Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1087

 

2025          09             11                                                                                      2025/ДШМ/1087

 

                                                     Ш.М-д холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Баасанжаргал,

шүүгдэгч Ш.М-гийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Ш.М-д холбогдох 2411 02814 0046 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

В- овгийн Шижир-Э-ийн М-, ........., урьд

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.М-д 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.М-д 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, /РД:.........../,

Шүүгдэгч Ш.М- нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, **** **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б-ыг “хардаж улмаар гэр рүүгээ орохгүй гэлээ” гэж цээж хэсэгт гараараа 4-5 удаа цохиж өвчүү ясны хугарал, зүүн мөр, тохой, шуу, гуя, шилбэ, баруун шуу, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч В- овогт Ш--Э-ийн М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.М-г 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.М-гөөс 217.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэжээ. 

Прокурор Ц.Нямтайван 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана" гэж заасан бөгөөд 1.1 дэх заалтад "шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох"-ыг заавал тусгах ёстой гэж тогтоосон байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн 1855 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Шүүгдэгч В- овогт Ш--Э-ийн М-г "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай" гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан шаардлагыг бүрэн хангаагүй байна.

Учир нь, дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, бусад гэмт хэргээс ялгах зүйл, хэсгийн дугаарлалттай, хууль зүйн тодорхойлолт бүхий гэмт хэрэг юм. Иймд шүүгдэгчийн үйлдэлд тохирох зүйл, заалтыг шийтгэх тогтоолд бүрэн тусгах нь хууль ёсны зарчимд нийцнэ.

Гэтэл 1855 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснааp Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан..." гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Э.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо хуулийн зүйл, ангийг бичээгүй байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ш.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ш.М- нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, **** **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Б-ыг “хардаж улмаар гэр рүүгээ орохгүй гэлээ” гэх шалтгаанаар цээж хэсэгт гараараа 4-5 удаа цохиж өвчүү ясны хугарал, зүүн мөр, тохой, шуу, гуя, шилбэ, баруун шуу, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч А.Б-ын "... Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны гэртээ нөхөр М- болон 2 хүүхэд хамт байхад ...пиво уучхаад намайг өдөж маргаад ажлын ахтайгаа уулзсан байна гэж хардаж эхэлсэн. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 23-ны 00 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад гудамд алхаж байтал Ш.М- араас дагаад хүрч ирээд гэр рүүгээ оръё гээд байхаар нь би орохгүй гэсэн чинь намайг гараас татаад миний цээж рүү өвчүү хэсэгт 4-5 удаа гараараа цохисон, мөн хөлийн шилбэ, зүүн баруун гарын шуу хэсэгт олон удаа цохисон. ...” /хх9-10/,

гэрч Б.М-ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны шөнө ...Чингэлтэйн Салхит-1 гэх автобусны зогсоолын ойролцоо Олон улсын карго гэх газрын хажууханд зорчиж явтал замын хажууханд явган хүний зам дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан эмэгтэй нь доош тонгойсон байдалтай хамт байсан эрэгтэй нь гар хүрээд цохиод байгаа харагдсан тул би замын хажуу руу машинаа зогсоогоод “энд юу болоод байна” гэхэд эрэгтэй нь гэх залуу “би нөхөр нь байна бид жаахан маргалдаад” гэх зүйл хэлээд байсан тэгээд архи согтууруулах ундаа тэр хэрэглэсэн байдалтай харагдаж байсан. Эмэгтэйгээс нь би “та зүгээр үү” гэсэн чинь “цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь би 102 дугаар луу ******* гэх дугаараас дуудлага мэдээлэл өгсөн. ...” /хх13-14/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх7/, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх22/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13964 дугаартай “...А.Б-ын биед өвчүү ясны хугарал, зүүн мөр, тохой, шуу, гуя, шилбэ, баруун шуу, гуя, шилбэнд цус хуралт, нуруу, дээд уруулын салст, зүүн тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ..." гэх шинжээчийн дүгнэлт /хх17-18/,

Ш.М-гийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, гомдол санал байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хамтран амьдрагч А.Б-ын биед нь халдаж зодсон нь үнэн. ...” /хх66-67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ш.М-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Ш.М-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч А.Б-ыг “гэртээ орсонгүй” гэх шалтгаанаар цээж хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхаас гадна шүүгдэгч Ш.М-д тухайн зүйл хэсэгт зааснаар  4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирчээ.

            Дээд шатны прокурор Ц.Нямтайван нь “...шийтгэх тогтоолын 1 дэх заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан..." гэж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичиж, прокурор Э.Баасанжаргал нь дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжиж оролцлоо.

Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжээр буюу “Шүүгдэгч В- овогт Ш--Э-ийн М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.М-г 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн нь өөр хоорондоо зөрчилдөхгүй, тодорхой, ойлгомжтой байна.   

Гэвч, дээд шатны прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэм буруутайд тооцсон хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг тусгуулахаар эсэргүүцэл бичсэн байх тул эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан..." гэсэн нэмэлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1855 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч В- овогт Ш--Э-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.АЛДАР

                                   ШҮҮГЧ                                   Л.ДАРЬСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА