Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 108

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Д-д холбогдох 18260018800118 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт Б.Д

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Б-г цохих, заамдаж унагах зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр Ц.Б нь биетээр хохирол төлбөр нэхэмжлээгүй гэв.

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ иртэл гэр эзэнгүй байсан ба гэртээ ороод том өрөөндөө сууж байтал 21 цагийн үед манай нөхөр Б.Д гаднаас орж ирээд намайг гэрлээ асаахгүй яасан юм бэ? гэхээр нь би юм дуугараагүй. Манай нөхөр Б.Д миний хоолойг бооход би ухаан алдаж унасан. Тэгээд нэг сэрэхэд үүдний амбаарын хаалганы босгоны хажууд зүүн тийш харчихсан хэвтэж байсан. Намайг сэрэхэд Б.Д миний хажууд сууж байсан. Тэгээд би өндийгөөд иртэл үүдний амбаарын зүүн булан руу шахаж дахин хоолой боосон. Тэгээд би тухайн газар дахиж ухаан алдаад унасан. Тэгээд сэртэл бас л миний хажууд сууж байсан. Би сэрээд чи яаж байгаа юм бэ? гэхэд чи битгий баашлаад бай гээд дахиж миний хоолойг бооход би дахин ухаан алдаж унасан ба сэргэхдээ үүдний амбаар дотор толгой доошоо харсан байдалтай сэрсэн. Тэгээд би нөхрөөсөө гуйгаад би гэртээ ормоор байна гэж байгаад гэртээ ороод орон дээр суухад манай нөхөр гарах гэж байгаа бололтой үүд рүү явж байснаа ерөөсөө бодохоор л зэвүү хүрээд байх юм гэж байснаа дахин миний хоолойг бооход нь би боолгохгүй гэж эсэргүүцсэн боловч дийлээгүй. Тэгээд би гэрийнхээ том өрөөнд дахиж ухаан алдсан байсан. Миний өмнөөс машины түлхүүр шидээд наадахаа оруул гэхээр нь би машинаа асаагаад зугтаж цагдаа дээр ирж дуудлага өгсөн. /хх-ийн 15-18 хуудас/,

Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 04 дүгээр сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байхад ажил тараад би Ц.Б гэх хүнтэй хамт гэр ойрхон байдаг учир хамт харьсан. Маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Ц.Б эгч манай гэрийн гадаа машинтайгаа ирээд сигналдаад байхаар нь гарч уулзахад баруун талын нүд нь хавдаад хөхөрсөн, зулгарсан, хүзүү нь улайчихсан байсан. Тэгээд манай нөхөр хүүхдүүдээ аав ээж дээрээ үлдээчихээд өөрөө согтуу ирээд намайг шөнө зодоод ийм болгочихлоо. Нүдний шил байна уу? зүүгээд цагдаагаар явах ажилтай байна гэж хэлсэн. /хх-ийн 21 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ¹248 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Ц.Б-н биед тархи доргилт, духны баруун, зүүн хэсэг, доод эрүү, хүзүү хоолойд, баруун гарын сарвуу, зүүн эгэмний доод хэсэгт цус хуралт, баруун чамархай, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Б-н “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 64-65 хуудас/,

Шүүгдэгч Б.Д-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 618, Арвайхээр палас ХХК-ий 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18/34 тоот тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 55, 57, 80 хуудас/,

Шүүгдэгч Б.Д-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 01-04 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Б-н хоолойг боож, цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-н 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед манай нөхөр Б.Д гаднаас орж ирээд миний хоолойг бооход би ухаан алдаж унасан. Тэгээд нэг сэрэхэд үүдний амбаарын хаалганы босгоны хажууд зүүн тийш харчихсан хэвтэж байсан. Намайг сэрэхэд Б.Д миний хажууд сууж байсан. Тэгээд би өндийгөөд иртэл үүдний амбаарын зүүн булан руу шахаж дахин хоолой боосон. Тэгээд би тухайн газар дахиж ухаан алдаад унасан. Би сэрээд чи яаж байгаа юм бэ? гэхэд чи битгий баашлаад бай гээд дахиж миний хоолойг бооход би дахин ухаан алдаж унасан ба сэргэхдээ үүдний амбаар дотор толгой доошоо харсан байдалтай сэрсэн. Тэгээд би гэртээ ороод орон дээр суухад манай нөхөр гарах гэж байгаа бололтой үүд рүү явж байснаа ерөөсөө бодохоор л зэвүү хүрээд байх юм гэж байснаа дахин миний хоолойг бооход нь би боолгохгүй гэж эсэргүүцсэн боловч дийлээгүй. Тэгээд би гэрийнхээ том өрөөнд дахиж ухаан алдсан байсан. Гэрч Л.А-н 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Ц.Б эгч манай гэрийн гадаа машинтайгаа ирэхэд нь уулзахад баруун талын нүд нь хавдаад хөхөрсөн, зулгарсан, хүзүү нь улайчихсан байсан. Тэгээд манай нөхөр намайг шөнө зодоод ийм болгочихлоо гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ¹248 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч Ц.Б-н “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Б.Д-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.