| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05929/И |
| Дугаар | 192/ШШ2026/01897 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/01897
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *********** тоот хаягт оршин суух, *** овогт **** С- /РД:**********/,
Хариуцагч: ********* тоот хаягт байрлах “Ө ” ХХК /РД:*******/,
Хариуцагч: ****** тоот хаягт оршин суух, ************ овогт ***** Ч-,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу орон сууцыг стандартын дагуу барьж дуусган, ашиглалтад оруулах, холбогдох өмчлөлийн бичиг баримтыг гарган өгөх үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах, хохирол 69,967,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгийн өмгөөлөгч Н.Э,
хариуцагч Ө ХХК-ийн өмгөөлөгч Т.Д,
хариуцагч Ш.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.С- нь хариуцагч Ө ХХК, Ш.Ч- нарт холбогдуулан гэрээний дагуу орон сууцыг стандартын дагуу барьж дуусган, ашиглалтад оруулах, холбогдох өмчлөлийн бичиг баримтыг гарган өгөх үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах, хохирол 69,967,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь Ө ХХК-тай 2021 оны 9 сарын 08-ны өдөр №CR089 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа City residens хотхоноос орон сууц захиалах, захиалагч нь захиалсан орон сууцны төлбөрийг төлөх үндсэн нөхцөлтэй байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч нь тус байрны 7 давхарт, 3 өрөө, урагшаа харсан цонхтой, 74.04 кв.м талбайтай, байрны дугаар нь CR-02, 47 хаалганы дугаартай орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ 139,935,600 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Ингээд орон сууцны үнийг гэрээний хугацаанд буюу 2023 оны 9 сарын 13-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэтэл 2024 оны 6 сарын 10-ны өдөр Ө ХХК нь хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй байж 2024 оны 6 сарын 10-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл, мөн өдөр мэдэгдэл гэх бичгүүдийг фэйсбүүкийн цахим сүлжээнд байршуулсан байдаг. Миний бие Америкийн нэгдсэн улсад 20 гаруй жил ажилласан хөдөлмөрийн үр шимээр орон сууцтай болох зорилго тавьж, орон сууцны үнийг 100 хувь хямд квадратыг бууруулж үнийг нь тооцно гэсэн нөхцлийг тооцож, орон сууц ашиглалтад орох хугацаанд тус газрын ойролцоо өөрийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байсан боловч гүйцэтгэгч компани үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй байна. Орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгнө гэсэн боловч хүлээлгэн өгөх хугацаанаасаа даруй 9 сар өнгөрөөд байна. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүй байж гэрээ цуцлах тухай баримтад надаар гарын үсэг зуруулах гэсэн хууль бус үйлдэл гаргасан. Гэрээний 3.3-т зааснаар хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа буюу 2022 оны 9 сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 10 сар буюу 305 хоногийн хугацаа өнгөрсөн. Нэг өдрийн алданги 139,935,600 төгрөгөөс тооцоход 213,401,790 төгрөгийн алданги, хохирол тооцогдож байна. Хуульд нийцүүлэн алданги 50 хувиас хэтрэхгүйгээр тооцоход 69,967,800 төгрөг болж байгаа тул энэ мөнгийг үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд тооцон нэхэмжилнэ. Иймд Ө ХХК-д гэрээний дагуу орон сууцыг стандартын дагуу барьж дуусган, ашиглалтад оруулах, холбогдох өмчлөлийн бичиг баримтыг гарган өгөх үүргийг гүйцэтгэхийг даалгах, хохирол 69,967,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ө ХХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчтэй нэхэмжлэлд дурдсан Орон сууц захиалгын гэрээг байгуулж мөнгийг хүлээн авсан болно. Гэвч орон сууцыг 2021 оны 9 сарын 19-ний дотор хүлээлгэн өгөх байсан ч Дэлхий нийт болон Монгол улсад үүссэн Covid хөл хорионоос үүдэн бизнес зогсонги байдал бусад эдийн засгийн шалтгаан мөн Төслийн гүйцэтгэгч Эрхэт Монгол группийн хувьцаа эзэмшигч, манай төслийн гүйцэтгэгч үндсэн хуулийн этгээд Ө ХХК-ийн 20 хувийн хувь эзэмшигч Х.Мандахбаяр болон хувь эзэмшигч Б.Алтанзаяа нарын хоорондын маргааны улмаас Чингэлтэй дүүргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 1 жил гаруй үргэлжилсэн зэргээс үүдэн төслийн гүйцэтгэлийг хугацаандаа хүлээлгэн өгч чадаагүй болно. Нэхэмжлэлд дурдсанаар байр орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүрэгтэй болно. Харин хохирол 69,967,800 төгрөгийг төлөх боломж байхгүй. Учир нь Ө ХХК-ийн хувьд маш их алдагдал хохиролд орсон тул эдийн засгийн боломж байхгүй байгаа. Гэвч бидний барилгын гүйцэтгэлд 35-40 тэрбум төгрөг зарцуулагдан 4 ширхэг 12 давхарын каркас дүүргэлт хийгдсэн 2 ширхэг 12-ийн цутгалт 3-4 давхар хүртэл хийгдсэн байгаа. Иймээс бид санхүүжилт босгон орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллах болно гэжээ.
3. Хариуцагч Ш.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Хариуцагч Ш.Ч-ийн хувьд нэхэмжлэгч Ч.С- гэдэг хүнийг танихгүй. Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, харин эсрэгээрээ Ө ХХК-тай хэрэгт авагдсан буюу 2 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд байгаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2204134325 дугаартай Баянзүрх дүүрэг 38 дугаар хороо, хилчний гудамж, 464 тоот хаягт байршилтай 5400 м.кв үл хөдлөх хөрөнгийг 1 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Энэ гэрээний төлбөр болон холбогдох татвар хураамжуудыг хуулийн дагуу төлсөн. Хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 11 сарын 18-ны өдөр ирүүлсэн 464 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан. Үүнд тухайн байршилд ямар нэгэн худалдсан болон салгаж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн зүйл байхгүй. Байхгүй болохоор Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль ёсны дагуу үнэн зөв гарсан. Ийм учраас Ч.С-гийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага иргэн Ш.Ч- гэдэг хүнд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Ш.Ч-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 4/, итгэмжлэл /1хх 5/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 6/, City residence Орон сууц захиалгын гэрээ /1хх 7-9/,
5. Хариуцагч Ө ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 13, 68/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 21/, Хариу тайлбар гаргах нь /1хх 22/, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ /1хх 67/, Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааны сунгалт /1хх 69/, Зураг /1хх 70-71/,
6. Хариуцагч Ш.Ч-ээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /2хх 89/, Хариу тайлбар гаргах тухай /2хх 95/,
7. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: шүүхийн санаачлагаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 5/5128 албан бичиг /1хх 34/, Хот байгуулалт, хотын стандартын газрын 01/606 тоот албан бичиг /1хх 51-52/, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 20-3/913 тоот албан бичиг, хавсралт /1хх 55-56/, нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1/13131 тоот албан бичиг, хавсралт /1хх 79-250, 2хх 1-77/,
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ө ХХК-тай 2021 оны 9 сарын 08-ны өдөр №CR089 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу орон сууцыг стандартын дагуу барьж дуусган, ашиглалтад оруулах, холбогдох өмчлөлийн бичиг баримтыг гарган өгөх үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагч нарт даалгаж, орон сууц захиалгын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алданги төлбөрт 69,967,800 төгрөгийг Ө ХХК-иас гаргуулна.
3. Хариуцагч Ө ХХК нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Үүнд: Маргаан бүхий орон сууцыг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгнө. Харин хохирол 69,967,800 төгрөгийг төлөх боломж байхгүй гэж тайлбарласан.
4. Хариуцагч Ш.Ч- нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй, нэхэмжлэлийн шаардлага иргэн Ш.Ч-т хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Ш.Ч-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
5. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгч Ч.С- болон хариуцагч Ө ХХК нар 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “City residence Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа City residence хотхоны 7 давхар, 7F загвар 3 өрөө 74,4 м.кв CR-02 байр, 47 тоот орон сууцыг захиалах, гүйцэтгэгч буюу хариуцагч Ө ХХК нь орон сууцыг барилга ашиглалтад орсны дараа хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
5.2. Талууд дээрх гэрээг “City residence Орон сууц захиалгын гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Ч.С-, хариуцагч Ө ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
5.3. Нэхэмжлэгчийн “Гэрээний дагуу орон сууцыг стандартын дагуу барьж дуусган, ашиглалтад оруулах, холбогдох өмчлөлийн бичиг баримтыг гарган өгөх үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага нь хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардсан гэж үзэх үндэслэлтэй.
2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “City residence Орон сууц захиалгын гэрээ”-ний 6.1.2-т гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон орон сууцыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байна.
Иймд хариуцагч Ө ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “City residence Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу орон сууцыг стандартын дагуу барьж дуусган, ашиглалтад оруулах, холбогдох өмчлөлийн бичиг баримтыг гарган өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө ХХК-иас шаардах эрхтэй.
5.4. Нэхэмжлэгчээс хариуцагч Ө ХХК-ийг 2022 оны 3 дугаар улиралд багтаан “City residence Орон сууц захиалгын гэрээ”-ний үүргээ биелүүлж орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алданги төлбөрт 69,967,800 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.
Талууд гэрээний 3.3-д “захиалагч нь гэрээний 3.2-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлнө” гэж тохиролцсон байна. “City residence Орон сууц захиалгын гэрээ”-ний 3.3-д заасны дагуу алданги төлбөрийг шаардах эрх нь зөвхөн гүйцэтгэгч буюу хариуцагч Ө ХХК-д байна. Иймд нэхэмжлэгчээс алданги төлбөрт 69,967,800 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэхгүй.
6. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан ба 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “City residence Орон сууц захиалгын гэрээ”-гээр нэхэмжлэгчийн өмнө Ө ХХК үүрэг хүлээсэн байх тул дээрх гэрээний үүргийг хариуцагч Ш.Ч-ээс шаардсан нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Ш.Ч-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээний дагуу орон сууцыг стандартын дагуу барьж дуусган, ашиглалтад оруулах, холбогдох өмчлөлийн бичиг баримтыг гарган өгөх үүргийг гүйцэтгүүлэхийг хариуцагч Ө ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 69,967,800 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Ш.Ч-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 578,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН