Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01638

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01638

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бадралсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01121 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Бадралсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Бадралсайханы нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 7631 дугаартай захирамжаар Б.Бадралсайханаас 95 656 000 төгрөг гаргуулж Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 33 тоотод байрлах гуравдагч этгээд Б.Отгонтуяагийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 80 995 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас бидэнд 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 4/1794 дугаартай албан бичгээр мэдэгдсэнийг 2018 оны 02 сарын 12-ны өдөр шуудангаас хүлээн авч, гомдлоо гаргасан. Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн уг үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур байна. Учир нь үнэлгээ хийлгэсэн 2 өрөө орон сууц нь хотын А зэрэглэлд байршилтай, үйлдвэр үйлчилгээнд ойр, сүүлд баригдсан шинэ байр юм. Мөн үнэлгээний тайланд заасан шаардлага хангахгүй, битүүмжилж хураагаагүй эд хөрөнгөд үнэлгээ хийсэн, 7631 дугаар шийдвэрт заагаагүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллагаа хийсэн байх тул үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 7631 дугаартай захирамжаар Б.Бадралсайханаас 95 656 000 төгрөг гаргуулж Проадд ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Б.Отгонтуяа нь Б.Бадралсайханы зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 36 дугаар байрны 33 тоотод байрлах 48.43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Проадд ББСБ ХХК-д барьцаалан улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Төлбөр төлөгч Б.Бадралсайханы үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тус орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 3/22255 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Отгонтуяагийн тайлбарт: Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Тусгайлан хэлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Бадралсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Б.Бадралсайханаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бадралсайханы давж заалдах гомдолд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг 80 995 000 төгрөгөөр тогтоосон мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасны дагуу шинжээч орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь зөрүү төлбөрийг дахин төлбөр төлөгчдөөр гаргуулах нөхцөл үүсээд байна. тус орон сууц нь хотын төвийн А зэрэглэлд байршилтай, үйлдвэр үйлчилгээнд ойр орон сууц байтал зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Бадралсайхан нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төлбөр төлөгч Б.Бадралсайхан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7631 дугаар захирамжаар 95 656 000 төгрөгийг Проадд ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Хариуцагч нь дээрх шийдвэр болон 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1359 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Б.Отгонтуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр-36 байрны 33 тоот, 2 өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 119/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 119/09 дугаар тогтоолоор хураасан, талуудаас төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар санал авах, шинжээчээр эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх 32, 35, 53-54/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 80 995 000 төгрөгөөр тогтоосон байна. Хариуцагч нь уг шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчид 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. /хх 39-51/

 

Хэргийн 28, 32, 35 дугаар талд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоол авагдсан байх тул нэхэмжлэгчийн битүүмжилж, хураагаагүй эд хөрөнгөд үнэлгээ хийсэн, шүүхийн шийдвэрт заагаагүй эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа хийсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2018/01121 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ