.Наранбаярт  “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар” газар эзэмших эрхийн 000475438 дугаартай гэрчилгээг олгожээ. 

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийг гаргах болсон үндэслэл нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаяр, 2004 оны 124 дүгээр захирамжийн иргэн А.Шийравт олгосон шийдвэрийг тус тус үндэслэл болгосон байх ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрийг үндэслэн Д.Наранбаярт 60 м.кв газрыг олгосон тухай газар эзэмших эрхийн 0044869 дүгээр гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр шийдвэрийг үндэслэн А.Шийравт 48 м.кв газрыг олгосон тухай газар эзэмших эрхийн 4822 дугаартай гэрчилгээг тус тус олгожээ. Гэвч иргэн Д.Наранбаярт 60 м.кв газрыг, иргэн А.Шийравт 48 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 123, 124 дүгээр захирамжаар тус тус газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй болох нь дээрх албан бичгүүдээр нотлогддог. 

Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаартай захирамжаар “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоож, зөвшөөрөлгүй баригдсан төмөр болон тоосгон гаражуудыг нүүлгэн, газар чөлөөлөхийг үүрэг болгосон” бөгөөд тус газрыг “Гутлын 22” СӨХ-ны эзэмшил, ашиглалтанд байгаа гэдгийг баталгаажуулах уг газар дээр “Орчны тохижилт бүхий нэгдсэн гараж, авто зогсоол байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 686 дугаартай захирамж гарсан байдаг. 

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 397 дугаартай захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулахыг 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон байтал Нийслэлийн Засаг дарга нь 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дараах хууль тогтоомжуудыг зөрчин А/116 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт “Гутлын 22” СӨХ-ны эзэмшлийн талбайтай, газар давхцуулан олгосон хууль бус шийдвэр гаргасан байна. Үүнд: 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/105 дугаар албан бичгээр “... “Гутлын 22” СӨХ-нд ашиглуулсан газрын схем зургийг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архиваас иргэн Д.Наранбаярт хамаарах хэсгийг үзэхэд давхцалтай байна”, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 02/01/2364 дүгээр дүгнэлтэд “2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна” гэсэн баримтуудаар нотлогддог.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасны тус тус зөрчсөн хууль бус захиргааны акт болно. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт маргаан бүхий газарт 109 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар баталгаажуулан олгосон атал гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгогджээ. Гаражийн зориулалттай газар дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогддоггүй, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийг гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ. 

Мөн энэхүү Нийслэлийн Засаг даргын А/116 дугаар захирамжийг гаргахад тухайн дүүргийн Засаг даргын саналыг аваагүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй, ямар нэгэн материал хувийн хэрэг байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, Засаг даргын захирамжийг үндэслээгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамж нь илтэд хууль бус юм. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлж өгнө үү. 

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар “Гутлын 22” СӨХ-д 5412 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэхдээ “1жилийн хугацаагаар” гэж илт ташаарсан байгааг зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн тухайд: 

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хууль зүйн яамны зүүн талд байрлах М-100 байрны оршин суугчдын нийтийн эзэмшлийн талбай буюу “Гутлын 22”СӨХ-ны орчны газрыг “Гутлын 22”СӨХ-нд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар газар ашиглах эрхийг баталгаажуулан олгосон болно. 

Нэхэмжлэгч нь өөрийн хариуцах М-100 байрны нийтийн эзэмшлийн талбай буюу Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.47-д заасны дагуу орчны газраа ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зураг, хорооны Засаг даргын санал зэрэг материалыг бүрдүүлэн Нийслэлийн Газрын албанд өгсөн ба энэ нь ирсэн баримт, бичгийн бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд уг баримт материалыг үндэслэн Нийслэлийн газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар баталгаажиж 5412 м.кв талбай бүхий газрыг ашиглахаар Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.5-д зааснаар шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн газрын албанаас олгосон “Гутлын 22” СӨХ-ны эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, нэхэмжлэгчид газар ашиглуулах тухай 2008 оны 5 дугаар 05-ны өдөр байгуулсан гэрээ, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас зэрэг баримтуудаар “Гутлын 22” СӨХ нь орчны 5412 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй болох нь тогтоогддог. 

Хэдийгээр “Гутлын 22” СӨХ-нд газар ашиглуулах гэрээний хугацаа “1 жил” гэж заасан боловч Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.9-д зааснаар “Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна”, 441.6-д заасан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно” гэж заасны дагуу 15 жилийн хугацаатай байхаар байхад Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар 1 жил гэж илт ташаарсан байна. 

Иймд “Гутлын 22” СӨХ-нд ашиглуулах орчны газрын ашиглах хугацааг 15 жил байхаар зөвтгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: 

“Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын 22” СӨХ-д 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар” ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ-ны захирал Ч.Энхтуяа гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

“...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 123, 124 дүгээр захирамжид шүүхээс хэргийн оролцогч нарыг байлцуулан үзлэг хийх явцад Д.Наранбаярт 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар Чингэлтэй дүүрэгт 400 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэр гаргасан байсныг нэхэмжлэгч “тэр жил зуслангийн газар авч байсан юм” хэмээн тайлбарлаж байсан ба Чингэлтэй дүүрэг, 400 м.кв гэж бичсэнийг одоогийн маргаж байгаа газар хэмээн үзэж, бие даасан шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 192 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Наранбаярт маргаан бүхий газарт 400 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзвэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн талбайн хэмжээ нь 109 м.кв болж багасгасан хэмжээгээр олгосон байгаа нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 192 дугаар захирамжаар маргаан бүхий газарт бус өөр байрлалд газар эзэмшүүлсэн болох нь тодорхой харагдаж байна. Энэ нь гуравдагч этгээдийн зориуд санаатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой үйл ажиллагаа болно. 

Түүнчлэн энэхүү Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт маргаж буй газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй болох нь Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар албан бичгээр бүрэн нотлогдож байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 

Маргаан бүхий газарт иргэн Д.Наранбаярт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар 109 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн тухай өмнө нэхэмжлэл болоод нэмэлт тайлбарт тодорхой дурдсан болно” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “...Анх тухайн газар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжаар иргэн А.Шийравт 48 м.кв газрыг гаражийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж байгаад гаражаа иргэн Д.Наранбаярт худалдсан байна. 

Иргэн Д.Наранбаяр нь манай газарт гаражийн газрын зориулалтыг өөрчлөн, нийслэлийн Засаг даргын захирамж болгуулах хүсэлтээ гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар 109 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжаар “Гутлын 22” СӨХ-д 5412 м.кв газрыг 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд газар ашиглах хугацаа нь 2008 оны 11 дүгээр сард дуусгавар болсон байна. 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн газрын мэдээллийн санд кадастрын зургийг албан ёсоор оруулаагүй тул иргэн Д.Наранбаярын кадастрын зурагтай давхацсан гэж үзэх боломжгүй байна” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

“...Иргэн Д.Наранбаяр, А.Шийрав нарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123, 124 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт газар эзэмшүүлэхдээ иргэн Д.Наранбаярын Нийслэлийн өмчийн харилцааны газарт 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хандан гаргасан хүсэлт, газар эзэмших эрхийн 0044869 дүгээр гэрчилгээ, иргэн А.Шийраваас гараж худалдах худалдан авах гэрээ болон бусад материалыг үндэслэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн, зөвшөөрөгдсөн асуудал юм. 

Нэхэмжлэлд дурдсан хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлүүлэх нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш бөгөөд иргэний шүүхийн асуудал юм. 

Мөн хоёр дахь шаардлагын хувьд Нийслэлийн Засаг даргын 561 дүгээр захирамжаар “Гутлын 22” СӨХ-д 1 жилийн хугацаагаар газар ашиглуулах эрхийн хугацаа дуусгавар болсон байна. Иймд тус СӨХ-ны ашиглаж байсан газар нь иргэн Д.Наранбаярын эзэмшиж байгаа газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт үйлчилгээний зориулалтаар 109 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 000475438 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. 

Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар 3 төрлийн гэрчилгээ олгогддог тул иргэн Д.Наранбаярт олгогдсон “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших” гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Гуравдагч этгээд Д.Наранбаярын бие даасан шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон бичгээр гаргасан тайлбартаа: 

“...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар иргэн Д.Наранбаярт үйлчилгээний зориулалтаар 109 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхдээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний 123 дугаар захирамжийг үндэслэн олгосон байдаг.

Гэтэл Чингэлтэй дүүргийн 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар захирамжийг үндэслэн иргэн Д.Наранбаярт 0044869 дүгээр гэрчилгээг олгосны дагуу Чингэлтэй дүүргийн Тамгын газраас тайлбар авахад тус захирамжид иргэн Д.Наранбаярын нэр байхгүй тул хамтран хариуцагчаар оролцохоос татгалзсан. 

Захиргааны хэргийн шүүхээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжид үзлэг хийхэд иргэн Д.Наранбаярт 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар тус байршилд газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон болно. 

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамж нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийг үндэслэн гаргасан гэж залруулга хийлгэх бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна” гэв. 

Гуравдагч этгээд Д.Наранбаяр шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон гуравдагч этгээд Д.Наранбаяр, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн, Г.Алтанчимэг, Э.Золбоо нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Миний бие Догсом овогтой Наранбаяр нь өөрийн эзэмшлийн газар дээрээ хууль ёсны дагуу зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр барилга барьсан бөгөөд “Гутлын 22” СӨХ-ны тавьж буй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. 

Харин “Гутлын 22” СӨХ-ны тавьж буй шаардлага нь хүчин төгөлдөр бус тул СӨХ-ны газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлбөр төлсөн эсэхийг шалгаж өгнө үү. Миний баримт бичиг хууль ёсны дагуу бөгөөд ямарваа нэгэн хууль зөрчсөн асуудалгүй ба нэмэлт материалуудыг хавсаргасан болно. Иймд шийдвэрийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Д.Наранбаяр шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: 

“...Д.Наранбаяр миний бие нь 2003 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу Жуулчны гудамж 12/2 тоот хаягт 400 м.кв газрыг эзэмших ашиглах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн газрын албанд хандаж гаргасны дагуу надад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо Бага тойруу Жуулчны гудамж 12/2 тоот хаягт 400 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гарсан.

Би уг газрын төлбөрийг 2003 оноос хойш төлж, зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн. Тухайн үедээ Чингэлтэй дүүргийн Газрын албанд кадастрын зураг гаргуулж албан ёсоор кадастрын бүртгэл хийлгэсэн. 

Миний бие уг газрынхаа зориулалтыг өөрчлөн Нийслэлийн Засаг даргаар захирамж гаргуулах хүсэлтээ хуулийн дагуу гаргасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамж гаргаж, надад 356.3 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000475438 дугаар гэрчилгээ гарсан. 

Улмаар уг газартаа 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 2014 оны 06 дугаар сараас барьж эхлээд 2014 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж, 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу гаргуулж, хууль ёсны эзэмшигч болсон.

Захиргааны шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-т ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт... гэж бичих байсныг ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт гэж алдаатай бичсэний улмаас иргэн миний Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд Гутлын 22 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-т ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт... гэж алдаатай бичсэнийг ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт... гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

Иргэдийн төлөөлөгч Д.Туул шүүхэд гаргасан дүгнэлтдээ: 

“...Нэгэнт баригдсан барилгыг буулгах шаардлагагүй гэж үзэж байна. Харин давхцаж буй газарт тохижилтын ажил хийлгэх, нийтийн эзэмшлийн талбай болгох саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Гутлын 22” Сууц өмчлөгчдийн холбоо “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын 22” СӨХ-ны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар  ашиглуулах захирамж гаргахыг тус тус Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.Наранбаяр “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-т “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт....” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасныг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргийг хянан үзээд дараах байдлаар шийдвэрлэлээ. 

“Гутлын 22” Сууц өмчлөгчдийн холбоо нь Нийслэлийн газрын албаны Чингэлтэй дүүрэг хариуцсан зохион байгуулагч н.Төрбатад 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Г-01 дүгээр албан бичгээр  “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дахь М-100 байрны “Гутлын 22” СӨХ нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 болон 44.1.5 дахь хэсгийг үндэслэж, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Загвар батлах тухай 189 дүгээр тушаалын дагуу тус СӨХ-ны байрны орчны 3216 м.кв газрыг эзэмшиж, ашиглах хүсэлт тавьж байна” хэмээн газар ашиглах хүсэлтийг гаргажээ.

Нийслэлийн Засаг дарга 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 561 дүгээр захирамжаар  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 6 дугаар зүйлийн 6.4, 44 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, 18.1.5, Нийслэлийн Газрын албаны дэргэдэх газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны дүгнэлтийг үндэслэн “Гутлын 22” СӨХ-нд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд орон сууцны орчны газар зориулалтаар 5412 м.кв газрыг 1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Уг захирамжийг үндэслэн нэг талаас нийслэлийн Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Р.Төрбат, нөгөө талаас “Гутлын 22” СӨХ-ны захирал Ч.Энхтуяа нар 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5412 м.кв газрыг “Гутлын 22” СӨХ 2 жилийн хугацаатайгаар ашиглахаар “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах” тухай гэрээг  байгуулжээ.

Гуравдагч этгээд Д.Наранбаяр 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт “...Миний өөрийн эзэмшдэг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто гаражийн зориулалттай газрыг зориулалтыг нь өөрчлөн нийслэлийн захирамжтай болгож өгнө үү” хэмээн хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Д.Наранбаярт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 109 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000475438 дугаартай гэрчилгээг 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр олгосон ба уг захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн А.Шийрав, Д.Наранбаяр нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

Д.Наранбаярт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 123 дугаар захирамжийг  үндэслэн тус дүүргийн 1 дүгээр хороонд 60 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0044869 дүгээр гэрчилгээг , А.Шийравт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийг үндэслэн тус дүүргийн 1 дүгээр хороо М-100 байр урд гаражийн байршилд 48.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн 4822 дугаар гэрчилгээг  тус тус олгосон байх боловч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдах 123, 124 дүгээр захирамжаар Д.Наранбаяр, А.Шийрав нарт газар эзэмшүүлээгүй, тэдгээрийн нэр газар эзэмшүүлсэн захирамжийн хавсралтад бичигдээгүй. 

Д.Наранбаяр 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А.Шийравийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 м.кв талбайтай гаражийг 3.000.000 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гараж худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан байх ба энэхүү гэрээний хамт Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргасан өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, техникийн хурлын зөвлөлийн тэмдэглэл, кадастрын зураг  зэргийг хавсарган өгчээ.

Нэхэмжлэгч “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 123 дугаар захирамжаар Д.Наранбаяр, А.Шийрав нарт газар эзэмшүүлээгүй тул Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамж хууль бус” хэмээн маргаж байна.

Харин гуравдагч этгээд Д.Наранбаяр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн тул  Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжид өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлага гаргажээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжаар  Д.Наранбаярт 5 жилийн хугацаатай Чингэлтэйд 400 м.кв газрыг, А.Шийравт 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар  15 жилийн хугацаатай Жигжидэд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд  газар эзэмшүүлэх гэрчилгээнд бичигдсэн газрын хэмжээ өөр өөр, маргаан бүхий газарт биш, зуслангийн байршилд газар эзэмшүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын А/116 дугаар захирамжаар 109 м.кв газар эзэмшүүлэхдээ дээрх 192, 122 дугаар захирамжуудыг үндэслэсэн гэж үзэхээргүй байна. 

Нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ нь дүүргийн Засаг даргын 123 дугаар захирамжид холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байгааг илэрхийлсний дагуу тус шүүхийн шүүгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгч энэхүү захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй тул шүүх 123 дугаар захирамжид дүгнэлт хийгээгүй болно. 

Харин маргаан бүхий А/116 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын 123 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч рүү чиглээгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэрчилгээнүүдэд 123 дугаар захирамжийг дурдсан болохыг үндэслэн иргэнд газар эзэмшүүлэх эрхийг шинээр баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзэв. 

Нөгөө талаас “Гутлын 22” СӨХ Нийслэлийн Засаг дарга 2006 оны 561 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд орон сууцны орчны газрын зориулалтаар 5412 м.кв газрыг 1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг үндэслэн 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дээрх газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглахаар “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах” тухай гэрээг байгуулсан баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу газар ашиглах эрх захирамжийн дагуу дуусгавар болсон байхад гэрээ байгуулжээ.

Хэрэв нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн М-100 байрны 5412 м.кв газрыг гэрээний үндсэн дээр 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2 жил буюу 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ашиглах эрхтэй байсан гэж үзэхэд ч 2014 онд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхэд нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу ашиглаж буй газартай давхцуулаагүй болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-т зааснаар нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх ба хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох тул газар ашиглах эрхийн гэрчилгээгүй нэхэмжлэгчийг 2014 онд газар ашиглах эрхтэй байсан гэж үзэх боломжгүй юм. 

Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба “Гутлын 22” СӨХ-ны кадастрын зураг нь нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй, өөрийн гаражийн доорх газрыг эзэмших хүсэлт гаргасныг үндэс болгон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхээр Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн нь хуулийн энэхүү заалтад нийцэж байна. 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3887 дугаар шинжээчийн дүгнэлтээр  нэхэмжлэгчийн “Шинэ кадастр” ХХК-иар хийлгэсэн эзэмшил 5412 м.кв газрын кадастрын зураг, Д.Наранбаярын “Гранд инженеринг” ХХК-иар хийлгэсэн эзэмшил газрын кадастрын зургууд нь хоорондоо давхцалтай буюу Д.Наранбаярын байшингийн давхцсан талбай 55,5 м.кв хэмжээтэй болохыг кадастрын зургаар үзүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийн “Гранд инженеринг” ХХК-иар хийлгэсэн байсан 407,7 м.кв газрын зургаар 293,1 м.кв-аар давхцалтай гэж үзэх боломжгүй. Учир нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд орсон захирамжаар эзэмшүүлсэн газар нь 109 м.кв газар юм. Мөн нэхэмжлэгч “Гутлын-22” СӨХ-ны ашиглаж байсан гэх газар нь кадастрын мэдээллийн нэгдсэн санд байхгүй байна. 

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/105 дугаар  албан бичгээр ирүүлсэн лавлагаа болон нийслэлийн газрын кадастрын мэдээллийн архивын зургаас үзвэл Д.Наранбаярын эзэмшил газрын тодорхой хэсэг нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн анхны архивт /2005 он/ байх бөгөөд 2014 онд 109 м.кв болж өөрчлөгдсөн болох нь нотлогдож байхын зэрэгцээ 60 м.кв газар нь 2005 онд буюу нэхэмжлэгчийг газар ашиглахаас өмнө газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан нь нотлогдож байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын 22” СӨХ-ны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар ашиглуулах захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хавтаст хэрэгт СӨХ нь 2006 оноос хойш 1 жилийн хугацаатай газар ашиглуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандсан баримт байхгүй, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “...энэ талаар хандаж байгаагүй” талаар тайлбарласан бөгөөд үүнээс үзвэл Нийслэлийн Засаг дарга газар ашиглагч этгээд 1 жилийн хугацаатай газар ашиглуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэх боломжгүй, шүүхэд шууд нэхэмжлэл гаргаснаар бусдын газартай давхцуулж газар ашиглуулах үндэслэлгүй, Нийслэлийн Засаг дарга 2014 оны А/116 дугаар захирамжаар Д.Наранбаярт газар эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын 22” СӨХ-ны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар  ашиглуулах захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Нэхэмжлэгчийн “иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн тухайд: 

Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Газар чөлөөлүүлэх, албадан нүүлгэхэд цагдаагийн байгууллага дараахь үүрэгтэй”, 59.1.1-д “хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол албадан нүүлгэх тухай Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлүүлэх асуудлыг Засаг даргын шийдвэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан ба энэхүү хуулийн заалт нь хууль, гэрээнд заасан үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн, ашигласан бол газар чөлөөлүүлэх ажиллагааг Засаг дарга хэрэгжүүлэхээр байх бөгөөд “Гутлын 22” СӨХ-ны хувьд газар чөлөөлүүлэх асуудал нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно”, 12.1.1 дэх хэсэгт “Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж заасны дагуу уг маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байх тул нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ-ны нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Гуравдагч этгээд Д.Наранбаярын бие даасан шаардлагын хувьд А/116 дугаар захирамж нь Д.Наранбаярт газар эзэмшүүлсэн, эерэг үр дагаврыг бий болгож буй акт бөгөөд “...123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” холбогдох хэсэг нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл захирамжийн холбогдох хэсгийг өөрчилснөөр эрх, ашиг сонирхол нь сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй, 192 дугаар захирамжаар 400 м.кв газрыг тухайн газарт бус харин Чингэлтэй гэх газарт эзэмшүүлсэн байх тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шинжээчийн ажлын хөлс 195.000 /нэг зуун ерөн таван мянга/ төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү зардлыг урьдчилан төлсөн болохыг дурдаж байна.   

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Гутлын 22” Сууц өмчлөгчдийн холбооны гаргасан  “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/116 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 561 дүгээр захирамжийн “Гутлын 22” СӨХ-ны 5412 м.кв газрыг “1 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж 15 жилийн хугацаатайгаар  ашиглуулах захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд Д.Наранбаярын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн 3-т “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 123 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт....” гэж бичсэнийг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаар захирамжийн иргэн Д.Наранбаярт” гэж зөвтгөн өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “Гутлын 22” СӨХ-ны “иргэн Д.Наранбаярын зөвшөөрөлгүй эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 195.000 төгрөгийг нэхэмжлэгч “Гутлын 22” СӨХ урьдчилан төлсөн болохыг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА

         ШҮҮГЧИД                                Д.ОЮУМАА

                                                                    Л.ӨЛЗИЙЖАРГАЛ